Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. “Өнөөдөр” сонин энэ өдрийг тохиолдуулан иргэдийн асуултыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад дамжуулсан юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид анхаарал хандуулах, гарц, шийдлийг олох шаардлагатай ажил, тулгамдсан асуудлын талаарх асуултыг иргэд манай сонины редакцад ирүүлээд байв. Тэдний асуултад А.Ариунзаяа сайд хэрхэн хариулсныг уншигчдадаа хүргэе.
-Иргэдийн асуултад хариулахын өмнө Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах нийгмийн хандлага бага багаар өөрчлөгдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэний 42 хувь нь төрөлхийн, 58 хувь нь олдмол шалтгаантай. Бид тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарган ажиллаж байгаа ч эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх тал дээр бусад яам, төрийн болон төрийн бус байгууллага, бүх салбарын хэмжээнд хамтран ажиллах нь чухал гэдгийг энэ өдөр онцолмоор байна.
-Аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэж бий. Сайн ажиллаж буй дүүрэг болон аймгуудын удирдлагыг хүлээн авч, бусад зөвлөлийг идэвхжүүлэх, тэднийг дэмжих, цаашид хамтран ажиллах талаар уулзаасай гэж хүсэж байна. Та ийм уулзалт зохион байгуулах уу?
Б.Мөнххишиг (Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн
-Хүн амын бүлгүүдийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд бүхий л асуудалд анхаарлаа хандуулж, түргэн шуурхай ажиллахыг хичээдэг. Тэр дундаа анхаарал халамж шаардлагатай эмзэг бүлэг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцлон дурдмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хуулийн 41 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор xөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг миний бие ахлан ажиллаж байна.
Яамд, зарим агентлагийн дэргэд дэд зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл байгуулснаар тухайн салбар, орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг тусган хэрэгжүүлэх, тухайн салбарт ажиллагчдын хандлага өөрчлөгдөх чиглэлээр ахиц дэвшил гарч байна. Дэд зөвлөл бүр оны эхэнд тухайн жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, жилийн эцэст тайлагнадаг бас нэгэн тогтолцоо бий болсон нь маш том ахиц.
Дэд болон салбар зөвлөлүүдтэй байнгын хамтын ажиллагаатай бөгөөд тайлан мэдээллийг харж, эрчимжүүлэх, сайжруулах чиглэлийг өгч байна. Манай зөвлөл 2021 онд цөөнгүй удаа хуралдаж тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замаа хэлэлцсэн. Хөгжлийн бэрхшээлийн асуудалд салбар бүрийн оролцоо, ажлын уялдаа холбоо, зохицуулалт маш чухал. Тиймээс оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хийж буй ажлын нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулах журам. Тухайн салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, бүтээлч идэвх санаачилгыг дэмжин, тэргүүний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сайн үлгэр дуурайл болох нь тус журмын томоохон зорилго бөгөөд гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд, салбар зөвлөлийг шалгаруулдаг. Тодорхой шалгууруудыг хангасан салбар зөвлөлүүдэд оролцох эрх нээлттэй байдаг юм. Аймгуудын Засаг дарга нар салбар зөвлөлийг ахлан, орон нутагт, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн шинэ санал, санаачилга гарган хамтран ажиллахад бүхий л талаар дэмжихэд бэлэн байна.
-Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс халамжийн мөнгө гэж сард 188 000 төгрөг авдаг. Цар тахлын үед 288 000 төгрөг болсон ч амьдралд нь хүрэлцэхгүй байна. Үүнийг нэмэх боломжийг та судалж үзсэн үү?
Д.Дэнсмаа (Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн)
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний уудаг эм нэг сарын асаргааны мөнгөнөөс ч давдаг. Ийм төрлийн эмийн үнийг хямдруулах, эсвэл асаргааны мөнгийг нэмэх боломж бий юү. Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж бусад оронтой харьцуулахад бага байдаг шүү дээ.
Л.Жаргал (Налайх дүүргийн иргэн)
-Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 2018-2020 онд гурван жил дараалан нэмэгдүүлсэн. Олон улсад шимтгэлд суурилаагүй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ихэнхдээ амьжиргааны доод түвшинтэй уялдуулдаг. Манай улсын хувьд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн ихэнхдээ инфляцын түвшинтэй уялдуулан 6-8 хувиар нэмж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийгмийн халамжийн тэтгэврийг 2020 оны тавдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарыг дуустал нийт 20 сарын хугацаанд сар бүр 100 000-аар нэмж, нийт 288 000 төгрөг олгож байна.
Мөн манай яамнаас Нийгмийн халамжийн багц хуулийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар энэ онд багтаан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Хуулийн шинэчлэлээр халамжийн хөтөлбөрүүдийн нэр, төрөл, хамрах хүрээг оновчтой болгох, төсөв хөрөнгийн хувьд халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, өнөөгийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилах үндсэн гол зорилтыг агуулж байгаа. Үүний хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэмжийг хүн амын амьжиргааны доод түвшний бүсүүдийн дундажтай тэнцүү болгож жил бүр нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд халамжийн тэтгэвэр олгохоор хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь тогтсон ажилгүй, орлогогүй учраас орон сууцад амьдрах боломж тааруу. Зорилтот бүлгийг орон сууцжуулах талаар ямар ажил хийх вэ?
