АНУ-д өнгөрсөн арваннэгдүгээр сард таамагласнаас бага буюу ердөө 210 мянган ажлын байр бий болсон үзүүлэлт гарсны дараа голлох валютуудын эсрэг ам.долларын ханш өнгөрсөн баасан гарагт суларсныг CNBC дамжуулав. Зарим шинжээч дээрх тоог багадаа 573 мянгад хүрнэ хэмээн таамаглаж байжээ. Гэхдээ тус улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 0.4 хувиар буурч, 4.2 болсон аж. АНУ-ын Холбооны нөөцийн сан ажил эрхлэлтийн түвшнийг харгалзан сар бүр худалдан авах бондын хэмжээгээ өөрчлөх, эсэх шийдвэр гаргана гэсэн таамаг зарим шинжээчид бий юм. Баасан гарагт нэг ам.доллар 6.38 юань, 73.87 рубль, 1179 вонтой тэнцэж байлаа.
ТАВААРЫН ЗАХ
ХУВЬЦААНЫ ЗАХ
Зах зээлийн үнэлгээ 5.24 их наяд төгрөгт хүрлээ
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гарагт 36 компанийн 938 542 ширхэг хувьцааг 431.1 сая төгрөгөөр арилжлаа. Тэдгээрээс 11-ийнх нь хувьааны ханш дээшилж, 21- ийнх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Энэ өдөр Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 0.55 хувиар буурч 39 202 нэгж болсон юм. Тэгвэл зах зээлийн үнэлгээ 5.24 их наяд төгрөгт хүрчээ.
Баасан гарагт “Мандал говь импэкс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.2 хувиар өссөнөөр нэгж нь 400 төгрөгтэй тэнцэв. Харин “Дархан хөвөн” компанийнх хамгийн өндөр буюу 15 хувиар хямдарснаар 6800 төгрөгтэй дүйжээ. Тэгвэл хөрөнгө оруулалтын хоёр сангийн 30 795 ширхэг нэгж эрхийг 22.2 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 54 ширхэг үнэт цаасыг 5400 ам.доллароор арилжжээ.