ОУХМ О.Чинбатад бөхийн дэвжээнээс хүртсэн олон шагнал бий. Тэрбээр 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнээс хүрэл, 2011 онд дэлхийн оюутан залуучуудын 26 дугаар универсиад наадмаас мөнгө, 2003 онд БНАСАУ-д болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн насанд хүрэгчдийн УАШТ-ээс иж бүрэн медальтай. Тэрбээр 2012 оноос өнөөг хүртэл Монголын жүдо академид тууштай ажиллаж буй багш дасгалжуулагчдын нэг. Монголын хүүхэд, залууст энэ спортын техник, тактик, барилдааны ур чадвар, ёс зүй, хүндлэлээс зааж, амжилт гаргах замналынх нь суурийг зөв тавьж байгаа. Түүний удирдлагад хичээллэдэг шавь нар нь өсвөр үе, залуучуудын багийн аварга шалгаруулах тэмцээнд нэг бус удаа тэргүүлсэн. Академиасаа шилдэг тамирчид төрүүлэхээр хөдөлмөрлөж яваа түүнтэй ярилцлаа.
-Та Монголын жүдо академид ажиллаад багагүй хугацааг үдлээ. Багшаар анх ирсэн тэр үеийн дурсамжаар тань ярилцлагаа эхэлье.
-Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат “Чиний тамирчны карьер ерөнхийдөө өндөрлөж байна. Тиймээс хүүхэд, залууст өөрийн сурч, мэдсэн зүйлээсээ заах хэрэгтэй” гэж санал тавьснаар тус академид 2012 онд ирж, Д.Батсайхан багшийн туслах дасгалжуулагчаар ажилласан. Өмнө нь тамирчин байхдаа дасгалжуулагчийн ажлын онцлог, үүрэг, хариуцлагын талаар төдийлөн мэддэггүй, амархан мэтээр төсөөлдөг байлаа. Харин ажиллах явцдаа амаргүй болохыг нь мэдэрч, дасгалжуулагч ямар байх ёстой талаар судалж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. Бүхнийг эхнээс нь зөв сурч, шавь нартаа заах ёстойг ч ойлгосон. Манай холбоо багш нараа Японы Кодокан жүдогийн их сургуульд дасгалжуулагчийн сургалтад хамруулсан юм. Тус сургууль хүүхдүүдийг багаас нь багш нар, ахмад үе, найз нөхөдтэй нь зөв мэндлүүлэх харилцаанаас ёс зүйтэй хүн болгож хүмүүжүүлдэг. Ирээдүйд сайн тамирчин болох хичээл зүтгэлтэй, багш нарынхаа заасныг барилдаандаа хэрэгжүүлдэг хүүхэд тэнд хөгждөг. Миний хувьд харсан, сурснаа Монголдоо ирж хэрэгжүүлэхийг зорьсон. Тэнд Европын орнуудаас ч дасгалжуулагчид ирж сургалтад хамрагддаг. Би хамт сурсан багш нартайгаа цахимаар байнга холбогддог. Тэд өөрийн улсдаа жүдогийн сургууль нээж, дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
-Ид барилддаг байхдаа зодог тайлах шийдвэр гаргах танд хэцүү байв уу?
-Тийм ээ, амар байгаагүй. Үеийнхээ тамирчдыг хараад үргэлжлүүлмээр санагдсан. Намайг 60 кг-ын жинд барилддаг байхад Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, дүү нараас Ч.Амартүвшин хүчтэй өрсөлдөгч байлаа. Эхэндээ зөвшөөрөхгүй хэдэн сар бодож явсан. Багшдаа нэг өдөр “Миний хувьд зодог тайлах арай л эрт байна. Дахиад хэдэн жил барилдъя” гээд хэлж билээ. Надад тэр үед дэвжээнд тамирчин гэж дахиж дуудуулахгүй нь гэж бодохоор нэг л харамсалтай санагдсан. Би одоо багшаар ажиллахын зэрэгцээ насанд хүрэгчдийн болон ахмадын УАШТ-д оролцдог.
-Багш болчихоод шавь нараа ямар тэмцээнд анх удаа “сойсон” бэ?
