Жүжигчин Х.Цасчихэрийг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр оюутан ахуйгаасаа “Маск” продакшнаас ажлын гараагаа эхэлж, өдгөө ч тус хамт олноор овоглож яваа. Түүнчлэн “Reaction” продакшн байгуулан дэлгэцийн уран бүтээлүүд ч олон нийтэд хүргэх болсон. Х.Цасчихэр өнгөрсөн долоо хоногоос тоглож эхэлсэн “Orfey” театрын “Гэм зэм” постдрамын жүжгийн Зосимов эмчийн дүрээр үзэгчидтэй “уулзаж” буй юм.
-Багаасаа урлагт дуртай байсан уу. Яагаад жүжигчин болов?
-Аав минь төмөр замд ажилладаг болохоор хүүдээ мэргэжлээ өвлүүлэх бодолтой. Ээж эмч. Мөн л хүүгээ эмч болгох сон гэсэн нууцхан хүсэлтэй. Харин би Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд суралцдаг байв. Гавьяат багш С.Ганчимэгийн шавь. “Камертон”, “Номин талст” тэргүүтэй хамтлагийг шүтээд л, дуучин болохыг мөрөөддөг хүү байлаа. Дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн эстрад дуулаачийн ангид шалгуулж, тэнцсэн. Тэр үеэс жүжигчний мэргэжилд илүү татагдсан юм. Яагаад дуулж чаддаг жүжигчин байж болохгүй гэж. Тэр жилээ жүжигчний ангид шалгуулсан боловч тэнцээгүй. Нэг жил өнжиж, бэлтгээд хойтон жил нь шалгуулж, тэнцээд элссэн дээ. Би Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь.
-Жүжигчин болно гэж хүсэх нэг хэрэг. Харин төгсөөд мэргэжлээрээ ажиллаж эхлэх төсөөлснөөс өөр байв уу?
-Маш өөр. Ялангуяа залуу жүжигчинд тайз, дэлгэцийн уран бүтээлд оролцох боломж тэр бүр олдохгүй. Азаар би хоёрдугаар дамжаанд байхдаа “Маск” продакшнд тайз засагчийн туслахаар ажилд орсон юм. Ажилд орсон цагаасаа л ах, эгч нараас суралцаж, өнөөдрийг хүртэл “Маск”- аараа овоглож байна. СУИС-ийн элсэлтийн шалгалтын үеэр багш нар “Чи яагаад жүжигчин болох гэж ингэтлээ улайраад байгаа юм бэ” гэж асуухад “Би үнэхээр их хүсэж байна” гэж хариулснаа мартдаггүй юм. Энэ үгээ хэзээд марталгүй санаж, мэргэжилдээ үнэнч байж, илүү дурлан, шунаж явна.
-“Маск”-д хэр удчихав?
-12 жил болчихжээ. 2012 оны намар “Маргаашийн төлөө Монгол завгүй” тоглолтын өмнөх өдөр Д.Эрдэнэзаан ах “Өнөөдрөөс миний дүү албан ёсоор “Маск” продакшны гишүүн боллоо” гэсэн. Тэр өдрөөс хойш ах нарынхаа итгэлийг алдахгүй хичээж ажиллахыг эрмэлзсээр ирсэн. Уг нь Б.Мөнхдорж багш минь намайг УДЭТ-ын жүжигчин болгохыг хүсдэг байлаа. Гэхдээ нэгэнт продакшныхаа ах нарт тууштай ажиллана гэж амлачихсан, хамт олон минь надад чухал учраас гарахыг хүсээгүй.
-Тайз засагчийн туслахаас тайзан дээр гардаг жүжигчин болтол хэр удсан бэ. Шантарч, больё гэж бодох үе байсан уу?
-Гурван жил орчим тайз, тайзан дээр жүжигчдийн хэрэглэх сандал, ширээ, жижиг хэрэглэл зөөсөн. Залхах, больё гэх бодол хааяа зурсхийнэ. Гэхдээ “Би хамт олны нэг хэсэг учраас хаяж явж болохгүй. Тууштай байж, өөрийгөө харуулах ёстой” гэх бодол нөгөөхөө дарчихна. Тоглолтын үеэр ах нарын үзүүлбэрүүдийн текстийг бүгдийг нь цээжилчихнэ. Тэгээд харанхуйд тайзаа зөөж байхдаа дагаж хэлээд л. Хамгийн анх тайзан дээр гарснаа огт мартдаггүй. Тэр үеэс нөгөө сөрөг бодлууд бүр бодогдохоо больчихсон доо. Нэг газартаа тууштай ажиллах, хамт олонтой байх сайхан шүү дээ.
-Хамгийн анх тоглосон кино нь “Соёлын довтолгоо” юу. Энэ төрлийн уран бүтээлийн санал хэр их ирдэг вэ?
-Оюутан байхдаа МҮОНТ-ийн “Босго тотго” олон ангит киноны гол дүрд тоглосон. Дараа нь 2019 онд “Маск” продакшн бүрэн хэмжээний хоёр дахь дэлгэцийн бүтээлээ “Соёлын довтолгоо” нэртэйгээр хүргэсэн. Надад энэ киноны гол дүрд тоглох завшаан олдсон. Хоёр жилийн өмнөөс “Reaction” продакшн байгуулж, дэлгэцийн уран бүтээл хийж байгаа. Аль болох сонин, содон төрлүүдээр туршиж, хийх хүсэлтэй. Одоогоор horror comedy буюу аймшиг, инээдэм хосолсон төрлөөр дагнаж байна.
