Монголын хоккейн шигшээ баг, “Багануур” багийн тамирчин, ОУХМ Б.Болдбаярт оролцоогүй тэмцээн ховор. Тэрбээр Тайландад 2000 онд зохион байгуулсан U18 насныхны өсвөрийн олон улсын нээлттэй тэмцээнд анх оролцсон нь хойшдоо бөмбөгтэй хоккейн ДАШТ-д эх орноо төлөөлж тоглох эхний алхам байв. Монголын үндэсний хоккейн шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах “Asian challenge cup” тэмцээнээс 2016 онд хүрэл, 2017 онд мөнгөн медаль хүртсэн. 2018, 2019 онд медалийнхаа өнгийг хувиргаж, хошой аварга болсноор дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрх өвөртөлсөн юм. Тэгвэл манайхан Шведэд 2017 онд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. “Asian challenge cup”-д багийнхаа тамирчидтай медалийн төлөөх тоглолтуудад оролцож, “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан түүнтэй ярилцлаа.
Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын финалын тоглолт “Степпе арена” мөсөн ордонд болсныг “MNB sport” сувгаар орон даяар шууд дамжуулсан. Ийм гал гарсан тэмцээнийг үзэх сэн гэж олон жил хүссэн спорт сонирхогчдын мөрөөдөл биелж байна.
-Тийм ээ, би хоккейн шигшээ багт 20 жил тоглож, гадаадын тэмцээнүүдэд оролцохдоо хэзээ нэг өдөр ийм мөсөн талбайд тоглоно гэж боддог байлаа. Цар тахлын хүндхэн өдрүүдэд “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө”-нөөс хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын финалын тоглолтыг олонд хүргэсэн нь хамгийн сайхан мэдээ байв. Тус ордонд болсон анхны тэмцээнд “Багануур” багийнхантайгаа оролцсондоо баяртай байгаа. Бидний тоглолтоос гадна өсвөрийн тамирчдын тэмцээнийг ч зохион байгуулсан. Энэ нь эх орондоо ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх томоохон бааз болсон төдийгүй Монголын хоккейн спортыг олон улсын тавцанд гаргах цаг болсныг илэрхийлж байна. Монголын хоккейн шигшээ багийнхан 2008 онд шайбтай хоккейн ДАШТ-ий С (III) дивизонд тоглосноос хойш дахиж оролцоогүй. Учир нь тоглох багуудад эх оронд нь олон улсын стандартад нийцсэн мөсөн ордон байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгвэл одоо манай хоккейчид тус ДАШТ-д тоглох эрхтэй боллоо. Бид мөсөн ордонтой болохыг олон жил мөрөөдсөн. Тэр үед битүү дээвэртэй мөсөн талбайтай болъё, тэгвэл олон улсын тэмцээнд амжилт гаргана гэж ярьдаг байв. Манайд хөгжих боломжтой спортын төрөл бол хоккей. Монголчуудын биеийн онцлогт ч тохирдог. Монголын хоккейн холбоо болон тэмцээн зохион байгуулж буй байгууллагууд орон нутагт энэ спортыг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдүүлэх нь зүйтэй. Зүүн, баруун бүсэд хоккейн тэмцээн зохион байгуулдаг битүү дээвэртэй мөсөн талбайтай болчихвол хүүхэд, залуусын сонирхож хичээллэх хүрээ тэлнэ.
Багийнхантайгаа лигийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-1993 онд III ангийн сурагч байхдаа “Алтан шайб” өсвөрийн УАШТ-д “Багануур” багаас анх оролцсон. Түүнээс хойш өнөөг хүртэл 28 жил багийнхантайгаа тоглож байна. Манай багийнхан өсвөрийн УАШТ-д таван удаа түрүүлж, залуучууд, насанд хүрэгчдийнхэд гурван удаа аваргаар шалгарсан. Лигийн тоглолтоос таван алт, мөнгө, дөрвөн хүрэл медальтай. Лигийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан Орхон аймгийн “Хангарьд” багийнхантай нэг бус удаа таарсан болохоор тоглох арга барилыг нь гадарладаг. Шигшээ багт аль алинаас нь таван тамирчин тоглодог. Хоккейн тамирчид дотоодын тэмцээнд багийнхантайгаа оролцдог бол гадаадынхад шигшээ баг болж эх орноо төлөөлдөг. Монголд хоккейчид сагсан бөмбөг, волейболын тамирчин шиг олон байдаггүй. Лигийн тоглолтод зургаан багийн 120 гаруй тамирчин оролцлоо. Одоо мөсөн ордонтой болсон учраас хойшид олон баг өрсөлдөх байх.
