Хүн бүр дахин давтагдашгүй цор ганц билээ. Хувь тавилан, авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, дүр төрх гээд бүхий л зүйлээрээ ялгаатай. Ийм ялгаатай хүмүүсийн нэг хэсэг нь дауны хам шинжтэй хүүхдүүд. Манай улсад өдгөө дауны хам шинжтэй 300 гаруй хүүхэд бий гэсэн албан бус тоо байдаг. Дауны хам шинжийг хүний 21 дэх хромосом хос биш, гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал гэж тодорхойлдог. Гэхдээ ийм хам шинжтэй хүүхдүүд оюун ухааны хомсдолтой гэсэн үг биш. Тэдний чадах зүйлийг олж илрүүлж, уйгагүй, тууштай зааж сурган, дасгалжуулж чадвал амжилтад хүрэх боломжтой. Үүний тод жишээ нь Тусгай олимпын аварга Б.Элбэрэлт юм. Тэрбээр 2019 онд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Тусгай олимпын зуны XV наадамд усан сэлэлтийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн билээ. Хүртээмжтэй орчныг нь бүрдүүлж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжтойг баталсан Б.Элбэрэлттэй ярилцлаа. Дауны хам шинжтэй хүн өөрийн бодол санаагаа бүрэн илэрхийлэхдээ тааруу тул түүний өвөө бидэнд “хэлмэрчилж” тусалсан юм. Түүнтэй уулзахаар өрөөнд нь ороход Б.Элбэрэлт “Сайн уу” гэж найрсгаар инээмсэглэн, гар далласаар угтлаа.
-Анх хэзээ усанд сэлж сурсан бэ. Өдгөө бэлтгэлээ хаана хийж байна вэ?
-10 гаруй жилийн өмнөөс усанд сэлж сурсан. Усан спортоор хичээллэх үнэхээр сайхан. Төв бассейнд бэлтгэлээ хийж, өдөрт 2-3 цаг сэлдэг байсан. Коронавирусийн улмаас сүүлийн хоёр жил шахам бэлтгэлээ сайн хийж чадсангүй. Одооноос гэрийнхээ ойр, хувийн бассейнд явахаар төлөвлөсөн.
“Элбэрэлт яагаад усанд сэлэх дуртай болсныг би чамд ярьж өгье” гээд түүний өвөө Б.Одгэрэл “Бид гэр бүлээрээ Тайландад амарч байв. Хүүхдүүд бассейнд сэлээд зугаатай байлаа. Гэтэл хоёр орос хүү манай Элбэрэлтийг дагуулан усанд сэлж, өдөржингөө хамт тоглолоо. Бүр бие нь наранд түлэгдчихсэн байж билээ. Тэр цагаас Элбэрэлт бассейнаас салахаа больсон” хэмээв.
-2019 онд Тусгай олимпын аварга болсон. Үүнээс өмнө хоёр ч олимпод оролцсон байх аа?
-Тийм ээ. 2011 онд Австралид болсон зуны Тусгай олимпод оролцож, тусгай байрт шалгарсан. Анх удаа тэмцээнд оролцсон учраас туршлагагүй байлаа. Дараа нь Хонконгод болсон Тусгай олимпоос усан сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Харин 2019 онд АНЭУ-ын Дубайд болсон Тусгай олимпын зуны XV наадмын усан сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль авсан юм. Медаль гардуулах мөчид маш их баярлаж догдолсон.
Түүний сэтгэл ихэд хөдөлсөн бололтой сандарч тэвдэн, “баярласан, баярласан” хэмээн олон дахин давтан хэлэв. Өвөө нь зээ хүүгийнхээ яриаг үргэлжлүүлэн “Манай хүү амжилтаа ахиулаад л байгаа юм. Тусгай олимпын наадмаас эхлээд тусгай байр, дараа нь хүрэл, цаашлаад алтан медаль хүртлээ. Би гэр бүлээрээ л хүүтэйгээ хамт явсан юм. Медаль зүүх мөчид бүгд баярлаад, уйлаад л их сайхан байсан. Өвөөгийн хувьд хүүгээрээ бахархаж, огшиж, нулимс унагаад амжсан. Тус олимпод дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчин оролцсон. Усанд сэлэлтийн 25, 50, 100 метрийн төрөлд олон тамирчин оролцож, ширүүн өрсөлдсөн. Зээ хүү минь тэдний дундаас шалгарч, 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэхэд маш их баярласан. Усан сэлэлтийн спорт даунтай хүүхдүүдийн онцлогт тохирдог юм байна. Зааж сургасан багш нар нь их мундаг. Дауны хам шинжтэй хүүхдүүд хэр баргийн хүний үгэнд орохдоо тааруу, зөрүүд зантай. Ийм хүүхдүүдэд зааж сургаж, олимпод оролцуулна гэдэг том амжилт шүү. Дасгал, хөдөлгөөн хийгээд байвал эрүүл мэндэд нь тустай. Дауны хам шинжтэй хүүхдүүд амархан өвддөг. Тиймээс спортоос нь хөндийрүүлж болохгүй” гэлээ.
-Элбэрэлт тусгай олимпоос алтан медаль хүртсэн нь ижил бэрхшээлтэй олон хүүхдэд урам зориг, итгэл найдвар хайрласан байх. Уйгагүй, тууштай зүтгэж чадвал амжилтад хүрч болохыг харууллаа. Энэ амжилтад хүрэхэд гэр бүлийнхнийх нь хичээл зүтгэл их байсан биз дээ?
-Тийм ээ. Аав, ээж, эмээ, өвөө минь үргэлж намайг дэмждэг. Тэмцээн уралдаанд байнга хамт явдаг.
“Алхам тутамд нь харж хандах, анхаарал тавих хүн шаардлагатай шүү дээ. Тухайлбал, усан бассейн руу явахад гэрийнхнээс нь аль завтай нь тусалдаг. Авга эгч нь усан бассейнд байнга хүргэж өгч, авдаг юм. Хүү минь бүдүүн хүзүү, өргөн цээжтэй байгаа биз. Уг нь бөх болохоор шинж бүрдсэн хүү байгаа юм. Цээжний бяр нь усанд сэлэхэд нь тустай. Анх зээ хүүгээ дауны хам шинжтэй гэж мэдэхгүй, итгэхгүй олон ч эмнэлгээр явсан даа. Төрөхөд нь л эмч нар нүд, гарын алганы хээг нь хараад шууд дауны хам шинжтэй гэж оношилсон. Аав, ээж нь залуухан, туршлагагүй байлаа. Ийм хүүхдүүдийн авьяасыг илрүүлж, уйгагүй хичээллүүлж чадвал аливааг сайн сурдаг. Элбэрэлтийн найз Дөл гэж хүү бий. Англи хэл маш сайн сурсан. НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн шүү дээ” гэж өвөө нь хэллээ.
-Усанд сэлэхээс өөр юу хийх дуртай вэ?
-Би кофе, пицца зөөж сурсан. Австралид амьдарч, ажиллахыг хүсдэг. Бусдын адил ажил хийхийг хүсдэг.
Түүнийг яриаг өвөө нь үргэлжлүүлэн “Гадаадын оронд дауны хам шинжтэй хүмүүс дэлгүүрт түлхүү ажилладаг юм билээ. Ийм хүмүүс их нямбай учраас дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний шошго наах, ус, ундаа савлах, өрөх, хураах, аливаа зүйлийг ялган ангилахдаа сайн. Элбэрэлт орой унтахдаа хувцсаа байнга эвхэж тавьдаг. Эмх цэгцтэй, сахилга баттай. Тиймээс байнга ижил давтамжтай үйлддэг ажлыг бол хийж чадна. Харин эхлээд сайн зааж сургах хүн хэрэгтэй. Харамсалтай нь, манай улсад даунтай иргэдийг ажилд авах газар хомс. Цөөн хэд нь л ажлын байртай болсон. Элбэрэлтийн хувьд дараагийн тэмцээндээ амжилттай оролцохын тулд бэлтгэл, сургуулилалтаа хийх шаардлагатай. Өөр ажил хийх боломж одоогоор алга” гэв.
