Төвбанкнаас мэдээлснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буюу инфляцын өсөлт харьцангуй тогтворжжээ. Монгол Улсын жилийн инфляц есдүгээр сард 9.6, Улаанбаатар хотынх 9.9 хувьд хүрсэн байв. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын эцсийн байдлаар улсын жилийн инфляц 9.7, Улаанбаатар хотынх 9.3 хувьд хүрлээ. Улсын жилийн инфляц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 0.1 хувиар нэмэгдэв. Энэ нь инфляцын өсөлт харьцангуй тогтворжсоныг илтгэх үзүүлэлт юм. Гэхдээ л инфляцын өсөлт хоёр оронтой тоонд хүрэхээр “гэтсээр” байна. Инфляц оны эцэс гэхэд 10 хувийг давж магадгүй л юм. Төвбанкнаас энэ онд инфляцыг дунджаар зургаан хувьд байлгах, багадаа дөрөв, ихдээ найман хувиар өсгөх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, найман хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан гэсэн үг. Инфляц Монголбанкны зорилтот таазыг аль хэдийн “сэтэлсэн”. Төвбанк нь энэ онд инфляцыг зорилтот түвшиндээ аргамжиж чадахгүй нь тодорхой болов.
Зөвхөн манай улсад инфляцын өсөлт нэмэгдээд буй хэрэг биш. Олон улсад инфляц урьд өмнө байгаагүйгээр “цойлж” байна. Тухайлбал, АНУ-д өнгөрсөн сарын эцсийн байдлаар инфляц 6.2 хувьтай гарчээ. Энэ нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэнэ. Инфляц нь дэлхийн тээвэр, ложистикийн гацаанаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөөс болж байна уу гэвэл үгүй аж. АНУ-ын хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөг хасаж тооцсон инфляц нь 4.6 хувьтай гарчээ. Энэ нь мөн л сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Түүнчлэн инфляц Европын улсуудад гурав, ОХУ-д 6.7, Австралид 3.8, Бразилд есөн хувиас дээш гарлаа.
Улс орнууд цар тахлыг газар авхуулахгүй дарахаар сүүлийн хоёр жилд хилээ хааж, хөл хорио тогтоосон. Ингэснээр дэлхийн эдийн засгийн харилцаа, аалзны тор шиг хэрсэн худалдааны сүлжээнд доголдол үүсгэв. Энгийнээр тайлбарлавал, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт удааширч, зарим нь гацлаа. Нийлүүлэлт саатсан нь бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсгэв. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буюу инфляцыг өсгөж байна. Улс орон бүрт нийлүүлэлтээс шалтгаалж инфляц өсөж буй нь нийтлэг үзэгдэл юм. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хурдыг нэмэгдүүлж, гацааг нь гаргаж байж инфляц тогтворжих нь тодорхой. Гэвч цар тахлын нөхцөл хүн төрөлхтөнд тийм боломж олгохгүй нь бололтой. Коронавирусийн дельта хэлбэрийн халдвар өргөн хүрээнд тархвал улс орнууд хөл хориогоо дахин чангаруулна. Энэ нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг гацааж, мөн л инфляц өсөх суурь шалтгаан болно.
Зарим орон хилээ хааснаар гадаад шалтгаантай нийлүүлэлтээс үүдсэн инфляцын өсөлт бий болгож байна. Мөн дотооддоо хорио цээрийн дэглэм тогтоосноор нийлүүлэлтийн гаралтай инфляцыг өдөөж байгаа. Монголбанкныхан Монгол Улсын инфляцын өсөлтийн шалтгааныг гадаад, дотоод, эрэлт гэсэн гурван талаас нь тайлбарладаг.
