БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал болон Хятад, Монголын харилцааны талаар ярилцлага өглөө.
-ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал Бээжин хотод болсон. Энэ удаагийн бүгд хурал ямар ач холбогдолтой байв?
-ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал 2021 оны арваннэгдүгээр сарын 8-11- нд Бээжинд болж, БНХАУ-ын дарга Си Зиньпин ажлын тайлан тавьсан. Бүгд хурлаар ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт ба түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны тогтоол болон ХКН-ын XX их хурлыг хуралдуулах тухай тогтоолыг баталсан. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох ажил болон ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон энэ чухал үед ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал боллоо. Бүгд хурлаар баталсан, ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт ба түүхэн туршлагын тухай тогтоолд Хятадын ард түмний сайн сайхан, хятад үндэстний сэргэн мандлын төлөөх анхны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ХКН-ын 100 жилийн турш хийсэн тэмцэл, золиос, бүтээн бий болгосон зүйлсийг танилцууллаа. Мөн “Бид өнгөрсөнд хэрхэн амжилтад хүрсэн бэ, цаашид хэрхэн амжилттай байх вэ” хэмээх асуултад хариулсан. Тогтоолд шинэ үеийн Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны үндсэн зорилт, зарчим, амжилттай арга барилыг цогцоор дүгнэлээ. Түүнчлэн элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлал болон хөрш улстайгаа найрсгаар түншлэх чиглэлийг дахин бататгасан. Мөн Хятадын гадаад бодлого нь үндэсний сэргэн мандал, хүн төрөлхтний хөгжил дэвшил, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө байна гэдгийг онцлон тэмдэглэж, ХКН-ын дэлхий нийтэд хүлээсэн хариуцлагыг харуулсан.
ХКН Хятадын ард түмний сайн сайхны төлөө ажилладаг, мөн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө тэмцдэг. ХКН Монголын болон дэлхийн олон орны улс төрийн намуудтай уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж байна. Цаашид ч түнш намуудтай илэн далангүй харилцаа холбоотой хамтран ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах, сайхан дэлхийг бүтээхийн төлөө гар гараасаа барилцан илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна.
-Хятад улс ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргаснаа энэ онд зарлан, улс орнуудад үлгэр жишээ болсон. Хятад улсын энэ туршлагыг танилцуулахгүй юу?
-ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн чухал үед Хятадын ядуурлаас ангижруулах ажил бүх талын амжилтад хүрсэн. Ингэснээр улсын хэмжээнд ядуу буурай 832 сум, 128 мянган тосгон, хөдөө нутгийн 98.99 сая хүн ам бүхэлдээ ядуурлаас ангижирсан. Ингэснээрээ НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүлж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд БНХАУ гайхамшгийг бүтээсэн. ХКН байгуулагдсан өдрөөсөө эхлэн ард түмний сайн сайхан, үндэсний сэргэн мандлын төлөө тэмцэхийг анхны зорилтоо болгож, Хятадын ард түмнийг эв нэгдэлтэйгээр удирдан, сайхан амьдралыг бүтээхийн төлөө урт хугацааны хүнд хэцүү тэмцлийг өрнүүлсэн. Сүүлийн жилүүдэд ХКН бүх ард түмнээ манлайлан илүү шийдэмгий, оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч, ядуурлыг бууруулах зорилтот ажлыг тууштай хийж, дэлхийн түүхэн дэх хамгийн том цар хүрээг хамарсан, хамгийн их далайцтай, ядуурлаас ангижруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, амжилтад хүрсэн.
Монголын тал нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулж, ядуу бүлгийн оршин тогтнох, хөгжих эрхийг хамгаалах асуудлыг чухалчилж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн төлөө хичээн ажиллаж буй. Үүний хүрээнд саяхан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн тухай бодлого гаргаж, ядуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлж буйг бид анхаарч байгаа. Монгол Улс малчдын эд хөрөнгийг хамгаалах, гамшигт нэрвэгдсэн малчдад нөхөн олговор олгох хууль, журамтай. Монголын тал цаашид ядуурлаас ангижруулах тал дээр идэвхтэй амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ядуурлаас ангижруулах тал дээр Хятадын тал Монголтой цаашид ч хамтын ажиллагаа, туршлага солилцоогоо нэмэгдүүлэн ажиллахад бэлэн байна.
-Хятад улс сүүлийн жилүүдэд байгаль орчны удирдлагын тал дээр олон чухал амжилт гаргалаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрч, 2060 гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн илүү ялгаралтгүй орон болно хэмээн албан ёсоор зарласан. Хятадын тал байгаль орчны удирдлагын тал дээр ямар төлөвлөгөө, туршлагатай вэ?
-Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь Хятад болон хөгжиж буй олон оронд тулгарсан хүндрэлтэй асуудал юм. Өдгөө дэлхийн байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдал газар авч, экосистемийн доройтол улам бүр хүндэрлээ. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үндэстний урт хугацааны хөгжилтэй холбоотой амин чухал асуудал хэмээн үзсээр ирсэн. Байгаль орчныг хамгаалах нь үйлдвэрлэх хүчийг хамгаалж байгаа хэрэг, байгаль орчныг сайжруулах нь үйлдвэрлэх хүчийг хөгжүүлж буй хэрэг гэж үздэг. Байгаль орчныг хөсөр хаян, хэсэг хугацааны эдийн засгийн өсөлтөд хүрэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хятадын тал цэвэр сайхан байгаль бол асар их хөрөнгө хэмээх үзлийг тууштай баримталж, цогцоор нь хамгаалж, системтэй удирдах ажлыг тууштай явуулж, байгаль орчныг нүдний цөцгий мэт хамгаалан, экологийн орчныг өөрийн амьдрал мэт хайрлан, ногоон, дахин боловсруулах, нүүрстөрөгч багатай хөгжлийг илүү ухамсартайгаар урагшлуулж, үйлдвэрлэлийн хөгжил, чинээлэг амьдрал, сайхан экологитой соёл иргэншлийн хөгжлийн замаар тууштай явах болно.
Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд дэлхий нийтийн байгаль орчин, цаг уурын засаглалд ямагт идэвхтэй оролцсоор ирсэн. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр өгсөн амлалт нь Хятад улсын их гүрний үүрэг хариуцлагыг идэвхтэй биелүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх гэсэн зоримог шийдвэрийг харуулсан. Хүн төрөлхтөн хувь заяа нэгдмэл байдаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын асуудалтай олон улсын нийгэмлэг хамтран тэмцэх хэрэгтэй. Хятадын тал улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, гар гараасаа барилцан, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, хүчээ нэгтгэн эх дэлхийгээ хамгаалахад бэлэн байна. Хятад, Монгол бол хөрш орнууд учир байгаль орчны асуудалд илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан байгаль орчныг илүү сайн хамгаалах үүднээс 2030 он гэхэд тэрбум мод тарих хөдөлгөөнийг санаачиллаа. Хятадын тал үүнийг сайшаахын зэрэгцээ Монголын талтай цөлжилтөөс сэргийлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хятадын тал экологийн нөхөн сэргээлт, ойн хамгаалал зэрэг тал дээр амжилт, туршлагатай. Монголын анд нөхөд та бүхнийг цар тахал намдсаны дараа Хятад улсад очиж, харилцан туршлага солилцохыг урьж байна.