-Багшаар ажиллаад нэг жилийн дараа Өвөрхангай аймагт болсон залуучуудын багийн УАШТ-д академийнхаа өсвөр үеийн багийнхантай очсон болохоор тааруухан оролцох болов уу гэж бодож байтал харин ч сайн барилдсан. Тэднийгээ хүрэл медаль хүртэхийг хараад баярлаж байснаа одоо ч мартдаггүй. Манай академийн хүүхдүүд өөр клубийн тамирчдаас олон зүйлээр ялгардаг. Багшаа хүндлэх, нөхөдтэйгөө эвтэй харилцах, аливаад хандах хандлага, биеэ авч яваа байдлаас нь хүмүүжил, төлөвшил нь харагддаг. Шавь нар минь тэмцээний дараа хавь ойрынхоо хогийг цэвэрлээд явна. Бэлтгэлийн дараа ч гэсэн заалан дахь хогийг бүр уралдаж түүнэ шүү дээ. Тэд “Миний хаясан хогийг хэн нэгэн над шиг бас цэвэрлэдэг юм шүү” гэсэн бодлоор орчин тойрондоо ханддаг. Хүүхдүүд зөв үйлдлээсээ урам авч, багаасаа хүний хөдөлмөрийг үнэлж сурах нь зүйтэй. Жүдо академиас амжилтын гараагаа эхлүүлсэн хүүхэд олон бий. Тэднээс зарим нь үндэсний шигшээ багийн тамирчин боллоо. Тухайлбал, эрэгтэйчүүдээс +100 кг-д О.Цэцэнцэнгэл, 60 кг-д Э.Ариунболд сайн барилдаж байна. Францын Парист өнгөрсөн сарын 16-17-нд зохион байгуулсан “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ. Монголд жүдогийн спорт өндөр түвшинд хөгжиж байгааг тамирчдын амжилтаас харж болно. Энэ бүхэн дасгалжуулагч багш нарын хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. Бид баг болж ажилласны үр дүн ч харагддаг.
-Та дүүгээ медаль хүртэхийг хараад жүдогоор хичээллэхээр спортод хөл тавьсан гэл үү?
-Намайг жүдод хөл тавих сонирхол төрүүлсэн хүн бол эмэгтэй дүү минь. Тэрбээр “Монгол охид” клубт гурван сар бэлтгэл хийж, “Сидней-2000” бидний найдвар” гэсэн нэртэй тэмцээн Монголд болоход оролцлоо. Аавтай хамт тэмцээн үзэж суухдаа дүүгээ хүрэл медаль хүртэхийг хараад их бахархсан. Гэрийнхэндээ нэг өдөр “Би жүдогоор хичээллэе” гэхэд дуртай зөвшөөрөв. Бөхийн төрлөөр хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг урьж байна гэх мэдээлэл сонсоод очтол Спортын төв ордонд Гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Цогтгэрэл багш самбогоор барилдах хүүхдүүдийг бүртгэж байв. Самбо бөхөөр бэлтгэл хийж, тэмцээнд оролцож эхэллээ. Би багаасаа гэр хороололд өссөн тул бөхийн төрлүүдээр хичээллэхэд хөдөлгөөний эвсэлтэй байв. Надтай хамт бэлтгэл хийдэг үеийнхнээс Х.Цагаанбаатар, С.Миарагчаа, Ч.Болдбаатар нар амжилт гаргаж, тив, ДАШТ, олимпын наадмаас медаль хүртсэн. Өдгөө тэд дасгалжуулагч болж, гарынхаа шавь нарыг бэлтгэж байна.
-Тэр үед хичээлдээ гүйх, гэрийн ажлаа амжуулах, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд өдөр хэрхэн өнгөрснийг анзаарах завгүй явдаг байв уу?
-Гэрийнхэн минь биднийг ойлгож, аль болох дэмжихийг хичээдэг байлаа. Аав, ээж ажилтай тул өглөө гараад орой л гэрийн бараа харна. Манайх Толгойтод амьдардаг байв. Хүү хэд байхдаа ус, түлээ, нүүрс зөөх гээд гэрийн ажлыг төвөггүйхэн амжуулдаг маань нэг талаар хүчний бэлтгэл болж, ачаалал дааж сурсан. Тэр үед хичээл, гэр, бэлтгэл, тэмцээн гэж завгүй гүйсээр өдөр яаж өнгөрснийг анзаарах сөхөөгүй явдаг сан. Дүү минь хамгийн сүүлд самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд зодог тайлсан. Бидний үеийнхэн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох багшийн удирдлагад бэлтгэл хийж, Гавьяат тамирчин Д.Нармандах ахын барилдахыг харж үлгэр дуурайл авдаг сан. Түүний 1996 онд Атлантын олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн бичлэгийг сонирхож харна. Мөн мэхний хувилбараа баяжуулах зорилгоор 101 иппон бөхийн цэвэр ялсан барилдааны бичлэгийг байнга үзнэ. Үеийнхнээсээ Х.Цагаанбаатарыг “Афин 2004” олимпоос хүрэл медаль хүртэхэд нь сэтгэл догдолж, их баярлаж билээ. Тэрбээр богино хугацаанд амжилт гаргаж, тив, дэлхийн олон тэмцээнээс медальтай ирсэн дээ.
-Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит олон хотын тэмцээнд оролцож түрүүлснээс хойш таны медалийн буухиа тасраагүй гэдэг шүү.
-Орхон аймагт 2001 онд болсон Гавьяат тамирчин Д.Нармандах ахын нэрэмжит олон хотын тэмцээнд алтан медаль анх удаа хүртсэн минь намайг хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэлтэй болгож, тууштай хичээллэх урам зориг төрүүлсэн. Миний хувьд жүдогоор дөрвөн жил хичээллэхдээ нэг ч медаль хүртээгүй байв. Тиймээс шантарч барилдахаа больё гэж боддог байлаа. Үеийнхнээсээ ганцаараа медальгүй хоцорсон мэт санагдаж, өөртөө итгэлгүй болчихсон байсан үе. Би тэр тэмцээнд их сонин тохиолдлоор оролцсон юм. Тэнд барилдах найзуудаа үдэж өгөхөөр ирэхэд “Чи биднийг гаргаж өгөнгөө замдаа Орбит өртөөн дээр буучих” гэлээ. Би ч зөвшөөрч, тэдэнтэй галт тэргэнд суугаад юм ярьж, хэсэг явав. Тэгсэн найзууд “Чамайг ерөөсөө тэмцээнд оролцуулна, хамт яваач” гээд буулгасангүй.
-Тэр шагнал итгэл хайрлаж, амьдралд тань олон өөрчлөлт авчирсан байх нь.
-Аваргын төлөө нутгийнх нь дэвжээнд Э.Бямба-Эрдэнэ хэмээх тамирчныг босоо үүрэх мэхээр цэвэр ялсан. Миний дархан мэх л дээ. Тухайн үед босоогоос нисэлттэй хийсэн мэх тул хажуугаараа унасан болов уу. Шүүгчид цэвэр хожил өгөх үү, вазари өгөх үү гэж ярилцахад найзууд минь “Дэвжээнээс хурдан буугаач” гээд хашхирч байлаа. Тэднийхээ зөвлөснөөр дэвжээнээс буугаад ёслоход шүүгчид цэвэр хожил дээр санал нэгдсэн юм. Хэрвээ вазаригаар үнэлсэн бол дахиж барилдах байв. Тэр ялалт амьдралд минь өөрчлөлт авчирч, мартагдахааргүй дурсамж үлдээсэн. Тэндээс бүр “Чемпион Чинбаа” хочтой болоод ирж билээ. Анхны шагналаасаа эрч хүч авснаас хойш медалийн буухиа тасраагүй.
-Жүдогийн тамирчид таныг ингэж дууддаг байсан нь дээрх тэмцээнээс үүдэлтэй байжээ.
