Улаанбаатарын дийлэнх зах, дэлгүүрт энэ сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай, нэг кг махыг дунджаар 10 900, үхрийнхийг 13 550 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос үхрийн махны үнэ 100-130, хониных 20-30 төгрөгөөр нэмэгдсэн дүн гэдгийг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Түүнчлэн үхрийн цул мах кг нь дунджаар 14 500, хониных 12 000 төгрөг байсан нь долоо хоногийн хугацаанд 1-3 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн монгол төмс нэг кг дунджаар 1100, лууван 2800, байцай 2200 төгрөгийн үнэтэй байсан нь арванэгдүгээр сарын эхний хагасынхаас 5.5-8.3 хувиар ахисан дүн гэнэ. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд малчдаас бөөнд нь тооцон, хонины нэг кг махыг 6000-7000, үхрийнхийг 6800-8800, ямааныхыг 4500-5800 төгрөгөөр худалдан авсныг ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах”-д дурдсан байна. Энэ нь жижиглэнгийн үнээс кг тутамдаа 5000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Ташрамд мэдээлэхэд, махны үнийг өсгөхөд гол нөлөө үзүүлэгч дундын зуучлагчдын оролцоог багасгах, иргэдийг нэг дороос хямдавтар бүтээгдэхүүн худалдан авах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нийслэлд 31 байршилд, мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа гаргана гэсэн ч уг арга хэмжээг хойшлуулж, энэ долоо хоногийн сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.