Хүн ам өсөх, суурьшлын бүс тэлэх, бүтээн байгуулалт эрчимжих, зам харилцаа өргөжин тэлэхийн хэрээр байгаль орчны асуудал хурцаар хөндөгдөж байна. Ялангуяа зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд бүтээн байгуулалтаас үүдэлтэй дарамт асар их нөлөөлж, идэш тэжээлээ олох, тархац нутгаа сонгох, ороо хөөцөлдөөнд орох, бүл сүрэгтээ дасан ижилсэх зэрэг байгалийн жам ёсны амьдралд нь саад учруулах болсон. Үүнээс улбаалаад дэлхий нийт авто болон төмөр замыг зөвхөн хүнд зориулж бүтээх бус, байгаль орчин, зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөх, бүтээн байгуулах чиглэлд онцгой анхаарч, ач холбогдол өгч буй. Зам тавихаасаа өмнө тухайн бүсэд экологийн нарийвчилсан судалгаа зайлшгүй хийж, нүүдэл, шилжилт хөдөлгөөний коридор бий, эсэхийг нягтлах, бүтээн байгуулалт хийх бол хаана, хэдэн байршилд гарц, гарам барих шаардлагатайг оновчтой тодорхойлох зэргийг эн тэргүүнд тавих болжээ. Түүнчлэн амьтдад арангатай шийдэл гэдэг төмөр замын өргөст торноос татгалзах бодлого улс орнууд баримталж эхлэв. Хамгийн ойрын жишээ гэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Орос дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Алтайн Бүгд Найрамдах Улс, Монгол Улсын хиллэдэг зарим хэсгийн торыг буулгаж эхлээд байна. Ингэснээр хил дамнасан ногоон бүс бий болгох боломж бүрдүүллээ хэмээн судлаачид дүгнэж буй. Аливаа бүтээн байгуулалтыг байгальд ээлтэйгээр шийдэж, биологийн төрөл зүйлийг хамгаалахыг олон улсын байгууллагууд уриалж буй энэ цаг үед манай улсын холбогдох байгууллагууд хамтран зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах үндэсний стандартыг батлаад байна. Энэ стандартын хэрэгжилтийн талаар ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, зөвлөх инженер, доктор Д.Гэрэлнямаас тодрууллаа.
-Стандартын хэрэгжилт ямар байна вэ?
-Монгол Улс Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц (CMS)-д албан ёсоор нэгдсэн орнуудын нэг. Тиймээс эл конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор ЗТХЯ, БОАЖЯ зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын байгууллагуудтай хамтран “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага”, “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага” гэсэн үндэсний хоёр стандартыг боловсруулж, батлуулаад байна. Миний бие эдгээр стандартыг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг ахалж ажилласнаас хойш хэрэгжүүлж, сурталчлах бүх ажилд оролцсоор ирсэн.
НҮБ-ын дээрх конвенцын эх бичвэрийг хадгалагч орон болох ХБНГУ-д Байгаль хамгааллын олон улсын академиас 2013 онд Төв Ази дахь зэрлэг амьтдын нүүдэл, уул уурхай хооронд үүсэх зөрчлийг багасгах сэдэвт олон улсын хурал зохион байгуулсан юм. Эл хурлаас гаргасан тунхаглалд Монгол Улс төмөр зам дагуух өргөст торыг буулгах, багасгах зорилтыг тусгасан. Хамгаалалтын өргөст тор нь тал хээрийн бүсийн туруутан амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг тул хэсэгчлэн авах, зарим газарт хийцийг нь өөрчлөн байгальд ээлтэй болгох боломж бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага буй ч нөгөөтээгүүр төмөр замын аюулгүй байдлыг хангах асуудал тулгарсаар байна.
НҮБ-ын тунхаглалыг хэрэгжүүлэхээр БОАЖЯ, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Оюутолгой” ХХК-ийн мэргэжилтнүүд хамтран 2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн сумд урьдчилан судалж, сонгосон гурван байршил дахь 1500 метр өргөст торыг авахаар төлөвлөсөн. Энэ дагуу эхний ээлжид хоёр байршил дахь 1200 метр торыг буулгаж, туршлаа. Гэвч тухайн хэсэгт харуул хамгаалалт сул, хүн хүчний хүртээмжгүй зэрэг асуудлаас болоод өнөөх тороо буцаан татаад буй. Дээрх байгууллагуудтай дахин хамтран ажиллаж, судалсны үндсэн дээр дахин гурван байршлын торыг буулгах асуудлыг өдгөө хэлэлцэж байна. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд 10 гаруй байршилд зэрлэг амьтдад зориулсан нэг түвшний гарц төлөвлөж, зураг төслийг нь батлуулсан. Авто зам шинээр барьж буй компаниудын ихэнх нь стандартын хүрээнд нэг түвшний гарц байгуулахаар төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлж байгаа.
-Үүнийг хэрэгжүүлэхэд төмөр замын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асууд лаас гадна өөр ямар бэрхшээл учирч байна вэ. Хэрэгжилтэд нь аль байгууллага, ямар замаар хяналт тавьж буй бол?
