Хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамт Үндсэн хуулийн цэцэд хоёр асуудлаар хандаад буй. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.4.3 дахь заалт буюу “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргасан юм.
Мөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалттай зөрчилдөж байна гэж Цэцэд ханджээ.
-УИХ-ын 2016 оны сонгуулийг холимог хувилбараар явуулах гэж байтал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод олонхийн тогтолцоогоор зохион байгуулахаар хуульчилсан. Ер нь л хувь тэнцүүлсэн буюу пропорционал хувилбараар сонгууль явуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй, 76 гишүүнийг тойргоос сонгодог одоогийн тогтолцоог өөрчилж болохгүй гэх ойлголт байна л даа. Гэтэл та бүхэн үүний эсрэг үндэслэл хэлж, Цэцэд хандлаа.
-Тийм, юуны түрүүнд таны хэлсэн, 2016 оны сонгуулийн өмнө гаргасан, Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн талаар тодруулъя. Тухайн үед УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүйг хувь тэнцүүлэх хувилбараар сонгохоор байсан нь Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснийг зөрчсөн хэмээн дээрх дүгнэлтийг гаргасан. Ингэхдээ шууд сонгох эрх гэдгийг сонгогч заавал хүний нэр дугуйлна гэх ойлголтын үүднээс шийдвэрлэснийг судлаачийн хувьд алдаатай, маш буруугаар тайлбарласан дүгнэлт гэж үздэг. Цэцийн энэ дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Үндсэндээ Цэц дүгнэлт гаргасан, түүнийг нь УИХ хүлээн авсан гээд бүх үйл явц улс төрийн тодорхой зорилготой байсан.
Эндээс таны хэлээд байгаатай адил нийтлэг алдаатай ойлголт бий болсон юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн олонхын тогтолцоог Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулж, хөдөлгөөнгүйгээр тогтоосон гэсэн эрх зүйн төөрөгдөл үүсчихээд байна. Одоо хүчин төгөлдөр байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард парламент баталсан. Үүнийг хэлэлцэн баталсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг харахад олон гишүүн сонгуулийн тогтолцоо олонхынх байх ёстой, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр ингээд тогтчихсон шүү дээ гэх зэргээр дээрхтэй адил үндэслэл хэлсэн байгаа юм. Үнэндээ Цэцийн тэр шийдвэрт сонгогч саналаа өгөхдөө улс төрийн намыг биш, нэр дэвшигчийг сонгож, нэрийг нь дугуйлна гэсэн болохоос биш, сонгуулийн тогтолцоо нь олонхынх байх ёстой гэсэн агуулга байгаагүй. Гэтэл хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч хүний нэрийг дугуйлж болдог хувилбар бий шүү дээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тухайлан зааж өгөөгүй, хувь тэнцүүлсэн хувилбарыг хориглоогүй.
Нөгөө талаас Үндсэн хуулийн 21.4-т УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтоохоор заасан. Сонгуулийн журам гэдэг нь сонгуулийн тогтолцоог хэлж байгаа юм. Онолын хувьд өргөн утгаараа санал авах, өгөх, дүнг нэгтгэн гаргах, түүнд үндэслэн УИХ-ын суудлыг хуваарилах журмыг нийтэд нь сонгуулийн тогтолцоо гэсэн ойлголтод хамааруулдаг. Сонгуулийн журмыг УИХ хууль батлах замаар тогтоож болно гэдэг нь сонгуулийн тогтолцоог сонгох боломж парламентад байгаа гэсэн үг.
Бид ингэж мэдээлэл гаргаснаар Үндсэн хуулийн цэц 2016 онд гаргасан, буруу шийдвэрээ залруулах боломж бий болж байгаа юм. Тэгээд ч Цэцийн бүрэлдэхүүн тухайн үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн. Дэвшилт үзэлтэй, хууль зүйн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид томилогдон ажиллаж байна. Эрх баригч намын дэвшилт үзэлтэй гишүүд, парламентад суудалтай, эсэхээс үл хамааран улс төрийн намууд бидэнтэй санал нэг байгаа болов уу.
