Хүүхэд байхаасаа спортын олон төрлөөр хичээллэж, хожим талбайн теннистэй үнэнч нөхөрлөн, шавь нараа бэлтгэсэн дасгалжуулагч бол ОУХМ Ж.Батжаргал багш. Түүнийг спортын хүрээллийнхэнд танихгүй хүн ховор. Тэдний “Универсал Батжаа” хэмээн ярьдаг нь оргүй биш. Хөлбөмбөг, хоккейн спортын мастер, талбайн теннисний олон улсын хэмжээний мастер цолтой, сагсан бөмбөг, волейбол, цана, хөнгөн атлетик, ширээний теннисээр улсын I зэрэгтэй. Тэмцээнд тоглохын зэрэгцээ улсын шүүгчээр олон удаа ажилласан тэрбээр 2003 онд АНУ-ыг зорьж, хүүхэд, залууст талбайн теннис заасан юм. Шавь нар нь багшийнхаа нэрэмжит тэмцээнийг Денвер хотод 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг болжээ. 2018 онд эх орондоо ирж, өсвөрийн тамирчдыг бэлтгэн, Азийн болон олон улсын тэмцээнд оролцуулж байгаа түүнтэй ярилцлаа.
-Спортын тэмцээн, уралдааны эрх нээгдэж, түрүүчээсээ зохион байгуулаад эхэллээ. Та тамирчдаа гадаад, дотоодын ямар тэмцээнд сойхоор зэхэж байна вэ?
-Манай холбоонд олон улсын тэмцээний урилга ирсэн ч цар тахлын улмаас өсвөрийн тамирчид оролцох боломжгүй байна. Тиймээс дотооддоо насанд хүрэгчдийн УАШТ-ийг ирэх сарын 3-5-нд зохион байгуулна. Дараа нь Монголд талбайн теннис хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Батмандах багшийн гэгээн дурсгалд зориулсан тэмцээн явуулахаар төлөвлөсөн. Сурагчдын амралт эхлэхээр өсвөрийн УАШТ болно. Шинэ оны дараахан Монголын өсвөрийн тамирчид Азийн талбайн теннисний холбооноос зохион байгуулдаг тэмцээнд 12, Зүүн Азийн орнуудын олон улсын тэмцээнд 14 хүртэлх насны тамирчдаа оролцуулахаар сойж байгаа. “Davis cup” тэмцээнд 16 насныхан оролцдог. Уламжлал ёсоор БНХАУ, Малайз, Тайланд, Сингапурт болдог тэмцээнүүдэд өрсөлдөнө. Олон улсын теннисний холбооноос өнгөрсөн аравдугаар сард Бахрейн улсад “Davis сup” Ази, Номхон далайн IV бүсийн тэмцээн зохион байгуулахад 12 улсын тамирчид оролцож Монголын баг B хэсэгт Туркменистан, Ирак, Оманы тамирчидтай багтаж тойргоор тоглосон. Үнэнийг өгүүлэхэд, манайхан одоогоор III хэсгийн тэмцээнд оролцох хэмжээнд хараахан бэлтгэгдээгүй байна. Хойшдоо ур чадвараа ахиулах хугацаа шаардлагатай. Монголын талбайн теннисний спортод залгамж зайлшгүй хэрэгтэй. Тиймээс өсвөрийн тамирчдыг системтэй бэлтгэж байна.
-Спорттой танилцаж, тамирчин болсон дурсамжаар тань аялмаар санагдлаа.
-Би Улаанбаатарт төрсөн ч Дархан-Уул аймагт хүүхэд насаа өнгөрүүлж, арван жилийн сургуульд сурч төгссөн. Найрамдлын Дархан хүүхэд, залуусын хот байлаа. Оросын мэргэжилтнүүд амьдардаг байсан болохоор спортын танхим олон, тэмцээн байнга зохион байгуулна. Миний ах Ж.Шүрэнчулуун спортод авьяастай хүн байв. Ахыгаа дагаж спортод хорхойсож, сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетик, цана, хоккей, ширээний теннисийн тэмцээнд сургуулиа төлөөлнө. Волейболын дасгалжуулагч Б.Сорогжоо, сургуулийн маань биеийн тамирын Л.Ваанжил багш нар намайг спортод дөртэй болгосон ачтан. Монголын пионер сурагчдын спартакиадын бүсийн цанын тэмцээнд Сэлэнгэ аймагт анх оролцож, удалгүй хөнгөн атлетик, волейболын өсвөрийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж спортын замналаа эхлүүлж байлаа.
