Монгол Улсад хавдар судлалын алба үүсэж, хөгжсөний 60 жилийн ой ирэх сард тохионо. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвөөс бүтээлч аян өрнүүлэх, тусламж, үйлчилгээндээ дэвшилт арга, технологи нэвтрүүлэх зэргээр олон чиглэлээр төрөл бүрийн ажил өрнүүлэн түүхэн ойгоо угтаж байна. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагынхны бүтээсэн бүхэн, ололт амжилт бүр нь Монголын эрүүл мэндийн салбарын тод түүх юм.
Хавдрын мэс заслын, өвөрмөц эмчилгээний, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлийн клиник бүхий 17 тасагтай ХСҮТ Хөхний төвөө нээгээд сар орчим болж буй. Удахгүй Хавдрын эрт илрүүлгийн төвтэй болохоор төлөвлөсөн. Үүний зэрэгцээ хорт хавдар өвчний суурь гурван эмчилгээний нэг болох туяа эмчилгээний тусламж, үйлчилгээндээ дэлхийн түвшний бас нэгэн шинэ стандарт, технологи нэвтрүүлэх том зорилго тавиад ажиллаж байна. Энэ талаар болон Монголд эл чиглэлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээний суурь хэзээнээс тавигдсан зэрэг тодорхой хүрээнд ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор М.Минжмаатай ярилцлаа. Тэрбээр Британийн Лондоны их сургуульд магистр, ХБНГУ-ын Тюбингений их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм билээ.
-Монголд хорт хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх анхны эмнэлгийг “Цацраг туяа” нэртэйгээр 1961 онд байгуулжээ. Өнөөдрийн ХСҮТ-ийн суурь болсон эмнэлгийг туяа эмчилгээтэй холбон нэрлэсэн нь санамсаргүй биш. Энэ чиглэлийн тусламж, үйлчилгээний хүрээ, ач холбогдлын нэг илэрхийлэл нь болов уу. Өнгөрсөн хугацаанд хорт хавдрын өвчлөлд цацраг туяа эмчилгээ хэрхэн өргөжив, ямар тоног төхөөрөжтэй байв гэдгээс яриагаа эхэлье.
-1959 онд Нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд цацраг туяа эмчилгээг анх Зөвлөлтийн РУМ аппаратаар хийж эхэлсэн түүхтэй юм билээ. Бага энергитэй рентген цацрагаар хавдрыг эмчилж эхэлсэн үе. Дараа нь 1961 онд “Цацраг туяа” эмнэлэг байгуулж, кобальт үүсгүүртэй аппаратыг Зөвлөлтийн мэргэжилтэн, шинжээч, эмч нарын тусламжтай эмчилгээнд ашиглах болжээ. Тухайн үед Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо нарын монгол таван их эмч, орос дөрвөн мэргэжилтэн ажиллаж байжээ. 1982 онд ХСҮТ-ийн өдгөөгийн барилгыг ашиглалтад оруулахад туяа эмчилгээний, 60 ортой тасгийг тусад нь байгуулж, мөн л Зөвлөлтийн, кобальт үүсгүүртэй АГАТ-С, РОКУС-М, дотуур туяа эмчилгээний АГАТ-В аппаратуудыг ашиглаж байсан. Тухайн үедээ манай орон Ази, Номхон далайн бүс нутагтаа хавдрын туяа эмчилгээний тусламж, үйлчилгээгээрээ нэлээд дээгүүр түвшинд тооцогддог байжээ. ЗХУ задарснаар тусламж, хандив байхгүй болж нэг хэсэгтээ эмч, мэргэжилтнүүдийн сургалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл гэхчлэн зогсонги байдалтай явж байгаад 1997 оноос Р.Асай эмчийн санаачилгаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн дэмжлэгийг авах болсон. Ингэснээр олон улсын хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн байдаг. Манай Д.Төмөртогоо инженер төслүүдийг амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Үүнээс хойш маш олон төсөл хэрэгжүүлж, тэр болгонд дэвшилт технологиудыг нэвтрүүлж, үүнд эмч, мэргэжилтнүүдээ сургаж ирлээ. Мөн гадаадын шинжээчдийг урьж ажиллуулах, мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцох зэргээр олон багц үйл ажиллагааны үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн байна.
-Өнөөдөр ямар техник, технологи ашиглаж байна вэ?
