Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн биеийн тамирын багш Д.Шивоонцоо волейболын өсвөрийн багийг бэлтгэл хийлгэхийн зэрэгцээ “Алтайн барс” багт хамгаалагчаар тоглодог. Дээд лигт энэ удаа орон нутгаас хүч түрэн орж ирсэн баг бол “Хөвсгөл шинэ үе”. Тэрбээр тус клубийн эмэгтэйчүүдийн багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, тоглолтод сойж байгаа. Нэрнээсээ эхлээд сонирхолтой санагдах түүнийг олж, уулзах амар байсангүй. Тэмцээнтэй өдрүүдэд хамгийн завгүй ажилладаг болохыг нь түүний ажлын цагийн хуваариас мэдсэн юм. Сургуулийнхаа сурагчдад өглөө нь хичээл зааж, өдөр нь тоглолтод оролцож, тэмцээнгүй өнжсөн өдөр “Хөвсгөл шинэ үе” багийнхны бэлтгэлийг хийлгэдэг аж. Тэрбээр “Надад заримдаа хоногийн 24 цаг хүрэлцдэггүй шахам. Найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлдээ санаа тавих зав ховор гардаг. Миний ажлыг сургуулийн удирдлага, хамт олон ойлгож, тэмцээнтэй үед ажлаас чөлөөлдөг. Эхнэр минь эмч мэргэжилтэй. Гэр бүлийнхэн минь дэмждэгийн хүчинд энэ олон ажлыг зэрэг амжуулж байна” хэмээн өгүүлснээр бидний ярилцлага эхэлсэн юм.
-Та содон нэртэй юм. Багийнхан тань анх сонсоод гайхсан байх даа.
-Хүмүүс миний нэрийг сонсоод эхэндээ их гайхдаг. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумд төрж өссөн. Хүүхэд байхдаа байсхийгээд өвддөг тул ээж минь нутгийн З.Чимэд-Ёндон хэмээх номтой ламд үзүүлэхэд 99 судраас нэгийг сугалж, “Энэ хүү хойшид олонд тустай сайн хүн болно. Хожим спортоор хичээллэж магад. Хүүд тань энэ судрыг өгье, хамгаалж явна” гээд Шивоонцоо хэмээх нэр хайрласан гэдэг. Том болоод нэрнийхээ утга учрыг асуухад “Ши амар, воо тайван, цоо нуур” монголчилбол “амар тайван нуур” хэмээх үг юм билээ. Тэр цагаас өнөөг хүртэл эрүүл, саруул явна. Миний нэрийг эмээгээс минь өөр зөв дуудаж, бичдэг хүн ховор. Найз нөхөд, хамт олон, “Алтайн барс” багийнхан минь Шуугий гэдэг юм.
-Спортын төрлүүдээс волейбол сэтгэлийг тань юугаараа татсан юм бол?
-Аймгийнхаа II арван жилийн “Номун” ахлах сургуульд байхдаа волейбол сонирхож, дасгалжуулагч Б.Мөнхбат багшийн удирдлагад хичээллэсэн. Манай нутагт 2013 онд аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн болоход “Тэнүүн-Огоо” клубийн тамирчин Ц.Батсайхан, З.Баярт нар ирж тоглосон юм. Тэд миний тоглохыг хараад “Улаанбаатарт чамайг багтаа хамгаалагчаар тоглуулъя” гэж санал тавьсан. Дараа жил нь “Хөвсгөл шинэ үе” клубийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатар багштай танилцуулснаар тамирчин болох гараагаа эхэлсэн. Манай гэрийнхэн спортод тийм ч дуртай биш. Намайг спортоос аль болох холхон явуулж, өөр мэргэжил эзэмшүүлэхийг хүсдэг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөх жил ээж намайг Батлан хамгаалахын их сургуулийн радио холбооны ангид орууллаа. Надад цэргийн хүн болох сонирхолтой санагдаагүй. Гэрийнхэндээ цэргийн сургуулиас гарснаа хэлэлгүй нэг хэсэг нууж явсан. Хотод эгчийндээ амьдарч, өглөө хичээлтэй гэж гараад волейбол тоглож өнждөг байлаа.
