“Гаруда” клубийн тамирчин, олон улсын шүүгч Б.Энхтүвшин АНЭУ-ын Абу-Даби хотод зохион байгуулсан “World pro jiu jitsu championship” ДАШТ-ий бор бүсний ангиллын -85 кг-ын жинд хүч сорьж, алтан медаль хүртсэн. Тэрбээр өмнө нь 2016 онд БНХАУ-ын Бээжинд болсон олон улсын нээлттэй тэмцээнд цагаан бүсний ангилалд зодоглож, алтан медальтай ирж байв. Тэгвэл 2018 онд Абу-Дабид цэнхэр бүс, 2019 онд АНУ-ын Лас-Вегаст болсон ДАШТ-д ягаан бүсний ангилалд тус бүр хүрэл медаль хүртсэн юм. Өдгөө “Ид шидийн орон II” төвд дасгалжуулагчаар ажиллаж, залгамж халаагаа бэлтгэж буй түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-АНЭУ-ын Абу-Дабид зохион байгуулсан жиү жицүгийн ДАШТ-д түрүүлж, алтан медаль хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Дэлхийн аварга болчихоод тэндээс тээж ирсэн бодлоо хуваалцаач?
-Баярлалаа. Би ДАШТ-д гурав дахь удаагаа оролцлоо. Абу-Дабигийн дэвжээнд түрүүлж, шагналын тавцанд зогсож байхдаа эх орон, аав, ээж, гэр бүл гээд хамгийн хайртай бүхнээ бодсон. Тамирчин хүн амжилт гаргаж, Төрийн дууллаа эгшиглүүлэх шиг жаргал хаана ч байдаггүй юм билээ. Тэр үед төрж байсан омогшил, мэдрэмжийг үгээр зүйрлэж хэлэхэд багадмаар санагдаж байна. Жинхэнэ амжилт шударга өрсөлдөөнөөс л гардаг. Жиндээ хүчтэй өрсөлдөгчидтэй таарч, аваргын төлөө барилдахаар тунасан. Энэ удаа бор бүсний ангилалд дэлхийн аварга боллоо.
-Өмнө нь ДАШТ-д хоёр ч удаа оролцсон болохоор туршлага багагүй хуримтлуулж, медалийнхаа өнгийн хувиргажээ.
-2018 онд хилийн дээс анх алхаж, ДАШТ-д оролцохдоо сэтгэл догдолж, бас багагүй сандарч билээ. Тэр жил Абу-Дабид 10 мянга гаруй бөх өрсөлдсөн. Дараа жил нь АНУ-ын Лас-Вегаст ягаан бүсний ангилалд медалийн төлөө тус улсын бөхтэй барилдсан. Жиү жицү Бразилын үндэсний спорт. Тамирчид нь АНУ-д бэлтгэл хийж, ДАШТ-д оролцдог. АНУ, Бразилын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Надад Абу-Дабигийн дэвжээ ээлтэй санагддаг. Тэндээс хүрэл медальтай ирэхдээ ээждээ “Хүү нь дараа дэлхийн аварга заавал болно” гэж амласан. Тэр амлалтаа энэ жил биелүүллээ. Аав минь дэлхийн аваргын алтан медалийг хараад их баярласан. Мастерс ангиллын ДАШТ өсвөрийн тамирчдынхтай зэрэг болдог. Ирэх жилийн тэмцээнд шавь нараа оролцуулж, хэрхэн барилдахыг нь хармаар байна. Монголд хэд хоногийн өмнө өсвөр насныхны УАШТ болоход “Ид шидийн орон II” төвийн шавь нар минь гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж баярлууллаа.
-“Гаруда” академиас хоёр дэлхийн аварга төрлөө. Дэвжээнд хамт бэлтгэл хийдэг найзаа түрүүлэхэд баярлаж, огшив уу?
-Биднийг Абу-Дабид хүч сорихоос хэд хоногийн өмнө “Гараду” клубийн тамирчдаас Ё.Батбаяр Лас-Вегаст болсон ДАШТ-д цэнхэр бүсний ангилалд түрүүлсэн юм. Хамтдаа бэлтгэл хийж, зовлон, жаргалаа хуваалцаж нөхөрлөдөг сайн найзыгаа дэлхийн аварга болсныг сонсоод урам орсон. Энэ ташрамд, ДАШТ-ээс алтан медальтай ирж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан найздаа баяр хүргэе. Амжилт амархан ирдэггүй. Саад бэрхшээлийн олон давааг сэтгэлийн хатаар туулж, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд ирдэг. Найзын минь хичээл зүтгэл надад итгэл найдвар төрүүлж, амжилт гаргахад нөлөөлсөн. АНЭУ жиү жицүг өндөр түвшинд хөгжүүлж буй. Тамирчдынхаа ур чадварыг сайжруулж, шилдэг нь байлгахын төлөө хөрөнгө харамгүй зарцуулдаг. Сургуулийнх нь сурагчдын хичээлийн хөтөлбөрт энэ спорт багтсан. Тиймээс 2028 онд олимпын наадмын тэмцээний хөтөлбөрт жиү жицүг оруулахаар зорьж байгаа.