Багадаа Б.Элбэрэлт гэрээсээ хэд хэдэн удаа төөрч, гэрийнхэн нь сандарч, цагдаад хандсан байсан талаар тэд ярив. Гэрээсээ төөрөөд ганцаараа явж байхад нь хүүхдүүд “Галзуу хүн” хэмээн шоглож, чулуу шиддэг байжээ. Тэр үеийг бодвол өдгөө хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, аав, ээжүүд ч хүүхдээ гэртээ “хорьдог” үе ард үлдэж буй. Учир нь дауны хам шинжийн талаар олон нийт багагүй мэдээлэлтэй болж, тэднийг бусдын адил сурч хөгжих, хийж бүтээх эрхтэйг хүлээн зөвшөөрч байна. Тиймдээ ч Монголын дауны холбооныхон ийм бэрхшээлтэй хүн бүрийг татвар төлөгч болгох зорилго дэвшүүлэн ажиллаж буй. Татвар төлнө гэдэг өөрийн гэсэн ажил орлоготой болгоно гэсэн үг.
-Чамайг их сайн ах гэж сонссон юм. Хэдэн дүүтэй вэ?
-Би гурван дүүтэй. Өөр бас хамаатны олон дүү бий. Тэдэнтэй хамт тоглох, цаг өнгөрүүлэхэд сайхан байдаг.
Б.Элбэрэлт 25 дугаар тусгай сургуулийг 2017 онд төгсжээ. Тэрбээр уг сургуульд сурсан нь учиртай. Дауны хам шинжтэй хүүхэдтэй таван гэр бүл анх санаачилж, Монголын дауны холбоог үүсгэн байгуулжээ. УИХ-ын гишүүн асан С.Оюун тухайн үед тус холбоог тэргүүлж байсан бөгөөд одоо ч Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тус холбооныхон 2007 онд 25 дугаар тусгай сургуульд дауны хам шинжтэй хүүхдүүдийг сургах анги нээснээр ийм хүүхдүүдэд боловсрол эзэмших эрхийг нь нээж өгчээ. Мөн АНУ, Канад, Израил зэрэг улсаас гадаадын мэргэжилтэн урьж, тус сургуулийн багш нарт нь сургалт явуулсан юм билээ.
-Цаашдын зорилгоо хуваалцаач. Усан спортын төрөлд цаашид ямар амжилт гаргаж, өөр ямар ажилд өөрийгөө сорихоор төлөвлөсөн бэ?
-Усан спортоор тууштай хичээллэнэ. Мөн усанд сэлэлтээс гадна спортын бусад төрөлд ч хүч сорих зорилготой. 2019 оны Тусгай олимпод манай улсаас хөнгөн атлетикийн төрөлд оролцсон хүүхдүүд үнэхээр сайн байсан. Нэг хүүхэд алтан медаль авсан санагдаж байна. Тиймээс өөр төрлийн спортоор хичээллэхийг хүсдэг.
2019 оны Тусгай олимпыг АНЭУ маш сайхан зохион байгуулсныг Б.Элбэрэлтийн өвөө онцолсон. Тэнд бэрхшээлээ давуу тал болгосон олон хүн шударгаар өрсөлджээ. Тэргэнцэртэй хүүхэд хүртэл усанд сэлэлтийн тэмцээнд оролцсон нь тэднийг гайхшируулсан гэдгийг өвөө нь хэллээ. Уг нь дараагийн олимп энэ онд Швед улсад болох байсан ч цар тахлын улмаас хойшилсон байна. Монголын тусгай олимпын хорооноос хүүхдүүдэд боломж олгон, олимпод ээлжлэн оролцуулдаг гэнэ. Ингэхдээ мэдээж тодорхой шалгуур давсан хүүхдүүдийг явуулдаг ажээ.508