-Үеийнхнийгээ “Чемпион Чинбаа” гэж дуудахаар ичдэг байлаа. Хэрвээ тэр тэмцээнд оролцоогүй үлдсэн бол өөрийгөө одоо хаана юу хийж, явахыг ер төсөөлдөггүй. Найзууд минь одоо ч гэсэн намайг дэмжиж, тусалдаг. Бид хааяа уулзахаараа тэр дурсамжийг ярьж инээлддэг юм. Орхон аймгаас ирснийхээ дараа өсвөрийн УАШТ-д оролцож, мөнгөн медаль хүртсэн. Дараа нь үргэлжлүүлээд самбо бөхийн залуучуудын УАШТ-д барилдаж, алтан медалийн төлөө нэг ангид хамт сурдаг Х.Гантулга найзтайгаа өрсөлдсөн. Тэрбээр бөхийн спортоор надаас хойно хичээллэсэн гэхэд богино хугацаанд ур чадвараа ахиулсан. Амжилт ид гаргаж байх үедээ өвдгөө хүнд бэртээснээс барилдахаа больсон. Тэрбээр аваргын төлөө Х.Цагаанбаатартай өгөө, аваатай л барилддаг байлаа. Найз нар минь зодог тайлсан ч спортоос холдоогүй. Чөлөөт цагаараа бэлтгэл хийж, ахмадын УАШТ-д оролцож түрүүлсэн удаа бий.
-Өөрийг тань БНАСАУ-д болсон олон улсын тэмцээнээс медальтай ирж байсныг саналаа. Хилийн дээс алхаж, оролцсон хэд дэх тэмцээн байв?
-Миний хувьд хилийн дээс анх алхсан, гадаадын анхны тэмцээн байсан. Аваргын төлөө тус улсын бөхийг дархан мэхээрээ ялж, алтан медаль, ОУХМ цол хүртэж байлаа. Өрсөлдөгч минь надаас биеэр жижиг ч хурдан хөдөл гөөнтэй, хүчтэй бөх байв. Дараа нь Унга рын Будапешт хотод зохион байгуулсан залуучуудын ДАШТ-д оролцохоор явсан ч хоцроод амжсангүй. Монгол руу буцахаар галт тэрэг хүлээх зуур тэнд сурдаг Д.Мөнхзул найзаасаа жүдогийн олон улсын тэмцээн болох тухай сонслоо. Оролцмоор санагдаад болдоггүй. Тэр тэмцээнд аваргаар шалгарч, алтан медальтай ирсэн. Бөхчүүд тэмцээнд оролцохдоо олон зүйлийг ажигладаг. Азийн бөхчүүдийн биеийн онцлогт жүдо бөхийн хэв маяг илүү тохирдог. Ялж, ялагдсан ч сэтгэл зүйн хувьд тогтвортой. Тэгвэл европчууд арай өөр. Тэд дэвжээнд сэтгэл хөдлөлөө, дуу авиа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж гаргадаг. Би 2005 онд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм. Египет улсад болсон ДАШТ-д Японы бөхтэй барилдаж, эхний тойрогт хожигдохдоо “Би арай болоогүй байна даа” гээд өөрийгөө голж байлаа. 2011 онд БНХАУ-ын Шиньжан мужид Дэлхийн оюутан залуучуудын универсал наадам болоход жүдогийн тамирчдаас ганцаараа мөнгөн медаль хүртэхэд төр, засаг маань “Алтан гадас” одонгоор шагнаж урамшуулсан.
-Нэр хүндтэй байгууллагад харьяалагдах нь тамирчдын бас нэг хүсэл, мөрөөдөл байдаг. Цаашлаад амжилт гаргахад нь ч нөлөөлнө. Ямар спорт хороогоор анх овоглосон бэ?
-Тамирчин байхдаа спортын олон байгууллагаар овоглосон. Хамгийн анх “Алдар” спорт хорооны нэр дээр Орхон аймагт Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит олон хотын тэмцээнд оролцож, аварга болж байв. Дараа нь “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн жүдо, самбо бөхийн дасгалжуулагч, ОУХМ О.Нарангэрэл багшийн удирдлагад бэлтгэл хийсэн. Тэрбээр миний амьдралын дотнын зөвлөгч, чиглүүлэгч. Багш минь амжилт гаргасан олон шавьтай. Бид одоо ч холбоотой. Түүнээс хойш Б.Ганбаатар дасгалжуулагчийн байгуулсан “Хүй мандал” клубийн тамирчин болж, гадаад, дотоодын тэмцээнд барилдсан. Тус клубт харьяалагддаг байхдаа амжилтаа чамгүй ахиулсан. Дараа нь 2008 онд “Хилчин” спорт хороонд самбо бөхийн дэлхийн аварга, хурандаа Д.Пүрэвсүрэн багшийн удирдлагад Хилийн 0253 дугаар ангид ахлах түрүүч цолтой очиж байлаа. 2016 онд ахлах дэслэгч цолтой миний тамирчны карьер дуусаж, тус спорт хороонд дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй байсан ч орон тоо гараагүй. Надад орон нутагт биеийн тамирын зааварлагчаар ажиллах санал тавьсан. Би тэр үед гэр бүлтэй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм.