-Тамирчин хүн тууштай байвал зорилгодоо хүрч, амжилтыг хэдэн насандаа ч гаргах боломжтойг та залууст үлгэрлэсэн. Бөхийн төрлүүдээс жиү жицү сэтгэлийг тань хэрхэн татсан нь сонирхол төрүүллээ.
-Би нөхдийнхөө нөлөөгөөр энэ спортод хөл тавьсан. Найзууд минь 2015 оноос хичээллэж, жиү жицүгийн талаар яриа өрнүүлэхэд их гайхаж байлаа. Тэд надад “Чи жиү жицүгээр барилдаад үз. Чиний байх ёстой газар бол бөхийн дэвжээ” гэж зөвлөсөн. “Гаруда” клубийг анх байгуулахад нь сонирхож үзэхээр ирлээ. Дэвжээнд бэлтгэл хийж байгаа бөхчүүдийг хараад “Жүдогийн тамирчид шиг кимоно өмссөн хэрнээ барилдах нь арай л өөр юм” гээд бодож суусан. Тэр үед өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй. Барилдааны техник мэдэхгүй, нэрийг нь зөв хэлж чадахгүй нөхөр ирж байснаа бодохоор одоо инээд хүрдэг юм. Тамирчидтай бэлтгэл хийсэн эхний өдрөөс энэ спорт таалагдаж, цаашдаа өөрийгөө хаа хүртэл явахыг харъя гэж шийдсэн. Түүнээс хойш тууштай зүтгэж, амжилтаас атгасан. Монголд жиү жицүг анх хөгжүүлсэн хүн бол О.Болд-Эрдэнэ багш. Түүний удирдлагад анх хичээллэж, тамирчин болох замналаа эхлүүлсэн. Бөхийн спортод үеийнхнээсээ хожуу хөл тавьсан надад бэлтгэл хийх эхэндээ амаргүй санагддаг байлаа. Багш намайг харчихаад “Та хэсэг амарч байгаад бэлтгэлээ үргэлжлүүл” гэдэг сэн. Эхний хэдэн сар багшийнхаа нөмөр нөөлөгт эрхэлж, бэлтгэл хийсэн. Тэр үеэс олон клуб хаалгаа нээж, залуу тамирчдаар хүрээгээ тэллээ.
-“Гаруда” клубийн залуус таныг бэлтгэл хийхээр ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Бид үеийн найзууд шиг ойр дотно нөхөрлөдөг. Намайг хичээллэхээр ирэхэд хамт олон минь халуун дотно, найрсгаар угтаж авсныг мартдаггүй. Бэлтгэл хэрхэн хийх талаар юу ч мэдэхгүй байхад тал бүрээс зөвлөн, тусалсанд баярладаг. Хэдэн өдрийн дараа хамаг бие буларч өвдсөн ч шантралгүй үргэлжлүүлэхээр хичээсэн. Хэцүү санагдсан бэрхшээлүүдийн ард гарчихаад энэ спортын гайхамшгийг мэдэрч, сэтгэл улам татагдсан. Аливаа зүйлд зорьж, тэмүүлэхэд хамт олны уур амьсгал их нөлөөлдөг юм билээ. Бидэнд дэвжээнд хамтдаа хөлсөө гаргаж, алдаа, оноогоо ярилцан, амжилтын баяраа хуваалцсан удаа олон. Бэлтгэлийн танхимд миний хамгийн жаргалтай мөч өнгөрдөг. Энэ спортын талаар яриа өрнүүлээгүй өдөр ховор. Ямар ч сэдвээр ярилцсан нэг л мэдэхэд жиү жицү рүү хальж орсон байдаг юм.
-Жиү жицүгээр хичээллэх шийдвэр гаргахад ойр дотнын тань хүмүүс гайхсан байх даа?
-Бөхөөр хичээллэнэ гэхэд их гайхаж, нэг л итгэхгүй байсан. Амжилт гаргаад эхэлтэл хандлага, хүлээж авах байдал нь өөрчлөгдсөн. Найзууд минь тэмцээнтэй үед ирж дэмжин, бөхчүүдийн барилдааныг сонирхож үздэг. Дэлхийн аварга болсныг минь сонсоод нөхдөөс баяр хүргэсэн мэндчилгээ тасрахгүй байна. Намайг гэр бүл минь сайн дэмждэг. Бэлтгэл хийгээд ирэхэд манайхан эхэндээ “Бие тань гайгүй юу, хичээллэж болмоор байна уу, цааш нь үргэлжлүүлэх үү” гэж асуудаг байсан бол одоо “Хэзээ тэмцээн болох вэ, заавал түрүүлээрэй” гэж урам хайрладаг болсон шүү.
-УАШТ-д анх барилдахдаа медаль хүртэнэ гэсэн бодолтой оролцов уу?
-Би 2016 онд жиү жицүгийн УАШТ-д анх оролцохоор гэрээсээ гарахдаа очих уу, байх уу гэж их эргэлзсэн. Унаанд суухдаа надаас илүү ур чадвартай, туршлагатай тамирчид өрсөлдөх тул амжилт гаргаж чадах болов уу даа гэж бодож явсан. Нэг мэдэхэд тэмцээний танхимд хувцсаа сольж өмсөөд зогсож байлаа. Өмнө нь тэмцээний үед сандарч, тэвддэг байснаа одоо тайван барилддаг болсон. Цагаан бүсний ангилалд 85 кг-д үндэсний бөх барилддаг залууг ялж, медалийн төлөө жүдогоор хичээллэдэг тамирчинтай таарч, аавын нүдэн дээр нэг сайн савуулж билээ. Тэмцээний дараа аавын “Чи барилдвал болохоор харагдана, хойшдоо сайн хичээгээрэй. Хүнд хичээж, зорьсондоо хүрэх шиг сайхан зүйл байдаггүй юм” гэж хэлсэн үг эрч хүч өгсөн. Дараа нь БНХАУ-ын Шанхайд жиү жицүгийн олон улсын нээлттэй тэмцээн болоход түрүүллээ. Алтан медалиа харах бүрт урам ордог байв. 2018 онд УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм. Тухайн үед надад УАШТ, ДАШТ их хол санагддаг байсан. Хэдий тийм ч дэлхийн дэвжээнд зодоглож үзэх сэн гэдэг нууцхан хүсэл тээдэг байлаа.
-Таныг шатар тоглодог гэж сонссон. Барилдааны тактик боловсруулахдаа ашигладаг уу?
-Хүүхэд байхдаа шатрын дугуйланд яагаад орсон юм бол гэж хааяа өөрөөсөө асуудаг юм. Хэрвээ бөхийн төрлүүдээр хичээллэсэн бол залуудаа амжилт гаргах ч байсан юм бил үү. Жиү жицүг дэвжээн дээрх шатар гэж ярьдаг. Бөхчүүд өрсөлдөгчөө ялахын тулд ухаан зарцуулдаг юм шүү дээ. Барилдаанд нэгээс нөгөө мэх рүү шилжих нь яг шатар нүүхтэй адилхан.
-Жиү жицүд бөхийн төрлүүдийн мэх, техник багтдаг. Дүрэм нь өөр ч самбо, жүдогийн барилдаантай төстэй харагддаг.
-Жүдо ихэвчлэн босоо, жиү жицү хэвтээгээс барилддаг. Харин самбо бөхийг босоогоос хэвтээ рүү шилжиж барилдана. Мөн боож, өчих нь ижилхэн. Монголын үндэсний бөхийн тонгорох, давхар хамах, хөл авах, өмсөх мэхний хувилбар ч жиү жицүд бий. Би чөлөөт бөх сонирхож үзэхдээ хэвтээ барилдааныг нь судалдаг. Жиү жицүгийн нуги гэх барилдаан чөлөөтийнхтэй нэлээд төстэй. Хэвтээгээс барилддаг болохоор техникүүдийг нь барилдаандаа ашигладаг юм.
-Та тамирчин болохоосоо өмнө ямар ажил эрхэлдэг байв?
-Би хувиараа бизнес эрхэлдэг байлаа. Амжилт гаргаж хамт олон, шавь нартаа үлгэр дуурайл болохыг их хичээдэг. Намайг тамирчин болсныг хараад хүүхэд, залууст энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн болов уу. Хамтдаа бэлтгэл хийдэг үеийн найзууд минь түрүүчээсээ медаль хүртээд эхэллээ.
-Дасгалжуулагчаар ажиллах амаргүй гэж олон багшийн ярихыг сонссон. Танд ч гэсэн хэцүү санагддаг биз?
-Спорт хүнийг хөгжүүлж, зөв хүндлэлд сургадаг. Манай холбоо энэ жилээс UNICEF-тэй гэрээ байгуулж, МУБИС-ийн хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд “Ид шидийн орон II” төвийн хүүхдүүдэд би багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Багшаар ажиллах нь тамирчин байхаас амаргүй гэдэгтэй санал нэгдэнэ. Үүрэг, хариуцлага өндөртэй ажил болохыг хүүхдүүдтэй ажиллах хугацаанд мэдсэн. Хүүхэд бүр өөр араншинтай. Тиймээс бие, сэтгэхүй, зан чанарынх нь онцлогт тохируулж бэлтгэл хийлгэнэ. Тэднийг нэг гэр бүл, хамт олон шиг болгоход багш чухал нөлөөтэй. Би өөрийгөө дасгалжуулагч болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Шавь нараа өсвөрийн УАШТ-д анх удаа сойж, медальд хүргээд баярласан. Бас багш хүн шавь нараараа бахархахын сайхныг мэдэрлээ. Абу-Дабид зохион байгуулсан “World pro jiu jitsu championship” өсвөрийн ДАШТ-ий улбар шар бүсний 37 кг-д барилдсан “112 fight academy”-ийн тамирчин Б.Билгүүнтэй дэлхийн аварга болохыг хараад шавь нараа өсвөрийн ДАШТ-д оролцуулах сан гэдэг бодол төрсөн. Тэрбээр 2019 онд ДАШТ-д медалийн төлөө өрсөлдөж, ялагдаад уйлж байлаа. Тэгвэл энэ удаа алтан медаль хүртэж, хичээл зүтгэл хүнийг амжилтад хэрхэн хүргэдгийг үеийнхэндээ харуулсан. Би шавь нарынхаа эцэг, эхтэй холбоотой ажилладаг. Хүүхдээ амжилт гаргахаар эцэг, эхийнх нь ойлгож, дэмжих хандлага өөрчлөгддөг. Шавь нар минь дэвжээний соёлтой бүрэн танилцаагүй байхдаа сахилгагүйтэж, үймүүлдэг байв. Бэлтгэл хийгээд эхлэхээр хүмүүжил, төлөвшилд аажмаар суралцаж, нэгнээ хүндэлдэг болсон. Тэд бэлтгэлийн дараа дэвжээгээ байнга цэвэрлэдэг. Энэ мэтчилэн нэгнээсээ суралцах зүйл хүүхдүүдэд олон бий. Хичээл тасалдаг зарим нь медаль хүртсэн нөхдөөсөө үлгэр дуурайл авч өдөр бүр ирдэг боллоо.
-Хүүхдүүд тань спортоор хичээллэдэг үү?
-Манайх хүү, охинтой. Охин минь муай-тай бокс сонирхдог. Бид хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг хүндэлдэг. Хэрэв дуртай спортоороо хичээллэвэл дэмжинэ. Эхнэрийг минь Г.Золзаяа гэдэг. Хань минь намайг тамирчин болох үеэс тууштай дэмжиж, алдаа оноо, амжилтыг минь хамт хуваалцаж яваа. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох бүх боломжоор хангаж, завгүй үед ар гэрийнхээ ажлыг миний оролцоогүйгээр амжуулж ирсэн. Би ойлгож, дэмждэг гэр бүлийнхээ ачаар амжилтад хүрсэн хүн шүү дээ.
-Та багшлахын хажуугаар олон улсын шүүгчээр ажилладаг гэл үү?
-2019 онд олон улсын шүүгч болсон. Шүүгчийн ажил үүрэг, хариуцлага өндөртэй. Тамирчдын карьер, амжилт, хувь заяа шүүгчийн шүүлтээс шалтгаалдаг тул алдаа гаргаж хэрхэвч болохгүй. Тиймээс тэмцээнийг алдаагүй зөв, шударга, нягт нямбай шүүх ёстой. Миний хувьд Монголд зохион байгуулсан өсвөрийн Азийн АШТ-ийг анх шүүснээс хойш олон тэмцээн дэнсэллээ. Шүүгч хоёр тамирчны барилдааныг дэнслэх үед тухайн улсынх нь иргэд, хөгжөөн дэмжигчид давхар шүүж байдаг. Би энэ спорттой нөхөрлөж тамирчин, дасгалжуулагч, олон улсын шүүгч болсноо аз завшаан гэж боддог. Үнэнийг өгүүлэхэд спортод хөл тавьснаар миний амьдрал зүүд, зэрэглээ шиг өөрчлөгдсөн, бүр төсөөлж байснаас минь өөрөөр эргэсэн. Өөрийгөө ялж, өөрчилсөн амьдрал минь надад таалагддаг. Хүн болгонд сонирхдог спорт байдаг. Хэрвээ бөхийн төрлүүдээр хичээллэхийг хүсэж байгаа бол жиү жицүгийн клубийг зориод ирээрэй. Бэлтгэл хийсэн анхны өдрөөсөө энэ спортын давуу талыг мэдрэх болно.