Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбаттай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдол оношлох үнэлгээний үр дүнгийн талаар ярилцлаа. Тус байгууллага болон БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хамтран энэхүү судалгааны дүнд тулгуурлан хоцрогдол арилгах тухайд ямар төлөвлөгөөгөөр ажиллах талаар зөвлөмж гаргаж, сургуулиудад удахгүй хүргэх аж.
-Сурлагын хоцрогдол оношлох үнэлгээнд хэр олон сурагчийг хамруулсан бэ?
-Боловсролын салбарт сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахаар идэвхтэй ажиллаж байна. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсаар буй юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд суралцагчдын хичээл, сургалтын хоцрогдол ямар түвшинд байна гэдгийг тодорхойлох зорилготой хоцрогдлыг оношлох үнэлгээг өнгөрсөн есдүгээр сарын 23, 24-нд зохион байгуулсан. Дүнг нэгтгэж дууслаа. Оношлох, үнэлэх ажлыг ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн 64 судлагдахуун хичээлээр явуулсан юм. Судалгаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийг, мөн бүх ангийг, нийт 62 856 суралцагчийг хамруулсан. Давхардсан тоогоор 297 299 шалгалт өгсөн гэсэн мэдээлэл цугларсан. Улсын хэмжээний бүхий л мэдээллийг нэгтгэж, дүн, оноог бодуулж, шинжилгээ хийж, боловсруулан, 64 судлагдахуун тус бүрээр үр дүнг тодорхойлж гаргалаа.
-Үр дүн юу хэлэв?
-Сургалтын хөтөлбөрт 3600 орчим суралцахуйн зорилт бий. Энэ нь хүүхэд 1-12 дугаар ангид суралцах хугацаандаа эзэмшвэл зохих мэдлэг, чадварын тоо юм. Оношлох үнэлгээний даалгавраар дамжуулж суралцагчдаас нийт 2300 орчим суралцахуйн зорилтыг үнэлсэн. Бодит хоцрогдлыг анги, хичээл бүрээр тодорхойлж гаргаад байна. Нийтэд нь авч үзвэл 471 суралцахуйн зорилт дээр тодорхой хэмжээний хоцрогдол үүссэн байна гэсэн дүн гарсан. Хамгийн сүүлд 2019 онд улсын хэмжээнд бага, дунд боловсролын түвшинд үндэсний хэмжээнд чанарын үнэлгээ хийсэн байлаа л даа. 2020 онд хөл хорионы улмаас тасалдсан. Сая явуулсан оношлох үнэлгээний судалгааг 2019 оныхтой харьцуулж үзвэл дүн бүх түвшинд бүх хичээлээр тодорхой хувиар буурсан үзүүлэлт харагдлаа. Ялангуяа түрүүнд дурдсанчлан 471 суралцахуйн зорилтын хувьд хоцрогдол илүү үүсжээ. Энэ нь цар тахалтай хоёр жилийн хугацаанд сургалтын, танхимын үйл ажиллагаа тасалдсантай холбоотой.
-Суралцахуйн 471 зорилт анхаарал татаж байна. Тухайлбал, ямрыг нь онцолж нэрлэж болох вэ?
-Хоцрогдол хичээл бүрт, анги бүрт өөр, өөр. Хоёрдугаар ангийн математикийн хичээлийн хувьд хоцрогдол хамгийн ихээр үүссэн агуулга нь бол юмсыг нэг, хоёр шинжээр ангилах буюу сургалтын хөтөлбөр дэх суралцахуйн зорилтын 1.4-ийн А гэсэн кодтой нь үндэсний хэмжээнд хоцрогдолтой байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд ийм чадварыг хангалтгүй түвшинд эзэмшсэн гэдэг нь даалгавраар дамжиж ойлгогдсон.
-Энэ нь бага ангийн багш нар сурагчидтайгаа нүүр тулж ажиллаагүйтэй холбоотой юу?