-Кобальт үүсгүүртэй аппаратыг 2019 хүртэл ашиглаж ирсэн. Гэхдээ мэдээж технологийн хувьд сайжирч байсан. Эхэндээ цацрагийн үүсгүүр байрлаж буй аппаратын толгойн хэсэг хөдөлдөггүй учраас хүнийхээ байрлалыг сольж эмчилгээ хийдэг байсан. Удалгүй аппаратын толгойн хэсэг эргэдэг, хөдөлгөөнт эмчилгээ хийх болсон зэргээр дэвшилттэй болсон. 2000-гаад оны эхээр гадаад харилцаа маань өргөжиж, өндөр хөгжилтэй орнуудад сургалтуудад хамрагдах болсноор дэлхийн дэвшилт технологиудтай танилцах боломж бидэнд нэмэгдсэн. Тухайн үед олон улсад туяа эмчилгээнд шугаман хурдасгуурын технологи нэвтрүүлсэн байсан. Энэ нь цацрагийн аюулгүй байдал, эмчилгээний нарийвчлал, үр дүн, гаж нөлөөг бууруулах гээд олон давуу талтайг мэдэрч, ойлгосон учраас үүнийг эх орондоо нэвтрүүлэх шаардлагатай гэж манай эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд дуугарч эхэлсэн. Засгийн газар, шийдвэр гаргагчид, салбарын яам, тамгын газрынханд ухуулж, ойлгуулж явсаар 2019 онд биеллээ олсон. 2013-2017 онд Австрийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд өндөр энергитэй шугаман хурдасгуурын технологийг нэвтрүүлэх боломж бүрдсэн. 2019 оны нэгдүгээр сард уг аппаратаа суурилуулаад, зургадугаар сараас анхны эмчилгээгээ хийж эхэлсэн. Одоо бол шугаман хурдасгуурын хамгийн суурь техникүүдийг ашиглан гурван хэмжээст конформол туяа эмчилгээ хийж байгаа. Хавдар ямар хэлбэр, хэмжээтэй байна тэр дагуу цацраг туяаг хэлбэржүүлэн өгдөг эмчилгээ гэсэн үг. Өдгөө шугаман хурдасгуурын дараагийн шатны технологиудыг нэвтрүүлж эхэлж байна. Тухайлбал, эрчмийг тохируулах туяа эмчилгээний технологийг энэ оны сүүлч гэхэд ашиглахаар бэлтгэж байна. Цацраг туяаг хэлбэржүүлэхээс гадна илүү олон талаас ялгаатай эрчмээр тусгаж фокусласнаар эрүүл эд, эрхтнүүдийг илүү сайн хамгаалахын зэрэгцээ тухайн хавдарт очих тун нэмэгдэнэ гэсэн үг. Үр дүнд нь эдгэрэлт хурдасна, хүндрэл, гаж нөлөө багасна, цаашлаад өвчтөний амьдралын чанар сайжирна. Ахмад үеийнхнийхээ байгуулж, бүтээсэн суурин дээр энэ мэтээр улам хөгжсөөр явна.
-Ойрын ирээдүйд нэвтрүүлэх технологиудын талаар товчхон мэдээлэл өгөөч.
-Сүүлийн таван жилийн хугацаанд зайн болон дотуур туяа эмчилгээнд аль алинд нь гурван хэмжээст дүрслэлд суурилсан технологи нэвтрүүлсэн нь хамгийн том дэвшил байлаа. Ойрын ирээдүйд стерео тактик буюу туяа эмчилгээний мэс заслыг нэвтрүүлнэ. Үүний тулд илүү өндөр нарийвчлалтай шугаман хурдасгуурыг шинээр суурилуулах шаардлагатай. Австрийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслийг бид хоёр дахь шатлалаар үргэлжлүүлэхээр хүсэлтээ Засгийн газар, ЭМЯ-нд гаргасныг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нааштай хүлээн авсан. Үүний үр дүнд долоон сая еврогийн санхүүжилт өгөх болсон. “Тархи, нугасны хавдрын навигацын болон стерео тактикийн туяа эмчилгээний төв байгуулах” нэртэй энэ төслийг 2022 оноос хэрэгжүүлнэ. Энэ төрлийн хавдрыг нэг газарт төвлөрүүлэн, цогцоор нь эмчлэх зорилготой. Манай эмнэлэгт тархи, нугасны хавдрын навигацын мэс заслыг хийж эхэлнэ. Үүний зэрэгцээ таван сая еврогийн өртөг бүхий, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээний шугаман хурдасгуурын шинэ аппарат суурилуулна. Стерео тактик туяа эмчилгээний онцлог нь өндөр тунгаар 1-5 удаа хийдэг. Тархи, нугасны хавдрын хувьд ихэвчлэн нэг удаа өндөр тунгаар “буудаад” үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл мэс засалтай адил үр дүн үзүүлдэг. Энэ утгаар нь стерео тактик туяа эмчилгээг мэс засал гэж нэрлэдэг. Ийм технологиуд нэвтрүүлснээр эмчилгээний үр дүн улам сайжирч, гаж нөлөө, хүндрэлийн эрсдэл бага, өвчтөнүүд богино хугацаанд эмчилгээ хийлгэх учраас янз бүрийн зардал, чирэгдэлгүй байж эдийн засгийн ач холбогдолтой. Харин эмнэлгийнхний хувьд эл нарийн төвөгтэй эмчилгээг хийхэд зарцуулах цаг их тул ачаалал ихсэх юм билээ.
