Metaverse-т дэлхийн томоохон технологийн компаниуд газар худалдан аваад эхэллээ. Монголын урдаа барьдаг технологийн компаниуд тэнд газартай болох хүсэлтээ өгсөн, зарим нь авсан. Технологийн компаниуд блокчэйн технологид суурилсан metaverse хэмээх виртуал ертөнцөд худалдан авсан орон зайдаа бизнесээ бүтээн байгуулна. Ирээдүйд бизнесийн харилцааны тодорхой хэсэг виртуал ертөнцөд өрнөх нь. Виртуал эдийн засаг гэсэн ойлголт ч гарч ирэх бололтой. Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд үүнийг шинэ эдийн засаг гэж томъёолж буй. Metaverse-ээс хоол, хувцас авах боломжгүй. Харин бусад бүх зүйлийг худалдан авах нөхцөл бүрдэнэ гэж төсөөлөн ярьж байна.
Таван жилийн дараа блокчэйн технологид суурилсан бизнесийн шинэ загварууд хэлбэр галбираа олж, хүмүүс илүү сайн мэдээлэлтэй болох биз. Хүн төрөлхтний хөгжилд мэдээллийн технологи онцгой үүрэг гүйцэтгэх цаг ирээд байна. Мэдээллийн технологийн ачаар шинэ зах зээл, бизнесийн загвар маш хурдтай үүсэх боллоо. Монголд сүүлийн 2-3 сард виртуал хөрөнгийн зах зээл үүссэн нь үүний тод илэрхийлэл болов. Гэвч манай уламжлалт зах зээл бахь байдгаараа, хөгжил нь яст мэлхийн хурдаар урагшилж байна. Мэдээллийн технологийн шийдэл шингээж, үйлчилгээгээ хялбаршуулаагүй, ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлээгүй бизнесийн загвар цаашид хоцрогдох нь тодорхой болжээ.
Койн, хувьцаа гэсэн хөрөнгө оруулалтын хоёр нэгжийг харьцуулж үзье. Койн бол блокчэйн технологийн хүн төрөлхтөнд санал болгож буй бизнесийн загварын төлбөрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын нэгжийн илэрхийлэл. Харин хувьцаа бол уламжлалт зах зээлийн хөрөнгө оруулалтын нэгжийн илэрхийлэл. Койн худалдаж авах нь хялбар уу, хувьцаа нь уу гэсэн асуулт тавья. Мэдээжийн хэрэг одоогийн технологийн шийдлээр койн худалдаж авах нь хялбар. Койн худалдаж авахын тулд хүнд интернэттэй холбогдсон компьютер, сүлжээтэй орчин, дататай гар утас л хэрэгтэй. Гар утсандаа дуртай виртуал хөрөнгийн биржийнхээ аппликэйшнийг татаж суулгаад, ойлгомжтой зааврын дагуу бүртгэлээ хийлгээд, дансаа цэнэглээд койн худалдаж авах боломжтой. Энэ бол 10-20 минут зарцуулах үйлдэл. Ажлын ширээнийхээ ард, эсвэл гэрийнхээ буйдан дээр сууж байгаад ч ийм үйлчилгээг авч болно. Койны арилжаа хийх нь маш хялбар процесс байгаа биз. Компьютер ашиглан койн худалдаж авах, зарим талаар гар утаснаас илүү хялбар.
Тэгвэл хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авахад нэлээд их хугацаа зарцуулна. Аль нэг брокер дилерийн компанийг сонгож, үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Үнэт цаасны дансыг 10-15 мянган төгрөг төлж, брокерын компани дээр өөрийн биеэр очиж нээлгэнэ. Одоогоор манай үнэт цаасны компаниудын дийлэнх нь зайнаас данс нээхгүй байгаа. Мөнөөх үнэт цаасны компани таны мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгүүлнэ. Таны үнэт цаасыг хадгалах чухал үүргийг хүлээж энэ компани л үнэт цаасны данс олгодог юм. Үнэт цаасны данстай болох процесс хоёр хоног үргэлжилнэ. Ингээд та үнэт цаасны дансаа мөнгөөр “цэнэглэн” хувьцаа худалдан авах захиалга өгөх боломжтой болно.
Захиалгаа үйлчилгээ авч буй үнэт цаасны компанийнхаа аппликэйшнээр дамжуулан өгөх боломжтой. Үнэт цаасны компаниудын аппликэйшнүүд Монголын хөрөнгийн биржийн “Миллениум АйТи” арилжааны системтэй холбогдоогүй байдаг. Тиймээс брокерууд таны захиалгыг гараар “Миллениум АйТи” системд шивж оруулан биелүүлнэ. Хэрэв та нөхцөл захиалга буюу хувьцаа арилжих, худалдаж авах үнээ өөрөө тогтоон захиалга өгсөн бол биелэхгүй долоо хоног ч өнгөрөөх магадлалтай. Энэ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанууд хөрвөх чадвар муу байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн цөөн хувьцаа арилжаанд орж, үнэ ханш нь өндөр хэлбэлзэлгүй байдаг гэсэн үг. Хувьцааны олон тоогоор чөлөөтэй арилжигдаж байвал хөрвөх чадвартайд тооцогдоно. Монголын хөрөнгийн зах зээлээс анх удаа хувьцаа худалдан авч байгаа бол та 20 минут биш, дор хаяж хоёр хоног зарцуулах нь байна.
Хөрөнгийн зах зээлд үнэт цаасны компани, хөрөнгийн бирж, хадгаламжийн төв, клиринг гэсэн чухал дөрвөн дэд бүтэц бий. Монголын хөрөнгийн зах зээлийн эдгээр дэд бүтэц бүгд өөр өөр систем ашигладаг. Тиймээс нэгээс нөгөөд нь хөрвүүлэхийн тулд гараар шивж байгаа юм. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг чухал шийдэл нь цогц систем ашиглах юм. Тодруулбал, өөр хоорондоо уялдаа холбоотой цогц систем ашиглах хэрэгтэй. Ингэвэл гараар шивэх хоцрогдсон үйл ажиллагаа алга болж, хурд нь хэд дахин нэмэгдэнэ. Монголын хөрөнгийн зах зээл технологиос гадна арга ажиллагаа, ноу хаугийн хувьд бусдаас илт хоцрогдсон. Мэдээллийн технологи хөгжиж, ил тод, нээлттэй байдал, хууль дээдлэх зарчим сайжруулахын хэрээр Монголын хөрөнгийн зах зээл хоцрогдсоор байна. Ийм тохиолдолд Монголын хөрөнгийн бирж секундэд 20 мянган арилжаа хийх хурдтай “Миллениум АйТи” систем ашигласан ч нэмэр байхгүй.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд Худалдаа хөгжил, ХААН зэрэг томоохон банкны IPO-г хийх үед “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн систем ачааллаа дийлэхгүй гэж болгоомжилж байна. Олон жилийн өмнөөс ашиглаж буй систем нь хоцрогдоод байгаа билээ. Тус төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва Монголбанкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн хадгаламжийн систем авч ашиглахаар ярьж буй гэнэ. Хэрэв тухайн системийг авчихвал хадгаламжийн системийн “хүчин чадал” сайжраад зогсохгүй гадаад үнэт цаасны хадгаламжийн төвүүдтэй ч холбогдох боломж бүрдэх аж. Хадгаламжийн төвийн системээ ийн сайжруулах нь. Гэхдээ “Миллениум АйТи”-гаас өөр. Тэгэхээр мөн цогц систем болж чадахгүй.
“Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв” компанийг Сангийн яам 100 хувь эзэмшдэг. Уг нь эдгээрт цогц систем суурилахад Сангийн яам дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байх үедээ хөрөнгийн зах зээлд цогц систем бүрдүүлнэ гэж ярьж байсан. Тодорхой оролдлогууд хийж байв. Харин тэгвэл одоо энэ талаар ярихаа ч больжээ. Хөрөнгийн зах зээлийг цогц системтэй болгоё, ил тод, нээлттэй байдлыг сайжруулъя гэвэл хувьчлах л хэрэгтэй. Хувийн хэвшилд шилжүүлчихвэл дээрх гурван компанийн үйл ажиллагаа илт сайжраад ирнэ.
Олон иргэний мэдээллийг хадгалдаг гэдэг утгаараа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компанийг төр мэдэлдээ үлдээж болох юм. Харин нөгөө хоёрыг яаралтай хувьчлах хэрэгтэй. Хувьчилчихвал ямар систем ашиглахаа өөрсдөө шийдээд явна. Харилцагчаа түлхэх сонголт хийхгүй нь лав. Дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаа, уялдаа холбоо сайжрах нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч тустай. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудынхаа системийг хурдтай болгож санаа тавья. Магадгүй хөрөнгийн зах зээлийг либералчлах нь төрийн санаа тавьж буй хамгийн зөв хэлбэр гэж бодож байна. Санаа тавихгүй бол хөрөнгийн зах зээлийн хөгжил бусдаас хэдэн арван жилээр хоцрох нь.