-Олон хүчин зүйл нөлөөлсөн. Мөн бид энэ судалгааг авахтай зэрэгцүүлж хоцрогдлын нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйлийн судалгааг багш, сурагч, эцэг, эхчүүд, сургуулийн удирдлагаас авсан юм. “Цахим хичээлд үр дүнтэй хамрагдаж, маш сайн суралцаж чадсан” гэж хариулсан сурагчдын сурлагын амжилт тэр хэмжээгээр өндөр. Харин эсрэгээрээ “Цахим хичээлийн зохион байгуулалт болон чанар муу байсан, төвөгтэй, хүндрэлтэй байснаас би сурч чадаагүй” гэж хариулсан сурагчийн сурлагын амжилт мөн тэр хэмжээгээр доогуур үзүүлэлттэй байв. Эцэг, эхчүүдээс танхимын бус хичээлтэй үед нь хүүхдүүддээ хэр тусалж, хамтарч ажиллан, дэмжиж байсан талаар асуусан. Хүүхдэдээ байнга анхаарч, өдөр бүр тусалж байсан аав, ээжүүдийн хүүхдийн сурлагын амжилт мөн тэр хэрээр өндөр байлаа. Үүнийг ихэд нарийн судалсан. Өдөр бүр хамт сууж, тулж ажилладаг байсан эцэг, эхчүүдийн хүүхдийн сурлага бүр илүү, долоо хоногт завтай үедээ тусалдаг байсан гэж хариулсан хүмүүсийн хүүхдийн сурлага тодорхой хэмжээгээр ахиу, харин анхаарал огт хандуулж чадаагүй гэсэн аав, ээжүүдийн хүүхдийн сурлага тааруу байсан.
-Сургуулиудын хүчин чадал янз бүр дээ, тийм ээ. Орон нутагт, хязгаар нутагт нөхцөл байдал амаргүй байсан болов уу.
-Сургуулийн удирдлагуудаас мөн асуумжийн аргаар судалгаа авсан юм. Теле болон цахим хичээлийн үеэр багш нараа хэрхэн дэмжиж, хамтарч ажилладаг байв, “Хичээлээ онлайнаар заа” гэсэн үүрэг өгөөд орхичихдог байсан уу, эсвэл хичээлдээ бэлтгэх болон заах явцад нь тодорхой хэмжээний техникийн, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байв уу, үгүй юү гэх зэргийг тандсан. Тэгэхэд удирдлагынх нь зүгээс багш нараа дэмжиж, байнга хамтарч ажиллаж байсан сургуулийн сурагчдын сурлагын амжилт тэр хэрээр сайн байсан. Ерөнхийдөө боломжоороо дэмжиж байсан гэж хариулсан удирдлагатай сургуулийн сурагчдын сурлага арай доогуур. “Дэмжих боломж байгаагүй, бүхий л асуудлыг багш нартаа даатгасан” гэж хариулсан захирал, менежер бий. Тийм сургуулийн сурагчдын амжилт тааруу. Судалгааны дүнг нарийвчилж гаргахад иймэрхүү дүр зураг харагдсан. Анги бүрээр, хичээл бүрээр судалсан гэж ярьсан шүү дээ. Бага боловсролын тухайд, ялангуяа хоёр, гурав, дөрөв, тавдугаар ангийн түвшинд монгол хэлний хичээлийн үр дүн анхаарал татам үзүүлэлттэй байгаа юм. Тодруулахад, жишээ нь хоёрдугаар ангийнхнаас шалгалт авахдаа нэгдүгээр ангийн хичээлийн агуулгаар асуусан. Хоёр, гуравдугаар ангийнхны тухайд бичиг, үсэгт хэрхэн тайлагдсаныг нь судалсан юм. Үзүүлэлт улсын хэмжээнд 70 орчим хувьтай. Тэгэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их хохирсон нь эдгээр ангийнхан. Энэ насныхан цагаан толгойн үсгийг бүгдийг мэдэж байна. Харин хангалттай түвшинд холбож үг, өгүүлбэр болгож унших, түүнийгээ ойлгож тайлбарлаж чаддаггүй нь харагдлаа.
-Энэ алдагдлыг нөхөх нь нэн тэргүүний зорилт гэж бодогдож байна.