-Ийм том хэмжээний төслүүд хэрэгжүүлэхэд тухайн талбар дээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийн санаачилга, чармайлт, уйгагүй, тасралтгүй ажиллагаа, тэдний гадаад харилцаа хамгийн чухал байдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Дээд байгууллага гэхээсээ талбар дээрх хүмүүсийн оролцоог тэд чухалчилдаг юм билээ.
-Бид олон улсад тухайлбал, БНСУ, Япон, Австри гэхчлэн олон оронтой өргөн харилцаатай. ОУАЭА зэрэг дэлхийн түвшний байгууллага, эмнэлгүүдээс гадна үүнд мэргэжил нэгтэй найз нөхдийн түншлэл ч багтдаг. Ер нь гадаад харилцааны хувьд үндэсний хэмжээнд уламжлаад дараа дараагийн үеийн эмч нар нь залгуулаад аваад явдаг. Жишээ нь, Р.Асай, Н.Батболд, Г.Навчаа нарын олон эмчийнхээ гаргасан замаар өнөөдрийг хүртэл тасралтгүй явж байна. Хэрэгцээ, шаардлагаа хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс нь төслийг боловсруулж, санхүүжилтээ хөөцөлдөж гадаадын түншүүдтэйгээ харилцаж илүү санаачилгатай, зүтгэлтэй, голлох үүрэгтэй явдаг. Тэгж хөөцөлдсөний үр дүн болох төслөө цаг хугацаанд нь сайн хэрэгжүүлэх нь харилцан итгэлцэл бий болгох том хөшүүрэг. Цаашдын төслүүдийн үүд хаалгыг нээхийн тулд харилцагчийнхаа итгэлийг алдахгүй, хариуцлагатай хэрэгжүүлэх нь чухал. Ингээд тоочиход хялбар сонсогдох ч төслийн санааг бодит ажил болгоод, гүйцэтгэж дуусах хүртэл маш их хөдөлмөр, хэдэн зуу, мянган удаагийн харилцаа, яриа, ойлголцол, итгэлцэл, хэлэлцээр хийж, маш их цаг хугацаа зарцуулдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
-ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт хэдэн эмч, мэргэжилтэн ажиллаж байна вэ. Амбулаториор өдөрт хэдэн хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг бол?
-Цөмийн технологийг анагаах ухаанд хэрэглэж байгаа хамгийн том салбар бол туяа эмчилгээ юм. Мөн цөмийн онош зүйн салбарт зэргээр маш өргөн далайцтай ашиглаж байна. Туяа эмчилгээний тусламж, үйлчилгээнд эмч, сувилагч, техникчээс гадна эмнэлгийн цөмийн физикч, дозиметристүүдтэй хамтран ажилладаг онцлогтой. Ийм олон мэргэжилтний хамтын ажиллагаагаар эл эмчилгээг хийдэг. Өнөөдөр ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн бүрэлдэхүүнд зөвлөхтэйгөө нийлээд 10 эмч, эмнэлгийн физикч дөрөв, дозиметрист хоёр, шарлагын техникч найм, сувилагч 14 байна. Хэвтэн эмчлүүлэх 38 ортой. Амбулаторийн хувьд өдөрт дунджаар 18 хүнд үйлчилдэг. Ер нь туяа эмчилгээний эмчийн чиг үүрэг олон. Анх үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг туяа эмчилгээнд хамруулах, эсэхийг шийднэ, оруулах бол биечлэн хянана, тасгийн болон хяналтад байдаг өвчтөнүүдэд үзлэг хийж, шинжилгээг нягталж, мөн гадуур буюу өдрөөр эмчилгээнд явж байгаа иргэдэд ч хүрч үйлчилдэг. Үүнээс гадна бидний ажлын гол болох эмчилгээний төлөвлөлтөө хийнэ. Үүнийг мэс заслын эмчийн ажилтай харьцуулах юм бол хагалгаа гэсэн үг. Эмчилгээнд ашигладаг цацраг туяа асар хүчтэй, энергийн хувьд өндөр. Тиймээс эмчилгээг маш өндөр нарийвчлалтайгаар хийж хавдрын эргэн тойрон дахь эрүүл эс, эд, эрхтнийг хамгаалах, цацрагийн аюулгүй байдлыг бүрэн хангах учиртай. Эрсдэл өндөртэй ажил.