-“Reaction” продакшн хэчнээн уран бүтээл үзэгчдэд хүргэсэн бэ?
-Одоогоор дөрвөн кино үзэгчдэд хүргээд байна. “Маск” продакшныхаа жүжигчин Д.Бямбадорж, С.Сүхбаатар нартай хамтран байгуулсан. Бие дааж продакшн байгуулаад уран бүтээл хийх төсөөлснөөс амаргүй. Гэхдээ бэрхшээл болгоныг давах хүчтэй байх ёстой. Тэгж байж л туршлагажна. Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай тэргүүтэй “Маск”-ын хамт олон минь бидэнд урам өгсөн. Ах нараасаа суралцсан зүйлсийг тоочоод баршгүй. Уран бүтээлчийнх нь хувьд, хүнийх нь хувьд үргэлж үлгэрлэдэг. Учраа мэдэхгүй оюутан байхад минь тосон авч, түүнээс хойш амьдралын минь баяр, гунигтай бүх үед хамт олон минь дэргэд байсан.
-“Orfey” театрын үзэгчдэд хүргэж буй “Гэм зэм” постдрамын жүжигт та тоглож байна. Эл жүжигт тоглуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Гэм зэм” жүжигт сэтгэцийн эмч Зосимовын дүрд тоглож байна. Раскольников хэмээх гол дүрийг сэтгэл зүйн талаас нь гэрчилдэг эмчийн дүр л дээ. Нэгт, тус жүжигт тоглосноор уран бүтээлчийн хувьд өөртөө тодорхой хэмжээний шинэчлэл хийх зорилготой саналыг нь хүлээж авсан. Хоёрдугаарт, найруулагч нь М.Батболд учраас. Өмнө И.В.Гётегийн “Фауст” жүжгийг найруулахад нь үзсэн. Жүжгийг үзээд гарахдаа би өөрийгөө чамлаж, сурах, мэдэх зүйл маш их байгааг ухаарсан л даа. Тиймээс “Гэм зэм” жүжигт тоглож, найруулагчийн сэтгэхүй, найруулах арга барилыг ойлгох, мэдрэхийг хүссэн юм. Маш сонирхолтой санагдаж байна.
-Зосимов эмч хэр “амттай” дүр бол. Та уран бүтээлд, дүрд тоглохдоо ямар арга барилаар ажилладаг вэ?
Яг үнэндээ ийм, тийм арга барил гэж зүйл байхгүй. Гол нь ажиллах явцдаа хөгжиж, найруулагчтайгаа ярилцаж дүрээ “босгох”-ыг хүсдэг. Зосимов эмчийн дүрд ч тэгж ажилласан. Миний ил гаргадаггүй, далд тал ч ил гарч буй мэт санагддаг. Сонирхолтой дүр.
-“Гэм зэм”-д маш сонирхолтой, өмнө нь хамтарч байгаагүй олон уран бүтээлч ажиллалаа. Хэрхэн гар нийлэв?
-Урлаг бол нийгмийн толь. Тиймээс ямагт үзэгчдийг сайн сайхан зүйлд хөтөлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Ийм эрхэм үүрэг хүлээдэг учир нэг нэгнийгээ доош нь хийсэн, муулсан, гадуурхсан хандлага гаргаж, сэтгэл зүрхийг нь мохоодоггүй байгаасай. Хэн нэгнийгээ харлуулдаггүй байгаасай. “Гэм зэм” жүжгийг нээхийн өмнө ч хүмүүс янз бүрээр л сэтгэгдлээ илэрхийлж байсан. Тэнд ажилладаг бол сайн, энд байдаг бол муу гэсэн зүйл огт байхгүй. Ялгаагүй л жүжигчин мэргэжилтэй, гэхдээ сонгосон төрөл, ажиллаж буй газар л өөр. “Гэм зэм”-д олон уран бүтээлч анх удаа хамтарч ажиллалаа. Маш сайн ойлголцсон учраас гар нийлсэн болов уу. Сэтгэд хангалуун байгаа шүү.
-Одоо ямар уран бүтээлд тоглохыг хүсэж, шунаж байна вэ?
-Би шуналтай. Тоглож үзээгүй, ажиллаж амжаагүй төрлийн уран бүтээл олон бий. Нөгөө талаас би маш зоригтой. Юуг ч туршихаас эмээдэггүй, алдахаас айдаггүй. Үзээд алдах л хэрэгтэй.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим юу бол?
-Оюутан байхад багш нар, дээд үеийн уран бүтээлч ах, эгч нар ч “Хүн бай” гэж захидаг байсан. Хүн зан төлөв, үзэл бодлын хувьд ялгаатай, амьдралын нөхцөл, боломж өөр ч хүнлэг чанарыг өөртөө суулгасан байх ёстой. Би тийм л хүн байхыг хичээдэг.
-Ойрын болон хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Юуны түрүүнд нэгэнт зориглоод эхлүүлчихсэн “Reaction” продакшныхаа уран бүтээлийг ийм онцлог, тийм арга барилтай шүү гэдгийг хүмүүст таниулахыг хүсэж байна. Тэр хүсэл, зорилгынхоо дагуу ч ажиллаж байгаа. Хэтийнхэд олон төлөвлөгөө бий.
Бэлтгэсэн А.Тайшир