Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг, “Самбуу сан” клубийн тамирчин, Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч О.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр үеэл эгч Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтаар бахархаж, энэ спортод хөл тавьжээ. Өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчид ДАШТ-ээс медаль хүртэхэд ойрхон байгааг ур чадвараараа харуулсан түүнийг амжилтаас атгахад дасгалжуулагч нарынх нь хичээл зүтгэл их нөлөөлсөн гэдэг. Өсвөрийн УАШТ-д гурав, залуучуудынхад нэг удаа аваргаар шалгарч, Узбекистаны Ташкентэд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн О.Төгс-Эрдэнэ Саудын Арабын Жеддад болсон ДАШТ-д огцом өргөлтөөр V байрт жагссан юм. Улсын дээд амжилтыг огцом өргөлтөөр 12 удаа шинэчилсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Саудын Арабын Жедда хотод өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос хоёр тамирчин өрсөлдсөний нэг нь та. Өмнө нь ямар амжилт гаргаж, оролцох эрхтэй болсон бэ?
-Би ДАШТ-д оролцохоор хоёр жилийн өмнөөс төлөвлөж, бэлтгэл шаргуу хийсэн. Өнгөрсөн хугацаанд хүндийг өргөлтийн өсвөрийн УАШТ-д гурван удаа, залуучуудынхад нэг түрүүлсэн юм. Узбекистаны Ташкент хотод болсон Азийн АШТ-д оролцохдоо 67 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртсэн бол түлхэлттэйд 86 кг-ыг өргөж, V байр эзэлж байлаа. Миний жинд эзэн орны тамирчин аваргаар шалгарсан юм. Монголоос энэ жил ДАШТ-д хоёр тамирчин оролцсон нэг нь “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрдэнэзул. Бид дээрх тэмцээнд дасгалжуулагчийнхаа хамт оролцоод ирсэн.
-Хөнгөн жинд хүч сорьсон тамирчдын давуу талыг харж, өөрийнхөө юуг хөгжүүлмээр санагдав. Хаанахын туйванчид хамгийн хүчтэй байсан бэ?
-Миний жинд ОХУ, Узбекистан, Польшийн тамирчид эхний гурван байрыг эзэлсэн. Тэдний техник болон сэтгэл зүйн бэлтгэл бусдаасаа давуу байгааг тэмцээний үед анзаарсан юм. Хойд хөршийн туйванчдыг хараад цаашид өөрийгөө өмнөхөөсөө илүү дайчилж, сэтгэл зүйтэйгээ түлхүү ажиллах хэрэгтэйг ойлгосон.
-Өглөө нь хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл хийхээр цаг хугацаа хурдан өнгөрдөг байх.
-Би “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн Э.Пүрэвжаргал багштай 11в ангид сурдаг. Хичээл, бэлтгэл гэж гүйхэд өдөр нэг л мэдэхэд өнгөрсөн байдаг юм. Одоо завгүй байдалдаа хэдийн дасаж, хичээл, бэлтгэлийн ачааллыг дааж сурчээ. Тэмцээн дөхөхөөр бэлтгэлдээ анхаарч, хичээлдээ сууж амжихгүй үе ч гардаг. Тийм үед ангийн багш, хамт олон маань ойлгож, тусалдаг.
-Охидыг хүчний спортоор хичээллэхэд аав, ээж нь дуртай хүлээж авдаггүй. Таныг хэр ойлгож, дэмжсэн бэ?
-Тамирчин болоогүй байхдаа эмэгтэй хүүхэд хүнд төмөр өргөхөд намхан болно гэж боддог байлаа. Хүндийг өргөлтөөр хичээллэх бодолгүй явсан намайг үеэл эгч ОУХМ М.Анхцэцэгийн амжилт энэ спортод урвуулсан. Түүний тууштай байдал, хөдөлмөр, зүтгэл олон залууст үлгэр дуурайл болж явааг хараад 2015 онд хичээллэхээр шийдсэн. Дараа жил нь өсвөрийн УАШТ-д оролцож, мөнгөн медаль хүртлээ. Тэр үеэс гэрийнхэн минь намайг дэмждэг болсон доо.
-Азийн болон ДАШТ-д оролцох хэр ялгаатай байв?
-Хүндийг өргөлтийн шилдэг тамирчид Азийн орнуудаас төрдөг болохоор хамгийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Тивээсээ шалгарч медаль хүртэнэ гэдэг дэлхийн чансаанд хүрснийг илэрхийлдэг. Тиймээс ДАШТ нь Азийн тэмцээнээс нэг их ялгаатай санагдаагүй. ДАШТ-д анх удаа оролцохдоо туршлага багагүй хуримтлуулсан. Жедда хотын цаг агаар их халуун, бүгчим. Онгоцноос буугаад улс бүрийн тамирчидтай танилцана гэхээс сэтгэл их догдолсон. Тухайн орны соёл, хүмүүсийнх нь хувцаслалт анх харсан надад их сонин санагдаж байлаа.
-Багш тань шавь нартаа тэмцээнд оролцоход юу гэж зөвлөдөг вэ?
-2015 онд үеэл эгч болох М.Оюу-Эрдэнэ, М.Номин-Эрдэнэ нарыг дагаж ирээд Спортын төв ордонд Х.Одхүү багшаар хүндийг өргөлтийн техник анх заалгаж сурсан. Тэр үед зориулалтын бус, жижиг, хөнгөн төмрөөр бэлтгэл хийдэг байв Тамирчин ах, эгч нарыг харчихаад хүнд жингийн туухай өргөхийг хүсдэг сэн. Одоо дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа багш нарын удирдлагад бэлтгэл хийдэг. Багш нар минь бидэнд “Тэмцээний өмнө элдэв зүйл бодох хэрэггүй. Өөрт байгаа бүх нөөцөө шавхан гаргаж, дайчин, зоригтой оролцоорой” гэж зөвлөдөг. Тамирчидтайгаа олон жил бэлтгэл хийсэн болохоор багш бие, сэтгэл зүй, зан чанар ямар байгааг харц, хөдөлгөөнөөс нь хараад андахгүй мэддэг болчихсон. Бидний амжилтын төлөө амрах завгүй ажиллаж ирсэн багш нарынхаа сэтгэл, хөдөлмөр, зүтгэлээр их бахархдаг.
-Тамирчид олон цаг бэлтгэл хийхээр их ядардаг юм билээ. Тийм үед хэрхэн алжаалаа тайлдаг вэ?
-Олон цаг бэлтгэл хийдэг хүндийн өргөлтийн тамирчдад амралт хамгийн чухал. Бэлтгэлийн дараа гэртээ тухтай амрахыг хичээнэ. Хааяа алжаал тайлж, салхинд гардаг.
-Азиас Хятад, Тайвань, Тайландын туйванчид хүчтэй. Хэнийх нь ур чадвараар бахархаж, амжилтыг нь судалж байна.
-БНХАУ-ын тамирчин, 71 кг-д өрсөлддөг Жан Ванлигийн ур чадвараар бахархдаг. Миний хамгийн их хүндэлдэг туйванч бол Гавьяат тамирчин М.Анхцэцэг эгч минь. Монголын эмэгтэй туйванчдаас Э.Билэгсайхан, Г.Ануужин эгч нар амжилтаараа олон хүүхдийг энэ спортод уриалж, замыг нь гэрэлтүүлсэн гэж боддог.