-Улсын хэмжээнд цацрагийн хамгийн том голомттой газар нь ХСҮТ гэдэг. Ийм үүсгүүр дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хангамж, цалин хөлс хэр байдаг юм бэ?
-Цацрагтай ажиллагсдын талаарх хуулийн дагуу хорогдуулсан буюу долоон цаг ажиллаж, хөдөлмөрийн хортой нөхцөлийн 10 хувийн нэмэгдэл авдаг. Үүнээс өөр тусгай хангамж гэдэг зүйл байхгүй.
-Ази, Номхон далайн бүсийн орнуудын болон олон улсын залуу эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүдийн хурал, зөвлөгөөнд ХСҮТ-ийнхэн байнга хамрагдаж, илтгэлээ хэлэлцүүлэх зэргээр идэвх, санаачилгатай оролцдог юм билээ. Ийм хүрээний хэлэлцүүлэг, хуралд танай тасгийнхан хэр хамрагддаг бол. Үүнийг асуусан учир нь эл үзүүлэлт бол эмнэлгийн боловсон хүчний чадавхын түүх юм.
-Бид ОУАЭА-аас зохион байгуулдаг хурал, хэлэлцүүлэг, арга хэмжээ, төслийн уулзалт, сургалтуудад өргөн хамрагддаг. Мэдлэг, мэдээллээ ахиулахын зэрэгцээ илтгэлээ хэлэлцүүлж, харилцан туршлага солилцдог. Жишээ нь, хамгийн сүүлд гэхэд манай тасгийн эмч Я.Эрдэнэтуяа Ази, Номхон далайн туяа эмчилгээний нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсад гурван хэмжээст дотуур туяа эмчилгээ нэвтрүүлсэн үр дүн” илтгэлээ тавьж, хоёрдугаар байрт шалгарсан. Миний хувьд өнгөрсөн есдүгээр сард Австрали, Шинэ Зеландын Радиологийн эмч нарын нийгэмлэгийн хуралд “Туяа эмчилгээний өнөөгийн байдал болон ирээдүйн зорилт” илтгэлээ хэлэлцүүлсэн. Энэ мэт хурал, зөвлөгөөнд оролцож, өөрсдийн нөхцөл байдал, ажлын мэдээллээ цэгцтэй өгч ойлгуулсны үр дүнд чухам ямар чиглэлээр туслах, асуудал, хэрэгцээ нь юунд байна гэхчлэн цаашдын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй байдаг.
-Хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт нь хүргэхээр сүүлийн жилүүдэд байгаагүй ажил хийж байгаа. ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд нэгдсэн төв эмнэлгүүдэд очиж, хамтран хагалгаа хийдэг болсон. Сургалт зохион байгуулж байна. Хавдрын туяа эмчилгээний тусламж, үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх боломж хэзээ бүрдэх бол?
-Өнөөдрийн хувьд хавдрын туяа эмчилгээг ганцхан ХСҮТ-д төвлөрүүлэн хийж байгаа нь тоног, төхөөрөмж, боловсон хүчний асуудал, цацрагийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх нэгдсэн том төвүүдэд төрөл бүрийн хавдрын хагалгаа хийж, олон аймагт химийн эмчилгээ хийдэг болсон. Зардал, чирэгдэл, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ эрт илрүүлэг, эмчилгээний үр дүнд ч маш чухал ач холбогдолтой. Алсдаа хавдрын туяа эмчилгээний салбар төвүүдийг нийслэл болон орон нутгуудад нээхээр төлөвлөсөн. Хувийн эмнэлгүүд ч энэ чиглэлээр тасаг нээхийг үгүйсгэхгүй. Бидний төлөвлөснөөр эхлээд баруун буюу хамгийн алслагдсан аймгуудад Туяа эмчилгээний төв нээнэ. Үүний тулд зориулалтын байр, тоног төхөөрөмж, технологиос эхлээд шийдвэрлэх олон асуудал бий.