УДЭТ-ын 90 жилийн өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Театрын уран бүтээлчид тэгш ойдоо зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахад үзэгчдийн суудалд нэгэн эрхэм инээмсэглэн үзэж суусан нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мушка гуай. Эцэг, эхээс заяасан нэр нь Мушгиа ч иргэний бүртгэлд Мушка гэдгээрээ бий. Төв театраасаа ч насаар ах тэрбээр 20-иодхон настайгаасаа урлагтай амьдралаа холбосон юм. Тэрбээр театрын урлагт 50 гаруй жил зүтгэж, туслахаас ерөнхий найруулагч, Хүүхэд, залуучуудын театрын анхны дарга, найруулагч явсан юм. Мөн аймгуудын театр, соёлын ордонд найруулагчаар ажиллахдаа 70 гаруй жүжиг, олон арван концерт дэглэж байв.
-Театрын 90 жилийн ой тохиолоо. Ярилцлагаа ч таныг театрын урлагтай амьдралаа хэрхэн холбосон тухай асуултаар эхэлье.
-Зүгээр ч нэг 90 жил биш, Монголын ард түмнийг соён гэгээрүүлсэн, ухааруулсан, шинэ санаа, зориг, урам хайрласан 90 жил байлаа. Өвгөн миний хувьд амьд яваагийнхаа ачийг үзлээ гэж онгирч хэлмээр байна. Би сумдаа бага, дунд сургуульд сурч, тэр үед дуу, шүлэг сонирхдог, аймгийн ягаан клубт хүмүүсийн хөл доогуур мөлхөөд ч хамаагүй, хөшигний араар нуугдаж байгаад л тоглолт үздэг хүү байлаа. Гэтэл нэг өдөр Ягаан театрын эрхлэгч Амаасүрэн гэж хүн “Намайг нууцаар жүжиг үзээд байна” гэж сургуулийн захиргаанд матдаг юм байна. Удаа дараа матсан шүү. Харин сургуулийн захиргаанаас хичээл хийхгүй байна гэж уурлаад, хөөнө гэв. Би ч “Дахиад тийм зүйл болохгүй, битгий хөөгөөч” гэж гуйсан. Захиргаа ч ёсоор болголоо. Гэхдээ л жүжиг үзэх хүслээ хорьж дийлээгүй. Тэгсэн нэг өдөр өнөөх Амаасүрэн эрхлэгч намайг чихдэж өрөөндөө оруулаад “Чи яасан янзын хүүхэд вэ. Чи тийм их урлаг, уран сайханд дуртай юм бол үүнийг уншаад цээжил” гээд нэг ном өгсөн нь Л.Цэнд-Очир гуайнх. Тэндээс шүлэг цээжилж, түүнийгээ сургууль, цэргийн ангид очиж уншдаг болов. 12-13-тай л байсан юм уу даа. “Шүлэгч ногоон хүү” хочтой ч болсон. 1945 оны хавьцаа Улаанбаатарт шинээр байгуулагдсан Уран сайхны сургуульд хүүхэд элсүүлэх хүмүүс Норовлинд очиж шалгасан юм. Тэндээс Б.Жавзан, Д.Лхасүрэн, бид гурав тэнцэж, урлагт хөл тавьсан даа.
-Таныг хэн уран бүтээлч болгов. Багш нарынхаа тухай яриач, та?
-Тэр үед Уран сайхны сургууль хуучин төв циркийн ар талд буюу одоогийнхоор бол Зуун айл орчимд байв. Улаанбаатарт ирэхэд хамгийн түрүүнд тосож авсан хүн нь Э.Оюун багш. Мэргэжлийн минь захад хүргэсэн хүмүүс бол Д.Цэрэндулам, Д.Чимид-Осор багш нар. Хоёр багш театрт жүжигт тоглоно. Бид даавуугаар цавуудаад наачихсан салбайсан улаан үнэмлэхээ өвөртлөөд “Бөмбөгөр ногоон” руу гүйнэ. Багш нарынхаа жүжиглэж байгааг харах нэг ёсны хичээл учраас байн байн үздэг байв. Д.Чимэд-Осор багш минь “Урлагийн мөн чанар нь амьдрал. Амьдралыг сайн судал. Амьдрал шиг уран, нарийн зүйл байдаггүй” гэдэг байлаа. Мөн Нямын Цэгмид гэж хүнийг миний багш гэж би нүүр бардам хэлнэ. Олон ч жүжигт нь дагаж ажиллаж байлаа. Ямарваа зүйлийн улыг олох гэж айхавтар ухаж төнхдөг, бүр үндсийг нь гаргах гэж чармайдаг хүн байсан сан. 1947 онд сургуулиа төгсөхдөө маршал Х.Чойбалсангаас бэлэг авч байлаа. “Уран сайхны сургуулийн Дэндэвийн Чимэд-Осор багштай жүжиг ангийн сурагч Батмөнхийн Мушка” гээд л дуудсан. Багш минь мөн их баярласан даа.