-Таныг өмнө нь хөнгөн атлетикийн тамирчин байсан тухай сонссон. Спортын олон төрлөөр хичээллэх хэцүү санагдаагүй юу?
-Спортын олон төрлөөр хичээллэдэг хүүхэд байлаа. Би гурвын харайлтад оролцоно, ойрын зайд гүйнэ. Тэр үед социалист орнуудын хүүхдийн “Найрамдал” дөрвөн төрөлт хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг байсан юм. Манайхан багаараа алтан медаль байнга хүртдэг сэн. Германы Берлинд 1974 онд “Найрамдал” дөрвөн төрөлт олон улсын тэмцээн болоход багаараа оролцсон ч медаль зүүж чадаагүй. Миний хувьд аз түшсэн үү, од гийсэн үү, бөмбөг шидэлтэд болон нийлбэр дүнгээр III байрт шалгарч, хошой хүрэл медаль хүртсэн юм. УБДС-д 1975 онд урилгаар суралцахдаа волейболын шигшээ багт нь тоглож, улсын аварга боллоо. Дараа нь хөлбөмбөгийн багийн ахлагч болж, нэг хэсэг дагнаж тоглосоор спортын мастер цол хүртсэн. Хоккей тоглож байгаад хожим талбайн теннисээр хичээллэсэн. Сагсан бөмбөг, волейбол, цана, хөнгөн атлетик, ширээний теннисний улсын I зэрэгтэй. Би тоглохын хажуугаар шүүгчээр ажилладаг байв. Тухайн үед шүүгч ховор байсан тул оюутан байхад багш нар “Ном дүрмийг нь үзэж байгаа та нар шүү, ядаж маргаан гарахгүй” гээд хийлгэнэ. Тэмцээн шүүсээр байгаад сүүлдээ улсын шүүгч цолтой болсон. Аргазүйч, зааварлагч байхдаа олон спорт тоглоомын дүрэм, гарын авлага боловсруулж гаргадаг байлаа. УБДС төгсөөд л Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зааварлагч, дасгалжуулагчаар томилогдож очив. Тэр үед том байгууллагуудын нэг байсан. Харьяаллын дагуу Октябрийн район, “Замчин” нийгэмлэгийн хөлбөмбөг, хоккейн багт нь тоглоно. Хөлбөмбөгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэл зүүсэн удаа бий. МҮЭСТО-д хүүхдийн хоккейн баг байгуулж, өөрөө дунд нь ороод тэдэнтэйгээ тэмцээнд оролцдог сон. Миний хувьд хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүний сонгуультай, тэр үед хоккейн холбоо тусдаа байгаагүй хөлбөмбөгтэй хамт байсан болохоор “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит хоккейн тэмцээний талбайн ахлах шүүгч хийнэ. Манай хоккейн баг өсвөрийн “Алтан шайб” УАШТ-ээс 18 алтан медаль авсан байдаг.
-Ингэхэд талбайн теннистэй хэрхэн холбогдов?
