Хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-иар хэлэлцэж буйтай энэ нь холбоотой. Манай улс 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, хэрэгжүүлжээ. Гэсэн ч уг хууль нь техник, технологи өндөр хөгжсөн өнөө үеийн шаардлагыг хангадаггүй, улмаар хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалж чадахгүй байна. Энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчин, иргэдийн хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаар өмгөөллийн “Номин энд адвокатс” ХХН-ийн хуульч Б.Түшигжаргалтай ярилцлаа. Тус байгууллага нь хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны болон практик судалгааг хийжээ.
-Хувь хүний нууц, хувийн мэдээллийн талаар олон нийт тийм ч нарийн мэдээлэл, ойлголтгүй байгаа нь алхам тутамд анзаарагддаг. Ер нь хувийн нууц, хувийн мэдээлэл нь юугаараа ялгаатай вэ?
-Хувь хүний нууц, хувийн мэдээлэл гэдэг нь одоо үйлчилж буй хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд ялгаатай ойлголт. Үндсэн хуульд иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гээд, тэр дундаа “хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу 1995 онд Хувь хүний нууцын тухай хууль баталсан. Энэ нь цөөн зохицуулалттайн зэрэгцээ хувь хүний нууцыг хангалттай хамгаалж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Эл хуулийн дагуу хувийн нууц гэдгийг энгийнээр тайлбарлавал үндсэн гурван шаардлага хангасан байна. Нэгдүгээрт, хуульд заасан мэдээлэл. Хоёрдугаарт, задарсан тохиолдолд тухайн хүний нэр төр, алдар хүндэд нь илт хохирол учруулахуйц мэдээлэл. Гуравдугаарт, хэлбэрийн хувьд мэдээ, баримт бичиг, биет зүйл байх ёстой. Цаашлаад хувь хүний нууцыг гэр бүлийн, хөрөнгийн, захидал харилцааны, эрүүл мэндийн, бусад гэсэн таван хэсэгт ангилжээ. Шүүхийн практикт хувь хүний нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ дээр дурдсан гурван шаардлага, таван ангилалд нийцэж буй, эсэхийг нь харгалзан үздэг. Эдгээр нь маш өндөр шаардлага төдийгүй хувийн нууцыг нэлээд явцуу хүрээнд тодорхойлсон. Харин хүний хувийн мэдээллийн тухайд манай улсад өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжид тусгайлан заагаагүй. Олон улсын жишгээр тухайн хүнийг тодорхойлж болохуйц бүхий л зүйлийг хувийн мэдээлэл гэж үздэг. Тухайлбал, бидний өдөр тутам ашигладаг утасны дугаар, гэрийн хаяг зэрэг нь нууц гэхээсээ илүү хувийн мэдээлэлд хамаардаг.
“МЭДЭЭЛЭЛ АЛДАГДЛАА Ч ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ БОЛОМЖ МАШ ХЯЗГААРЛАГДМАЛ”
-Хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны болон практик судалгаагаар ямар дүгнэлт гарсан бол. Манай улсын иргэд хувийн нууцаа хамгаалуулж чадаж байна уу?
-Өмнө нь “Глоб интернэшнл” төвийнхөн болон хуульч Л.Галбаатар эрх зүйн орчны судалгаа хийсэн. Бидний хувьд “Нээлттэй нийгэм форум”-ын төслийн хүрээнд судалгаа хийж, хууль, эрх зүйн орчноос гадна практик буюу байгууллагууд иргэдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, хадгалан, хяналт тавьдгийг тодруулахыг зорьсон. Ерөнхийд нь харвал Монголд энэ талаар төдийлөн судлаагүй. Цаашид практик судалгааг илүү өргөжүүлэх шаардлагатай. Судалгааны үр дүнгээс харахад Хувь хүний нууцын тухай хуулиар тодорхойлж, хамгаалж байгаа мэдээлэл нь маш хязгаарлагдмал. Жишээ нь, хувийн мэдээлэл алдагдаж, шүүхэд хандахаар хуулийн өндөр шалгуурыг давдаггүй, шийдвэрлүүлэх эрх зүйн үндэслэл үүсдэггүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс “Нууц мэдээлэл биш байна” гээд нэхэмжлэлийг буцаасан тохиолдол түгээмэл. Тэгэхээр мэдээлэл алдагдлаа ч хамгаалуулах, шүүхээр шийдвэрлүүлэх боломж нь маш хязгаарлагдмал гэсэн үг. Бид судалгааныхаа хүрээнд иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдтэй танилцсан юм. Жишээ нь, нэг эмчийг хууль бусаар үр хөндсөн гээд цахим сүлжээнд нийтэлжээ. Гэтэл үр хөндүүлсэн хүн “Үр хөндсөн хүний нэр төрд халдах гэж байхдаа миний хувийн нууцыг ил болголоо” гээд шүүхэд ханджээ. Харин шүүхээс “Таны регистрийн дугаар, нэрийг дарсан байна. Тийм учраас энэ нь таныг тодорхойлж болохуйц мэдээлэл биш. Хувь хүний нууцад хамаарахгүй” гээд нэхэмжлэлийг нь буцаасан. Хувь хүний нууцын тухай хуульд тухайн хүнийг тодорхойлж болохуйц мэдээлэл нь юу байхыг нарийвчлан заагаагүй. Хуулийн ийм хязгаарлагдмал хүрээ нь шүүгчээс нэхэмжлэгчид нэмэлт шаардлага тавих үндэслэл болоод байна уу гэж ажиглагдсан. Уг үйл явдал сумын эмнэлэгт болсон юм. Сумд амьдардаг хүмүүс нэгнээ сайн мэддэг, регистрийн дугаар, нэрийг нь дарсан ч танина шүү дээ. Ийм тохиолдлыг харгалзан үзэх хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна.
-Хувийн нууцаа алдсан гэж гомдол гаргаад, шийдвэрлүүлсэн тохиолдол хэр олон байна вэ?
-Бас нэг жишээ дурдъя. Нэгэн ажил олгогч ажилтныхаа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад тавьжээ. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагын ажилтан иргэнээс зөвшөөрөл авалгүйгээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг нь ажил олгогч руу явуулсан. Ажил олгогч уг дүгнэлтэд үндэслээд түүнийг хөдөлмөрийн чадвараа алдсан, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гээд ажлаас нь халсан. Ингээд тухайн иргэн “Миний эрүүл мэндийн нууцыг задрууллаа” гээд эрүүгийн хэргийн шүүхэд ханджээ. Уг хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн ч шийдвэрлэж чадаагүй. Энэ нь хүний эрүүл мэндийн нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулсан хэрэг мөн боловч “нийгэмд хор аюул учруулахуйц байх” гэдэг шаардлагад нийцэхгүй гэж Дээд шүүх үзээд, иргэний нэхэмжлэлийг буцаасан. Өөрөөр хэлбэл, дээрх тохиолдол нь нийгэмд хор аюул учруулахгүй учраас Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хэрэг биш гэж үзсэн байна. Ийм тохиолдолд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Гэхдээ тухайн иргэн иргэний хэргийн шүүхэд хандсан талаарх баримт олдоогүй.
-Хууль хяналтын байгууллагад хандсан ч үр дүнгүй, эцсийн дүндээ иргэн хохироод л үлддэг гэсэн үг үү?
-Шийдвэрлүүлэх боломж, хууль, эрх зүйн орчин нь хязгаарлагдмал учраас шүүхэд хандсан ч нэхэмжлэлийг буцаадаг. Өөрөөр хэлбэл, манай улсын одоогийн хууль, тогтоомж нь иргэний хувийн мэдээлэл, нууцыг хамгаалдаггүй. Тиймээс иргэн шүүхэд гомдол гаргах эрхгүй ч юм шиг нөхцөл байдал үүсчихсэн. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн маргаануудаас үзэхэд хувийн мэдээлэл алдагдсан гэдэг утгаар нь бус, өөр зүйл заалттай холбон шийдвэрлэсэн нь бий. Тухайлбал, банкны ажилтан харилцагчийнхаа мэдээллийг задруулснаас болоод ажлаасаа халагджээ. Уг хэргийг мэдээлэл алдсан гэдэг утгаар нь бус, хөдөлмөрийн маргаан талаас нь шийдвэрлэсэн байх жишээтэй. Хувийн мэдээлэл алдагдсан хэргийг шийдвэрлэсэн баримтыг бид судалгааныхаа явцад олж үзээгүй.
“МАРТАГДАХ ЭРХ ГЭДЭГ ШИНЭ ОЙЛГОЛТ БИЙ БОЛСОН”
-Иргэд голчлон ямар гомдол шүүхэд гаргасан байна вэ?
