Сайжруулсан түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компани өнгөрсөн намаржин ажилтан авах зар тавьжээ. Хөдөлмөрийн биржид хандаж, мэдээллийн хэрэгслээр ч уг зараа нийтэлсэн байна. Гэвч иргэд тэднийд ажилд орох сонирхолгүй байж. Тус компани ажилчдадаа дундаж хэмжээний цалин олгодог. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дундаж цалин 1.3 сая төгрөгт хүрснийг мэдээлсэн. Энэ бол өнөөгийн эдийн засгийн нөхцөлд чамлахааргүй хэмжээний цалин. “Нүүрсний хөө тортогтой холилдмооргүй байна, ажлын байрны орчин муу” гэсэн шалтгаанаар хүмүүс “Тавантолгой түлш” компанид ажилд орохоос татгалздаг гэнэ. Нэг талаар хүн эрүүл мэндээ хамгаалж буйг нь зөвтгөх шалтгаан.
Тэгвэл цэцэгт мэндчилгээ илгээдэг компанид ажилчин олддоггүй гэнэ. Тус компани хэд хэдэн ажилчин авах шаардлагатай байж. Шинэ ажилчнаа эхний сард 600, хоёр дахь сард 700 мянган төгрөгийн цалин олгож туршдаг аж. Хэрэв тухайн хүн ажиллах сонирхолтой нь мэдэгдвэл 800 мянган төгрөгийн тогтмол цалин олгож, дээрээс нь өдөрт хоол, унааны мөнгө 8000-аар тооцож олгодог гэнэ. Илүү цагаар ажиллуулах шаардлага гаргавал хөлсийг нь Хөдөлмөрийн хуулийн дагуу бодож өгдөг юм байна. Уг нь нүүрстэй холилдсоноос цэцэгтэй харилцаж ажиллах нь цэвэрхэн хийгээд тансаг мэдрэмж төрүүлнэ. Гэвч ажилд орохоор сонирхсон хүн хэдхэн хоног ажиллаад “Хамт олон нь таалагдахгүй байна”, “Ажлын байр нь автобусны буудлаас хол” гэх шалтаг хэлээд гардаг гэнэ.
Хөдөлмөрийн зах зээлд ажлын байр өч төчнөөн бий. Бизнесмэнүүд “Гол тулгарч буй асуудал бол мэргэжилтэй ажилтан олох болсон” гэж ярихыг олон ч удаа сонссон. Тэгвэл мэргэжилгүй ч бай, мэрийлттэй хүнийг сургаад ажиллуулъя гэхэд ч олдохоо больжээ. Эндээс хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болжээ гэж дүгнэж болно. Үндэсний статистикийн хорооноос ажиллах хүчний оролцооны түвшнийг судалгаагаар тодорхойлдог. Ажиллах хүчний оролцооны түвшин нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллах хүчин эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 57.9 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын 57.9 хувь нь ажил эрхэлдэг гэсэн үг. Эл үзүүлэлт нь оны нэгдүгээр улиралд 54.9 хувь хүртлээ буурсан. Тэгвэл хоёрдугаар улиралд 56.8 болж сайжирсан. Ажиллах хүчний оролцооны түвшин 2020 оны нэгдүгээр улирлаас буурч эхэлсэн юм. Тухайн үед 59 хувьтай байсан билээ.
Дэлхий дахинд цар тахал дэгдэж, хилээ хаах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэх мэтээр хорио цээрийн дэглэм, хөл хорио тогтоож эхэлснээс хойш ажиллах хүчний оролцооны түвшин муудсан нь харагдаж байна. Тэгэхээр нэг талаар ажиллах хүчний оролцооны түвшин муудахад цар тахал сөргөөр нөлөөлжээ гэж дүгнэж болно. Цар тахлын үед 150 орчим мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө больсон. Өөрөөр хэлбэл, ажлын байраа алдсан гэсэн үг. Энэ нь ажиллах хүчний оролцоонд сөргөөр нөлөөлсөн бодит үзүүлэлт юм.
