УДЭТ-тай амьдралаа холбож, залуу нас, авьяас билгээ 30 гаруй жил зориулсан нэгэн эрхмийг “Далд хүмүүс” буландаа урилаа. Ө.Уранчимэг 1939 онд Ховд аймгийн Буянт сумд төржээ. Тэрбээр 1957 онд урлагийн сургуулийн циркийн ангийг төгссөн боловч 1960 оноос Улсын хөгжимт драмын театрын оёдолчноор ажлын гараагаа эхэлсэн байна. Улмаар 1963 оноос Улсын драмын театрын оёдолчин, нүүр хувиргагчаар ажиллажээ.
-Та циркийн сургууль төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаагүй юм билээ. Хэзээнээс, хэрхэн театртай амьдралаа холбосон бэ?
-Намайг циркийн сургууль төгсөөд удаагүй байхад Жамсранжав (Ардын жүжигчин Л.Жамсранжав) Өвөрхангай руу томилогдсон юм. Би ч залуу байлаа. Хамаг юмаа хаяад л дагаад явсан. Тэнд жил гаруй ажиллаж байхад Соёлын яамнаас Жамсранжавыг хот руу эргүүлэн дуудаж авчирсан юм. Би ч ажилд орсон. 1960 оны гуравдугаар сарын 1-нд Улсын хөгжимт драмын театрын оёдлын тасагт оёдолчноор анх орсноо тод санаж байна. Олон сайхан хүнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, ажлын гараагаа эхэлсэндээ баярладаг юм.
-Хэр удаан хугацаанд оёдолчноор ажиллав?
-1963 онд Улсын хөгжимт драмын театр хоёр хуваагдаж, Дуурийн театрын байранд найрал болон гоцлол дуучид, хөгжимчид, гадаадад сургууль төгсөж ирсэн бүжигчид үлдэж, драмын жүжигчид нь Залуучуудын ордон руу нүүсэн юм. Тэгж л одоогийн УДЭТ-ын хамт олны эх суурь тавигдсан гэж болно. Ингэж хоёр хуваагдахад намайг драмын театрын оёдлын тасагт тооцооны ажилтны орон тоонд хуваарилсан. 10 гаруй жил энэ тасагтаа ажиллажээ.
-Тэгвэл хэрхэн нүүр хувиргагч болсон бэ?
-1975 онд нүүр будгийн тасагт ажиллаж байсан Л.Чаминчулуун Орос руу сургуульд явж, оронд нь намайг тус тасагт шилжүүлсэн юм. Залуудаа энэ чиглэлээрээ гадаадад суралцахыг хүсдэг байсан ч чадаагүй. Таван хүүхэдтэй, дээр нь Жамсранжав театрын ихэнх жүжгийн гол дүрд тоглодог, ид завгүй үе байлаа. Тэгээд л залуу насаа гэр бүл, театртаа л зориулсан даа. 1991 онд тэтгэвэрт гарсныхаа дараа ч ажиллаж байгаад 2006 онд бүр больсон.
-Таныг ажиллаж эхлэх үед театрын хөгжил, нүүр будгийн хэрэгсэл одоогийнх шиг боловсронгуй байгаагүй байх. Зарим зүйлийг “монголчилдог”, янз бүрээр туршдаг байсан тухай ахмад уран бүтээлчдээс сонсож байлаа.
-Тийм шүү, одоогийнх шиг бэлэн, боловсронгуй байсангүй. Нүүр хувиргахад хэрэглэх үс, сахал, шиньон (дагзанд тогтоож хэрэглэдэг нэмэлт хиймэл үс), сормуус, локон (мушгиа унжсан үс) зэрэг бүхий л хэрэгцээтэй зүйлийг зураачийн гаргасан эскизийн дагуу хийдэг байв. Төв бараа баазаас сарлагийн саваг аваад л, түүнийгээ угааж цэвэрлэж, нэхэж, сүлжиж нэгбүрчлэн урлана шүү дээ.
-Үзэгчид тайзан дээр гардаг жүжигчид, найруулагч нарыг анддаггүй. Гэтэл арын албанд насаараа зүтгэсэн уран бүтээлчдийг тэр бүр танихгүй. Харамсалтай шүү.