СОНГУУЛЬД ЯЛАХ ГЭСЭН ЗОРИЛГООСОО БОЛООД АРДЧИЛЛАА ҮНДЭС СУУРИАР НЬ УСТГАХ НӨХЦӨЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ
-Одоогийн тогтолцооны сул талыг та судлаачийн хувьд тайлбарлахгүй юу?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын найман сонгууль явуулснаас долоог нь олонхын тогтолцоогоор зохион байгуулсан. Тэр дотроо 2020 оны хувилбар буюу олон мандаттай, томсгосон тойргоос гишүүдийг сонгосон нь сонгогчдын санал ихээр гээгддэг, төлөөллийн зарчмыг хамгийн их алдагдуулдаг, муу тогтолцоо байв. Үүнээс үүдэлтэй ойрын жишээ гэвэл Богд Зонховын хөшөө тойрсон асуудал. УИХ-ын гишүүдээс тойрогт хуваарилах төсвийн талаар дөрвөн тэрбум төгрөгийн санал авсан гэх мэтээр нэрлэж болно. УИХ-ын гишүүд тойрог руугаа жаахан төсвөө зулгаадаг, Засгийн газар хөгжлийн нэгдсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй байгааг бүгдээрээ харж байна шүү дээ. Энэ бол сонгуулийн тогтолцооноос л шалтгаалж байгаа. Үүнийг өөрчлөхгүйгээр парламентат ёс, ардчиллыг бэхжүүлж, тогтоож чадахгүй.
Сонгогчдын ирц, идэвх жилээс жилд буурч байна. Өнөөгийн УИХ нийт сонгогчийн 40 гаруй хувийн төлөөллийг л хангаж байгаа. Гэтэл засгийн бүх эрхийг гартаа барьж байх ёстой хүмүүсийн талаас илүү хувийнх нь төлөөлөл тэнд алга. Энэ нь ардчиллыг эрсдэлд оруулж буй юм. Хамгийн сүүлийн тод жишээ бол аравдугаар сард явуулсан нөхөн сонгууль. УИХ-ын 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт хоёр удаа санал хураалт явуулаад ч сонгогчдын ирц 50 хувьд хүрсэнгүй. Гэтэл тус тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Батшугар нийт сонгогчийн 20 гаруйхан хувийн санал авсан байх жишээтэй. Ингэж төлөөллийн зарчим алдагдаж, санал гээгдээд ирэхээр сонгогчид цаг заваа зарцуулаад саналаа өгөөд ч минийх үнэлэгдэхгүй, нөлөөлөхгүй юм чинь сонгуульд оролцсон, оролцоогүй нь ялгаагүй гэх хандлага газар авдаг. Жоомоо алах гээд гэрээ шатаадгийн үлгэрээр сонгуульд ялах гэсэн зорилгоосоо болоод ардчиллаа үндэс сууриар нь устгах нөхцөл үүсгэж болохгүй.
-Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо тохиромжтой юм бол?
-Үндсэн хуулийн эрх зүй, тэр дундаа улс төрийн нам, сонгуулийн эрх зүйг дагнан нэлээд судалгаа хийлээ. Манай улсын хувьд хосолсон буюу УИХ-ын гишүүдийн талыг нь тойргоос, талыг нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгох нь төлөөллийн зарчмыг хангах болон улс төрийн намуудын төлөвшилд нийцтэй. Иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлж, төрөө төлөвшүүлж чадвал Германых шиг хүнжүүлсэн хувь тэнцүүлсэн тогтолцоо тохиромжтой. УИХ-ын гишүүдийн талыг нь тойргоос шууд мандатаар сонгодог ч гэсэн эцэстээ суудлын хуваарилалтаа улс төрийн намд өгсөн саналын хувиар тооцож хийвэл сайн. Гэхдээ үүнд цаг хугацаа шаардлагатай. Юутай ч эхний ээлжид 50:50 хувь хосолсон тогтолцоогоор УИХ-ыг бүрдүүлж чадвал том дэвшил. 2012 оны УИХ-ын сонгуулийг пропорционал элемент агуулсан тогтолцоогоор явуулахад үр дүн нь маш бодитой гарч ирсэн шүү дээ. Гудамжинд байсан намуудын төлөөлөл УИХ-д орж, хуулийн хэлэлцүүлэг, төсвийн хуваарилалт цэгцэрсэн.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд та хоёр ХҮН-ын гишүүн. Таны хэлээд байгаа тогтолцооны өөрчлөлт ХҮН шиг хүчнүүдэд ямар өөрчлөлт авчрах вэ?