-Үүний талаар яривал хөгжилтэй түүх өгүүлнэ. Москвад 1987 онд Биеийн тамир, спортын хорооны удирдах ажилтны курст явж, хэдэн сар номын дуу сонслоо. Тэнд ЗХУ-ын шигшээ багийн нэртэй дасгалжуулагч, профессор, шигшээ багийн шилдэг тамирчидтай нэг буудалд хамт байрласан юм. Тэр үед хойд хөршид өөрчлөн байгуулалт ид өрнөж байв. Нөгөө томчууд чинь өглөө хичээл дээр “Барууны орнууд руу тамирчдаа гаргаж болохгүй. Мэргэжлийн спорт бол мөнгөний төлөө байдаг. Тамирчдыг ёс суртахуунгүй болгодог” гээд лекц уншдаг хэрнээ орой буудлынхаа өрөөнд, эсвэл нэгнийхээ өрөөнд цуглаад “Баруун руу яаж гарах вэ” гээд ярина. Бид учрыг нь ойлгохгүй гайхна. Оросууд надаас ямар спортынх вэ гээд асуухаар хөлбөмбөг, хоккей гэхээр шоолж инээнэ. Би тэднээс зүлгэн дээрх хоккейн шигшээ багийн тамирчин байсан Ж.Мураттай ойр нөхөрлөдөг байлаа. Тэрбээр “Чи монголдоо теннис хөгжүүл. Чам шиг жижигхэн биетэй хүн хөлбөмбөг, хоккей яаж тоглох вэ” гэв. Тэр үед үгийг нь нэг их тоосонгүй. Нэг өдөр Улаан талбайн хажууд байдаг ГУМ, ЦУМ дэлгүүрээр хэсэж явтал спортын тасаг дээр олон хүн дугаарлаж харагдав. Тэдний юунд тэгтэл дугаарлаж зогссоныг мэдэхгүй ч ховор, чухал бараа гарах нь гэж бодоод дунд нь орлоо. Дугаарлаж явсаар лангуун дээр очтол талбайн теннисний модон цохиур зарж байна. Хоёр цохиур авлаа. Тухайн үед гадаадын курст сурсан, туршлага судалсан хүмүүс эх орондоо ирээд шинэ зүйл заавал нэвтрүүлэх үүрэгтэй байсан тул талбайн теннис хөгжүүлье гэж бас бодсон хэрэг. Дэлгүүрээс гараад явж байтал нэг орос нөхөр “Нэг цохиураа зарчих, 16 рубль өгье” гээд дагаад салдаггүй. Тэгэхээр нь надад нэг байхад болно гэж бодоод зарчихав. Би тэр үед теннис тоглоход хоёр цохиур хэрэгтэй болно гэж мэдээгүй л дээ.
-Хойд хөршөөс ирээд л хөгжүүлэхээр ханцуй шамлав уу?
-Намайг Монголд ирэхэд МҮЭСТО-д волейболын Д.Түвдэнжигмэд, Политехникийн дээд сургуулийн ректорын зөвлөх багш В.Г.Гарке нар хэдийн талбайн теннисний дугуйлан нээчихсэн хичээллүүлж байлаа. Ажилдаа орсны дараахан хоёр дугуйлангийн хичээллэгсэд болон тухайн үед Монголд ажиллаж байсан цөөн гадаадын иргэдийг оролцуулсан (64 теннисчин) анхны албан ёсны тэмцээнийг МҮЭСТО-д зохион байгуулж ерөнхий шүүгчээр нь ажиллав. Тэр тэмцээнд Ц.Түмэн аваргаар анх удаа шалгарсан юм. Тэмцээнд оролцсон тоглогчдоос би бараг хамгийн сүүлийн байрт орж, шар хөдлөв. Түүнээс хойш бэлтгэл тасралтгүй хийж, хоёр дахь тэмцээнд нь оролцож II байр эзэлсэн. Тэр үеэс талбайн теннист эргэж буцахааргүй хөл тавьсан юм. Монголд байсан ЗХУ, Чех, Унгар, Англи, Японы Элчин сайдын яамны ажилтнууд талбайн теннис их тоглоно. Хэрвээ монголчууд тоглодог байсан бол баячууд дээдэс, хөрөнгөтөн орны спорт хөгжүүллээ гээд хаах байсан байлгүй. ЗХУ-ын Элчин сайдын зөвлөх Николай Викторович Павловтой хамт тэмцээнд хос тоглолтод оролцож, түрүүлсэн удаа цөөнгүй. Бид сүүлдээ сайн найз болж, тэрбээр Элчин сайд болсон. Тэрбээр талбайн теннисээр Москвагийн өсвөрийн аварга болсон удаатай. Би энэ спортоор хожуу хичээллэсэн. Улсын аварга цолыг ганцаарчилсан, холимог, хос тоглолтын төрөлд олон удаа хүртсэн. Тиймээс өөрөө тоглохоос илүү эх орондоо хөгжүүлж, хүүхэд, залуусыг сонирхолтой болгоё гэж боддог байлаа. 1988 онд Улаанбаатар хотын “Теннис” клубийн анхны дүрмийг боловсруулан, хурал зохион байгуулж, даргаар нь Энхтайван найрамдлын ордны зааварлагч Ч.Ганболдыг сонгов. 1990 онд Монголын теннисний холбоог байгуулан анхны ерөнхийлөгчөөр Ч.Ганболд, ерөнхий нарийн бичгийн даргаар намайг сонгосон юм. 1991 онд Олон улсын теннисний холбоо, 1993 онд Азийн теннисний холбоонд элссэн. 1992-1995 онд талбайн теннисний сургалттай хувийн анхны дунд сургуулийг “Нүүдэлчин” компанийн захирал Баасанжавтай хамтран байгуулж, 1995-2003 онд талбайн теннисний академийн захирлаар ажиллаж байлаа.
