ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн (ФТХ)-гийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, физикийн шинжлэх ухааны доктор Цэднээгийн Цогбаяртай ярилцлаа. 2002 онд МУИС-ийн физикийн ангийг дүүргэсэн тэрбээр дэлхийд нэр хүндтэй олон сургуульд онолын физикийн чиглэлээр сурч, докторын зэрэг хамгаалан, судлаачаар ажиллаж байгаад өнгөрсөн зун Монголдоо иржээ. Тэрбээр МУИС-ийг төгсөж Физик, технологийн хүрээлэнд хоёр жил ажиллаад ОХУ руу явсан аж. Тэнд Дубнагийн цөмийн судалгааны төвийн онолын физикийн лабораторид дөрвөн жил ажиллаж, 2008 онд буцаж ирсэн. 2009 он хүртэл хүрээлэндээ ажиллаж байгаад дахин сурч боловсрохоор Канадыг зорьжээ. Торонто хот дахь Йоркийн их сургуулийн Физик, астрономын тэнхимд таван жил суралцаж, 2014 онд “Xүчтэй хэт улаан туяаны лазерын орон дахь устөрөгчийн молекулын ионы иончлол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан тэрбээр үүний дараа 2014-2017 онд АНУ-ын Техасын А&М их сургуульд докторын дараах судалгааны ажил хийгээд, мөн л үргэлжлүүлэн Нортридж дэх Калифорни мужийн их сургуулийн Физик, астрономийн тэнхимд Тооцоолон бодох физик, хими ба биологийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллажээ. Тэндээсээ 2020 онд БНСУ руу явж, Дэгү хотын Кёнбүг их сургуульд судлаач багшаар ажилласан юм байна. Ингээд Монголдоо ирж, өнгөрсөн есдүгээр сард ажилдаа оржээ.
Онолын физик “хөөж” 19 жилийн турш сурч боловсрон, мэдлэг хураасан, эрдэм шинжилгээний 16 өгүүллээ “Physical review A&E”, “Journal of physics B”, “European journal of physics D”, “Advances in quantum chemistry”, “Chemical phys¬ics”, “Journal of chemical physics” зэрэг олон улсад нэр хүндтэй, мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн эрдэмтэнтэй судалгаа, эрдмийн ажлынх нь талаар ярилцсан юм.
-Дэлхийн шилдэг сургуулиудад номын дуу сонсож, олон жил хүний нутагт боловсроод ирсэн эрдэмтэн одоо яг ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Физик, технологийн хүрээлэнд өнгөрсөн хавар бүтцийн өөрчлөлт, шинэчлэл хийж, фотоник, электроникийн лабораторийг шинээр байгуулсан юм билээ. Миний хувьд энэ лабораторид лазерын онолтой холбоотой чиглэлээр ажиллаж, өндөр эрчимтэй фемтосекундийн лазераар нимгэн соронзон металл гадаргууг шарахад ямар үйл явц болох вэ гэдгийг судалж, онолын тооцоолол, загварчлал хийж байна.
-Шинжлэх ухаан бүхэлдээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулагдан, үйлчилдэг гэдэг. Та онолын физикийн чиглэлд төвлөрч судалгаа хийж, доктор болжээ. Тийм нарийн ширийнийг жирийн иргэд бид ухаж ойлгоход хэцүү. Ер нь чухам юунд хэрэгтэй, ямар ач тустай, үр дүн нь хэзээ гарах судалгаа юм бол?
