Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал Япон Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, зөвлөх Кикүма Шигэрү нарыг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Элчин сайдын яамнаас Монгол Улсад бизнес эрхэлж буй Япон Улсын хөрөнгө оруулагчдаас ирүүлж буй өргөдөл, гомдол, санал, хүсэлттэй холбогдуулан Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүссэн учраас ийнхүү уулзалт зохион байгуулсан аж. Х.Батжаргал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа, Үндэсний хөгжлийн газар нь тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагийн хүрээнд хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр гүйцэтгэж буй ажлуудын талаар танилцуулсан байна.
Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг шүүх, арбитрын маргаан болохоос нь өмнө төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах зорилгоор гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих системийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. ЭСЯ-ны зүгээс Япон Улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж, гомдол гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.