-Харамсах юу байх вэ. Уран бүтээлээ чанартай хийх сэн, жүжигчдээ сэтгэл хангалуун байлгах сан гэж хичээж ажилласаар ирсэн. Нүүр хувиргагч нарын жаргал тэр. Ямар ч жүжигчинд наасан сахал сална, парик унана, үс задарна, будаг урсана гэж зовох зүйлгүй, тэдний сэтгэлд нийцтэл, өөрөөр хэлбэл, санаанд нь хүртэл хийж өгдөг байсан юм. Учир нь жүжигчдийн дүрдээ орох мэдрэмж, сэтгэл санааг нь тайван байлгаж тоглолтод оруулах нь бидний үүрэг шүү дээ.
-Ажиллах хугацаандаа хэчнээн уран бүтээлд оролцсоноо жагсааж үзсэн үү, та?
-Бид орчин үеийн, түүхэн, хүүхдийн, сонгодог гээд жилд дөрвөн уран бүтээл туурвидаг байлаа. Оёдлын тасагт Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, Г.Офейфорын “Дэнлүүний баяр”, “Бахчисарайн оргилолт булаг”, Ч.Чимэдийн “Босгон дээр”, “Яндангийн дуу”, Л.Ванганы “Арвай хээрийн талд”, “Тамирын бэр”, Д.Намдагийн “Шинэ зам”, “Талхны 13”, “Хөхөө намжил”, Ш.Цэрэнгийн “Будамшуу”, А.Арбузовын “Эрхүүгийн түүх”, П.Хорлоогийн “Алтан үст охин “ зэрэг 70 гаруй жүжгийн хувцас, тайзны чимэглэл, зөөлөн эдлэлийг оёсон санагдана. Нүүр будгийн тасагт ажиллах хугацаанд В.Шекспирийн “Отелло”, “Гамлет”, “Хар санаа, хайр сэтгэл”, Ж.Мольерийн “Тартюф”, Ч.Айтматовын “Эхийн дууль”, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Э.Войнычийн “Овод”, Н.Погодины “Буутай хүн”, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”, К.Гольдонийн “Хоёр эзний нэг зарц”, А.Островскийн “Инжгүй хүүхэн”, Л.Толстойн “Алтан түлхүүр”, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг”, К.Треневын “Лювовь Яровая”, Б.Брехтын “Эхийн сэтгэл”, Х.Х.Ниязийн “Баян барлаг”, С.Маршакийн “Муурын байшин”, Г.Ибсэний
“Нора”, Г.Боровикийн “Буэнос-Айресоос хийсэн сурвалжилга” бүтээлд ажилласан. Мөн монгол зохиолчдын бүтээлээс гэвэл Д.Намдагийн “Ээдрээ”, “Оролмаа”, “Эрдэмтний яриа”, Л.Ванганы “Эмч нар”, Ш.Цэрэнгийн “Тангараг”, Ч.Чимэдийн “Маш нууц”, “Арын албаныхан”, Д.Батбаярын “Дөшин жирмийнхэн”, “Мартагдсан аялгуу”, Э.Оюуны “Гарваа”, ”Талын баатрууд”, С.Удвал, Э.Оюуны “Бумбат Эрдэнэ”, Д.Мягмарын “Нандин Эрдэнэ”, “Найрын ширээний ууц”, “Сувдан сондор”, Н.Мирошниченкогийн “Сэргэлт”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”, “Атга нөж” зэрэг 200 гаруй жүжгийн дүрийн хөмсөг сормуус, сахал, хиймэл үсийг нэхэж оён, нүүр хувиргажээ.
-Эдгээрээс таны санаанаас огт гардаггүй уран бүтээл аль нь бол?
-“Гамлет”-ынхаа хувиргалтыг их сайн болсон гэж өөрийгөө тоодог юм. Санаанаас ч гардаггүй. “Овод” жүжигт Жамсранжав нүүрэн дээрээ том том сорвитой тоглодог байв. Тэр сорвийг их удаан хийдэг байсныг нь би арай өөр технологиор туршиж, есхөн минутад хийдэг болсон юм. Тэр аргаараа уралдаанд шалгарч, шагнуулж байлаа.
-Таны охин, Гавьяат жүжигчин Ж.Оюундарийг танихгүй хүн үгүй. Та охиноо театрын тайзан дээр анх гарахад нь нүүрийг нь будсан уу?