Гадаад шалтгаан нь юу вэ. БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол руу тээвэрлэх 4000 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн гацсан. Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог Хятадын талаас 150-д хязгаарласан. Ингэснээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад учрав. Хомсдол үүссэн учраас бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь мэдээжийн хэрэг. Мөн чингэлэг тээврийн зардал дөрөв дахин нэмэгдлээ. Ийнхүү тээвэр ложистикоос шалтгаалж инфляц дээшилж буй юм. Хятад улс Замын-Үүд-Эрээний боомтыг хаасан. Гадаад худалдааны гол боомтыг хаасан учраас Монгол Улс төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний хомсдолд орлоо. Хомсдолд орсон бараа, бүтээгдэхүүний үнэ дотоодын зах зээлд өдрөөс өдөрт дээшилсээр байна.
Дэлхийн зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь манай улсад инфляц “хөөрөх” өөр нэгэн шалтгаан боллоо. Монгол Улс хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийхээ 48 хувийг БНХАУ-аас худалдан авдаг. Тэгвэл тус улсын үйлдвэрлэлийн инфляц энэ он гарснаас хойш 13 хувиар нэмэгджээ. Тодруулбал, 100 юанийн үнэтэй байсан бараа, бүтээгдэхүүн 113 болсон гэсэн үг. Үнэ өссөн барааг өндөр өртгөөр тээвэрлэж авчрахаар дотоодын зах зээлд ханш нь өсөхөөс яах вэ. Үүнээс гадна дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь дотоодод инфляц “цоройход” том нөлөө үзүүлсэн. Газрын тосны ханш өссөнөөр дотоодын зах зээлд шатахууны үнэ өдгөө 40 хувиар нэмэгдээд байна.
Дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт гаарсан. Үхрийн кг махны үнэ Улаанбаатарын зах зээлд 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Шатахуун хэрхэн үнэд орсныг дээр дурдсан. Шатахууны үнэ нэмэгдсэнээс шалтгаалаад таксины үйлчилгээний хөлс км нь 1500 төгрөг болж, 50 хувиар өсөх жишээтэй. Монголчууд уламжлалт аргаар малаа нядалж, өвлийн идшээ бэлтгэдэг цаг ирээд байна. Өвлийн идшээ төхөөрсний дараа эрэлт нь буурч махны үнэ хямдарна гэж төсөөлж болно. Энэ нь инфляцыг тогтворжуулахад эергээр нөлөөлөх болов уу.
Төвбанкныхан “Инфляцыг эрэлт талаас нь авч үзвэл эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбар бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн гурван улиралд буурсан зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна” гэж дүгнэв. Өрхийн хэрэглээ буурна гэдэг бол эрэлт багассан гэсэн үг. Гэтэл инфляц өссөөр байна. Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сард 9.7 хувь гарсны тэн хагас нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан гэнэ. Тэгэхээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй гэж ойлгож болох нь.
Эрэлт буурчихаад байхад инфляц өсөж буй нь нийлүүлэлтийн суваг гацсантай шууд холбоотой. Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, зах зээлээс мөнгө татвал эрэлт улам буурна. Ингэсэн тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах юм. Тэгэхээр Мөнгөний бодлогыг чангаруулах нь инфляцыг “номхруулах” үр дүнтэй арга биш. Харин Засгийн газар нийлүүлэлтийн сувгаа нээхийн төлөө ажиллах нь инфляцыг тогтворжуулах хамгийн чухал арга. Гэвч коронавирусийн халдварыг дотооддоо тараахгүй гэсэн БНХАУ хатуу бодлого баримтлан хилийн боомтуудыг хаах, нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг хязгаарлах зэргээр манай Засгийн газрын гарыг мухарлаж байна. Засгийн газрын гар мухар байгаа учраас инфляцад “жолоодлого” алга. Цаашид хэрхэхийг ганцхүү эдийн засгийн үл үзэгдэгч гар л шийдвэрлэх бололтой. Инфляц өнгөрсөн сард харьцангуй тогтворжжээ. Гэвч “жолоодлого”-гүй инфляц хэдэн хувьд хүртэл “цойлох”-ыг тааварлахад бэрх.