Анагаах ухааны доктор, клиникийн профессор Хасбазарын Ариунаатай ярилцлаа. Хавдар судлаач болон хими эмчилгээний их эмч тэрбээр ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч. Тус эмнэлэгт 2000 оноос хойш тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа, анагаахын салбарын залуу үеийн тэргүүлэгч нарын төлөөлөл болсон Х.Ариунаа эмч Сингапур, БНСУ, АНУ, Австри, Хятад, Итали, Тайвань, Япон зэрэг оронд хими эмчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан мэргэшсэн боловсон хүчин юм билээ. Хорт хавдар өвчний суурь гурван эмчилгээний нэг болох хими эмчилгээний тусламж, үйлчилгээг ХСҮТ хэзээнээс, хэрхэн хүргэж ирсэн болон сүүлийн үед энэ чиглэлээр нэвтрүүлж буй дэвшилт арга, технологийн талаар түүнтэй ярилцсан юм.
-Монголд хорт хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх анхны эмнэлгийг 1961 онд байгуулжээ. Тус эмнэлэгт хэзээнээс хими эмчилгээний тусламж, үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн юм бэ?
-“Цацраг туяа” эмнэлгийн Мэс заслын тасагт хими эмчилгээний хэсгийг 1971 онд 15 ортойгоор анх нээж, Б.Равдан эмчийг томилон ажиллуулсан түүхтэй юм билээ. Ингэж явсаар 1982 онд хавдрын эмнэлгийн зориулалттай цогц барилгыг ашиглалтад оруулснаар Хими эмчилгээний тасгийг тусгайлан байгуулжээ. 30 ортой тус тасгийн эрхлэгч Б.Равдангаар ахлуулан Г.Бямбаа, Т.Төгсжаргал, М.Саранчулуун, М.Оюун нарын эмч ажиллаж байсан. Зөвлөх поликлиникийн хувьд Я.Болормаа эмчийн санаачилгаар 1996 онд Хими эмчилгээний кабинетыг анх хоёр ортойгоор байгуулж, өдрөөр эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх болсон юм. Хоёр жилийн дараа буюу 1998 гэхэд орны тоог 15 болгон нэмсэн бол 2007 онд 17-д хүргэсэн. Өдгөө 32 ортойгоор жилд 2500 гаруй хүнд хими эмчилгээний тусламж, үйлчилгээг өдрөөр үзүүлж байна. ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар найман их эмч, сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй 13 сувилагч, нэг туслах ажилтан буюу нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байна. Жилд дунджаар 13 500 гаруй хүнд (давхардсан тоогоор) хавсарсан болон дан хими эмчилгээ, бай болон дархлаа эмчилгээг мэс заслын өмнө ба дараа хийж буй.
Монгол Улсын 2019 оны статистик мэдээллээр 100 000 хүн амд хорт хавдрын өвчлөл 198, нас баралт 149 бүртгэгдсэн нь 2010 оныхоос 22-36 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм. Хорт хавдраар өвчлөгсдийн 28 хувь нь мэс засал, есөн хувь нь туяа, 14 хувь нь хими, 49 хувь нь хөнгөвчлөх эмчилгээ хийлгэжээ. ХСҮТ-д химийн эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдийн 51 хувь нь нийслэлийн харьяат. Үлдсэн 49 хувь нь орон нутгийн иргэд гэсэн статистик бий. Хавдрын өвчлөл ийнхүү өсөж байгаагаас шалтгаалан хими эмчилгээний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. ХСҮТ-д 2010 онд энэ чиглэлийн эмчилгээнд давхардсан тоогоор 3385 хүн хамрагдаж байсан бол энэ онд одоогийн байдлаар 6100 болж, 75 хувиар өсжээ. Амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо 66 хувиар нэмэгдсэнээс гадна эмийн зардал 6.1 дахин өссөн статистик байна.
-Жил ирэх тусам нэмэгдэж буй хорт хавдрын өвчлөлийн хими эмчилгээний тусламж, үйлчилгээг хүртээмжтэй байлгахад хэрхэн анхаарч байна вэ?
-ХСҮТ-ийн ачаалал, төвлөрлийг сааруулах, иргэдэд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хүлээгдэл, чирэгдлийг багасгах зорилгоор Эрүүл мэндийн сайдын баталсан Орон нутагт хорт хавдар өвчний хими эмчилгээг нэвтрүүлэх тухай 242 дугаар тушаал бий. Үүний дагуу 2008 оноос хими эмчилгээг аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдэд хийж эхэлсэн. 2021 оны байдлаар Улаанбаатар хотын бүх дүүрэгт, орон нутгийн хувьд Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Орхон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Увс, Хөвсгөл зэрэг аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд хорт хавдрын хими эмчилгээ хийж байна. Үүний үр дүнд хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ ХСҮТ-ийн ачаалал 20-30 хувь буурч буй. Түүнчлэн иргэд орон нутагтаа тусламж, үйлчилгээ авснаар эдийн засгийн хувьд нэмэлт зардал, чирэгдэл гаргахгүй давуу талтай.