-Эрүүгийн хэргүүдийг үзэхэд ихэвчлэн эрүүл мэндийн нууц задруулсан гэх жишээ байсан. Тэдгээр хэрэг нь шийдэгдээгүй, нэхэмжлэл буцаагдсан байна. Хувийн нууц, түүнтэй холбогдох мэдээллээ хамгаалуулах асуудлыг олон улсад хүний эрх гэж үзэн, аль хэдийн зохицуулаад эхэлсэн. Учир нь энэ нь аюулгүй байдлын үүднээс чухал ач холбогдолтой. Ялангуяа интернэт, цахим сүлжээ хөгжсөн үед зөвхөн таны нэр, хаягаар хаана, юу хийж байгааг хянах боломжтой. Цаашлаад тухайн хүнийг мөрдөж мөшгөх ч эрсдэлтэй. Тиймээс хүний хувийн мэдээллийг хамгаалахад ихэд анхаарч, шинэ, сонирхолтой шийдэл ч цөөнгүй гаргасан. Жишээ нь, мартагдах эрх гэсэн ойлголт бий. Европын Холбооны орнуудад мөрддөг, хувийн мэдээллийг хамгаалдаг жишиг зохицуулалт болох Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэмд үүнийг тусгасан. Би хэн нэгэнд өгсөн мэдээллээ хэзээ нэгэн цагт устгуулахыг мартагдах эрх гэдэг. Нэлээд олон жилийн өмнө шүүхэд ялагдаж, байшингаа албадан дуудлага худалдаагаар борлуулсан иргэн Европын Холбооны шүүхэд хандаж, “Google”-ийн илэрцээ устгуулахыг хүсжээ. Тэр хүний нэрийг “Google”-ээс хайхаар зөвхөн шүүхэд ялагдсан мэдээлэл нь гарч ирдэг байж. Тэрбээр “Би ажилд ормоор байна. Гэтэл ажил олгогч миний нэрийг интернэтээс хайхаар ийм мэдээлэл гарч ирээд буй нь сөрөг нөлөөтэй байна” гэсэн нэхэмжлэл гаргасныг Европын Холбооны шүүхээс ханган шийдвэрлэсэн байдаг.
-Танай байгууллага судалгааныхаа хүрээнд иргэдийн хувийн мэдээллийг аж ахуйн нэгжүүд хэрхэн цуглуулж, хадгалж буйг нягталсан гэсэн. Ямар үр дүн гарсан бол?
-Худалдааны, зээлийн, даатгалын, технологийн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн компанийг бид судалгаандаа хамруулсан. Тэдгээр компани мэдээлэл хадгалах дотоод журамтай байсан. Гэхдээ журмынх нь зохицуулалтууд ялгаатай. Манайд нийтлэг журам байхгүй учраас байгууллага бүр өөрөөр зохицуулахаас ч аргагүй. Цуглуулсан мэдээллүүдээ зарим компани цаасаар, олонх нь цахимаар хадгалдаг гэсэн хариулт өгсөн. Мөн ихэнх нь мэдээллийн аюулгүй байдал хамгаалах ажилтантай байсан нь сайшаалтай. Бас нэг зүйл нь мэдээлэл цуглуулахдаа үйлчлүүлэгчээс тусгайлан зөвшөөрөл авч байна. Харин мэдээллийг өөр этгээдэд дамжуулахдаа зөвшөөрөл авдаг уу гэхэд зарим компани “Анх цуглуулахдаа зөвшөөрөл авдаг. Гуравдагч этгээдэд дамжуулахдаа дахин зөвшөөрөл авдаггүй” гэж хариулсан. Европын Холбооны дүрмээр бол мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахдаа заавал дахин зөвшөөрөл авах ёстой.
“МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨХГҮЙ” ГЭЖ ТАТГАЛЗАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ”
-Банк, томоохон дэлгүүр, худалдааны төвөөс карт авахад иргэдийн хувийн бүх мэдээллийг цуглуулдаг. Бас сургуулиуд хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хувийн мэдээлэл, цалин орлогынх нь хэмжээг хүртэл авч байна. Иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах эрх тэдгээр байгууллагад бий юү. Үүнийг зохицуулсан хууль, эрх зүйн орчин манайд байна уу?
