Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Баатарын Ганзоригтой ярилцлаа. 1991 онд АУИС, 2000 онд мэс заслын эмчийн резидентур төгссөн тэрбээр 2005 онд Швейцар улсад цээжний хөндийн мэс заслын эмчийн мэргэжил эзэмшжээ. Мөн Орос, Хятад, Япон, Тайвань, БНСУ, АНУ, Канад, Австрид цээжний хөндийн болон дурангийн мэс заслын сургалтад хамрагдан, сурч боловсорсон, ХСҮТ-ийн өнөө үеийн тэргүүлэгч эмч нарын нэг юм.
-Улсдаа ганц Хавдрын эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасаг харьцангуй “залуу” хэдий ч ачаалал ихтэй, олон төрлийн хавдрын мэс засал хийдэг талаар товч танилцуулгаас уншлаа. Тасгийнхаа үйл ажиллагааны ерөнхий чиглэлийн талаар танилцуулахаас яриагаа эхлэх үү?
-Цээжний хөндийн мэс заслын тасгийн хувьд 2014 онд есөн ортойгоор анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эмнэлгийн түүхээс яривал, хавдрын мэс заслын суурь 1962 онд “Цацраг туяа” эмнэлэг байгуулагдсанаар эхэлсэн байдаг. Тухайн үед 45 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн эмнэлгийн дэргэдэх Мэс заслын тасгийн эрхлэгчээр анх Сагарайжав эмч томилогдон ирж, Болд, Авар, Нямдаваа эмч нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Зөвлөлтийн мэргэжилтэн С.М.Перлин энэ салбарын үүсэл, хөгжилд их хувь нэмэр оруулж, монгол эмч нарт зааж, сургасан байдаг. Ингэж явж байгаад 1970 онд тус эмнэлэг бие даасан Ерөнхий мэс заслын тасагтай болж, Равдан эмч эрхлэгчээр нь томилогджээ. Түүнээс хойш Нямдаваа, Балдандорж, Сүхээ нарын эмч тус тасгийг ахалж ажиллаж байсан. Тухайн үед мөн Анагаах ухааны хүрээлэнгийн секторыг байгуулж, эрхлэгчээр нь Доржготов эмч ажилласан түүхтэй. 1982 онд ЗХУ-ын тусламжтайгаар ХСҮТ-ийн өдгөөгийн барилгыг ашиглалтад оруулснаар Мэс заслын тасгийг 60 ортойгоор үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн. Тэр үеэс хойш Балдандорж, Жамъянсүрэн, Хашдорж, Аюурзана, Туяабаяр, Эрдэнэ-Очир, Ягаан эмч нар Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Түүнээс хойш ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг салбарлан тав болон хөгжсөн байна. Тодруулбал, Ерөнхий болон Элэг, цөс, нойр булчирхайн, Цээжний хөндийн, Эмэгтэйчүүдийн, Толгой, хүзүүний мэс заслын тасагтай. Үүнээс гадна мэс заслын хөгжлийн түвшнийг илтгэх Эрхтэн шилжүүлэн суулгах албатай болсон. Өөр нэг чухал бүрэлдэхүүн бол Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг бөгөөд 10-аад эмчтэй. Тэд хагалгаануудад хуваарийн дагуу ээлжлээд ажилладаг.
Мэс заслын таван тасагт одоогоор 30 гаруй эмч, 50 орчим сувилагч ажиллаж байна. Үүний зэрэгцээ манай хагалгааны нэгдсэн хэсэг гэж бий. Үүнд мэдээгүйжүүлгийн болон мэс заслын нарийн мэргэжлийн сувилагч нар суралцан, ажиллаж байгаа.
