Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
-Элчин сайд тантай анхлан ярилцаж буйдаа баяртай байна. Та манай улсад олон удаа ирж байсан уу. Анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, танай сонины хамт олон, уншигчдад нь энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд Монголд анх удаа ирлээ. Олон сайхан, эерэг зүйлийг мэдэрч, сэтгэл өндөр байна. Шинэ албатайгаа танилцах, суралцах гээд нэлээд завгүй ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт зочилсон. Монголд ирсэн цагаасаа хойш хүмүүсийнх нь зочломтой занг алхам бүртээ мэдэрснээ хэлэхийг хүсэж байна. Харилцахад үнэхээр энгийн байдаг нь таалагдсан. Монгол Улс үзэсгэлэнт байгаль, хязгааргүй уудам нутгаараа алдартай. Энэ бүхэн намайг гайхшируулсан. Үүнээс гадна надад хамгийн онцгой санагдсан зүйл нь монголчуудын аливаад дасан зохицох чадвар. Ийм хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орчинд хүмүүс нь дасан зохицсон нь гайхалтай. Монгол Улсын 21 аймгаар аялж, танилцах төлөвлөгөөтэй байгаа.
-Европын Холбоо 2021-2027 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хөтөлбөрөө боловсруулж дуусах шатандаа ороод буй юм билээ. Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд та ямар бодол тээж ирэв?
-Өмнөх олон жилийн баримжаат хөтөлбөр буюу дунд хугацааны хөтөлбөрийн хувьд буцалтгүй тусламжийн хэмжээг 12-140 сая евро болгон нэмэгдүүлсэн нь амжилт байсан. Энэ нь суурин төлөөлөгчийн газраа 2017 онд Улаанбаатар хотод нээж, Монгол Улстай илүү нягт хамтын ажиллагаа өрнүүлж, харилцаагаа шинэ түвшинд авчирч чадсаны үр дүн. Улс орны төдийгүй бүс нутгийн хэмжээнд бидний хамтын ажиллагаа нэлээд өргөжсөн гэж хэлж болно. 2014-2020 оны хөтөлбөр хоёр үндсэн чиглэлтэй байсан. Нэг нь төсвийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, нөгөө нь хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэн, төрөлжүүлэх чиглэл л дээ. Үүний хүрээнд цоо шинэ ажил эхлүүлсэн нь төсвийн шууд дэмжлэгийн хөтөлбөр байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсөвт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар олгох юм. Тодорхой хэсгийг нь олгочихсон. Үлдсэнийг нь төсвийн дэмжлэгийн гэрээний хэрэгжилтийн үр дүнд өгөхөөр тохирсон бөгөөд Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллаж байна. Өмнөх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаас дурдахгүй байж болохгүй хэдэн зүйл бий. Тухайлбал, нэн эмзэг бүлгийнхэн, тэр дундаа хүүхдийг бэлгийн дарамтаас ангид байлгах, залуучуудыг дэмжих, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, агаарын бохирдлыг арилгах, хогны менежментийг сайжруулах зэрэг төслийг нэрлэж болно. Мөн Европын Холбооны их сургуулиудыг Монголын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах боломж олгодог “Эразмус” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
-Байгаль орчин, агаарын бохирдол гэж ярьсных, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгын тухайд та байр сууриа илэрхийлэхгүй юү. Манай Төрийн тэргүүний эл мэдэгдэл, шийдвэр дотоодод төдийгүй олон улсад анхаарал татлаа шүү дээ.
-Аливаа зүйлийг хийхэд төр, засгийн удирдлагын дэмжлэг, итгэл үнэмшил чухал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр өгсөн амлалт, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хуралд (COP26) биечлэн оролцсон зэрэг нь Монголын тал уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд шийдвэртэй алхам хийнэ гэдгийг нотолж байна. Мэдээж хүсэл байвал арга олдоно гэдэгчлэн улс төрийн дэмжлэг нь уг хөдөлгөөн амжилттай өрнөхийн суурь юм. Европын ногоон хэлцэл, Цахим шилжилт зэрэг Европын Холбооны хувьд тэргүүлэх чиглэлүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хийгээд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр сүүлийн үед гарч буй санаачилга, шийдвэрүүд нийцэн, уялдаж байгаа. Тиймээс ч 2021-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулна. Нэгдүгээрт, ногоон хөгжил, хоёрдугаарт нийгэм, эдийн засгийг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх бодлого багтаж буй. Европын Холбоо эдийн засгийг байгал орчинд ээлтэйгээр хөгжүүлэх, цар тахлын дараах сэргэлтийг “ногооруулах” чиглэлд Монголыг дэмжихэд бэлэн байна. Тиймээс Европын Холбоо уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, ногооруулахын төлөө тогтвортой хөдөө аж ахуй, ойн менежментийг сайжруулах СТРИЙМ төслийг гишүүн орнуудын хамт эхлүүлсэн. Ногоон хөгжлийг дэмжинэ гэдэг нь дан ганц ойг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, сайжруулах гэсэн агуулгаар тогтохгүй. Жишээ нь, ойжуулах ажлыг хийж байгаа, менежментийг нь хариуцаж буй хүмүүс орлоготой байх ёстой биз дээ. Өөрөөр хэлбэл, ойн менежменттэй уялдсан ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг нь дээшлүүлэх, бизнес болгон хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллана. Монголын төр, засаг дэмжвэл ойн чиглэлд гэрээ, хэлэлцээр байгуулан, хамтран ажиллах талаар бид судалж байгаа. Тиймээс ойрын жилүүдэд энэ чиглэлд өргөн хүрээнд хамтран ажиллана.