-Цэргийн сургуулийг орхисон нөхөр ямар сургууль руу “гүйчихэв”?
-ҮБТДС-ийн оюутан болохоор очтол намайг бөхийн ангид оруулчихсан. Сургуулийн удирдлагатай уулзаад “Би хүүхэд байхаасаа волейбол тоглосон. Тиймээс волейболын багшийн ангид сурмаар байна” гэхэд “Б.Хэрлэн багштай уулзаарай” гэв. Тэрбээр намайг харчихаад эхэндээ тоосонгүй. Бэлтгэлд нь явж үзмээр санагдаад түүнээс гуйлаа. Ингэж ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчийн шавь болж, волейболын ангид суралцсан. Багш нарынхаа удирдлагад бэлтгэл хийсэн миний ур чадвар богино хугацаанд ахисан. Өмнө нь аймгийнхаа багт намхан гэж гологддог байсан би оюутан болоод нутагтаа тэмцээнд оролцож, шилдэг хамгаалагчаар шалгарахад хүмүүс “Чиний ур чадвар үнэхээр сайжирсан байна” гээд урам хайрлаж билээ.
-Дээд лигийн тэмцээнд “Алтайн барс” багийнхантай хэзээнээс тоглов?
-2019 онд “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд “Ховд Алтайн барс” клубийн багийнхантай хамтран ажиллаж, тоглолтод судалгаа хийсэн. Тэр жил манай багт Японоос хоёр легионер (чөлөөт хамгаалагч, довтлогч) ирж тоглосон юм. Тэдний арга барил, техник, тактикт судалгаа хийхдээ өөрийн дутагдалтай талыг олж харсан, бас давуу байдлаа ч хөгжүүлсэн. Багийн ахлагч А.Мөнхбаяр, менежер Б.Бат-Эрдэнэ нар ярилцаад энэ жилийн лигт намайг тоглуулахаар шийдсэн юм. Үндэсний дээд лигийн босго өндөр. Тоглолтод ур чадвартай, туршлагатай тамирчид өрсөлддөг. Тиймээс амжилт гаргахын тулд өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөх ёстойг ойлгосон. Надад ах нараас суралцах зүйл их бий. Энэ багт хөл тавьсан анхны өдрөөс бэлтгэл, тоглолтын ачаалал дааж сурсан. Ахлагчийнхаа ажил, тэмцээнд хариуцлагатай ханддаг, өөртөө болон багийнхандаа өндөр шаардлага тавьдаг зарчимч зан чанараар бахархдаг. Бид хараалын элдэв үг хэлдэггүй, сахилга баттай, харилцааны өндөр соёлтой. Би багийнхныхаа хандлагаас зөв хүн болж төлөвшихийг сурсан. Тиймээс итгэлийг нь дааж явахыг хичээдэг.
-Судалгаа багийн тань тоглолтод ямар үр дүн харуулсан бэ?
-Миний хувьд Монгол, Японы тоглогчдын ур чадвар, техникийг харьцуулан судалж, статистик хөтлөхдөө бүх зүйлийг нэгбүрчлэн бичиж, багийнхандаа тайлбарласан. Анх удаа лигийн тоглолтод ингэж оролцохдоо талбайд үзэгчдийн огших, догдолж, баярлахыг харах сайхан байлаа. Японы тамирчид техникийн ур чадвартай, бас хурд, довтолгоо сайтай, тоглолтын үед хурдан сэтгэж чаддагаараа биднээс давуу байв. Бүр төгс гэж хэлмээр. Бидний гол зорилго бол хөгжөөн дэмжигчдэд лигт намхан легионер хэрхэн ур чадвараа гаргаж, ямар арга барил, тактик, техникээр тоглож байгааг харуулахыг хүссэн юм. Волейболын тэмцээн ямар ч сонирхолгүй гэх ойлголтыг халж, манайхан гал гарсан тоглолтоороо харуулсан. Тэр лиг тамирчдыг хөглөж, олонд урам өгсөн. Өмнө нь өрсөлдөөнтэй болдог байсан уур амьсгалыг эргүүлээд авчрах шиг санагдсан. 2019 оны лигийн тоглолтод манай багийнхан “Ховд Алтайн барс” нэртэй оролцсон бол энэ удаа “Алтайн барс хилчин” болсон. Тамирчдыг минь “Хилчин” клубийнхэн бүх талаар дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл боломжоор хангасан.
