ҮУИТ нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн уламжлалт “Сэрсэн тал” тоглолтыг улс тунхагласны ойн баярыг тохиолдуулан үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Хүндэтгэлийн энэхүү тоглолтын талаар тус театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатараас тодруулсан юм.
-Тоглолтыг “Сэрсэн тал-37” гэж тодотгож буйн учир юу вэ?
-“Сэрсэн тал” гэдэг бүтээлийг анх 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 60 жилийн ойг тэмдэглэх хүндэтгэлийн нэгдсэн тоглолтоор эгшиглүүлсэн. Түүнээс хойш 37 жил өнгөрснийг ийнхүү товойлгож байгаа юм. Тэр үед 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжмөөр хөгжимдөж, алдарт Ж.Чулуун удирдаж байлаа. Тоглолтыг Н.Жанцанноров багш найруулсан бөгөөд хөтөлбөрт багтаах номеруудыг захиалж бүрдүүлсэн түүхтэй. Тухайн үед залуу хөгжмийн зохиолч байсан Б.Шараваар үндэсний найрал хөгжимд зориулсан удиртгал бичүүлье гэж шийдэж л дээ. Өөрөөр хэлбэл, хөгжмийн шинэ бүтээл захиалж, даалгасан гэсэн үг. Ингэж уг удиртгалыг анх тоглосноос хойш 30 жил өнгөрсөн даруйгаас энэхүү баяраар үзэгч, сонсогчдод хүргэх хүндэтгэлийн тоглолт зохион байгуулдаг болъё гээд эхлүүлсэн юм. Б.Шарав гэдэг хөгжмийн зохиолч дууны уран бүтээлийн дундаршгүй сан хөмрөгтэй. Дуу ч, романс ч олонтой. Дуулагдаагүй нь ч бий. Одоо зохион байгуулах тоглолтын хөтөлбөрийн 40 орчим хувийг шинэ номеруудаас бүрдүүлсэн. Хэний ч сонсоогүй маш гоё романсуудыг дуурийн дуучид хүргэнэ. Жишээ нь, “Намар аа” гэдэг үнэхээрийн гоё бүтээлийг нь ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран дуулах юм.
-Танайх дуурийн дуучидтай хамтарч ажилладаг болжээ.
-Тийм ээ, уламжлал болгосон. Яагаад гэвэл Б.Шарав багш дуунуудаа мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлчид тоглох, дуулахад зориулж бичдэг байсан. Тэгэхээр ДБЭТ-ын гоцлол дуучин тенор, басс, баритон, сопрануудыг урьж дуулуулах нь зүйн хэрэг.
-Хөтөлбөрийг зөвхөн дуу, романсаас бүрдүүлсэн үү?
-Бид энэ удаа “Сэрсэн тал” удиртгал хөгжим, “Монголын тал нутаг”, “Аав, ээж хоёр минь”, “Хааны титэм шиг Отгонтэнгэр минь” дууг дахин сонгосон. Эдгээр нь Б.Шаравын уран бүтээлийн концертод зайлшгүй байх бүтээлүүд. “Сэтгэлийн эгшиг”-ийг бол өмнөх найруулгаас нь арай өөрөөр сонсгохоор бэлтгэсэн. “Хааны титэм шиг Отгонтэнгэр минь”-ийг “Сэрсэн тал-33”-т Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулж байлаа. Харин одоо ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар дуулах юм. Дан хөгжим сонсгоно. Агуу Б.Шарав бол Монголынхоо үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж олон бүтээл туурвисан уран бүтээлч. Хуучир, шанз, ятга, морин хуур, ёочингийн концерт, вариац гээд л бичсэн. Бүгдийг нь симфони найрал хөгжимтэй тоглоход зориулсан. Энэ удаа хуучир, симфони найрал хөгжмийн концертыг нь гурван ангиар нь сонсгох гэж байна. Үндэсний их найрлын гоцлол хөгжимчин, манай улсын Консерваторын төгсөгч, Шанхайн Консерваторт магистр хамгаалаад ирсэн Э.Цэндсүрэн гоцолж тоглох юм.
Бэлтгэсэн Р.Оюунаа