“Сүү” компани харилцагч, сүү бэлтгэн нийлүүлэгчдээ хувьцаажуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эл хөтөлбөрийнхөө хүрээнд 500 мянган ширхэг халаасны хувьцааг эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс дээрх шийдвэрийг гаргаж, ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор хувьцааг нь эргэлтэд гаргахаар тогтжээ. “Сүү” компани нийт 344 сая ширхэг хувьцаа гаргасан юм. Үүнийхээ 343.06 саяыг эргэлтэд гаргасан. Тэгэхээр тус компанид одоогоор 940 орчим мянган ширхэг халаасны хувьцаа байгаа юм. Харилцагч болон сүү бэлтгэн нийлүүлэгчдэдээ 500 мянган ширхэг халаасны хувьцаагаа худалдсаны дараа 440 мянга нь үлдэнэ.
Тус компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын тоо 2021 он гарснаас хойш 40 хувиар өсөн, 4520-д хүрээд байгаа аж. Ийнхүү халаасны хувьцаагаа эргэлтэд гаргаснаар хөрөнгө оруулагчдын тоо нь нэмэгдэх боломжтой юм. Эргэлтэд гаргаж буй халаасны хувьцааг тухайн өдрийн зах зээлийнх нь ханшаар хэсэгчлэн худалдах юм байна.
“Сүү” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 410 төгрөгт хүрчээ. Тэдний хувьцааны ханш сүүлийн нэг жилд хоёр, 2010 оноос хойш 20 дахин өсөөд байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 140.6 тэрбум төгрөгт хүрэв.
Бэлтгэсэн С.Дулам