-Хими эмчилгээ гэдэг нь нэрнээсээ л ямар их эрсдэлтэй, хүнд хэцүү нь ойлгомжтой. Онцгой хүнд нөхцөлд ажиллаж, энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг хүргэдэг эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэлзүйчийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэдэг. Тэгэхээр боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургалтад хамруулахад эмнэлгийн зүгээс яаж ажилладаг бол?
-ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасаг улсын хэмжээнд хавдрын химийн эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг эрхлэн явуулдаг буюу улсын хэмжээн дэх Сургалт арга зүйн ганц төв юм. Эрүүл мэндийн сайдын Орон нутагт хорт хавдар өвчний хими эмчилгээг нэвтрүүлэх тухай болон 2017 оны А/337 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хими эмчилгээ судлал” төрөлжсөн, мэргэшлийн сургалтын хөтөлбөр боловсруулж, нэг жил хүртэлх хугацаагаар сургалт зохион байгуулах ажлыг 2015 оноос эхэлсэн. Үүний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн хавдар судлаач эмч нарыг хамруулж, нийт 55 эмч, мэргэжилтнийг бэлтгээд байна. Энэхүү сургалтыг Хими эмчилгээний тасгийн эрдмийн зэрэг, цол бүхий эмч нар зохион байгуулж, удирдан явуулдаг. Хими эмчилгээний нарийн мэргэжлээр бэлтгэгдсэн эмч орон нутаг болон дүүргийн эмнэлэгт ажилласнаар эмчилгээ, тусламж, үйлчилгээг стандартын дагуу хийх боломж бүрдэнэ. ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд тэдэнтэй байнга эргэх холбоотой хамтран ажилладаг. Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хими эмчилгээний дараах хордлого тайлах, цусны болон бусад эрхтэн, тогтолцоонд гарах хүндрэл, гаж нөлөөг засах эмчилгээ, өвчтөнийг хянах менежментийг олон улсын удирдамжийн дагуу хийж байгаа нь бидний том ололт юм. Нөгөөтээгүүр, хими эмчилгээний эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг ажлын байран дээр нь тогтмол зохион байгуулснаар эмчилгээний үр дүн сайжирч, хавдрын өвчлөл, нас баралт буурахын зэрэгцээ өвчтөнд чанартай, урт хугацаанд амьдрах боломж олгох ач холбогдолтой.
-Аливаа эмчилгээ, тэр дундаа хавдрын химийн эмчилгээний чанарт эм, тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж чухал нөлөөтэй. ХСҮТ энэ төрлийн эмчилгээндээ ямар эм бэлдмэл, дэвшилт технологи хэрэглэж байна вэ?
-ХСҮТ-д 2011 онд 20-иод нэр, төрлийн, химийн эм, тариа хэрэглэж байсан. Өнөөдрийн хувьд уламжлалт хими эмчилгээний 60 орчим нэр, төрлийн эм, тариа ашиглаж байна. Түүнчлэн бай эмчилгээний 10 гаруй эм, тариа, дархлаа эмчилгээний таван төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын удирдамж, стандартын дагуу хавсарч болон дангаар хэрэглэж байгаа. Олон улсад 2007 онд баталж, эмнэл зүйд хэрэглэж ирсэн “Ro¬she” болон “Novartis” компанийн үйлдвэрлэсэн бевацизумаб, трастизумаб, лапатиниб, эверолимус, дабрафениб, траметиниб, рибоциклиб, пазопиниб зэрэг эм, тариаг бай эмчилгээнд өргөн хэрэглэж эхэлснээр өвчтөний амьдрах хугацаа уртсаж, амьдралын чанар сайжирч буй. 2011 онд ХСҮТ-ийн эмийн төсвийн 18 хувийг химийн эм тариа эзэлж байсан бол 2021 онд 25 хувь болжээ. Энэ нь шинэ эмийг эмчилгээнд цаг тухайд нь нэвтрүүлж байгаатай бас холбоотой юм.