-Багшийнхаа хэлснээр амьдралыг судалж чадсан уу, та?
-Хүн сонсоход итгэхгүй ч байж мэдэхээр амьдрал туулсан хүн, өвгөн ах нь. Ээж минь намайг 17-хон насандаа төрүүлсэн юм. Гэтэл намайг төрөхөд нутгийн лам “Хүн болохгүй хүүхэд байна. Гэртээ байлгаж болохгүй” гэж л дээ. Ингээд л хөгшин ижийд минь намайг өгч, шовгор оромжинд тусгаарлачихсан гэдэг. Гологдмол хүн, нэр ус ч үгүй хэдэн сар болсон байгаа юм. Ээж минь эрт өөд болж, хөгшин ижий минь өнгөрч, би хойт аавынхаа дэргэд өссөн. Хойт эцэг гэж хэлэх дургүй. Эцэг хүн ямар байдгийг надад мэдрүүлж өсгөсөн хүн байгаа юм. Хүн болохгүй гэж байсан хүү өнөөдөр 95 хүрэх гээд л явж байна. Л.Цогзолмаа намайг “Өгсөж уруудаж, өндөр дээрээс бөмбөрч үзсэн хүн” гэж хэлдэг юм. Энэ хугацаанд амьдрал үзлээ, харлаа, тууллаа.
-Уран бүтээлийн гараагаа ямар жүжгээр эхэлж байв?
-Уран сайхны сургуульд сурч байхдаа Э.Оюун багшийн найруулсан “Улаан бүч” хүүхдийн жүжигт дүр бүтээгээд, давхар туслах найруулагчийн үүрэг авсан юм. 1947 онд сургуулиа төгсөж, “Бөмбөгөр ногоон”-доо, алтан үеийнхнийхээ “гарт” очсон. “Цогийн идэр нас” жүжигт Д.Чимэд-Осор, Д.Цэрэндулам багш минь тоглодог байлаа. Үзэх хачин дуртай. Сургуулиа төгссөний дараа тэр жүжгийнхээ Төмөр гэж туслах дүрд тоглох завшаан надад олдсон. Тэр жил Урлагийн хэрэг эрхлэх хорооны шийдвэрээр театрт туслах найруулагчаар томилогдлоо. Юу ч мэдэхгүй намайг Н.Дугарсанжаа гуай хөтөлж, байв. Э.Оюун багш хамгийн их дэм болно. Хүмүүс туслах найруулагчийн ажилд дуртай биш. Гэхдээ хэн дуртай нь хийж чадахгүй. Туслах найруулагч уг чанартаа жүжигчидтэй жинхэнэ гардан ажиллаж, найруулагчийн анхны тавилтыг эвдэхгүй улам бататгаж явах үүрэгтэй. Олон багш, нөхдийн буянаар би тэр ажлыг арав гаруй жил хийсэн. Гэхдээ тэр үед багш нарынхаа өгсөн үүргийг л биелүүлж байснаас биш, сайн найруулагч байж чадаагүй дээ гэж өөрийгөө чамлаж боддог юм.
-Э.Оюун багш тань таныг Д.Намдаг гуайтай танилцуулсан гэдэг. Ямар тохиолоор танилцаж, түүний уран бүтээлд тоглосон юм бэ?
-Ухаантны шар гэгддэг театрын байр байлаа. Тэрний хажууханд хэдэн гэр байна. Тэнд очиж уулзаж байснаа тод санадаг юм. Театрт ажиллаад хоёр, гурван жил болчихсон үе. Нэг орой Э.Оюун багш “Айлд очоод ир” гээд явуулсан нь Д.Намдаг гуайнх. Шинэ барьсан жижигхэн цагаан гэрийнх нь шалаар хэдэн ном дэлгээстэй байсан санагдана. Ингэж танилцаж, түүний “Залуу үе” жүжгийн Дэндэв гэж атаархуу, хорон санаатай хүүгийн дүрд тоглосон юм. Тэр дүрд тоглосны дараа хүүхдүүдэд чичлүүлдэг, чулуугаар шидүүлдэг байлаа.