-Шайб, цохиуртай нөхөрлөж, мөсөн дээр өнждөг байсан хүүхэд насаа дурсвал сонирхолтой түүх өгүүлэх болов уу?
-Би II ангийн сурагч байхдаа үеийнхэнтэйгээ хоккей тоглож сурсан. Мөсөн дээр өдөржин гулгачихаад шөнө нь айлуудын цонхны гэрэлд үргэлжлүүлдэг байв. Намайг дагаж хоккейгоор хичээллэсэн найз цөөнгүй. Энэ спортод хөл тавихад аав, ээж минь дуртай дэмжсэн болохоор тууштай хичээллэсэн. Тэмцээн дөхөхөөр өөрийн эрхгүй догдолж, тоглолтын хувцсаа өдөр бүр гаргаж өмсөхийг аав, ээж хараад гайхахдаа “Чи хоккейд дурлана, дурлана гэхэд ингэтлээ сонирхоно гэж юу байх вэ” гэдэг сэн. “Багануур” багийнхан “Алтан шайб” өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль анх хүртэхдээ “Дараа жил заавал алт болгоно шүү” гээд ярилцаж билээ. Жилийн дараа бид аваргын төлөө тоглож, мөнгөн медаль зүүсэн. Түүнээс хойш таван жил дараалан тэргүүлж, шилжин явах цомоо хадгалж үлдсэн юм. Миний хувьд багийнхнаасаа шилдэг хамгаалагчаар дөрвөн удаа шалгарсан. Өсвөрийн тэмцээнд хамт оролцдог байсан үеийнхнээс тав нь үлдэж, үргэлжлүүлэн тоглож байна. Тэднээс И.Алтангэрэл тамирчдаа ахалж, тэмцээнд оролцдог. “Багануур” багийн үе үеийн тамирчдыг Э.Батбаяр, Х.Цогтсайхан багш нар дасгалжуулж, бэлтгэл хийх орчин, нөхцөлөөр хангаж өнөөг хүргэлээ.
-Тайландад болсон U18 насныхны өсвөрийн хоккейчдын олон улсын тэмцээнд таныг анх оролцсон талаар сонсож байлаа.
-Монголын хоккейчид 1999 онд БНСУ-д болсон өвлийн наадамд анх оролцсон юм. Ах нар тоглохоор явахыг хараад “Тэдэн шиг гадаадын тэмцээнд хэзээ тоглох бол” гэж бодож зогссон. Тэгсэн хойтон жил нь шигшээ багт дуудагдаж, U18 насныхны өсвөрийн тэмцээнд оролцох боломж олдсон. Тайландад 2000 онд болсон тэр тэмцээнд тоглохоор хилийн дээс анх удаа алхсан. Өвлийн хүйтэнд мөсөн дээр бэлтгэл хийдэг бидэнд битүү дээвэртэй ордонд тоглох тун сонирхолтой санагдаж билээ. Тэр үед мөсөн ордон ямар байдгийг хараад алмайрч, гайхсанаа мартдаггүй. Манайхан Азийн орны тамирчидтай ур чадвараар ойролцоо ч техник, тактик, материаллаг баазаар хоцорч яваагаа ойлгосон. Монголын хоккейчид хүрэл медалийн төлөө Тайландын багийнхантай тоглохдоо оноо тэнцэж, цаг дуусахын өмнө нэг гоол алдан IV байр эзэлсэн. Дараа жил нь БНСУ-д Тайланд, Тайванийн багийг хожиж түрүүлсэн юм. Бид тэндээс алтан медальтай ирж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан.
