Монголын урдаа барьдаг, цөөн генетик судлаачийн нэг доктор, дэд профессор Ж.Хулантай ярилцлаа. Түүний судалсан мэдээлэл “Ковид-19” цар тахлын өнөөгийн байдлыг хумих, “Омикрон” мутацыг даван туулахад хувь нэмрээ өгнө гэдэгт итгэж байна.
-Дэлхийн нийтээрээ цар тахалтай нүүр тулаад багагүй хугацаа өнгөрлөө. Зарим улс орон эхнээсээ эл цар тахлыг хумилаа гэтэл дахиад мутацлагдсан шинэ хувилбар “Омикрон” дэгдчихлээ. Судлаачийн хувиар үүнтэй холбоотой бодит мэдээлэл өгөөч?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас л сенсаацласан болохоос шинээр үүссэн “Омикрон”-ыг судлаад үзэхэд нэг их сүртэй зүйл биш. Ноцтой аюул дагуулахгүй. Коронавирусийн эсрэг вакцин эл мутацаас хамгаалчих юм билээ. Гэхдээ одоохондоо шинээр эхэлж буй нэлээд мутацлагдсан учраас учраас хүмүүст айдас төрүүлсэн биз. Гадаргуугийн гликопротеин нь сүйдтэй биш, вакцинаас дайжсан мутац үүсээгүй юм билээ.
-Товчхондоо, коронавирусийн эсрэг вакцин "Омикрон"-оос хамгаална гэсэн үг үү?
-Судалгаагаар бол онцын аюултай зүйлгүй. Гэхдээ 100 хүн вакцин тариулахад дархлаа нь сайн, муугаас хамаарч эрсдэл гарч, ганц нэг хүн үхэж болно. Гэхдээ хүн ам багатай Монголын хувьд нэг хүний амь ч хайран. Тиймээс 100 хүн бүгд энх тунх байхын тулд дархлаагаа заавал шалгуулж байж, вакцин хийлгэх, эсэх шийдвэрээ гаргаач ээ л гэсэн санаа. Ер нь бол “Омикрон” мутац вакцинд дарагдана, гэхдээ эсрэг биетээ шалгуулж байж, дархлаажуулалтад хамрагдаарай.
-Гэхдээ иргэд ковидын эсрэг III тунгаа хийлгэхдээ нэлээд болгоомжилж буй дүр зураг ажиглагдаж байна. Та иргэд рүү чиглэсэн зөвлөгөө өгөөч?
-Иргэд III тунг хийлгэж болно. Хавар коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн эсрэг биет нэлээд доошилсон байгаа. Гэхдээ саяхан халдвар аваад эдгэсэн хүмүүс эхлээд эрүүл мэндийн байгууллагад хандаж байж, дахиж вакцин хийлгэх, эсэхээ сонгох хэрэгтэй. Ихэнх иргэн халдвар авч, хөнгөн тусаад дархлаа үүсчихсэн болов уу. Тухайлбал, би I тунгаа хийлгэсэн байсан учраас ковидын халдвар авсан ч хөнгөн туссан. Эсрэг биетийн шинжилгээ өгөхөд дархлаа өндөр гарсан. Мөн манай гэр бүлийн хүний дархлаа 250-иас дээш гарсан. Өндөр дархлаатай байж байгаад дархлаажуулалтад хамрагдвал вакцинаас шалтгаалж нас барж болно. Бүгдээрээ биш боловч ийм тохиолдол гарахыг үгүйсгэхгүй, эрсдэлтэй. Тэгэхээр эсрэг биетээ шалгуулж байж, ковидын эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай. Вакцин хийлгэсэн хүний дархлаа 08 гарч байхад өвчин тусаад эдгэсэн хүний дархлаа өндөр гарах жишээтэй.
-Дархлаа өндөртэй хүмүүс ковидын эсрэг вакцин хийлгэвэл эрсдэлтэй гэсэн үг үү?
