Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн тодотголыг өчигдөр танилцуулав. Үүнд Монгол Улсын эдийн засгийг энэ онд 4.6, ирэх жил зургаан хувиар өсөх таамгийг хэвээр үлдээснээ дурдсан байна. Харин Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2021 онд 7.2, ирэх жил 5.4 хувь байх төсөөллийг бууруулж, долоо болон 5.3-д хүргэсэн аж. Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийнхаа 46 улсыг хамруулсан дээрх тайланг жилд нэг удаа гарган, есдүгээр сард шинэчлэн, арванхоёрдугаар сард нь тодотгодог. Уг тайланд манай улсын төлбөрийн тэнцлийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8.7, ирэх жил 10.2 хувьд хүрэх магадлалтай талаар өмнө нь дурдсан. Үйлдвэрлэлийг өсгөн, экспортын хэмжээг нэмэхийн тулд нийтийн эрүүл мэндийг сайжруулж, тээвэр ложистикийн хүндрэлийг шийдвэрлэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг ханган, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг ч тэмдэглэж байв.