Хагалгаа хийдэг зориулалтын өрөөний хувьд 1982 онд хоёр байсан. Дээрээс нь туслах, жижиг мэс заслын өрөөнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндсэндээ энэ гурван өрөөнд олон жилийн турш, тодруулбал, саяхныг хүртэл ХСҮТ-ийн бүх мэс заслыг хийдэг байлаа. Асар их ачаалал, хүлээгдэлтэй, өдөр, шөнөгүй шахам л хагалгаа хийдэг. Сүүлдээ хагалгааны ачааллаа дийлэхээ больж, өрөө нэмэхээс өөр аргагүйдэж, өнөөх үндсэн хоёрыгоо өргөтгөн, дөрөв болгож, засвар хийж, нэмэлт тоног төхөөрөмж тавьсан. Ингэж мэс заслын дөрвөн өрөөтэй 10-аад жил үйл ажиллагаа явуулж байгаад 2016 онтой золгосон. Тухайн жилд өргөтгөлийн хэсэгт мэс заслын зориулалтын хоёр өрөөг ашиглалтад оруулсан. ХСҮТ мэс заслын өрөөнүүддээ өнгөрсөн жилээс иж бүрэн, их засвар хийж эхлээд энэ оны эхэнд ашиглалтад оруулсан. Өдгөө эмнэлэг маань орчин үеийн стандартад нийцсэн, хагалгааны найман өрөөтэй үйл ажиллагаа явуулж байна.
-Өнөөдрийн байдлаар танай тасгийн бүрэлдэхүүнд хэчнээн эмч, сувилагч ажиллаж байгаа бол. Өдөрт хэчнээн мэс засал хийдэг вэ?
-ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасаг маань одоогоор хэвтүүлэн эмчлэх 15 ортой, тасгийн эрхлэгчтэйгээ нийлээд есөн эмч, ахлах сувилагч, ээлжийн долоон сувилагч болон нэг туслах ажилтантай.
Хагалгааны талаар гэвэл, нийт таван тасгийнхаа дүнгээр авч үзвэл өдөртөө 30 орчим мэс засал хийж буй. Тасаг болгоныхоо онцлогоос шалтгаалаад өөр өөр эрхтний янз бүрийн байрлалтай хавдрын хагалгаа хийдэг. Тухайлбал, Ерөнхий мэс заслын тасагт ходоод, бүдүүн, шулуун гэдэсний, бөөр, шээсний замын, зөөлөн эдийн, ясны, мөчдийн байрлалын гэхчлэн хагалгаа хийдэг бол Цээжний хөндийн мэс заслын тасагт уушги, голт болон улаан хоолойн байрлалын хавдрыг мэсийн аргаар авч байна.
-Хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж, ХСҮТ-ийн ачаалал тэр хэрээр ихсэж буй өнөө цагт хагалгааны өрөөний хүрэлцээ маш чухал. Өдгөө найман өрөөтэй байгаа нь хавдрын мэс заслын эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачаалал бууруулахад хангалттай байж чаддаг уу?
-Мэс заслын өрөөний хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед хагалгааны тоо олширч, ачаалал бага зэрэг буурах хандлага байгаа. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээ голлон ХСҮТ-д төвлөрч байгаа учраас ачаалал байсаар л байна. Зарим тасгийн хувьд 14 хоногоос хоёр сар хүртэл хүлээгдэх нь бий. ХСҮТ-ийн салбарыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулах төсөл, хөтөлбөр явж байгаа. Эл асуудал шийдэгдвэл ачаалал буурах байх. Үүнээс гадна Хавдрын тусламж, үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс дүүргийн эмнэлгүүдэд хөнгөвчлөх болон хими эмчилгээний тасгууд ажиллуулдаг болсон. Мөн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор ХСҮТ-ийн эмч нар нэгдсэн зарим эмнэлэгт очиж, хагалгаа хийж, хамтран ажиллаж буй туршлагууд бий. Орон нутагт ч ийм үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ сургалт зохион байгуулж, үүнийгээ өргөжүүлж байна.
-Аливаа мэс засалд багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологи чухал. Хавдрын хагалгаануудад ямар шинэ техник, технологиудыг нэвтрүүлж байна вэ?