-Дархлаа сайн байхад нэмээд вакцин тариулж дархлааг өдөөх юм бол цитокины шуурга үүсэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, генетикийн хувьд TNF (хавдарын үхжил) нь өндөр үнэлэгддэг хүмүүст цитокины шуурга үүсээд, нас барах магадлалтай. Дахин хэлэхэд эхлээд заавал дархлаагаа үзүүлж дараа нь вакцин хийлгэх нь зөв. Тиймээс ковидоор өвдсөн л бол зургаан сарын дотор вакцин хийлгэх нь эрсдэл дагуулна. Хөнгөн туссан хүмүүсийнх 250 байгаа бол хүнд өвдсөн хүмүүсийн дархлаа 800 гарч байгаа юм билээ. Энд нэг зүйлийг тодотгоход улс эсрэг биетийг төлбөргүй авах ямар ч боломжгүй. Эдийн засгийн хөгжил өндөр бусад оронд ч ард түмнийхээ эсрэг биетийг үзэхгүй байгаа. Үүнийг олон нийт ойлгоосой гэж хүсэж байна. Энгийнээр хэлбэл, дархлаа гэдэг хэрэглэхгүй үедээ цуснаас алга болчихдог, гаднаас ямар нэг өвчин үүсгэгч гараад ирвэл хэдхэн цагийн дотор аяндаа санамжит эс дотроосоо дархлаагаа нийлэгжүүлээд гараад л ирнэ.
-Ковидын халдвар, өвчлөлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Өвчлөл их гараад байгаа учраас хүн амаа хамгаалахын тулд цусанд нь эсрэг биет байлгах гэж коронавирусийн эсрэг вакцин тарих политик хийгээд байгаа юм. Цусанд нь яагаад заавал эсрэг биет байлгах шаардлагатай гэж үү. Өвчлөлийг зогсоох гэсэн оролдлого юм. Түүнээс биш энэ хувь хүний асуудал биш. Хувь хүний хувьд нэгэнт өвдсөн бол хамгаалалттай болчихно. Нөгөө талаасаа вакцин тариулаад дархлаатай болсон байхад маш цөөн хувь нь эрсдэлтэй буюу цитокины шуурга үүсэж болдог. Цитокины шуурга нь TNF, альфа, омега, интерферон, гаммагийн өндөр нийлэгжлээс үүсдэг.
-Бага насны хүүхдүүдийг одоогоор дархлаажуулах боломжгүй. Энэ үед ямар эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй вэ?
-Бага насны интерферон, гамма агуулсан вирусийн эсрэг эм өгөх нь кавасаки синдром үүсгэх эрсдэлтэй. Манай эмч нар хүүхэд өвдөхөөр дээрх найрлагатай эм өгөөд байдаг. Үүнийг хүүхдэд өгөхөөр зарим хүүхэд өндөр халуурч эхэлдэг. Ямар ч эмэнд халуун буурахгүй байгаа нь TNF-ийн нийлэгжлэлийг үүсгэж буй хэрэг. Ковидын үед энэ төрлийн эмийг хэрэглэх нь эрсдэлтэй юм.
-Тэгвэл TNF-ийн нийлэгжлэлийг хэрхэн бууруулах вэ?
-TNF-ийн нийлэгжлэлийг Омега-3 бууруулна. Ковидыг бууруулахад витамин-С, Д-гээсээ илүү үр нөлөөтэй. Гэхдээ байнга хэрэглэж болохгүй. Tumor гэдэг нь хавдар, necrosis factor нь үхжил гэсэн үг. Тиймээс хавдрын үхжилийг байнга омега-3 ууж дарангуйлаад байх юм бол хавдар тусна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, TNF нь цитокины шуургын нэг шалтгаан болно.
-Ковидыг хүндрүүлж буй өөр ямар хүчин зүйл байгаа вэ?