-Та бас В.И.Ленин “болсон” байх аа?
-1951 онд С.Гэндэн найруулагч “Лениний гэр бүл” жүжиг тавьж, би Лениний бага насанд тоглох болов. Сургуулилалт хийж байхад Ц.Цэгмид ах байнга хөшигний цаанаас хараад зогсчихно. Би айна, эмээнэ гэж жигтэйхэн. Яагаад намайг хараад байдгийг нь асуутал “Би Лениний идэр насанд тоглох учраас чиний үргэлжлэл гэсэн үг. Чиний амьдралыг хэрхэн харж, хэрхэн сэтгэж байгаагаас чинь миний дүр шалтгаалах учраас хооронд нь уяж өгөх учиртай” гэж байлаа. С.Гэндэн найруулагчид тоогдон эл жүжигт Д.Ичинхорлоо гуайтай ээж, хүү болж тоглосондоо үргэлж талархдаг даа.
-Монголын үзэгчдэд У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийг анхлан хүргэсэн уран бүтээлчдийн нэг гэдгийг тань театрын урлагт дурлагсад анхдахгүй. Эл уран бүтээлийг тавих үйл явц хэрхэн өрнөсөн бол?
-Л.Ванганы санаачилгаар МУИС-ийн дэргэд 1957-1961 онд театрын урлагийг хөгжүүлэх үндэсний найруулагчийн анги нээж, би тэнд суралцсан. Төгсөхөд намайг Хэнтий аймаг руу хуваарилав. Уг нь гурван сарын томилолт байсан боловч очсон хойно гурван жил болж сунгагдсан. Хэнтийд байхад Ю.Цэдэнбал дарга манай театрын тоглолтыг үзэж, удалгүй “Үнэн” сонины тэргүүн нүүрт нийтлэл гарсан байв. Түүнээс төд удалгүй намайг төв театр руу татлаа. Бүр ерөнхий найруулагчаар. Гурван жил ерөнхий найруулагчаар ажиллахдаа “Яндангийн дуу”, “Алтан загасны үлгэр”, “Интоорын цэцэрлэг” зэрэг бүтээл найруулсан. Тэгж байтал төв театрын дэргэд Хүүхэд залуучуудын театр бий болж, би театрын дарга, найруулагчийн үүргийг хавсарч явлаа. Харин тэр үед буюу 1966 онд Соёлын яамнаас С.Гэндэн найруулагчтай хамтран “Ромео, Жульетта” жүжгийг тавих үүрэг авсан юм. Ингэж л эл агуу зохиолыг Монголын үзэгчидтэй “уулзуулах” боломж олдсон доо.
-Та орон нутгийн олон театр, соёлын ордонд ажиллаж явсан юм билээ. Яагаад төв театртаа байж болоогүй юм бэ?
-Тухайн үед Ховд, Дорнодоос өөр театртай аймаг байгаагүй. Мэргэжлийн жүжигчид ч ховор байсан учраас орон нутгийн Соёлын төвүүдийг театр болгох бодлого хэрэгжүүлж байсан үе. Хүүхэд, залуучуудын театраас өөрийн хүсэлтээр хөдөө рүү шилжчихсэн. Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Булган аймагт 30 гаруй жил ажиллажээ.
-Хамгийн сүүлд театртаа ямар уран бүтээл үзэв. Залуу уран бүтээлчдийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Шинэ уран бүтээл нээх бүртээ л хүүхдүүд урьдаг боловч тэр бүр ирж үзээд байж чаддаггүй юм. Бие барагтайхан, гэр зайдуу болохоор санаа байвч, сачий хүрэхгүй. Явъя гээд зүтгэвэл хүүхдүүд хүргээд ирнэ л дээ. Гэхдээ хөгшнийгөө зовоочихын нэмэр. Харин 90 жилийн ой гээд сүүлийн хэдэн өдөр их л догдолж, “Заавал явна” гэсээр байгаад ирлээ. Манай театрын үе улам залуужиж, улам л авьяастай болж байгааг харах сайхан байна. Урлаг их нарийн, хүн бүрийн хийж чадах ажил биш. Авьяасыг ухаан, сэтгэлээр баяжуулж хийдэг ажил. Урлагийг, тэр дундаа театрыг чин сэтгэлээсээ, яс махнаасаа хүндэлдэг, хайрладаг хүн л хийнэ.