Манай улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 болон арваннэгдүгээр сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.5, өнгөрсөн оны эцсээс 11.1 хувь, аравдугаар сараас 1.3 хувиар өссөнийг энэ үеэр тодотгов. Уг өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний ханш 22.2, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7, согтууруулах бус ундаа, тамхины үнэ 11.1 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 373 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулж буйгаас 45.5 хувийг нь импортолдог аж. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний 11 сард 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 их наядаар өссөн бол тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөгөөр хэмжигдэн, жилийн хугацаанд 3.4 их наяд төгрөгөөр дээшилжээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 13.6 их наяд төгрөг болон тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдал хүлээн, 2020 оны мөн үеийнхээс 49.1 хувиар багаслаа. Харин татварын нийт орлого нэг жилд 38 хувиар нэмэгдэн, оны эхний 11 сарын байдлаар 10.3 их наяд төгрөгт хүрчээ. Эл өсөлтөд орлогын албан татвар 68.3, нийгмийн даатгалын орлого 42.9, нэмэгдсэн өртгийн албан татвар 25.9 хувиар ахисан нь голлон нөлөөлснийг дээрх тайланд дурджээ.