-Ковидын нэг үхэл нь цусны бүлэгнэл. Цусны бүлэгнэх процесс нь хүмүүсийн хэлдгээр хлостериноос үүсдэг. Өөх тос ихтэй хүмүүс цусаа цэвэрлэх ёстой. Ковидын дараа цус бүлэгнэх эрсдэл үүсгэж байна. Аспирин ууж өөх тосоо салгах ёстой. Бас дахин анхааруулахад аспиринийг зохистой хэмжээнд эмчийн заавраар хэрэглэхгүй бол цус хэт шингэрвэл цус алдах, харвах эрсдэлтэй. Хэдэн настайгаасаа шалтгаалаад тааруулж ууна. Хамраас цус гарах, шүднээс цус шүүрэх нь хэт шингэн байгаагийн илрэл.
-Хүмүүс мэдлэг мэдээлэл хомс учраас вакцинд хамрагдах идэвх муутай байх шиг. Ямар тохиолдолд III тун хийлгэх вэ?
-Цусан дахь дархлаанаас хамаарч шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр III тунг харанхуй хийх нь эрсдэлтэй. Өвдөөгүй, өвдөөд эдгэсэн, халдвар авснаа мэдэхгүй хөнгөн тусаад өнгөрсөн аль тохиолдолд дархлаагаа шалгуул гэж хэлнэ. Зарим хүн өвдөөгүй гээд бодоод явж буй. Тухайн хүнийг өвдөөгүй гэх баталгаа хаана ч байхгүй.
-Манай улсад ковидын эсрэг “АстраЗенека”, “файзер”, “вероселл”, “спутник-V” гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж буй. Зарим хүн хятад вакцин хийлгэхгүй гэж бусдыг уриалсан тохиолдол гарсан. Вакцины сонголтын талаар мэдээллээ хуваалцаач?
-Вакцины сонголтын тухайд хүний анхдагч вирусээс “файзер”, “спутник-V” ижил гадаргуугийн бактер юм. Тэр, энэ нь сайн, муу гэх зүйлгүй. “Спутник-V” вакцины нэг ялгаа нь хоёр өөр виктор хэрэглэсэн учраас хоёр дахь тун нь дархлааг илүү ихээр өдөөж өгнө гэсэн үг. Мөн “файзер” тариулсан хүн зөрүүлж өөр вакцин хийлгэж болно. Миний бодлоор “файзер”, “спутник-V” алийг нь ч хийлгэсэн ялгаагүй. “АстраЗенека” жаахан асуудалтай. Учир нь шампанзегийн анхдагч вирусийн виктораас гаргаж авсан тул дархлааны урвалыг хэт замбараагүй өдөөдөг. Түүнээс болоод зарим хүн вакцины хордлогод орж хүндрээд байгаа. Хүмүүс жил бүр томуу, томуу төст халдвар авдаг. Нөгөө гурвыг нь үүнээс гаргаж авсан тул хүндрэл бага замбараагүй урвал явагдахгүй. “файзер”, “спутник-V” вакцин тариулсан хүмүүс хятад “вероселл” хийлгэж болно. Яагаад гэвэл коронавирус 20 уурагтай. Эдгээр уураг бүгд “вероселл”-д агуулсан. Тиймээс 20 уургийн эсрэг дархлаа үүснэ. Монголд хэрэглэж буй бусад бүх вакцин ганц гадаргуугийн S уураг агуулдаг. Хэрэв коронавирус мутацид ороод эхлэх юм бол “вероселл”-оос бусад вакцин ганц уурагтай учраас үйлчлэл ямар ч нөлөөгүй болох юм. Вакцин танихгүй болно гэсэн үг. Гэтэл хятад вакцин тариулсан хүмүүст бусад бүх уураг байгаа учраас халдвар авсан хөнгөн өвдөөд өнгөрнө. Үүгээрээ хятад вакцин муу биш, давуу талтай.