-Монголд шинээр хөгжиж байсан спорт болохоор алдаа, оноотой урагшилсан зүйл олон биз?
-13 жил ажилласан надад амжилт, ололт, алдаа, дутагдал аль аль нь байсан байх. Гэхдээ хэдэн зүйлд одоо ч сэтгэл хангалуун явдаг. Түүний нэг нь Монголын талбайн теннис Азийн болон Олон улсын талбайн теннисний холбооны гишүүн орны нэг болсон. 1993 онд Монгол чансаагаараа Ази тивд 44 дүгээр байрт жагссан бол 2003 онд байр урагшилж, 17-д бичигддэг болсон. Олон улсын талбайн теннисний холбооны багш дасгалжуулагч нар Монголд таван удаа ирэхдээ дасгалжуулагчдыг бэлтгэсэн юм. ОУОХ, МҮОХ-той хамтран үндэсний семинарыг олон удаа зохион байгууллаа. Түүнээс хойш “Шидэт цохиур” лигийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын УАШТ-ийг нас, насны ангилалд зохион байгуулдаг болоход сонирхож хичээллэгсдийн хүрээ тэлж, тамирчдын амжилт ахин, олон улсын тэмцээнээс медаль хүртдэг болсон. Монголын нийгэмд зах зээл эхэлснээр спортын салбар зогсон, шигшээ багийн тамирчид таран, Эрээн рүү гахай үүрч, ганзагын наймаанд явдаг байхад талбайн теннис ид хөгжиж, тэмцээн байнга зохион байгуулж, Спортын төв ордныг үзэгчидтэй болгодог байлаа. Тэр үед боловсон хүчний асуудлыг шийдвэрлэж, МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд талбайн теннисний багш дасгалжуулагчийн анги нээсэн. Мөн талбайн теннисний холбоогоо байртай болгох, гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, мате-риаллаг баазтай болгох ажлыг ч давхар хийж явлаа. Залуудаа “Баяжъя гэвэл талбайн теннис тогло” гэдэг уриатай ажилладаг байлаа.
-Америк руу явахаасаа өмнө шавь нараа олон улсын тэмцээнүүдэд оролцуулж, медальд хүргэснийг тань дуулсан л даа.
-Шавь нараа олон улсын тэмцээнд цөөнгүй оролцуулсан. 1990 онд өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулсан Азийн наадамд өөрөө тамирчнаар, 1998 онд Бангкокт болоход нь теннисчдээ оролцуулсан юм. Мөн Москвад анх удаа дэлхийн хүүхдийн олимпод шавь нартайгаа оролцоод ирж байлаа. 2002 онд БНСУ-ын Бусаны Азийн наадамд тамирчдынхаа дасгалжуулагчаар явсан. Манай тамирчид Бүх Хятадын УАШТ-д бага насны ангилалд мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-д болсон “Сибирийн цом”-д М.Бадрах хүрэл, Москвад олон улсын тэмцээнд Д.Эрдэнэбаяр түрүүлж, баярлуулж байлаа.