-Та эмэгтэйчүүдийн багаас “Хөвсгөл шинэ үе”-ийнхнийг энэ жилийн лигт сойж байгаа. Тэд II тойргийн тоглолтод хэрхэн оролцож байна вэ?
-Б.Болдбаатар багш бид хоёрын гар, сэтгэл нийлдэг. Өдий зэрэгтэй яваа минь түүний хичээл зүтгэл, хөдөлмөртэй салшгүй холбоотой. Өнгөрсөн жилээс багштайгаа хамтарч, тус клубийн эмэгтэйчүүдийн багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. Багш ямар ч үед миний нөмөр нөөлөг болж ирсэн. Тэрбээр ахлах дасгалжуулагчийн хувьд тамирчдынхаа далд авьяасыг нээж чаддаг. Энэ арга барилаараа бусдаас ялгардаг. Энэ клубийнхэн өмнө нь залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртээгүй. Тэгвэл энэ жил дээд лигт анх удаа оролцож, II тойргийн тэмцээнд чамлахааргүй амжилттай тоглож байна. Монголын волейболын дээд лигийн аваргаар дөрвөн удаа шалгарсан, цомын аваргаар шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэн “Энагура” багийнхныг 3:0-ээр хожлоо. Хүчирхэг багтай тоглоод хожсон тамирчдаасаа урам авсан. Тус багт лигийн тэмцээнд тоглодог хоёр тоглогчоос бусад нь шинэ тамирчин. Энэ удаа залуучуудаар хүч сэлбэж, баг бүрдүүллээ. “Хөвсгөл шинэ үе” багийнхан орон нутагт волейбол хөгжиж, амжилт гаргах хэмжээнд ойртож очсоныг харуулж байгаа. Бид дараа жил энэ удаагийнхаас илүү амжилт гаргах зорилготой оролцоно. Одоогоор тэмцээн өндөрлөх болоогүй. Ирэх сарын 25 хүртэл үргэлжлэх тул ямар баг түрүүлэх нь тодорхой бус байна.
-Завгүй байсан ч төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулахыг хичээдэг зан танаас цухалзаж байна шүү.
-Лигийн тоглолт эхэлчихсэн үед ачаалалтай ажилладаг. “Хөвсгөл шинэ үе”-ийн охидыг дасгалжуулна, өөрөө “Алтайн барс хилчин” багт тоглоно, тэмцээнгүй өнжсөн өдөр багийнхантайгаа бэлтгэл хийнэ, сургуулийнхаа сурагчдад биеийн тамирын хичээл заана, өсвөрийн багийг бэлтгэнэ гээд амрах зав бага гардаг. Цар тахлын үед тэмцээнгүй байсан ч шавь, тамирчдынхаа бэлтгэлийг тасалдуулахгүй хийлгэсэн. 2018 онд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллахдаа волейболын секцэнд 8-9 настай хүүхдүүдийг сонгон авч хичээллүүлсэн юм. Миний гол зорилго бол сайн дасгалжуулагч болж, гарын шавь бэлтгэх. Тэднийгээ мэргэжлийн тамирчин болохоор нь “Хөвсгөл шинэ үе”, “Ховд Алтайн барс” багт тоглуулах бодолтой. Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумд өсвөрийн, мини волейболын аварга шалгаруулах тэмцээнд 102 баг оролцоход шавь нар минь шигшээ 16-д шалгарсан. Бид ирэх жил зохион байгуулах өсвөрийн АШТ-д амжилттай өрсөлдөхөөр төлөвлөсөн. Мөн сургуулийнхаа волейболын шигшээ багийг бэлтгэл хийлгэж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулдаг. Багийн тоглогчдын олонх нь оюутан болсон тул шинэ баг бүрдүүлээд ажиллаж байна.
-Эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулах амаргүй санагддаг уу?