-Манайхан ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хэдэн удаа хийсэн санагдана. Тэднээс сурсан зүйл чамгүй байдаг биз?
-Хойд хөршид хоккей өндөр түвшинд хөгжсөн учраас тамирчдаас нь суралцах зүйл их байдаг. Хамтарсан бэлтгэл хийхэд эхэндээ “Чааваас, чадах уу гэж басангүй хардаг байв. Бид сүүлдээ ана мана тоглодог болсноор техник ч сайжирсан. “Багануур” багийнхан 2018-2019 оны улирлын тоглолтод ОХУ-аас легионер урьж тоглуулсан. Энэ жилийнхэд ч бас тоглууллаа.
-Шведэд 2006 онд зохион байгуулсан бөмбөгтэй хоккейн ДАШТ-д Монголын хоккейчид анх оролцоход та тоглосон.
-Бид Швед улсад 2006 онд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцохдоо II дивизонд тоглосон. Тухайн үед манай хэсэгт дэлхийн шилдэг багууд (Эстони, Нидерланд, Унгар, Чех, АНУ, Канад) таарсан юм. Бид анхны тоглолтоо Эстонийн багийнхантай хийж, хожсон. Хэдийгээр медаль хүртээгүй ч дэлхийн аваргын тэмцээнд шилдгүүд хэрхэн өрсөлдөж, тоглолтыг ямар уур амьсгалтай болгодгийг хараад ирсэн. Монголын шигшээ багийн тоглогчид бөмбөгтэй хоккейн ДАШТ-д дөрвөн удаа оролцсон. Шведэд 2017 онд болсон ДАШТ-д манайхан хүрэл медалийн төлөө Японы багийнхантай тоглож хожсон юм. ОХУ-ын үндэсний спортын нэг төрөл нь бөмбөгтэй хоккей. Тиймээс хойд хөрштэй зэргэлдээ орших Унгар, Эстони, Нидерландын багт Оросын легионерууд тоглодог.
-Тэр ДАШТ-д оролцохын өмнө Шведээс Яна дасгалжуулагчийг урьж, бэлтгэл хийлгэсэн гэх яриа байдаг.
-Тэрбээр Монголд ирж, бидэнд бөмбөгтэй хоккей хэрхэн тоглох техник заасан юм. Бөмбөгтэй хоккейг хөлбөмбөгийн дүрмээр тоглодог. Эхэндээ шайбтай хоккей тоглохоос ч хэцүү санагддаг байв. Монголчууд хаана ч очсон орчин, нөхцөлд нь дасан зохицож, юмыг хурдан сурдаг. Тэр жил ДАШТ-д оролцохын тулд шигшээ багийн тамирчид Төв цэнгэлдэхийн талбайд ус асгаж, хөлдөөсөн мөсөн дээр бэлтгэл хийсэн. Түүний дараа ОХУ-ын Эрхүүгийн бөмбөгтэй хоккейн “Байкал-энергия” багийг олон жил дасгалжуулсан Евгений Выборов хэмээх дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан. Бид түүнтэй 2007 оны зун Хандгайтад хоёр сар байрлаж, хөлбөмбөг, хурд, хүчний бэлтгэл түлхүү базаасан юм.
-Казахстанд 2011 онд зохион байгуулсан Азийн өвлийн наадамд оролцсон бил үү?
-Монголын шигшээ багийн тоглогчид Азийн өвлийн наадмын бөмбөгтэй, шайбтай хоккейн тэмцээнд оролцохоор хуваагдсан. Би бөмбөгтэй хоккейгоор оролцсон. Бид аваргын төлөө Казахстаны багийнхантай тоглож, мөнгөн медальтай ирэхэд хүмүүс баяр, хөөр болж угтлаа. Дүүргийн удирдлага хүлээн авч, бидний амжилтыг хуваалцан албан байгууллагуудын дунд “Цасны баяр” зохион байгуулж тэмдэглэсэн. Тэр тэмцээнд манай “Багануур” багаас дөрвөн тамирчин оролцож байлаа.
