МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн багш, доктор Ж.Даваадуламыг “Хүмүүс” буландаа урилаа. Тэрбээр онолын математикаар 2006 онд эрдмийн зэрэг хамгаалж Монголдоо энэ чиглэлийн анхны эмэгтэй эрдэмтэн болж байв. Орос хэлнээс шүлэг түлхүү орчуулж, уран зохиолд шимтдэг тэрбээр 2018 онд “Наймдугаар сарын цэцэг” шүлгийн номоо хэвлүүлж байжээ.
-Та ерөнхий боловсролын сургуулиа хаана төгссөн бэ, Улаанбаатарын уугуул иргэн үү?
-Тийм ээ би, Улаанбаатарын унаган иргэн. Нийслэлийн 50 дугаар сургуулийн наймдугаар ангийг 1991 онд төгссөн жилээ улсын физик, математикийн олимпиадад амжилттай оролцон, хоёуланд нь шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Ингээд МУИС-ийн дэргэдэх ахлах сургуулийн физик, математикийн ангид элсэх урилга гардлаа. Физикийн ангид тэр жил долоон хүү, математикийнхад нь надаас гадна нэг охин байснаас тэр охинтойгоо ханьсан нэг ангид орж билээ. Манай ахлах сургуульд МУИС-ийн багш нар хичээл заадаг, математик, физик, хими, биологи гэсэн дөрвөн бүлэг бүхий ес, аравдугаар ангид нь тус бүр 10-аас хол хэтрэхгүй хүүхэд сурдаг байв. Сурагчид нь ч чамбай, бүгд мэргэжил, мэргэжлийн олимпиадуудаас шалгарсан, тэтгэлэг авдаг, хөдөөнөөс ирсэн нь оюутны дотуур байранд амьдардаг жинхэнэ элит сургууль байжээ. Тэр сайхан сургууль минь 1987-1993 онд долоон удаа элсэлт аваад хаагдсан ч төгсөгчид, ангийн найз нөхөд маань өдгөө бүгд салбар салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүд болсон нь бахархууштай.
-Их сургуулиа хаана төгсөв. Хэрхэн математикийн багш болсон бэ?
-Лицей сургуулийг нь төгссөн, мөн 1993 оны улсын математикийн олимпиадад шагналт байр эзэлсэн учраас МУИС-ийн математикийн ангид хоёр урилгаар элссэн. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үе таарсан болоод ч тэр үү, их сургуульд сурч эхлэхдээ онцгой ач холбогдол өгөөгүй санагддаг юм. Манай үеийнхэн төлбөртэй сурч эхэлсэн анхны оюутнууд. Би гэхэд Төрийн сангийн зээлээр сурсан юм. Тэгэхэд нэг жилийн төлбөр нь 20 000 төгрөг байсан билүү дээ. Мөн тэтгэлэг өгөхөө больсон үе. Хоосон ядуу, хооломгой оюутны тухай онигоо биднээс эхлэлтэй байх. Гэвч оюутан нас минь бусад бүх л үеийнхний адил өөрсдийн дурсамж, аз жаргалтай өнгөрсөн юм шүү. Одоо бодоход 1990-2000 онд юм ховор живэр, хэцүү хатуу үе байсан мэт боловч жинхэнэ эрх чөлөөний салхи сэвэлзсэн, сайн сайхан, шинэ соргог бүхний үр соёолж асан, гэгэлгэн, бадрангуй он жилүүд байжээ.
1997 онд МУИС төгсөөд, одоогийн МУБИС-д 21 настайдаа багшилж эхэлсэн. Ер нь аль ч мэргэжлийнхэн ялгаагүй оюутнаасаа өөрцгүй цэл залуухан байжээ. Тэр үеийн “бяцхан” багш нар өдгөө нас нь 40 гарцгаан, Монголын дээд боловсролын салбарын гол цөмийг бүрдүүлж буй. МУБИС-даа би 2002 он хүртэл ажиллаад, ОХУ руу аспирантурт явж 2006 онд математикийн ухааны докторын зэрэг хамгаалж ирсэн. Түүнээс хойш МУИС-д багшлах болсон. Ташрамд дурсахад, онолын математикаар эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй хэмээн 2007 онд танай сонинд ярилцлага өгч байлаа.
-Математикт дур сонирхолтой, тоо сайн бодож чаддаг байх нь төрөлхийн өгөгдөл үү, давтаж, хичээж олж болдог чадвар уу?
-Тодорхой хэмжээний авьяас заяахыг үгүйсгэхгүй. Гэхдээ багш хүний хувьд хэлэхэд хичээл зүтгэл хамгийн чухал. Математикийн сонирхол, чин хүсэл, тэсвэр тэвчээр, эрүүл бие байхад хэн, хэдэн насандаа ч эл шинжлэх ухаанд суралцаж болно. Ер нь математик нь тоо бодох төдий биш гэдгийг уншигчдадаа хэлэх нь зөв болов уу. Математик бол өргөн утгаараа зүй тогтлын ухаан юм.