Статистик мэдээллээс харвал манай улсын ажиллах хүчний оролцоо ерөнхийдөө дутмаг байдаг. Ажиллах хүчний оролцооны түвшин 2006 онд 64.8 хувьтай байжээ. Энэ нь түүхэн цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнээс хойш 2011 оны гуравдугаар улиралд дээрх түвшинд дахин хүрсэн. Үүнээс эдийн засгийн өндөр өсөлттэй үед хүмүүсийн хөдөлмөр эрхлэх сонирхол нэмэгддэг нь харагдаж байна. Ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн цаг хугацаанд 60, түүнээс дээш хувьтай байсаар иржээ. Тэгэхээр цар тахлын үед 7-8 хувиар буурсан хэрэг.
Албан бус тоогоор 100 гаруй мянган иргэн хөдөлмөр эрхэлдэггүй гэж үздэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан ч энэ тоог хүрээн зөвшөөрдөг юм. Зах зээлд ажлын олон байр бий. Энэ бол хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж байна гэсэн үг. Гэтэл яагаад аж ахуй эрхэлж, бизнес хийж байгаа хүмүүст ажилчин олдохгүй байна вэ гэдэг асуулт урган гарна. Эдийн засагчид үүнийг хавтгайрсан халамжийн бодлоготой холбон тайлбарладаг. Халамжийг хавтгайруулан олгох тусам иргэдийн ажил хийх сонирхол буурдаг нь ногтлогдсон үзэгдэл. Төрөөс хоол хүнсээ авах хүрэлцээтэй мөнгө өгчихөөр хэн ажил хийж, биеэ зовоохыг бодох вэ дээ. Биеийн амрыг бодож, дээшээ харж хэвтэж байгаад амьдарч болоод байхад тэднийг буруутгах аргагүй.
Харин үүнд халамжлагч төр буруутай. Нэгэн жишээ татъя. Хүүхэд бүрт сард 100 мянган төгрөгийн тэтгэмж өгч буй. Дөрвөн хүүхэдтэй айл сард 400 мянган төгрөгийн орлоготой гэсэн үг. Уг нь эл тэтгэмжийг хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжилд зарцуулаасай гэж олгож буй. Гэтэл амьжиргааны хэрэгсэл болоод зогсохгүй, хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байна. Халамжийн хэмжээг багасгаж, зүй зохистой олгож, хүмүүсийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлье.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Сард гурван сая орчим төгрөгийн халамж авч буй гэр бүл байна” гэж ярьсан. Ийм хэмжээний халамж авч буй гэр бүлд ажил хийх сонирхол төрөх үү. “Тавантолгой түлш” компанид ажиллаж, нүүрстэй зууралдах шаардлага юун. Бас автобусны буудлаас хол оффистой цэцгийн дэлгүүрт хамт олонтой нь баг болж ажиллахаас цааргалах нь тэдэнд амар. Халамжийг хавтгайруулан олгохоо боливол хоолоо олж идэхийн тулд хөдөлмөрлөхөөс өөр аргагүй байдал хүрнэ. Ийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ажил хийхгүй бол амьдрах боломжгүй болгох ёстой. Ингэх нь эдийн засагтаа ч тустай юм. Бизнесээ өргөжүүлье гэж компанийн удирдлага хэчнээн мэрийвч хүний нөөц нь хүрэлцэхгүй бол бүтээмж гаргаж чадахгүй. Хөдөлмөрийн насны хүн амынх нь олонх нь ажил хөдөлмөр эрхэлж байж эдийн засагт бүтээмж бий болно. Тэгэхээр хавтгайрсан халамж нь иргэдээ энэрч байгаа мэт боловч эдийн засгаа, цаашлаад улс орны ирээдүйд чөдөр тушаа болж буй бурангуй хандлага юм. Халамж хөдөлмөрийн зах зээлийг хорлосоор байгааг улстөрчид юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Улмаар засаж залруулах шаардлага тулгараад байна.