-Азийн аварга шалгаруулах “Asian challenge cup” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хошой аваргаар шалгарсныг сонсоод догдолж суусан мөч саяхан мэт санагдаж байна. Тус тэмцээнд тоглох болсон тухайгаа сонирхуулаач?
-Хөгжиж буй орнуудын тамирчдын тоглолтын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор тус тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг юм. Монголын шигшээ багийн тамирчид Тайландад зохион байгуулсан “Asian challenge cup”-д хүрэл медалийн төлөө тус улсын багтай тоглох боллоо. Тэгсэн нутагтаа болж байгаа гэдэг утгаар давуу эрх гаргаж, өдөр эхлэх тоглолтыг хойшлуулж, орой болгов. Хөгжөөн дэмжигчдээрээ хүрээлүүлсэн Тайландын багийг харсан манайхны сэтгэл зүй тиймхэн байлаа. Тоглолтын явцад оноо тэнцэж, цаг дуусахаас өмнө нутгийнх нь талбайд тэднийг буулган авч, хүрэл медаль хүртсэн. Манайхан тус тэмцээнээс дөрвөн хүрэл, хоёр мөнгө, хошой алтан медаль хүртсэн амжилттай. 2018 онд Филиппинд зохион байгуулахад нь тэргүүлж, анхны түрүүгээ авчихаад их баярлаж билээ. Тэр тэмцээнд аваргын төлөө мөн л нутгийнх нь багийг ялж, онооны жагсаалт, талбайд тоглосон үзүүлэлт, тэмцээний нийлбэр дүнгээр би шилдэг хамгаалагчаар шалгарч байв. 2019 онд Сингапурт болоход манайхан түрүүлж, хошой аварга болоход ОУХМ З.Батгэрэл шилдэг хамгаалагчаар шалгарсан юм.
-Та 68 дугаартай тоглодог Яромир Ягрын тоглолтыг үзэх дуртай гэсэн үү?
-Сүүлийн үед Германы шигшээ багийн тоглолтыг үздэг болсон. Тэдний тоглолтын зохион байгуулалт өндөр, тамирчид нь ур чадвартай. Чехийн шигшээ багийн тоглогчдоос 68 дугаартай Яромир Ягр, ОХУ-ын 13 дугаартай Павел Дацюкийн ур чадварыг хардаг. Павел Дацюк нэг их өндөр биш хэрнээ талбайд сонирхолтой тоглолтууд гаргадаг. Улсынхаа шигшээ багийг олон жил ахалж тоглосон, туршлагатай.
-Бөмбөгтэй хоккейн ДАШТ өрсөлдөөнтэй бас нанчилдаантай болдог болохоор спорт сонирхогчдыг хамгийн их татдаг. Ер нь хоккейн тэмцээн зодоонгүй өндөрлөх нь ховор. Манай хоккейчид Унгарын багийнхантай гар зөрүүлсэн гэдэг.
-2015 онд бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцохдоо Унгарын багийнхантай гар зөрүүлэхэд би торгуулийн суудалд суучихсан байв. Манайхан тэднийг хожиж яваад оноогоор баригдсан юм. Жаахан бухимдсан байсныг хэлэх үү, унгарчууд биднийг хэл амаар өдөж, нэг тоглогч нь З.Батгэрэлийг мөргөөд унагачихлаа. Нэгнийгээ балбуулахыг хараад бид юу гэж зүгээр зогсох вэ, адилхан нанчилдаад эхэлсэн. ОХУ-ын шүүгчид Унгарын багийнхны талд шүүж, анхнаасаа л таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Тэмцээнийг шүүгч шударга, зөв шүүхгүй бол бүхэл бүтэн багийн хэдэн жил хичээж, зүтгэсэн хөдөлмөрийг талаар болгодог. Үүнээс гадна Эрхүүд болсон ДАШТ-д Нидерландын багийнхантай тоглосон. Тэдний нэг нь манай тамирчныг тоглолтын дундуур цохиураараа ёворчихов. Ингэхийг нь харсан бид зүгээр байсангүй. Тэд манайхныг бодвол биерхүү, өндөр. Гэсэн ч бид ана мана үзэлцсэн. Монголчууд амархан бууж өгдөггүй, шартай зантай. Шүүгчид тоглолтыг завсарлуулахад манайхан хувцас солих өрөөнд сууж байтал Оросын тусгай хамгаалалтын цагдаа нар орж ирээд “Монголчууд сайн зодолдсон шүү. Тэмцээнийг улам сонирхолтой болголоо” гээд инээж байв. Мөн Казахстанд болсон өвлийн наадмаар багийнх нь тоглогч манай хоккейчинтой барилцаад авсан. Тэд бөөнөөрөө дайрахад бид нөхрөө хамгаалаад л балбалцсан. Завсарлагаанаар тэмцээний ерөнхий шүүгч “Та нар олон улсын тэмцээнд оролцохоор ирчихээд зодоон хийж болохгүй. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ирж үзэх гэж байна. Нэг бол Казахстан, Монголын шигшээ багийг нойллоод, Киргизстанд алт өгнө шүү” гээд сануулга өгч, бөөн юм боллоо. Уг нь бид гар зөрүүлэхийг хүсдэггүй, эсрэг багийнхан л түрүүлж өддөг.