-Мэдээж сонгуулийн тогтолцоонд хувь тэнцүүлсэн элемент ороод ирвэл ХҮН-д ашигтай. Зөвхөн манай намд биш, парламентын гадуурх хүчнүүд, тэр байтугай эрх баригчдад ч хэрэгтэй. Гэхдээ бид манай намд ашигтай, өөрсдөө илүү төлөөлөлтэй болох үүднээс үүнийг харахгүй байна. Хамгийн гол нь Монгол Улс зөв зам руу орох ёстой.
Дараагийн сонгуулийг олонхын тогтолцоогоор явуулбал савлагаа үүснэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн олонхын тогтолцоонд ялсан нь бүгдийг авах зарчим үйлчилдэг учраас багахан хэмжээгээр санал шилжихэд нөгөө тал нь хэт олонх болдог. Үр дүнд нь төрийн бодлогын залгамж, халаа алдагдан, хөгжлөө хойш татах эрсдэл бодитой нүүрлэнэ.
-2016 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог тухайн үед эрх барьж байсан АН-ынхан өөрчилсөн ч үнэмлэхүй ялагдал хүлээсэн. АН-ынхны захиалгаар нэр бүхий иргэд Цэцэд хандаж, тогтолцоог өөрчилсөн талаар ч ярьж байлаа.
-Энэ бол ерөнхийдөө нийтэд ил байсан. АН-ын тодорхой удирдагч нар, магадгүй Ардын намын нэр бүхий хүмүүстэй үгсэн тохирч, тогтолцоог өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй. Үр дүнд нь АН ялагдсан. Ялагдлын буруутан нь тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж явсан Э.Бат- Үүл, З.Энхболд нар. Мөн эхэнд хэлсэнчлэн Цэц тодорхой хэмжээнд улс төрийн нөлөөнд автсан гэж үздэг.
-Т.Доржханд гишүүн та хоёр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтаар Цэцэд хандаж, амжилттай ажилласан. Улмаар энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших эрхгүй болоход та бүхнийг МАН-ын захиалгаар мэдээлэл гаргасан гэх мэтээр ярьж байлаа. Ер нь хэн нэгний захиалгаар Цэцэд хандах тохиолдол байдаг юм уу?
Цэцэд иргэд Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар мэдээлэл гаргах эрхтэй. Гэхдээ энэ эрхийг улс төрийн зорилгоор буруугаар ашигладаг тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Бидний хувьд өөр. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, тухайн үеийн Ерөнхийлөгч дэвших эрхтэй, эрхгүй гэж ярьж эхлэхэд л бид байр сууриа илэрхийлж байсан. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталмагц бид Үндсэн хуульт ёсоо хамгаалж, Цэцэд хандсан юм. МАН-ын ашиг сонирхолтой давхцаж магадгүйг бид мэдээж тооцож байсан. Бидний мэдээллийн дагуу Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасан. Ингэснээр Үндсэн хуульт ёс эхний ээлжид хамгаалагдсан. Үр дагавар нь хэнд ашигтай байсан нь чухал биш.