-Докторын судалгааны ажил минь цэвэр онолынх. “Xүчтэй хэт улаан туяаны лазерын орон дахь устөрөгчийн молекулын ионы иончлол” нэртэй. Судалгааныхаа зарим үр дүнг туршилтын үр дүнтэй харьцуулсан. Ер нь квант физикийн түвшний судалгааг өнөөдөр, маргааш амьдралд хэрэглэж, нэвтрүүлнэ гэхэд хэцүү. Би хүчтэй лазерын орон дахь устөрөгчийн молекулын ион, орон хоёрын харилцан үйлчлэлийг сарнилын онолын комплекс шингээгч потенциалын арга хэрэглэж, шинэлгээр бодож тооцоолсон. Үүнийг өмнө нь хэд хэдэн эрдэмтэн судлаач бодчихсон байсан ч бусдынхаас өөр, шинэ аргаар гүйцэтгэсэн гэсэн үг. Үүнийгээ олон улсын эрдэмтдийн багийнхнаар баталгаажуулсан юм. Дараа нь үүнийг системтэйгээр үргэлжлүүлэн судалсан.
-Ийм нарийн төвөгтэй бодлогыг “барьж авч” ард нь гарсан хүн одоогоор хэд байна вэ?
-Мэргэшсэн чиглэлд нэг бодлогыг ганц хүн, эсвэл тухайлсан судалгааны баг хамт олон тэргүүлэн бодож чаддаг. Бусдаас илүү, шинэлгээр бодохын тулд дунджаар 2-3 жилийг зориулдаг юм. Эрдэм шинжилгээнийхээ өгүүлэлд эш татаж өмнө нь хэдэн хүн бодсон талаар оруулсан. Тэгэхэд таваас олонгүй байсан.
-Та докторын дараах судалгаагаар Америкийн хоёр том сургуульд ажилласан юм байна. Ийм ажилд мэдээж хэн дуртайг нь авдаггүй байх, ямар шалгуур тавьдаг бол?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орны мэргэшсэн салбарт өрсөлдөөн их. Судалгааны том багт тэнцэх гол үзүүлэлт нь ажлын туршлага, мэргэшсэн чадвар, үүнийгээ илтгэх эрдэм шинжилгээний бүтээл байдаг. Судлаачийн хувьд өөрийн мэргэшсэн судалгааны салбарт шинэ, шинэлэг санаа бүхий эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг мэргэшсэн шинжээчийн багтай сэтгүүлд хэвлүүлэх нь хамгийн чухал бөгөөд энэ нь дэлхийн шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр гэж үздэг. Хэн нэг судлаачийн бүтээл өнөөдөртөө практикт нэг их ач холбогдолгүй мэт байж болох ч хэвлүүлсэн бүтээл бүхэн нь дараачийн ижил төстэй судалгаа хийх нэгэнд суурь болдгоороо өндөр ач холбогдол, хувь нэмэртэй гэсэн үг. Шалгуурын талаар асуусан учраас ийнхүү дэлгэрүүлэн тайлбарлачихлаа. Миний хувьд докторын зэрэг хамгаалсныхаа дараа АНУ-ын Техасын А&М их сургууль руу анкетаа илгээж, ярилцлагад оролцоод тэнцсэн. Квант химийн тэнхимд онолын химийн чиглэлээр судалгааны ажил хийлээ. Ерөнхийдөө докторын ажлын минь бодлогын арга зүйтэй төстэй. Гэхдээ өөр системд, өөрөөр хэлбэл, бага энергитэй электронууд цөөн электронт атом, молекул бүхий системтэй мөргөлдөх харилцан үйлчлэлийг судалсан. Гурван жилийн хугацаан дахь энэ судалгааныхаа үр дүнг туршилтынхтай болон бусад судлаачийнхтай харьцуулан, эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлүүлсэн. Дараа нь Нортридж дэх Калифорни мужийн их сургуульд тэнцэж, докторын дараах судлаачаар ажилласан. Энд судалгааны чиглэлээ өөрчилсөн. Тодруулбал, өмнөх гурван жилд квант физикийн чиглэлтэй байсан бол энэ удаа шингэн төлөвийн физик байсан. Аргын хувьд классик статистик механикийн хүрээнд судалсан. Энэ хүрээнд судалгааны удирдагч багштайгаа хамтран термодинамикийн хэмжигдэхүүнүүдийг нэгэн утгатай тооцоолох функцийг дэвшүүлж, хөгжүүлээд, үр дүнг нь олон улсын, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн.
-Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй олон жил хийжээ. Мэдсэн, сурснаа зааж, түгээх, багшлах бодол байна уу?
-Би Монголд ирэхээсээ өмнө богино хугацаанд БНСУ-ын Кёнбүгийн үндэсний их сургуульд судлаач багшаар ажилласан юм. Канад, Америкт сурч байхдаа “Судлаачийн дөртэй болсон хойноо багшилна” гэж боддог байсан. Энэ талын хүсэл сонирхолтой.
-Та яагаад физикийн шинжлэх ухаанаар замнах болсон юм бэ. Багын мөрөөдөл үү?
-Би Ховд аймгийн Чандмань сумын дунд сургууль төгссөн. Танин мэдэх гэж оролддог, сониуч хүүхэд байлаа. Манай аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн физикийн багш, нагац ах минь манай сургуульд шилжиж ирсэн юм. Ер нь улсдаа тэргүүлэгч, физикийн багш нарын нэг шүү, Д.Нарандорж ах минь. Тухайн үедээ физикийн багш нарын дунд зохион байгуулсан анхдугаар олимпиадад түрүүлсэн хүн. Физикийн хичээлд дурласан бас нэг шалтгаан нагац минь байсан. Удирдлагад нь олон ч удаа аймаг, улсын олимпиадад амжилттай оролцсон. Бакалавр, магистрын судалгааны ажлын удирдагч багш маань академич, Баруунд нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн Монголын анхдагч эрдэмтдийн нэг X.Намсрай.
-Аливаад анхдагч байж, шан татах нь мэргэшсэн хүмүүсийн бас нэгэн бахархал байдаг. Та ч гэсэн Канадад Монголоос эрдмийн зэрэг хамгаалсан, физикийн салбарын анхдагч гадаад оюутан гэсэн тодотголтой юм билээ.
-Миний хувьд сонгосон судалгааныхаа салбарт шинэ томьёолол, тооцоолол гаргах нь анхдагч байх нэг утга учир юм болов уу гэж боддог. Ер нь залуу байхад юм бүхнийг чадах юм шиг боддог байж. 19 жилийн хугацаанд судалгааны ажил тасралтгүй хийгээд явж байхад залуу цагийн аагтай мөрөөдөл “алсарч”, ухах тусам түвэгтэй болж, ойлгох, учрыг нь олох гэж зүтгэсээр өдийг хүрчээ. Дуртай зүйл минь учраас нарийн, төвөгтэй ч “амттай”. Ер нь хүн сонгосондоо тууштай байж, илүү ихийг хийхийн тулд дурлах хэрэгтэй. Тэгж байж мөн чанар нь ямар байхыг хагас хугас ойлгох хэмжээнд хүрдэг шиг байна.
-Энгийн нэгэн судалгаа бус, дэлхийн шилдгүүдийн дайтай бүтээл гаргаж, шинэ тооцоолол, загварчлал гаргахын төлөө уйгагүй явж, тэр хэрээр амжилтад хүрсэн, мэргэшсэн судлаач, эрдэмтэн эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох болсонд талархаж байна. 60 дахь жилийнхээ түүхийг бичиж яваа ФТХ-гийн дараа дараагийн олон судалгаа, шинжилгээнд оролцож, шинээр бүтээх түүхэд тань амжилт хүсье.
-Баярлалаа. ШУА-ийн 60 жилийн ойд зориулан энэ салбарын хөгжилд хамаатай хэн бүхэнд, шинжлэх ухааны нийт ажилтан, судлаач, эрдэмтэд, мөн ФТХ-гийн хамт олондоо баярын мэнд хүргэж эрүүл энхийг ерөөх боломж олгосонд “Өнөөдөр” сониныхонд мөн талархаж байна.