Уимблдоны 1987 оны аварга, Австралийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт тус улсын алдартай тамирчин Пет Кешээр хичээл заалган, кортон дээр тоглож үзэх завшаан олдож билээ. Москвад 1997 онд мэргэжил дээшлүүлэх курст дахин сурч, ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчдаас номын дуу сонсож, сайхан нөхөрлөж явсан удаа бий. Миний хувьд тэдний заримтай нь, мөн Азийн орнуудын дасгалжуулагчтай одоо ч холбоотой байдаг.
-Таныг АНУ-аас ирэхийг холбооны тань хамт олон их хүлээсэн гэдэг. Тэнд нэг их удалгүй эргээд ирнэ гэж явсан хүн бүр суурьшиж амьдарсан байдаг шүү.
-Уг нь Америк руу ийм л бодолтой анх явсан хүн. Талбайн теннис өндөр хөгжсөн болохоор бодит байдлыг харъя, өөрөө ч суралцаж, мэдсэн, сурснаа тамирчдадаа харуулъя гэж бодсон юм. Үүний хажуугаар үр хүүхдүүдээ мэдлэг, боловсролтой болгоё, амьдралаа дээшлүүлье гэж зорьсон. АНУ-д хөл тавиад мэргэжлийн талбайн теннисний гишүүн болсон. Мэргэжлийн дасгалжуулагчдаас онол, техникийн гээд олон тесттэй шалгалт авч зэрэглэлтэй зөвшөөрөл олгодог. Талбайн теннист master pro¬fessional, professional гэсэн 1-4 хүртэл зэрэглэл бий. Миний хувьд professional 2 зэргийн шалгалт өгч, батламж авсан. Тэнд талбайн теннисний тамирчдыг бэлтгэж, жил бүр тэмцээнд идэвхтэй оролцуулж медальд хүргэсэн. Би 2018 онд эх орондоо ирж, өсвөрийн тамирчдыг бэлтгэж байна.
-АНУ дахь монголчууд таны нэрэмжит “Batjargal cup” талбайн теннисний аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулдаг юм билээ.
-Тэнд ажиллаж, амьдардаг монголчууд сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол ширээний теннис, талбайн теннисний аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж, шилдгээ тодруулдаг уламжлалтай. Анхны тэмцээнийг Денвер хотод 2007 онд зохион байгуулсан. Вашингтон, Денвер, Сиэтл, Сан-Франциско, Лос-Анжелес, Чикаго хотод Америк дахь монголчуудын сагсан бөмбөг, хөлбөмбөг, талбайн теннисний холбоо бий. Тиймээс тамирчдынхаа ур чадварыг хөгжүүлэхийн тулд эдгээр хотод бэлтгэх боломжтой. Тэнд сурч байгаа хүүхэд, залууст энэ спортоор хичээллэх таатай орчин, нөхцөл, тоглолтын хувцас, хэрэгсэл бий. Тиймээс Монголын нэрийг гаргах тамирчид тэндээс төрөхийг үгүйсгэхгүй. Талбайн теннисний тэмцээн байнга болдог учраас хаа сайгүй талбайтай, мэргэжлийн дасгалжуулагчтай секц ч олон. Дэлхийн алдарт теннисчин А.Агасси, Ж.Курье, М.Риос, М.Селеш, М.Хингис, М.Шарапова, Серена Уильямс, Винус Уильямс нарыг бэлтгэсэн Ник Боллетьерийн теннисний академи Флорида мужийн Брэдентон хотод бий. Монголчууд тэнд очоод талбайн теннис сурах боломж нээлттэй. Намайг АНУ руу явсны дараахан 2004 онд Монголын талбайн теннисний холбоо шилдгээр шалгарсан. Тэр үед миний удирдлагад хичээллэж байсан хүүхдүүд одоо ахмад тамирчин, дасгалжуулагч болоод байна. Тэднээс С.Сүхжаргал, Б.Оюунболд нар МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд сурч, теннисний дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Анхны шавь нараа гадаадын ямар тэмцээнд оролцуулж байв?