-Та 18 дугаартай олон жил тоглож байгаа. Энэ дугаар аз, амжилт хэр дагуулав?
-Би “Алтан шайб” өсвөрийн УАШТ-д 33 дугаартай анх тоглодог байлаа. Хоккейн шигшээ багт тоглохоор ирэхэд 18 дугаарыг өгсөн юм. Түүнээс хойш олон тэмцээнд энэ дугаартай тоглож, медаль цөөнгүй хүртлээ. Бөмбөгтэй хоккейн ДАШТ-д 18 дугаартайгаа оролцдог. Миний хувьд дуртай спортоосоо хэзээ ч шантарч байгаагүй. Саад бэрхшээл тулгарсан ч туулаад ард нь гардаг. Өвлийн тэсгим хүйтэнд гадаа бэлтгэл базаах амаргүй. Гэхдээ хэцүү гэж хойш суулгүй аль болох ажил, амьдралаа зохицуулаад хоккейд цаг, зав гаргаж ирсэн. Надад энэ дугаар ээлтэй болохоор солилгүй олон жил тоглолоо.
-Гэр бүл тань таныг хэр дэмждэг вэ?
-Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймаг руу руу гэр бүлтэйгээ шилжсэн юм. Ямар ч таньж, мэдэх хүнгүй газар эхнэр, хүүхдээ орхиод тэмцээнд оролцохоор явсан. Эхнэр эхэндээ гомдоллодог байсан ч сүүлдээ ойлгож, одоо үнэнч дэмжигч минь болсон. Хань минь тэмцээний өмнөх өдөр тоглолтын хувцас, хэрэгсэл гээд хэрэг болох бүхнийг бэлддэг. Тэмцээнтэй үед ирж үзнэ. Манайх хоёр хүү, нэг охинтой. Ууган хүү хоккей тоглодог. Охин минь хоёр жилийн өмнө эмэгтэй тоглогчидтой шигшээ баг бүрдүүлэхэд бэлтгэл хийсэн. Эмэгтэй баг бүрдэж тэмцээн зохион байгуулбал тоглох хэмжээнд бэлтгэгдсэн гэж бодож байгаа. Би завтай үедээ хүүхдүүддээ хоккей тоглох техник, шайб, цохиуртай хэрхэн зөв харьцаж сурах талаар заадаг юм. Спортоор хичээллэсэн хүүхэд зөв хүмүүждэг. Эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй, зөв дадалтай болдог болохоор хүүхдүүдээ хоккейгээр хичээллэвэл дуртай дэмжинэ. Хоккейг мөсөн дээрх шатар гэж ярьдаг. Тоглолтын талбайд тамирчид гар, хөл, толгойгоо зэрэг ажиллуулдаг. Хоккей оюуны, хүчний спортын аль алиныг нь багтаадаг. Энэ спортод насны хязгаар байдаггүй. Тухайн тамирчин амжилт гаргах авьяас, ур чадвартай бол үргэлжлүүлэн тоглох боломжтой.