-20 гаруй жил мэс заслын эмчээр ажиллаж буй хүний хувьд хэлэхэд, Монголд энэ салбар үсрэнгүй хөгжиж байна. Оюутан цаг хийгээд мэс заслын эмч болох эхэн үед минь хэрэглэж байсан оношилгооны тоног төхөөрөмж, хагалгааны техник, технологиудыг одоогийнхтой зүйрлэх аргагүй. Жишээ нь, оношилгооны хувьд гэхэд компьютерт томографийн шинжилгээ гэж байсангүй. Рентген оношилгоонд үндэслээд мэс заслын эмчилгээг шийддэг байлаа. Тухайн үед мэс засалд хэрэглэх утас хомс, олдохгүй. Хар захаас гутал оёх зориулалттай утас авчраад спиртээр ариутгаад хүний гэдэс, ходоод, эд, эрхтнүүдийг оёдог байлаа. Өдгөө онигоо шиг сонсогдох ч бодит байдал тийм л байсан. Өнөөдөр шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжиж, мэс заслын утас тэр хэрээр боловсронгуй болж, хайлдаг, хайлдаггүй, бүр хугацааны хувьд ялгаатайгаар хайлдаг нь ч байна. Хагалгааны үеэр оёдол тавих зэрэгт гараар хийх механик ажиллагаа их байсан бол одоо автомат машинууд ашиглаж байна. Судаснуудад зориулалтын түлэгч аппарат хэрэглэж, РЕТ-СТ зэрэг гайхамшигтай аппарат ашигласнаар хагалгааны заалтыг өндөр түвшинд, нарийн гаргадаг болсон гэх мэтээр ололт их бий. Өндөр хөгжилтэй орнуудад өргөн нэвтрүүлээд эхэлсэн роботын тусламжтай хагалгааг удахгүй Монголд хийхийг үгүйсгэхгүй. Үнэ өртгийн хувьд өндөр байдаг нь л асуудал.
-Мэс заслын үр дүн болон өвчтөний эдгэрэлт, цаашдын амьдралын чанарт нөлөөлдөг өөр нэгэн хүчин зүйл нь эм, тариа байдаг. Олон улсад өвдөлтийг аль болох мэдрүүлэхгүй байх, үүнээс үүдэлтэй шокийг бууруулахад онцгой анхаардаг. Манай эмнэлгүүдэд, ялангуяа ХСҮТ энэ талын тусламж, үйлчилгээнд дэвшилтэй байгаа талаар иргэд ам сайтай юм билээ.
-Мэс заслыг амжилттай болгоход эмчийн ур чадвараас гадна тухайн өвчтөний биеийн байдал болон өвчнийг зөв үнэлж, хагалгааны зөв заалт гаргах, түүнчлэн мэс заслын үеийн унтуулга чухал. ХСҮТ олон улсад ашиглаж буй мэс заслын дэвшилт тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр байна. Тухайлбал, мэс засал хийж байх явцад өвчтөний унтуулгыг хянах аппарат байна. Мөн хүний биеийг маш өндөр түвшинд хянадаг багажуудыг оруулаад ирсэн. Хагалгааны өмнө болон дараа өвдөлт, зовуурьгүй байлгах хяналт сайжирсан. Үүний зэрэгцээ хөнөөл багатай мэс засал буюу дурангийн хагалгаа сүүлийн 10 гаруй жил Монголд эрчимтэй хөгжиж байна.
-Хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Үүнийг хоёр талаас нь авч үзмээр байна. Нэгдүгээрт, энэ чиглэлийн тусламж, үйлчилгээ хүртэж буй хүмүүсийн талаас бодоход хүлээгдэл, хүртээмжийн асуудал их чухал. Эмнэлэгт хандаад, эмчид үзүүлэхэд хэдий хугацаа зарцуулж, хэр дугаарладаг билээ. Оношлуулчихлаа гэж бодоход хагалгаанд орох хүртлээ бас хүлээнэ, дараа нь хяналтад орж, хуваарьт хугацаандаа эмч нартаа үзүүлж, хянуулахад мөн л дугаарладаг. Эмч нар нь ачаалалтай, эмнэлгийн өрөө, тасалгааны хүрэлцээ, хүртээмж муу гээд бодит байдал хүндрэлтэй байгаа нь тулгамдсан асуудал мөн. Нөгөөтээгүүр, эмч нарын хувьд гар доор нь гачигдалгүй байх багаж, хэрэгслийн хүрэлцээний асуудал. Энэ жилээс харин хавдрын хагалгаанд хэрэглэдэг өндөр үнэтэй багаж, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох болсон нь том дэвшил.