-Тийм ээ. Судалгаа явуулснаар яг юун дээр хоцрогдсоныг бодитоор гаргаж ирлээ. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд хоцрогдол арилгахад чиглэсэн ажлуудыг илүү үр дүнтэй, оновчтой болгох асуудал тулгамдаж байна. Байгаа зөв онох нь чухал. Тэгэх юм бол суралцагчдын сурлагын хоцрогдол бодитоор арилна. Нийтээрээ хоцрогдсон гэж үзээд бүхий л агуулгыг хамруулах гэвэл цаг хугацааны хувьд боломжгүй. Одоо бол энэхүү оношлох үнэлгээний үр дүнд тулгуурлаад багш, сурагчид руу хандсан ямар үйл ажиллагаа зохион байгуулалттай явуулах вэ гэдэгт ойрын хугацаанд буюу сурагчдын амралтын үеэр БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч тодорхой төлөвлөгөө гаргана. Багш нартайгаа яаж ажиллах вэ, багш нар сурагчидтайгаа хэрхэн ажиллах нь дээр вэ гэдэг чиглэлүүдийг тодорхойлон, зөвлөмж байдлаар сургуулиудад хүргэх юм.
-Оройтож судаллаа, тийм ээ?
-Юун дээр хоцрогдсоноо бодитоор гаргаж ирсэн нь чухал юм. Хоцорсон агуулгыг маш богино хугацаанд, магадгүй өнөө, маргаашдаа нөхчихгүй. Гурван жилийн дотор бүхий л хоцрогдлыг арилгахын төлөө ажиллана. Оношлох үнэлгээг өнгөрсөн тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөж, бэлтгэл хангаж байсан юм. Гэтэл тухайн үед коронавирусийн халдвар огцом ихсээд, нөхцөл байдал хүндэрсэн учраас сурагчдын амралтыг эрт эхлүүлсэнтэй холбоотойгоор намар явууллаа. Энэ судалгааг ирэх онд, түүний дараа жил ч хийнэ. 2021 онд гарааны үнэлгээгээ хийчихлээ гэсэн үг. Үүний дагуу ажлууд зохион байгуулаад, дараа жил судалгааг дахин явуулж, явцын үнэлгээг хийнэ. 2023 онд судалгаа дахин хийж, 2021 онд иймэрхүү байдалтай хоцрогдсон байсан бол аль хэр түвшинд ахиж вэ, тодорхойлсон хоцрогдол арилав уу, үгүй юү гэдгийг харах юм.
-Багш нар судалгаанд дургүйцсэн гэсэн мэдээлэл бий. Яагаад тэр юм бол?
-Тэр өөр асуудал байв. Энэхүү хоцрогдол оношлох үнэлгээг өнгөрсөн есдүгээр сарын 23, 24-нд улсын хэмжээнд нэгдсэн хуваарийн дагуу, хөндлөнгийн хяналттайгаар, нэг цаг, минутад эхлүүлэн явуулсан бөгөөд багш нарын хичээл, сургалтад хүндрэл учруулаагүй. Түүврийн аргачлал ашигласан, улсын хэмжээнд сурагчдын 11 хувь хамрагдсан. Түүвэрт хамрагдалгүй үлдсэн сурагчдын сурлагын хоцрогдлыг оношлох, үнэлэх хэрэгцээ тухайн үед гарсан юм. Сургууль, багш нарын хүсэлт ч байсан. Үүнд үндэслээд Боловсролын үнэлгээний төвөөс оношлох үнэлгээг зохион байгуулсны дагуу бүх хичээл, судлагдахуунаар мэргэжлийн байгууллагын хувьд сэдэв, даалгаврыг нь боловсруулан бэлдэж, бүх сургуульд хүргүүлсэн. Сургуулиуд өөрийн хэмжээнд дотоод нөөц боломждоо тулгуурлан, хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр явуулсан судалгааг сургуульд суурилсан хэмээн тодотгосон. Тусдаа үнэлгээ гэсэн үг. Зарим сургууль үүнийг зохион байгуулах явцдаа алдаа гаргаснаас болсон уу, багш нарт ачаалал үүсгэсэн тал байсан бололтой.
-Энэ хоёр судалгааны дүн дүйцсэн болов уу?
-Сургуульд суурилсан үнэлгээг заавал ав гэж шаардаагүй. Сэдэв ашиглаад боломжоороо судалж, дүгнэж болно гэсэн чиглэл л өгсөн юм. Шалгалт авсан сургуулиудын хэмжээнд бүхий л мэдээллийг нь бид хүлээж авч, шинжилгээ хийж үзэхэд ерөнхийдөө оношлох үнэлгээний дүнтэй дүйцэхүйц үр дүн гарсан. Эцэст нь дүгнэж хэлэхэд сурлагын хоцрогдол оношлох үнэлгээний дүн бидний өнөөдрийн бодит байдлын дүр төрхийг нотолсон.