-Яг үүнийг зохицуулсан хууль, эрх зүйн орчин алга. Аж ахуйн нэгжүүдийн цуглуулсан мэдээлэл нь зорилгодоо нийцэж байна уу, шаардлагатай юу гэдэг нь эргэлзээтэй. Европын Холбооны орнуудад мөрддөг Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэмд “Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах үйл явц нь тухайн өгөгдлийн эзний зөвшөөрөлд үндэслэх ёстой” гэж заасан. Зөвшөөрлийг бичгээр авах бол ойлгомжтой, энгийн үгээр илэрхийлсэн байх ёстой. Тухайн хүний хувийн мэдээллийг авах нь олон төрлийн зорилготой байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд зорилго тус бүрт зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авах үйл явц нь дарамт шахалтгүй, чөлөөтэй байх ёстой. Сургуулиудын хувьд судалгааны зорилгоор, ерөнхий зураглал гаргах маягаар мэдээлэл цуглуулж болно. Гэхдээ мэдээллийг ангийн багш биш, өөр хүн цуглуулах ёстой. Багш сурагчийн мэдээллийг шууд авч болохгүй. Ийм тохиолдол гарвал мэдээллээ өгөх хүн “Надад ийм үүрэг байхгүй. Мэдээллээ өгөхгүй” гэж татгалзаж сурах ёстой. Ялангуяа хувийн мэдээллийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй манай улсад өгөгдлийн эзэн өөрөө маш болгоомжтой байх хэрэгтэй.
-Сонгуулийн үеэр иргэдийн хувийн мэдээлэл дурын хүний гарт орчихсон байдаг. Жишээ нь, хаанахын хэн болох нь мэдэгдэхгүй хүн утсаар ярьж, “Та хэнд саналаа өгөх вэ” гэж асуудаг. Ийм асуудлыг хянаж, шийдвэрлэж, арга хэмжээ авсан тохиолдол бий юү?
-Ийм хэргийг шийдвэрлэсэн шүүхийн практикийг бид судалгааныхаа явцад олж хараагүй. Энэ тохиолдолд шүүхэд хандлаа ч эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг өмнө дурдсан шүү дээ.
-2.3 сая монгол иргэний хувийн мэдээллийг зарах гэсэн асуудал саяхан үүслээ. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Энэ нь мэдээллийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Иргэд төдийгүй төрийн байгууллагууд хүртэл мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг ер хангадаггүй. Жишээ нь, төрийн байгууллагынхан албан ажлаа фэйсбүүк, вайбер зэрэг нийгмийн сүлжээний аппликэйшнээр дамжуулан явуулдаг. Тэгэхээр иргэдийн чухал мэдээллүүд хувь хүний буюу тухайн байгууллагын ажилтны цахим сүлжээнд хадгалагдан үлдэх эрсдэлтэй. Энэ мэт асуудлаас болж л олон иргэний хувийн мэдээлэл алдагдсан гэж харж байна. Мөн иргэд мэдээллийн аюулгүй байдлаа сайн хангаж чаддаггүй. Олон вэб сайтад яг ижилхэн нууц үг хэрэглэдэг. Эсвэл утасны дугаар, нэр зэрэг тааж болохуйц зүйлийг ашиглан нууц үг үүсгэж байгаа нь эрсдэлтэй. Нэг нь алдагдахад бусад нь ч халдсан этгээдийн гарт орно гэсэн үг. Тиймээс аль аль талдаа кибер аюулгүй байдлаа хангах нь чухал. Үүнээс сэргийлэхийн тулд хувь хүн haveibeenpwned.com вэб сайт руу ороод, утасны дугаар юм уу, и-мэйл хаягаа бичвэл таны мэдээлэл хаана алдагдсаныг харж болдог. Хэрэв мэдээлэл тань алдагдсан байвал нууц үгээ солих гэх мэтээр арга хэмжээ авах ёстой.
-“Ковид-19” дотоодод тархахад анх өвчилсөн иргэн Д-гийн мэдээллийг цахим орчинд тарааж, бараг иргэн бүр мэддэг болсон. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
-Хувь хүний нууцын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай, онцгой тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр хувийн нууцыг задруулж болно” гэж заасан. Яг ямар үед ийм арга хэмжээ авахыг Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулах ёстой. Уг хуульд тухайн нөхцөл байдалдаа тохирсон цар хүрээ, хугацаатай, үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хэмжээгээр хязгаарласан, бодитой, тохирсон арга хэмжээ авна гэсэн шалгуур бий. Тэгэхээр хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол нэгдүгээрт, тухайн нөхцөл байдалдаа тохирсон байх ёстой. Хоёрдугаарт, зайлшгүй шаардлагатай байна. Цар тахлын үед иргэн халдвар авсан гэдэг мэдээллийг зайлшгүй шаардлагаар олон нийтэд өглөө гэж бодъё. Гэтэл тухайн хүний нэр, ажилладаг байгууллага, гэр бүлийн мэдээллийг задруулах шаардлагагүй.
“ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ”
-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан. Өдгөө үүсээд буй асуудлуудыг уг шинэ хуулиар шийдвэрлэх боломж бүрдүүлж чадсан уу?
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нь одоогийн эрх зүйн орчныг нэлээд өөрчилсөн. Жишээ нь, хувь хүний нууц гэдэг ойлголтыг хувийн мэдээлэлдээ агуулсан. Ингэснээр одоогийн Хувь хүний нууцын тухай хууль хүчингүй болохоор байна. Хувийн мэдээлэл дотроо биометрик, генетикийн, эмзэг гэсэн тодорхойлолтыг тусган, хамгаалах суурийг нь тавьсан. Гэтэл хуулийн төсөлд орсон зарим зохицуулалт зайлшгүй шаардлагатай биш. Жишээ нь, дахин давтагдашгүй буюу хүний биометрик мэдээлэл болох хурууны хээг зөвхөн төрийн байгууллага авна гэж заасан. Тэгсэн хэрнээ ажил олгогч нь ажилтныхаа биометрик мэдээллийг цуглуулж болно гэж тусгасан. Зөвхөн ажилдаа цагтаа ирсэн үү, үгүй юү гэдгээ бүртгүүлэхийн тулд би дахин давтагдашгүй мэдээллээ ажил олгогчид өгөх нь зөв үү. Бас хуулийг хэрэгжүүлэх тусгайлсан агентлаг байхгүй. Түүнчлэн хуулиар хүлээлгэх хариуцлага, торгууль бага. Хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой хууль зөрчсөн тохиолдолд Европын Холбооны дүрмээр бол торгууль нь маш өндөр байдаг. Тухайн компанийн жилийн орлогын тодорхой хувиар нь торгодог. Манай улсад бол Зөрчлийн тухай хуулиар торгуулийн хэмжээ нь маш бага. Тэгэхээр шинэ хууль нь зорилгодоо хүрч чадах, эсэхийг сайн судалж, технологийн компаниуд, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд саналаа өгч, төслийг илүү сайжруулах шаардлагатай. Сайшаалтай нэг тал нь мартагдах эрхийн талаар хуулийн төсөлд тусгасан байсан. Мөн зөвшөөрөлд суурилсан системийг бий болгосон. Өөр өөр зорилгоор мэдээлэл цуглуулах гэж байгаа бол өгөгдлийн эзнээс тус тусад нь зөвшөөрөл авна. Зөвшөөрөл нь ойлгомжтой, цэгцтэй байх ёстой гэдэг агуулгыг оруулсан. Олон улсад бол зөвшөөрөл авсан гэдгээ мэдээлэл цуглуулагч этгээд өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Үүнийг ч хуулийн төсөлд тусгасан байсан.
-Сэтгүүлчид эрх мэдэл бүхий хэн нэгэн хүн, тухайлбал, улстөрчдийн хувийн мэдээллийг нийтэллээ гэж бодъё. Энэ тохиолдолд хүний хувийн мэдээлэлд халдсан хэрэг үүсэх үү?
-Тухайн мэдээлэл нь ямар шинж чанартайгаас, бас олж авсан арга нь хууль ёсных уу гэдгээс шалтгаалдаг. Хэвлэлийн эрх чөлөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, судалгааны чиглэлээр бусдын хувийн мэдээллийг цуглуулах боломжтой гэж олон улсад үздэг. Үүнийг ч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд тусгасан юм билээ. Ийм тохиолдолд нэг талаас хувь хүний нууцыг хамгаалах, нөгөө талаас хэвлэлийн эрх чөлөө гэсэн хоёр эрх ашиг яалт ч үгүй мөргөлддөг. Гэхдээ улстөрчдийн хувьд олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг гэдэг утгаараа эрх зүйн статус нь арай өөр байна. Жишээлбэл, сэтгүүл зүйд “Panama papers”-ын баримтууд хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчөөгүй гэж олон улсад үздэг. Тиймээс сэтгүүл зүйн зорилгоор буюу олон нийтэд хүргэх чиглэлээр цуглуулсан мэдээлэл нь ихэнх тохиолдолд хувийн нууц, хувийн мэдээлэл задруулсан хэрэгт хамаардаггүй.