УИХ-ЫН ГИШҮҮД ТОЙРОГ РУУГАА ТӨСӨВ ТАТДАГ, ДАРАМТ, ШАХАЛТ ҮЗҮҮЛДЭГ БАЙДАЛ АРИЛСАНГҮЙ
-“Давхар дээл”-тэй холбоотой мэдээлэл рүү оръё. УИХ-ын гишүүдийг сайдаар томилохыг хязгаарлах гэж амаргүй зам туулж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо үүнээс буцсан нь дээр гэж үзэж байгаа юм уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглал, Ерөнхий сайдын бүрэн эрхийг бэхжүүлж, Засгийн газрын тэргүүн сайд нараа томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Гэхдээ УИХ, Засгийн газрын өнөөгийн харилцаа, үйл ажиллагаанаас харахад Ерөнхий сайдад эрхийг нь бүрэн өгөөгүй юм байна. УИХ-ын гишүүн биш сайд нарын ажил унадаг, явдаггүй, УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулна гэж заналхийлж, тойрог руугаа төсөв татдаг, дарамт, шахалт үзүүлдэг байдал арилсангүй. Хувь судлаачийн үүднээс хэлэхэд, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын зааг, ялгаа маш тод байх ёстой. Тиймээс ч Засгийн газрын нэг ч гишүүн “давхар дээл”-тэй байх ёсгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл Ерөнхий сайд нь парламентын шахалтад илүү их өртдөг хэвээрээ, огцрох эрсдэл өндөр болж байгаа учраас үүнийг эргэж харах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн тодорхой заалттай зөрчилдөж байна. “Давхар дээл”-тэй сайд нарын тоог дөрвөөр хязгаарласан нь 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санааг дордууллаа. Тиймээс Засгийн газрын бүх гишүүн “давхар дээл”-тэй байх боломж бүрдүүлэх ёстой гэж Цэцэд хандсан. Улмаар Цэц хэрхэн шийдвэрлэхээс хамаарч парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Уг нь 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтийн анхны хувилбар буюу УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл нэлээд боломжийн байсан юм. Харамсалтай нь, тухайн үеийн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцүүлгийн дундуур нь оруулж ирээд, сүүлдээ “илжирсэн” зөвшилцөл, юу ч биш болж хувирсан. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тодорхой дэвшил гарсан ч сууриа гүйцэд тавьж чадаагүй. Тиймээс л бид өнөөдөр хямралт байдалтайгаа зууралдсан хэвээр байна.
-Ерөнхий сайд өөрт олгогдсон эрхийн дагуу алдаа гаргасан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн зарим сайд нь хуулийн гэхээс илүүтэй хувь хүний чадвар, туршлага, хүлээн зөвшөөрөгдөх байдлаасаа болж байнга шахам шүүмжлэлд өртөөд байгаа юм биш үү. Сайд нарыг бүгдийг нь “давхар дээл”-тэй болгохын тулд Үндсэн хуулиа өөрчилье гэхээс өмнө Ерөнхий сайдад эрх, үүргээ хэрэгжүүл, сайд нарынхаа толгойг битгий ил гэж шаардлага тавьж болдоггүй юм уу?
-Тодорхой тохиолдол, хүний хүчин зүйл улс төрийн амьдралд бий. Гэхдээ бид тогтолцоо нь энэ нөхцөл байдлыг үүсгэж байна уу гэдгийг илүүтэй харах хэрэгтэй. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тааруу ажиллаж байгаа сайд нараа солилоо гэхэд оронд нь томилогдох хүмүүс тэднээс сайн ажиллах уу. Сайн ажилласан ч тогтолцооныхоо бурууд идэгдэж, автагдах нөхцөл нээлттэй байна шүү дээ.
ЕРӨНХИЙ САЙД ХАНГАЛТТАЙ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙНА
-Бүх сайд нь УИХ-аас томилогдлоо гээд Засгийн газар хүчтэй байх үндэслэл нь юу юм бэ?
-УИХ-ын гишүүн сайдын албыг хавсран хэрэгжүүлэх боломжийг нээж өгснөөр парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Улс төр судлаачдын тооцдог жишгээр манай парламент 140-150 орчим гишүүнтэй байх нь тохиромжтой. Төсөв мөнгөний бололцоо, Монголын онцлогийг харгалзан УИХ-ыг 120 орчим гишүүнтэй болгож байж парламентын ардчилал бэхжинэ. Ийм нөхцөлд “давхар дээл” асуудал дагуулахгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөлөө парламентад хүчтэй болохгүй. Засгийн газрын тэргүүн нь багаа хүссэнээрээ бүрдүүлж, Үндсэн хуулийн суурь үзэл санааны хүрээнд ажиллах боломж бий болно.