-Хүүхдүүдээс тань жүдо бөхөөр хичээллэдэг үү?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Эхнэр гоо сайханч мэргэжилтэй. Ууган хүү манай академид сурдаг. Саяхан өсвөрийн УАШТ-д 30 кг-д оролцсон. Хэдийгээр түрүүлээгүй ч хүүгээ санасандаа хүртэл барилдсан гэж бодож байгаа. Хүүхдүүд тэмцээнд оролцох тусам алдаанаасаа суралцаж, туршлагаждаг. Охин минь ахыгаа дуурайж, жүдо сонирхдог болсон. Ирэх жилээс хичээллүүлэх бодол бий. Хүүхдүүдийг таван наснаас нь жүдогоор хичээллүүлэхэд тохиромжтой. Багаасаа академийн сургалтаар бүх зүйлийг эхнээс нь зөв заалгахад өндөр амжилт үзүүлнэ. Хүүхдүүд цахим ертөнцөөс түр боловч холдож, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд спортоор хичээллэж, хөдөлгөөнтэй, эрүүл амьдрах ёстой. Манай багш нар БТДС-ийг төгссөн мэргэжлийн дасгалжуулагч. Сүүлийн үед найз нөхөд, таньдаг хүмүүс хүүхдээ “Чиний шавь болгоё” гээд хөтлөөд ирдэг боллоо. Түрүүчээс нь хүлээж аваад, тамирчин болгохоор хичээж байна. Ямар ч спорт тухайн хүний хүсэл, сонирхолд тулгуурлаж хөгждөг. Жүдогоор хичээллэснээр ёс зүйтэй, эрүүл бие бялдартай, хүнлэг энэрэнгүй, аливаад тууштай, зорилготой болдог. Бидний ажлын үүрэг бол спортоор дамжуулж, эх орондоо зөв иргэн бэлдэх. Спортод хөл тавьсан болгон тамирчин байх албагүй. Харин зөв хандлагатай болж төлөвших ёстой. Спорттой нөхөрлөсөн залуус амьдралд хэрсүү ханддаг. Тэд хөлөө олоод амьдрах ухааныг сурсан байдаг юм.
-Монголын жүдо академид сурдаг хүүхдүүдийн эцэг, эх дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ багшийг их хүндэлдэг. Түүнийг Японоос ирээд тус академийн сургалтад өөрчлөлт, шинэчлэл хийсэн гэж ярьдаг юм билээ.
-Бид Г.Бат-Эрдэнэ багшаар их бахархдаг. Тэрбээр Японы Токаи их сургуульд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн. 2015 онд эх орондоо ирж, академид багшлах болсноор түүний удирдлагад өдгөө олон хүүхэд хүсэл, мөрөөдлийнхөө гарааг амжилттай эхлүүлээд байна. Түүнээс суралцах зүйл их бий. Японоос ирээд Монголын жүдо академийн сургалтад шинэчлэл хийсэн гэдэгтэй санал нэг байдаг. Тэрбээр жүдогийн мэх, техникийг үндсэн ухагдахуунаар нь тайлбарлаж, монгол хүүхдүүдийн бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан заадаг. Жүдо академид шинэ, зөв менежмент хэрэгжүүлснээр хүүхдүүдийн ур чадвар ахиж, тамирчид багаараа амжилт үзүүлэх хэмжээнд хүрлээ. Академийн сургалт ямар байдгийг зааж, өргөн мэдлэг олгосноор эцэг, эхчүүд ч гэсэн жүдогийн талаар сайн ойлголттой болсон. Манай сурагчид бэлтгэлийн дараа “Багш болон ахмад үеэ хүндэлнэ”, “Өрсөлдөгчөө болон багийн хамт олноо хүндэлнэ”, “Жүдо бөхийн ёс жаягийг чандлан биелүүлнэ”, “Сайн тамирчин, сайн хүн болохын төлөө бүх хүч чадлаа дайчилна”, “Хулгай хийж, худлаа ярихгүй” гэсэн уриа хэлдэг юм.