Газрын тосны ханш дөрвөн долоо хоног дараалан хямдарлаа. Европын орнуудад коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгаа, Австрид гэхэд энэ долоо хоногоос хөл хорио тогтоохоор буй нь “хар алт”-ны үнэд ийн нөлөөлсөн тухай “Reuters” дамжуулав. Бас Европын хамгийн том эдийн засагтай ХБНГУ-д хөл хорио тогтоох магадлалтай аж. Баасан гарагт уг таваарын ханш гурав орчим хувиар буурснаар баррелийнх нь үнэ 80 ам.доллароос доошилсон байна. Мөн ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэх “Brent” төрлийн нефтийн ханш 2.9 хувиар хямдарч, баррель нь 78.6 “ногоон”-той тэнцжээ. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сард худалдан авах WTI маркийн баррель нефтийн ханш 3.6 хувиар бууран 76 ам.доллар болсон байна. Ташрамд дурдахад, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн гишүүн болон бусад үйлдвэрлэгч орны “хар алт”-ны олборлолт өнгөрсөн аравдугаар сард тооцоолсноос бага байсан үзүүлэлт гарчээ.