-БОАЖЯ, ЗТХЯ-ны хамтарсан ажлын хэсэгт дээрх стандартыг боловсруулах, мөрдөх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих асуудлууд хамаарч байгаа. Гэхдээ үүний хэрэгжилтийг хангахад оролцогч бүх талын хамтын ажиллагаа, хяналт чухал юм. ЗТХЯ-ны зүгээс тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангах, зайлшгүй шаардлагатай байршилд зэрлэг амьтад нэвтрэх гарц, гарам байгуулахад анхаарах хэрэгтэй бол байгаль орчны байгууллагууд тэдгээр (амьтад)-ийг хамгаалах, чөлөөтэй нүүдэллэх байршлыг зөв тогтоох нь ач холбогдолтой. Тухайн орон нутгийн хүмүүс болон иргэд ан амьтдыг хайрлан хамгаалах, тэдгээрт зориулсан гарц, гармаар малаа явуулахгүй, тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй, үргээхгүй байх нь чухал. Өөрөөр хэлбэл, байгаль хамгааллын аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд, стандарт, журмыг мөрдүүлэхэд олон талын оролцоо чухал. Энэ нь зөвхөн нэг яам, эсвэл байгууллагаас хамаардаггүй.
Бид авто зам, төмөр замын зураг, төсөв гаргадаг, хянаж баталгаажуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнууд, зэрлэг амьтан судлаач, эрдэмтэд, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг хамруулсан танхимын болон цахим сургалтыг сүүлийн хоёр жилийн турш нийслэл, орон нутагт зохион байгуулж, эл стандартыг сурталчлан таниулсан. Цаашид стандартын хүрээнд гарц, гарам байгуулсан аймаг, сумын иргэдэд чиглэсэн сургалтууд зохион байгуулах төлөвлөгөөтэй.
-Манай улс нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц, гарам байгуулах стандартыг нэлээд хожуу баталлаа гэж харж байна. Гэтэл Төв Азидаа ийм баримт бичигтэй анхдагч орнуудын нэг болсон гэж судлаачид онцоллоо. Энэ үнэн үү?
-“Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага”, “Уулархаг нутгийн зам, зам байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага” үндэсний стандартыг боловсруулахтай холбогдуулан улс орнуудын туршлага, техникийн шийдлийг нэлээд ул суурьтай судалсан. Хамгийн гол нь гарц, гармыг ямар амьтдад зориулсан бэ гэдгээс хамаарч тухайн чиглэлээр дагнасан, мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллан, тэдний санал, шийдэлд үндэслэн боловсруулснаараа энэ стандарт ихээхэн онцлог. Мөн Төв Азидаа анхдагч нь юм. Амьтан судлаач, доктор Б.Лхагвасүрэн, С.Амгаланбаатар зэрэг мэргэжлийн хүмүүсээс гадна БОАЖЯ-ны стандарт хариуцсан мэргэжилтэн Г.Хоролмаа, ЗТХЯ-ны мэргэжилтэн, доктор Ө.Одгэрэл, Т.Мөнхцэцэг нар эдгээр стандартыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
-Бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгж, мөн энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид стандартыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Энэ талаар зохицуулалт бий юү?
-Стандартын хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгасан. Хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд арга хэмжээ авах зохицуулалт бий. Дэд бүтцийн бүхий л төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг БОАЖЯ хариуцаж буй. Гадаад болон олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бүх төсөлд байгаль орчинд ээлтэй, зэрлэг амьтдын гарц, гармын асуудлыг зайлшгүй тусгадаг болсон.
-Стандартад тусгасан гарц, гармын инженерийн шийдэл, оновчтой байршил зэрэгтэй холбоотой онцлог заалтуудаас дурдахгүй юү?
-Өндөр уулын бүсэд төлөвлөсөн зам дагуу зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, коридор нутгийг холбох гарц, гарам байгуулах стандарт боловсруулах ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийг дайран өнгөрөх босоо тэнхлэгийн замын ажил өрнөж байна. Үүнтэй холбогдуулан түүгээр дамжин өнгөрөх аргаль, янгир, бөхөн, хар сүүлтийн шилжилт хөдөлгөөнийг хэвийн явуулах боломжит газар нутгийн төлөв байдалтай танилцах, улмаар оновчтой зураглал гаргахад шаардлагатай мэдээлэл цуглуулах судалгааны ажлыг “Аргаль, агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн, доктор С.Амгаланбаатар, БОАЖЯ-ны стандарт хариуцсан мэргэжилтэн Г.Хоролмаа нартай хамтран хийлээ. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ажиллаж, баруун бүсийн босоо чиглэлийн авто замд гүүрэн, Сайншанд-Хөөтийн чиглэлд шинээр барих төмөр замд нүхэн гарц байгуулах ажлын зургийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулан, хэрэгжүүлэхэд бэлэн болгоод байна. Эдгээр гарцыг байгуулахад 80 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хамгийн гол нь зэрлэг амьтан судалдаг мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласны үндсэн дээр гарц, гармын байршлыг зөв тогтоож, түүнд үндэслэн ажлын зураг төсөл, төлөвлөлтөө хийх нь чухал юм билээ.