-Шавь нар маань 1990 онд Азийн наадамд софт теннисний төрлөөр анх оролцсон. Тэр үед хүмүүс хүүхдээ чиний шавь болгоё гээд хөтлөөд ирдэг байв. 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд асан М.Энхсайхан УИХ-ын гишүүн байхдаа “Монголчууд гадаадад эх орноо сурталчлахгүй байна. Талбайн теннисний тамирчин хүүхдүүд гадаад тэмцээнүүдэд оролцож, улсаа сурталчлах юм” гэж нэг хурлын үеэр ярьсныг хүн надад хэлсэн юм. Дараа жил нь Малайз, Сингапурт болсон тэмцээнд тамирчдаа оролцуулсан. 1993 онд Сингапурт болсон олон улсын тэмцээнд хоёр хүүхэд оролцохоор авч явсан. Гадаадын тамирчдыг харсан чинь манай хүүхдүүдийн өмссөн хувцас, пүүз нь гологдоод болдоггүй. Авч явсан мөнгөөрөө хүүхдэдээ тэмцээний хувцас авч өгөөд үрчихсэн. Хүүхдүүд мэргэжлийн тамирчдын хувцас өмсөөд сайн тоглосон. Тоглолтын хувцас хүртэл сэтгэхүйд нь тийм хүчтэй нөлөөлж байна шүү дээ.Том хүү минь 12 насныхны ангилалд олон улсын тэмцээнд анх удаа оролцохдоо Тайландын шилдэг тамирчинтай хос, ганцаарчилсан төрөлд сайн тоглосон. Дараа жил нь хүүгээ Д.Баярцогтын хамт Малайзад зургаан сар байрлуулж, бэлтгэл хийлгэхэд ур чадвар нь эрс сайжирсан юм. Манай өсвөрийн тамирчид 12, 14, 16 насны ангилалд Азийн болон олон улсын тэмцээнд чамлахааргүй өрсөлддөг. Хоёр жилийн өмнө Индонезэд болсон Азийн цомын олон улсын тэмцээнд багаараа эхний гурван байрт шалгарлаа.
-Орон нутагт талбайн теннис хөгжүүлэх орчин, нөхцөл хэр бүрдэж байгаа бол?
-Би орон нутагт энэ спортыг хөгжүүлэх зорилгоор 10 аймгийн дасгалжуулагч нартай холбоотой ажилладаг. Нутагтаа энэ спортыг хөгжүүлж буй багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах бодол бий. Орон нутагт ирэх жилээс 8-10 хүртэлх насны хүүхдүүдийн УАШТ зохион байгуулна. Цар тахлын үед цаг хугацааг ашиглаж, аймгуудад өөрийн биеэр очиж, талбайн теннисний хэрэглэл, материал бэлдэж өглөө. Өнгөрсөн хугацаанд аймгийн багш нартай цахимаар хуралдаж, санал бодлоо солилцов. Хамгийн сүүлд зүүн дөрвөн аймгийн багш нартай уулзаад ирсэн. Нийгмийн сүлжээ хөгжиж байгаа энэ үед орон нутгийн иргэд талбайн теннисний тэмцээнийг интернэтээр үзэж байна. Анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны сургалтын хичээлийг хэрхэн заах аргачлалыг хүртэл мэддэг болжээ.
-Энэ спортоор хичээллэж, амжилт гаргах хүүхдүүдийг ямар шалгуураар сонгодог вэ?
-Амжилт гаргах хүүхдийг сонгон авах тусгай тестүүд бий. Спорт хүний биеийг, оюунтай нь хөгжүүлдэг. 2019 онд Төв, Орхон аймаг ажлаар очихдоо зургаан настай хоёр хүүхэд сонгосон. Дасгалжуулагч багш хүүхдүүдийг сонгож авахдаа биеийн хөгжил, хөдөлгөөн, зан чанар, сэтгэх, сурах байдал, ухаан гээд олон зүйлийг хардаг. Тэдэнд спортоор хичээллэх төрөлхийн авьяас байдаг. Хүүхдүүдийг зургаан наснаас нь талбайн теннисээр хичээллүүлэх нь тохиромжтой. Багаасаа системтэй зөв хичээллэж байж, амжилт гаргана.