Үүний хүрээнд хөндөх өөр нэг чухал асуудал нь эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж. Мэс засал бол хортой, хүнд нөхцөлд хийдэг хүнд хөдөлмөрт тооцогддог. Гэтэл цалин, хангамжийн асуудал үнэхээр хангалтгүй. Миний хувьд гэхэд сард нэг сая хүрэхгүй төгрөгийн цалинтай, хэлэхээс ч зовмоор, гэхдээ үнэн байдал ийм. Манай эмч нарынх ч ялгаагүй шахам. Бидний хөдөлмөрийг бодитоор үнэлдэггүй гэж боддог. Үеийн үед л энэ талаар дуугарч ирсэн ч бодитоор шийдсэн нь үгүй. Өнгөрсөн зун гэхэд нэлээд хурцаар тэмцсэн ч “Болно, бүтнэ, сайжруулна” гээд л амласан. Одоогоор болж бүтсэн юмгүй, хэвээрээ байна. Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн байдал, хангамжийг шийдсэн нь ч алга. Хүний амь, эрүүл мэндтэй холбоотой, хариуцлагатай ажил хөдөлмөр хийдэг хүмүүсийн үнэлгээ, үүнийг дагаад сэтгэл ханамж муу байгаа нь өнөөдрийн хамгийн том тулгамдсан асуудал шүү.
-Мэс заслын нэг эмч бэлтгэгдэх хугацааг 20 жил гэж тооцдог талаарх судалгаа уншиж байсан юм. Оюутан үеэс эхлээд ажлын талбарт бүрэн бэлтгэгдэх буюу онол, практикаар сурч, боловсрох хугацаа. Тэгэхээр ХСҮТ эмч, мэргэжилтнүүдээ мэргэшүүлэн сургах тал дээр хэрхэн анхаардаг бол?
-Мэс засалчийн мэргэжлийн онцлог нь тасралтгүй сургалт. Нэг өдөр өөрийгөө дайчлаад, их хэмжээний зүйл уншиж, тогтоогоод сурчихдаг, мэдчихдэг ажил биш. Хичээлийн танхимд олж авсан мэдлэгээ ажлын талбарт гараараа барьж, мэдэрч, бодитоор харж баталгаажуулж, тасралтгүй боловсорч байж эзэмшдэг мэргэжил. Энэ утгаараа эмч нарыг сургаж, мэргэшүүлэх нь чухал, үүнд санхүү их нөлөөлдөг. Гэхдээ манай эмнэлгийн хувьд энэ тал дээр харьцангуй сайн ажилладаг, гадаад харилцаа сайтай. Үүнээс гадна эмч нарын маань гадаад хэлний мэдлэг өндөр учраас өөрсдийн болон байгууллагын санаачилга, олон улсын байгууллагуудын дэмжлэг, тусламжаар мэргэших, улам хөгжих тал дээр боломжийн гэж боддог. БНСУ, Япон, Барууны орнуудад гэхчлэн мэргэжлийн сургалтууд, янз бүрийн төсөл, хөтөлбөрт тогтмол хамрагддаг.
Энэ ташрамд өгүүлэхэд, ХСҮТ-ийн өнгөрсөн жарны болон ирээдүйн 60 жилийн түүхийг бичилцэхэд хувь нэмрээ оруулж яваа хамт олон маань эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна. Дэлхийтэй хөл нийлүүлэн дэвшилт арга, технологийг нэвтрүүлэн, цаашид улам сайжруулахаар судалж, хичээж явна. Түүхт ойн мэндийг эмнэлгийн нийт эмч, сувилагч, мэргэжилтэн, ажилтнууддаа дэвшүүлээд, ойрын ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцахад, өөрийн ажилладаг чиглэлээр дурангийн мэс заслыг эрчимтэй хөгжүүлэхэд чармайж, залуу эмч нараа сурган, хамтран хичээж байна. Бид мэс заслын хүндрэлүүдийг бууруулж, өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхийн төлөө, хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, цаашид эрүүл, чанарлаг амьдрахад нь хувь нэмрээ оруулахын тулд хичээх болно.