Л.Болдбаатар (Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн)
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого хангалтгүйгээс банкны зээлд хамрагдаж орон сууц худалдан авах боломж хомс байна. Улмаар эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Зорилтот бүлгийг орон сууцжуулах асуудал нь Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудалд хамаардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцан ажиллаж байгаагийн хувьд манай яамнаас шинээр баригдаж буй орон сууц бүрийн 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр олгох, залуу гэр бүлийг дэмжих, орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамрагдахад зээлийн хугацаа, хүү, урьдчилгаа төлбөрийг бууруулах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд тусгуулах саналуудаа хүргүүлж байгаа.
Манай яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцын асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай “Халамжийн орон сууцын хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах, түрээсийн орон сууцад хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
УИХ-ын 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны нэгдсэн чуулганы хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжинэ. Уг хөтөлбөрт зохих шалгуур хангасан иргэдийг хамруулахтай холбоотой журам боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хямд үнэтэй, тэдний хөдөлмөрийн орлогод тохирсон орон байраар хангах замаар амьдрах нөхцөл байдлыг нь дэмжин сайжруулах, амьжиргааг дээшлүүлэх талаар төрөөс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болно.
-Хүүхдийн төлөө санд хэдэн тэрбум төгрөг цугласан бол. Энэ төсвөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох, эмчлэх төв байгуулж болохгүй юу. Та салбарын сайдын хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
Ч.Алтанцэцэг (Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн)
-Хүүхдийн төлөө санд 2021 оны арваннэгдүгээр сарын 29- ний байдлаар 4.5 тэрбум төгрөг бий. Үүнээс 25 сая төгрөгийг олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.1-т “Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна” гэж заасан бөгөөд дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан. Үүнд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан.
Иймд Хүүхдийн төлөө сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох, эмчлэх төв байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой. Ингэхдээ Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд заасан шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтын төслийн саналыг жил бүрийн нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэл хүлээн авч, сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн, сонгон шалгаруулж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх зохицуулалттай. Манай яам БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 500 хүүхдийн хүчин чадал бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 онд ашиглалтад оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
-Орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд тусгай сургуульгүй, ерөнхий боловсролын сургуульд явж чадахгүй учраас сурах эрх нь зөрчигдөж байна. Сурахын тулд заавал Улаанбаатар хотод ирэх шаардлагатай. Аймгийн төв болгонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв барих боломжтой юу?
Ж.Цолмон (Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн)
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.3-т заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс нь 2016 оноос манай яамны бүтцэд орж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус салбар комисс байгуулан удирдлага, зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Аймаг, дүүргийн салбар комиссын хурлаар энэ оны гуравдугаар улирлын байдлаар 7124 хүүхдийн асуудлыг хэлэлцэж, 371 хүүхдийг цэцэрлэгт, 778 хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд, боловсролын бусад үйлчилгээнд нийт 308 хүүхдийг хамруулах шийдвэр гарган, холбон зуучилсан. Мөн манай яам, БСШУСЯ-наас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах- I” төслийн хүрээнд Хөвсгөл аймаг, Баянгол дүүрэгт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ үзүүлэх суурийг бүрдүүлсэн. Уг төслийн II шатыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд дээр дурдсан загварыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээнд хамруулах зорилго тавин ажиллаж байна.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Архангай, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулж байна. Эдгээр төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх чиг үүрэгтэй ажиллах бөгөөд цаашид энэ төвүүдийг үндэсний хэмжээнд байгуулах талаар анхаарч ажиллана.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг малгай хууль хэмээн үзэж, дагалдах хуулиудыг хэлэлцүүлнэ гэж сонслоо. Эл хуулийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ. Төр, захиргааны байгууллагууд дагалдах журмуудаа баталсан уу?
М.Цэнгэл (Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн)
-Конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа тухай дээр дурдсан. Хуулийн хэрэгжилт хувиар илэрхийлэхэд хэцүү ч хөгжлийн бэрхшээлийн асуудлыг салбар дундын асуудал гэдгийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, эдгээр иргэдийн нийгмийн оролцоог хангах нь төрийн үүрэг гэдгийг хууль батлагдсанаас хойших таван жилийн хугацаанд ойлгуулж чадсан байх. Хөгжлийн бэрхшээлийн асуудал нь салбар дундын асуудал учир хэрэгжилт төдийчинээ удаан байдаг бөгөөд хүний эрхийн суурьтай тогтолцоо бүрдүүлэх үйл явц төдийчинээ хугацаа зарцуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Конвенц болон хуулийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг 2018 онд УИХ, Засгийн газрын шийдвэрээр байгуулан ажиллаж байна. Тус агентлаг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн үйлчилгээнд хамрагдахад нь туслах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа хэрэгжилтийн үр дагаврын судалгаа хийсэн бөгөөд түүнд үндэслэн хуулийг хэрэгжүүлэх механизм сул, төрийн байгууллагуудын үүрэг зарим талаар хэт ерөнхий, мөн энэ салбарт ажиллагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нийгмийн хамгааллын зохицуулалт дутмаг, төрийн бус байгууллагуудын эрх, үүрэг тодорхойгүй, энэ хууль болон бусад хуулиар зохицуулагдах боломжгүй дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр байхгүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй зэрэг зохицуулалтыг тодорхой болгох асуудал, хэрэгцээ шаардлагаас үүдэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Мөн энэ шинэчилсэн найруулгатай холбоотой 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Одоогоор тус хуулийн төслийг төр, төрийн бус байгууллагуудад хэлэлцүүлж, саналыг нь тусган Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй.