Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-д айлчлах үеэрээ албаныхантай уулзаж шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын талаар санал солилцжээ.
Уузалтын үеэр ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууныг захиалгын дагуу тогтвортой гүйцэтгэх, газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авах боломжийг судалж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Түүнчлэн манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг тэсрэх бодисын түүхий эдийн тасалдал үүссэн асуудлыг шийдвэрлэх, цар тахалын улмаас Монгол-Хятадын хил хаагдаж, үйл ажиллагаа нь тогтмол бус болсонтой холбоотойгоор алтны үйлдвэрт ашигладаг цианидын импорт тасалдах болсон тул ОХУ-ын үйлдвэрлэгчдээс импортлон авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Оросын талаас энэ асуудалд анхаарна гэдгээ мэдэгдсэн юм.