“Төв банкны бие даасан хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Монгол банкны байранд боллоо. Уг эрдэм шинжилгээний хурлыг Монгол банк болон МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд зааснаар төрөөс улсын эдийн засгийг зохицуулах цөөн хэдэн байгууллагын нэг нь Монгол банк билээ. Эрх зүйн орчин гэдэг бол бизнес хэлцэл хийх зардлыг өсгөх, бууруулах хүчин зүйл болдог. Гэрээ хэлцлийн суурь нь мөнгөний үнэ цэнэ, төв банкны хараат бус байдал, төв банкны иргэдийн итгэх итгэлтэй шууд холбогддог билээ. Иймд төв банкны бие даасан хараат бус байдлыг хадгалуулах, дээшлүүлэх ажил зайлшгүй бөгөөд уг ажлын суурь нь Төв банкны эрх зүйн зохицуулалтыг гарч буй сорилтод нийцүүлэн сайжруулж байх явдал байдаг. Төв банкны эрх зүйн зохицуулалтыг зохицуулсан түүний бие даасан хараат бус байдлыг сайжруулах шаардлага байгааг судлаачид онцолж, цар тахлын дараах Төв банкны бие даасан байдлыг нэмэгдүүлэх, тодорхой болгох шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг Олон улсын санхүүгийн байгууллагуудаас сануулж байгаа энэ үед МУИС-ын Хууль зүйн сургууль хууль зүйн сургалт судалгааны байгууллагын хувьд Монгол Банктай хамтран Төв банкны бие даасан хараат бус байдлыг дээшлүүлэх, түүний зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зүйтэй гэж хэлэлцсний үр дүнд өнөөдөр хурал зохион байгуулагдаж байна” хэмээлээ.
Энэхүү хурал нь үндсэн хоёр чиглэлээр хуралдах юм байна. Нэгдүгээрт, “Төв банкны хараат бус байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, хоёрдугаарт, “Төв банкны хараат бус байдал, практикт” гэсэн сэдвээр хэлэлцүүлэх аж.
Эхний илтгэлийг Монгол банкны Хууль зүйн эрх зүйн газрын хуульч М.Нинжбадгар “Төв банкны хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” сэдвээр танилцууллаа.
Түүний илтгэлийн гол санаа нь, “Санхүүгийн салбарт техник, технологийн өөрчлөлт хурдтай явагдаж байна. Мөн дэлхийн дахинд Төв банкны систем, үйл ажиллагаа цаг үеэ даган шинэчлэгдэж буй учраас өнөөдөр Төв банкны тухай хуульд үнэлгээ хийх шаардлагатай болж байна. Төв банкны хараат бус байдал гэдэг нь институцийн болон улс төрийн хараат бус байдал, үйл ажиллагааны буюу санхүүгийн хараат бус байдал юм. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого боловсруулдаг этгээд нь улс төрийн болоод бусдын нөлөөлөлгүй өөрийн бодлогыг чөлөөтэй хэрэгжүүлэх байдлыг банкны бие даасан хараат бус байдал гэж ойлгож болно. Хараат бус байснаараа иргэдийн инфляцад хандах хандлага нь Төв банкаа дагаад тогтвортой байдаг. Тодруулбал, Төв банк иргэдийн инфляцад хандах хандлагыг удирдах замаар эдийн засгийг тогтворжуулах хөгжүүлэх боломж нээгддэг гэж судлаачид үздэг байна. Төв банкны тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр батлагдсан. Энэ өөрчлөлтөөр хамгийн гол чухал шийдвэр нь Монгол банкнаас хамтын шийдвэр гарч байх ёстой. Мөнгөний бодлого болоод санхүүгийн тогтвортой байдал, эдийн засагт нөлөө бүхий томоохон шийдвэрт хамтын удирдлагын зарчмын дагуу гаргаж байх ёстой гэдгийг хуульчилж өгсөн. Мөн өөр нэгэн онцлог зохицуулалт нь Засгийн газраас аливаа хэлбэрээр Монгол банкинд чиглэл өгөх, хуульд заасан бусад асуудлаар гэрээ хэлэлцээр хийх байдлыг хориглож өгсөн. Өмнө нь Монгол Банк Засгийн газраас хараат бус байна гэдэг зохицуулалт байсан. Гэхдээ тэр зохицуулалтыг төсвийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэрээр Төв банкны хараат бус байдал алдагдаж байна гэсэн судалгаа гарч байна. Иймээс төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуульд тусгаж өгье. Мөнгөний бодлогыг дунд хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх боломжийг олгое. Мөн Монгол Банкны удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой зохицуулья. Монгол банкны засаглалыг сайжруулах удирдах зөвлөлийн зохицуулалтыг хуульчилья. Мөн санхүүгийн салбарт гарч байгаа техник, технологитой холбоотой авах хяналт, хариуцлагын тогтолцоог өндөржүүлье гэсэн саналыг гаргаж байна” хэмээлээ.