-Би өмнө нь эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж байгаагүй. Энэ жил анх удаа лигийн тоглолтод оролцууллаа. Дасгалжуулагч тамирчдынхаа сэтгэл зүйн байдал, зан чанарынх нь онцлогийг сайн ойлгодог байх ёстой. Хөвгүүдийг бодвол охид сэтгэлээр амархан унаж, шүүмжлэлд эмзэг ханддаг. Бэлтгэл нь ч адилхан, амархан унаж, хурдан сэргэдэг. Өөрөө тоглож байх үедээ тамирчид шиг хувийн бэлтгэл, багийнхаа тоглоход анхаарал хандуулна. Тэгвэл тоглолтоо өндөрлүүлээд эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулахад тамирчны сэтгэхүйгээс хурдан гарах шаардлагатай болдог. Заримдаа дасгалжуулж байгаа хэрнээ дунд ороод тогломоор санагдана. Тэр үед “Би ингэж болохгүй, бүхэл бүтэн баг дасгалжуулж лигийн тэмцээнд оролцуулж байж” гэж бодно. Энэ мэтчилэн хааяа өөртэйгөө зөрчилдөх үе гардаг. Дасгалжуулагчийн ажлын амаргүйг зах зухаас нь ойлгож байна.
-Шавь нарынхаа ар гэрийнхэнтэй хэр холбоотой ажилладаг вэ. Хүүхдээр нь дамжуулж, эцэг, эхийнх нь хандлагыг өөрчлөх хэрэг гардаг уу?
-Багш нарт шавь нарынхаа ар гэрийнхэнтэй холбоотой ажиллах хэрэг өдөр бүр гардаг. Тиймээс хүүхдүүдийг эцэг, эхээс нь илүү ойлгож, дэмжих хэрэгтэй байдаг юм. Багш, шавийн итгэл дээр багийн спортод амжилт гаргах ур чадвар хөгжинө. 97 дугаар сургуульд багшаар ирж, хүүхдүүдийг волейболын дугуйланд сонгож авахад эцэг, эх нь тэр үед “Ийм жаахан хүүхдүүд бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хэмжээнд тоглож чадах уу. Цаашдаа волейболоор тууштай хичээллэнэ гэдэгт нэг л итгэхгүй байна” гэдэг байлаа. Тэр үеэс шавь нартайгаа саад бэрхшээлийг даван туулсан. Хүүхдүүд бэлтгэлээ таслахгүй хийж, жилийн дараа тэмцээнд оролцож, ур чадвараа ахиулснаа үгээр бус, үйлдлээрээ эцэг, эхдээ харууллаа. Хүүхдүүдийнхээ хичээл зүтгэлийг хараад тэдний хүлээж авах хандлага өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Хүүхдүүд ч тамирчны үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, бэлтгэлтэй өдөр өглөө босож, эрт амарна. Тэмцээний өмнөх өдөр хичээлээс чөлөө авах, тоглолтын хувцсаа бэлдэх зэргээр хөдөлмөрч боллоо. Үүнээс гадна амьдралын зөв дадалд суралцаж, гар утас, цахим ертөнцөөс түр боловч холдож, хоёр цаг бэлтгэл хийхэд цаг хугацааг ямар үр дүнтэй өнгөрүүлдгийг ойлгодог болсон байна. Спортын төрөл болгон хичээллэх арга барил, техниктэй. Тиймээс хүүхдүүдийг багаас нь клубийн системээр насанд нь тохирсон дасгал, хөдөлгөөн зааж, хэвшүүлбэл зөв дадалтай болно. Шавь нар минь анх ирсэн үеэ бодвол одоо авьяас, ур чадвараа хөгжүүлж, тэмцээнд оролцох хэмжээнд хүрлээ. Энэ ташрамд, дээд лигийн тоглолтод оролцож байгаа “Хөвсгөл шинэ үе”, мөн “Алтайн барс хилчин” багийнхандаа амжилт хүсье. Тамирчдадаа бэртлээс хол байж, багийнхантайгаа нэгдмэл зорилготой тоглож, медальд хүрээрэй” гэж хэлье.