Нөгөө талаас, өнөөдрийн УИХ-ыг тараах бодит боломж байхгүй. Тиймээс хариуцлага хүлээдэггүй УИХ Засгийн газар руу дайрдаг, дарамталдаг, дураараа популизм хийдэг байдал арилахгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ солих эрхээр хангагдсан ч парламентын дарамт, шахалтаас ангид ажиллах боломж бүрдээгүй байна. Тиймээс энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тэгж байж төрийн эрх мэдлийн хяналт, тэнцэл хангагдана.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл нэг ч сайддаа хариуцлага тооцоогүйн шалтгааныг та бас л тогтолцоотой холбож тайлбарлах уу?
-Сая хэлсэнчлэн Ерөнхий сайд хангалттай хамгаалалттай биш байна. Тиймээс л УИХ-ын өмнөөс эх орны эрх ашигтай холбоотой асуудлаар сөрж зогсож чадах, олонхоо дагуулах боломжийг Ерөнхий сайдад гаргаж өгөх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Тэр боломжийг өгөөгүй байхад сайд солих эрхийг хэчнээн олгоод ч Ерөнхий сайд УИХ-ын өмнөөс сөрж зогсож чадахгүй. Нөгөө талаас парламентыг тараадаг Ерөнхий сайдын арга хэрэгслийг Үндсэн хуулиар Ерөнхий сайдад бодитой өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдыг олонх нь дэмжихгүй, хуйвалдаж унагаах гээд, оруулсан төсвийг нь самраад, хөгжлийн бодлогыг нь хөдөлгөхгүй, хэрэгжих боломжгүй болгоод байвал Засгийн газраа дэмждэг олонхтой парламент бүрдүүлье, энэ УИХ-ыг тараая гэдэг эрхтэй байвал УИХ-ын гишүүд ийм хэмжээ хязгааргүй популизм хийж, хуримтлуулсан жаахан мөнгөө тойрог тойрогтоо тарааж цацдаг байдал гарахгүй. Мэдээж үүнийг хийхэд сонгуулийн тогтолцоо хамгийн суурь шийдэл нь.
-Засгийн газар төсөв боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс дөрөв дөрвөн тэрбум төгрөгийн санал авч буй нь Ерөнхий сайдын аргаа барсан арга юм байна. Тийм үү?
-Өмнө нь ч ийм байсан. Сонгуулийн тогтолцооноос л болж байгааг дахин дахин хэлье. Нам нь ялах хэрэгтэй. Гишүүд нь сонгогчдод амласнаа биелүүлэх ёстой. Эргээд сонгогчдынхоо өмнө очихын тулд улс орныхоо эрх ашгийг харахгүй, зөвхөн тухайн сонгууль, өөрийнх нь нам, хүчин хэрхэн амжилтад хүрэх вэ гэсэн ахархан бодлын үүднээс ажиллаад эхлэхээр энэ нөхцөл рүү халтираад байгаа юм. Усан бассейнтай тойрогт дахиад бассейн барья гэж оруулж ирээд байгаагийн шалтгаан энэ. Уг нь хөгжлийн бодлогын хувьд манайд зам, жорлон, гэр хороолол руу тавих цэвэр усны шугам, үерийн далан, цахилгааны шинэ эх үүсвэр нэн шаардлагатай. Үүнд хөрөнгөө зарцуулдаг эрх нь Ерөнхий сайдад байх ёстой. УИХ-ын гишүүн буюу тойргийн феодалуудад мөнгө өгөхгүй бол “алтан улиасыг чинь хуга мөргөнө” гэж үлгэрт гардаг шиг Засгийн газрыг нь унагаана гэж мухардалд оруулаад байна л даа. Эрх баригчид үүнийг шийдэхгүй, энэ хэвээрээ явна гэвэл бид гудамжинд гарч тэмцэнэ, шаардана.