-Жүжигчнээр сурч байхдаа л нүүр будгийн талаар надаас их асуудаг байсан. “Ийм дүрд яаж будах вэ. Нүдээ тэгж, ингэж будмаар байна, яах вэ” гээд л. Охиноо тайзан дээр гарахад нь будаж өгдөг, түүндээ ч дуртай байсан. Хамгийн сүүлд “Атга нөж” жүжигт тоглох үед нь охиныхоо нүүрийг будсан санагдана.
-Олон жүжигчинтэй, олны хэсэгтэй жүжигт бүр л их ажиллагаатай байх. Цөөхүүлээ тэр олон хүний нүүрийг хэрхэн будаж амжуулдаг байв?
-“Отелло”-гийн нүүр хувиргалт их хэцүү, ажиллагаа ихтэй. Манай тасгийн Нацагням бид хоёр л бүх жүжигчнийхээ нүүрийг хувиргадаг байсан даа. Тоглолт эхлэхээс 2-3 цагийн өмнө очиж бүх зүйлээ ян тан бэлдчихээд жүжигчдээ хүлээнэ. Тоглолтын дараа бүгдийг нь эмхэлж, цэвэрлэж, тус тусад нь хураана. Жүжигчдийн хэрэглэсэн хиймэл үс гэзэг, сахал, хөмсөг, сормуус зэргийг хооронд нь сольж болохгүй. Хүмүүсийн эрүүл мэнд, эрүүл ахуйг бодох ёстой шүү дээ. Жүжиг болгоны , жүжигчин бүрийнхийг тусад нь саванд хийгээд, нэрийг нь бичээд хадгалчихдаг. Дээр үед тийм жижиг сажиг сав, баглаа ховор. Хүмүүсээс чихэр, жигнэмгийн хайрцаг, савыг нь гуйгаад л цуглуулдаг байлаа. Одоогийн хүүхдүүд сонсвол шоолох л байх.
-Жүжигчдийнхээ ямар дүрд яаж хувиргадаг, хэнд нь ямар үс, сахал, будалт зохидог, эсэхийг бүр андахаа больчихсон уу?
-Алтан үеийнхнээс авхуулаад дунд үеийн уран бүтээлч, залуу жүжигчид гээд УДЭТ-ын бүх жүжигчнийхээ хувцсыг оёж, нүүрийг нь хувиргаж явлаа. Хэн нь ямар хэлбэрийн нүүртэй, ямар нүдтэй, ямар дух, хамар, уруултай, ямар арьстай вэ гэж асуухад түгдрэлгүй хариулахаар л мэддэг байсан даа. Нацагням бид хоёр ч хэн ямар дүрд тоглох гэж байна, жүжигчний онцлогийг дүрийнх нь шинжтэй судалж, ажиллахыг хичээдэг байлаа.
-Нүүрийг нь хувиргасны дараа жүжигчид гайхширдаг уу. Энэ ажлын юу нь, ямар онцлог таныг хамгийн их татсан бэ?
-Бидний хийсэн нүүр хувиргалт уран сайхны дүрийг хурц, тод, гүн гүнзгий бүтээхэд, дүрээ уран сайхнаар илэрхийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дүрийн төдийгүй жүжгийн ерөнхий дүр зураг, өнгө будагтай салшгүй холбоотой. Иймд нүүр хувиргагч нь найруулагч, зураач, жүжигчний хөдөлмөртэй нэгдмэл нэг багц болж байж жүжиг бүрэн бүтэн болдог.
-Та “Нүүр хувиргалтын үндэс” номоо гаргасан юм билээ. Энэ чиглэлээр манайд гарсан анхны ном уу?
-Түрүүн хэлсэнчлэн нүүр хувиргах урлаг нь тайз, дэлгэцийн урлагийн салшгүй нэг хэсэг. Уран сайхны дүрийн гаднах төрх, зан байдлыг тодруулж гаргахын зэрэгцээ дотоод сэтгэлийн мөн чанарыг илэрхийлж, үзэгч олонд танин мэдүүлэхэд жүжигчдийн идэвхтэй туслагч байдаг. Тиймээс энэ урлагийн техник, арга ажиллагааг дэс дараатай судлан эзэмшихэд нь залуу үедээ туслах зорилгоор номоо таван жилийн өмнө гаргасан. Манайдаа анхных байх аа.