“Химийн гаралтай үнэртүүлэгч, өнгө оруулагчийн орцгүй, ямааны сүүтэй саван нь тослог сайтай, хуурайшуулахгүй. Хүрэн манжин болон ганга өвстэй шахмал шампунь хиймэл бодис агуулаагүй, үс уналтыг багасган, ургалтыг нь дэмжин, үсний хүүдийг бэхжүүлнэ. Чага мөөгтэй шампунь үсний бат бөх байдлыг сайжруулж, цагаан үс ургах явцыг удаашруулна, түүнчлэн өнгө, үнэр агуулагч химийн бодисгүй” зэрэг олон янзын тайлбар бол “Брюверкс” компанийн “Nomadic beaumn” нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнийх.
“Nomadic beaumn” нэрийн доор өдгөө нярай, хүүхэд болон насанд хүрэгчид хэрэглэж болохуйц гоо сайхны 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 10 жилийн өмнө тус компанийг Э.Амар, Н. Ариунтуяа нар үүсгэн байгуулж, түүхий эдийнхээ судалгааг эхлүүлжээ. 2017 оноос үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн, бэлэн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн аж.
“Nomadic beaumn”-ы гол онцлог бол Монголд ургадаг байгалийн гаралтай түүхий эдээр хог хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тодруулбал, уламжлалт аргаар бэлтгэсэн ганга, халгай, чага мөөг, хужир, чацарганы найрлагатай шахмал шампунь, ангижруулагч, биеийн болон эдийн саван, нярайд зориулсан тос зэргийг хийж байна. Түүнчлэн уг бүтээгдэхүүнийг сав, баглаа боодолгүйгээр буюу задгайгаар худалдан авч болдог нь байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх зорилготой нь нийцсэн хэлбэр. Зарим савлагаа нь цаасан байдаг нь мөн л экологид ээлтэй шийдэл гэсэн үг аж. Анх өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр үйл ажиллагаа эхлүүлсэн тэд өдгөө 3-4 хүнийг тогтмол цалинжуулж, долоо хоногт 30 гаруй төрлийн 500-1000 ширхэг бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэр болгон компаниа өргөжүүлжээ.
Хужрыг Увс аймгаас, халгайг Ховдоос, чацарганыг “Шар доктор” компаниас худалдан авч, “том, жижиг” бэлтгэн нийлүүлэгчдийг ч дэмжин ажилладгаа Н.Ариунтуяа хэлсэн. Тэрбээр “Би Лондоны “Formula botanic” сургуулийг органик гоо сайхны бүтээгдэхүүний технологич мэргэжлээр мастерын зэрэгтэйгээр ирэх жил төгсөнө. Дэлхий дахинд органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл хурдацтай хөгжиж буй. Манай орны хувьд эл зах зээлд хувь нэмрээ оруулах, аж ахуйн нэгж, иргэд нь орлого ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломж бий. Учир нь Монгол бол онгон байгалтай, хүний оролцоогүй ургаж төлжсөн, бий болсон түүхий эд арвинтай. Гол нь үүнийгээ сурталчлах, таниулах л хэрэгтэй. Иргэд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвшвэл үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэн, тэр хэрээр бүтээмж нь дээшлэн, өрсөлдөх чадвар нь сайжирна. Улмаар бид импортыг орлуулах таваар бий болгон, экспортлох боломж ч ахина” гэв.
Ийм зорилго тэмүүлэлтэй, санаачилгатай бүсгүй цагаан, ногоон хоолтнуудад зориулсан веган саван, шампунь, ангижруулагч үйлдвэрлэдэг талаараа ч ярьсан юм.