Дэвшилт технологийн хувьд бай эмчилгээг онцолмоор байна. ХСҮТ-ийн хөгжлийн 60 жилийн түүхэнд чухалд тооцогдох олон ололтын нэг нь энэ. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд үндэслэн хорт хавдрын бай эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөх болсон нь маш чухал, оновчтой шийдвэр. Ингэснээр хими эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн, тэдний ар гэрийнхэнд эдийн засгийн дарамт эрс багасаж, эмчилгээний үр дүн сайжрах, хавдрын дахилт, үсэрхийлэл буурах зэрэг олон давуу тал бүрдэж эхэлсэн. ХСҮТ-ийн үе үеийн удирдлага, Хими эмчилгээний болон Лабораторийн тасаг, Эм зүйн албаны хамт олон, өвчтөн болон тэдний ар гэрийнхний санаачилсан төрийн бус байгууллагууд, эмийн компаниуд, хувь хүн, нийгэмлэгүүдийн хамтын хүчээр 10-аад жил хөөцөлдөж, хөдөлмөрлөсний үр дүнд ийм амжилтад хүрч чадсаныг дурдах хэрэгтэй. Жишээлбэл, улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөлийн тавдугаарт бүдүүн гэдэснийх бичигдэж байгаа бөгөөд өвчтөний 75 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаагаас эмчилгээний сонголт хязгаарлагдан зөвхөн химийн эм, тариа хэрэглэхээс өөр аргагүй болдог. Бай эмчилгээнд бевацизумаб эмийг бүдүүн гэдэсний үсэрхийлсэн болон дахисан хожуу үеийн хавдартай өвчтөнд хэрэглэснээр хими эмчилгээг дангаар хийснээс илүүтэй амьдрах хугацааг уртасгаж байгааг баталсан учраас олон улсад 2004 оноос нэвтрүүлсэн байдаг. ХСҮТ-д бүдүүн гэдэсний хорт хавдарт бай эмчилгээг 2016 оноос хэрэглэж эхэлсэн. Мөн хими эмчилгээнд зөөврийн, овор багатай, дуслын автомат шахуурга машин хэрэглэж байгаа нь эмчилгээ эхлэх, дуусах хугацаанд тооцооллын алдаагүй болж, чанар сайжрахын зэрэгцээ сувилагчийн ажиллагааг хөнгөвчилдөг ач холбогдолтой.
-Танай хамт олон үйлчлүүлэгчид болон тэдний ар гэрийнхэнд мэдээлэл түгээх цахим хуудастай болсон нь ямар ач холбогдолтой юм бэ?
-“Хавдрын хими эмчилгээ” гэсэн цахим хуудсаар олон нийтэд мэдээлэл түгээж эхэллээ. Эмчилгээний үр дүнг сайжруулах, иргэдэд хавдрын хими эмчилгээний орчин үеийн мэдээллийн талаар түгээх, хамтран ажиллах, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө түгээх, хавдрыг эрт үед нь оношлох зэрэг өргөн хүрээнд манай тасгийнхан энэ оны эхнээс ажлынхаа хажуугаар ийм арга хэлбэрийг ашиглаж байгаа нь амжилттай явж байна. Одоогийн байдлаар цахим хуудсаар дамжуулан хими эмчилгээтэй холбоотой 60 гаруй шинэ мэдээлэл нийтэлжээ. 2500 орчим хүнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. 10 000 орчим хүн эл хуудсаар дамжуулан бидэнтэй холбогджээ. Хими эмчилгээний тасгийн эмч нарын бэлтгэн хүргэдэг энэхүү цахим хуудсыг идэвхтэй дагагч, байнгын уншигчийн тоо 2000 гаруй болсон нь хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, эмчилгээний арга, үр дүн, хяналтын талаар өвчтөн болон тэдний ар гэрийнхэнд зөв мэдээлэл өгөх нь тулгамдсан асуудал байсныг харуулж байгаа юм. Ингээд зогсохгүй нийгэмд хорт хавдраас урьдчилан сэргийлэх ойлголтыг дээшлүүлж хавдрыг бууруулах үйлсэд том хувь нэмэр оруулж байна гэж дүгнэж болно.
-ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийнхны ойрын ирээдүйн төлөвлөгөөний талаар товчхон дурдана уу?
-Цахим хуудсаа улам өргөжүүлэн, тогтмолжуулах, хувь хүнд чиглэсэн бай болон дархлаа эмчилгээний дэвшилт аргыг эмнэл зүйд нэвтрүүлэхээс эхлээд төлөвлөсөн олон ажил байгаа. Тэдгээрээс гол чухлыг нь дурдвал, эмнэл зүйн судалгааг олон улсын хавдрын нийгэмлэгүүдтэй хамтран хийж, эмч, судлаачдыг бэлтгэн, хими эмчилгээний бие даасан судалгааны хүрээлэн байгуулах, үүний тулд нэн тэргүүнд суурийг нь тавих юм. Хими эмчилгээний үр дүнг тооцсон судалгааны үр дүнг дотоодын болон гадаадын мэргэжлийн хэвлэл, сэтгүүлд нийтлүүлснээр олон улсын эмч, судлаачдаас туршлага судлан, эмчилгээний арга улам боловсронгуй болно. Түүнчлэн бид аймаг, дүүргийн хими эмчилгээний эмч нартай хамтран эмчилгээнд хамрагдсан болон хяналтад байгаа өвчтөний судалгааны бааз үүсгэн ажиллах нь бас нэгэн зорилт. Мөн орон нутгийн хавдрын эмч нартай хийдэг теле сургалтыг тогтмолжуулна гэхчлэн залгамж болгон авч яваа ажлууд, шинээр төлөвлөсөн, санаачилсан зүйл олон байгаа. Энэ ташрамд, ХСҮТ-ийн хамт олон, энэ эмнэлэгт ажиллаж байсан ахмад үеийнхэндээ болон Хими эмчилгээний тасгийнхандаа Монгол Улсад Хавдар судлалын үндэсний алба байгуулагдсаны 60 жилийн ойн мэндийг сониноор дамжуулан хүргээд хүн амыг эрүүлжүүлэх их үйлсэд нь улам их амжилт хүсье.