-Цаашдын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах тэргүүлэх хоёр чиглэлийг тогтвортой хөгжил болон ардчилал, эдийн засгийн хөгжил хэмээн тодорхойлсон юм билээ. Яагаад энэ хоёр чиглэлийг сонгосон юм бэ?
-Бид Монгол Улсад ямар тэргүүлэх чиглэлээр хамтарч ажиллах вэ гэдгийг тодорхойлохдоо Засгийн газрынх нь үндсэн бодлогын баримт бичигт суурилдаг. Мэдээж Европын Холбооны бодлого, үйл ажиллагааны чиглэлтэй ч уялдана. Монгол Улс, Европын Холбоо хууль дээдлэх болон хүний эрхийг хамгаалах гэх мэт адил үнэт зүйлтэй. Эдгээр зарчим, үнэт зүйлээ улам сайжруулах чиглэлд бид сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсыг дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжих сонирхолтой байгаа. Хүний эрхийн тухайд гэхэд л нийгмийн эмзэг бүлгээс гадна жендерт суурилсан хүчирхийлэл, хүүхдийн эрх, үндэсний цөөнх, ЛГБТ иргэд гээд хөндөх ёстой олон сэдэв бий. Эдгээрт төслөө чиглүүлдэг. Би ирснээсээ хойш төр, засгийн хэд хэдэн төлөөлөлтэй уулзсан. Тэд хүний эрхийг хамгаалах чиглэлд ажиллах сонирхолтой байгаагаа нээлттэй илэрхийлсэн нь ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг сайжруулах үндэс гэж ойлгож байгаа.
Нөгөө талаас эдийн засгийн хөгжлийн дэмжих чиглэлд нээлттэй боломжууд байна гэж харж байна. Тухайлбал, Монгол Улстай байгуулсан Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн “GSP+” хөтөлбөрийн хүрээнд 6000 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр Европ руу экспортлох боломжтой. Тухайлбал, ноолуур, ноосон бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Энэ хөнгөлөлт нь худалдааг дэмжих зорилготой. Ингэхдээ сайн засаглал, байгаль орчин, хөдөлмөрийн эрхийн талаарх, олон улсын 27 гэрээ, конвенцыг биелүүлж, мөрдөхийг бидний зүгээс хүсдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзахад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан найман суурь конвенцыг баталсан гэж хэлсэн. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай шинэ хуулийг мөрдөнө. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайгаас хамаарал багатайгаар хөгжих ёстой. Хууль, эрх зүйн орчин нь бүрдсэн юм чинь одоо хэрэгжүүлэх нь л чухал байна.
Түүнчлэн Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн үйл явц өрнөж байна. Европын Холбооны зүгээс шүүгч нарыг сургаж, шинэчлэлийг нь дэмжихэд бэлэн байгаа. Энэ нь зөвхөн хүний эрхийг хангахад чиглэсэн ажил биш юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн таатай орчин, эрх тэгш байх зарчим гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс итгэж болох, найдвартай түнш нь болоход чухал нөлөөтэй. Бизнесийн орчин таатай, аливаа маргаан, асуудал үүслээ гэхэд шүүх шударга шийддэг байх нь чухал. Бидний хувьд Монгол Улсын шүүхийн шинэчлэлийг дэмжих нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.
-Коронавирусийн халдварт цар тахал дэлхий нийтийн хувьд хүнд сорилт боллоо. Цар тахлыг даван туулах чиглэлд Европын Холбооны багагүй тусламж, дэмжлэгийг бид хүлээн авсан. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа хэрхэн үргэлжлэх бол?
-Бид шууд болон шууд бусаар энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Үүний хүрээнд эрүүл мэндийн системийг дэмжинэ. Тиймээс нийгмийн хамгийн эмзэг хэсэгт дэмжлэгээ хүргэнэ. Эдийн засгийн тодорхой салбар цар тахлын улмаас хүнд байдалд орсон. Тэднийг болон эдийн засгийн сэргэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх долоон жилийн хөтөлбөрийг боловсруулахдаа ч цар тахлын дараах үеийг бодолцохгүй байхын аргагүй.
-Та сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Европын Холбоонд ажиллаж байна. Таны ажлын сайхан нь юундаа байдаг вэ?
-Тийм ээ, би ажлын талбар дээрх ихэнх хугацаа буюу 24 жилийн турш Европын Холбоонд ажиллажээ. Би итгэл үнэмшлийн төлөө ажилладагтаа сэтгэл хангалуун байдаг. Хамтран ажиллах, аливаа шийдлийг хамтдаа олох нь миний итгэл үнэмшил юм. Европын Холбоо дэлхийн II дайны дараа байгуулагдсан, одоогоор Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид хэдийгээр өөр хоорондоо олон зүйлээр ялгаатай ч эвлэлдэн нэгдэж, шийдлийг олж чаддаг нь Европын Холбооны суурь итгэл үнэмшил юм.
-Та Монгол Улсад томилогдохынхоо өмнө Европын Холбооноос Вьетнам улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсад ажиллах шийдвэр гаргахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Вьетнам бол Азид ажилласан замналын маань нэг хэсэг. Ер нь би Азид их олон жил ажилласан. Анх Киргизстан, дараа нь Энэтхэг, тэгээд Вьетнам, одоо Монголд ирээд байна. Би Азид хайртай. Яагаад гэвэл, энэ тивийн улс орнууд давтагдашгүй, өөр өөрийн онцлогтой байдаг. Тэр дотроо Монгол бол онцгой нэгэн улс юм.