-Олонх эцэг, эх хүүхдээ математикийн хичээлдээ сайн бол цаашдаа алзахгүй гэж найдан, тоог нь түлхүү давтуулж, шахдаг. Тоо хүнд ямар төлөвшил, чадамж өгдөг юм бол?
-Математик бол орчин цагийн шинжлэх ухааны хэл, түлхүүр нь юм. Компьютерын ухаан, байгалийн шинжлэл, инженер, техник, технологи гээд бараг бүх мэргэжлийг их сургуулийн түвшинд эзэмшүүлэхэд математикийн мэдлэг хэрэгтэй. Энэ утгаараа тооны хичээлд сайн суралцах нь хүүхдүүдэд тодорхой давуу талууд бий болгоно. Нөгөөтээгүүр, хүнийг зөв, логиктой сэтгэх дадалд сурган, сэтгэлгээг нь сахилгажуулдаг гэж болно.
-Математикийн шинжлэх ухааны оргилд дөхнө гэж юуг хэлэх бол. Тухайлбал, та ямар амжилт үзүүлбэл ийм мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг бүтээнэ гэж боддог вэ?
-Шинжлэх ухааныг оргилд нь авирах ёстой уул гэхээсээ илүү олон салаа мөчиртэй, саглагар, өндөр мод гэж би хэлнэ. Судлаачид өөр өөрийнхөө мөчир дээр судалгаа хийж байна. Шинэ үр дүн бүр шинэ навч нахиа юм даа. Өөрийн навч нахиаг ургуулж, тордож, салаалуулж мөчирлүүлэх нь орчин үеийн судлаачийн дээд мөрөөдөл болов үү. Мэргэжлийн өндөр чансаатай сэтгүүлд судалгааны ажлынхаа үр дүнг хэвлүүлснээр судлаач, эрдэмтдийн мэдлэг, чадварыг хэмждэг дэлхий нийтийн жишиг тогтоод удсан. Миний хувьд ч ийм сэтгүүлд болж өгвөл хэд хэдэн өгүүлэл хэвлүүлэх, багш хүнийхээ хувьд их, дээд сургуульд зориулсан сайн сурах бичиг үлдээх зорилго бий.
-Таны орчуулсан шүлгүүдийг унших дуртай. Өөрөө шүлэг зохиодог уу. Ном гаргах бодол байна уу?
-Залуу насандаа шүлэг бичихийг оролдож байсан, бичсэн хүн бишгүй олон байх. Би ч тэдний нэг. Шүлгүүдээ эмхлэн “Наймдугаар сарын цэцэг” нэртэй ном 2018 онд гаргаад дахиж шүлэг бичихгүй гэж шийдсэн. Түүнээс хойш бусдын шүлгийг орчуулан, өөрийн болон өрөөлийн сэтгэлийг гэрэлтүүлж, “зугаацах” болсон гэх үү дээ. Сайн, сайхан яруу найраг хүний сэтгэлд гэгээ тусгах шидтэй гэж боддог. Орчуулсан шүлгүүд олон болохын хэрээр ном болгон хэвлүүлдэг юм бил үү ч гэж бодож байна. Эрт, орой нэгэн цагт орчуулгын шүлгийн ном гаргаж магадгүй.
-Манай улсын оюуны салбарын ирээдүйд ялангуяа шинжлэх ухааны чиглэлийн боловсон хүчний чадвар, хийж бүтээх үйлсэд хэр итгэлтэй байна. Дээд боловсролын сургалтын арга барилаас алийг нь өөрчилбөл, эвсэл хэвээр хадгалбал үр дүнтэй гэж боддог вэ?
-Монголын шинжлэх ухаан бол дэлхийн шинжлэх ухааны хэсэг. Бид дэлхийтэй зэрэгцэн хөгжинө гэсэн зүй ёсны итгэл бий. Оюутан, залуусын тухайд зөвхөн Монголд сургаад байгаа юм биш. Дэлхий хавтгай болохын хэрээр XX зууны Монголчуудын сургийг нь ч сонсоогүй сургуулиас хөвгүүд, охид эрдэм өвөрлөөд ирж байгаа. Тэд бүгд сайн мэдлэг, менежментийн үр зуугаад ирж байгаа шүү дээ. Энд үр хүүхдээ нэр хүндтэй сургуульд сурган, өндөр боловсрол эзэмшүүлэх гэсэн эцэг, эхчүүдийн нөр их зүтгэл, хөрөнгө оруулалтыг онцлон дурдах учиртай. Тиймээс ирээдүй улам сайхан болоход би итгэдэг.
Нөгөө талаар шинжлэх ухаан бол хэсэг бүлэг сонгогдсон хүмүүсийн хийдэг ажил биш болоод удсан. Дээд боловсролын салбарт ажилласан 25 жилийн хугацаанд сургалтын агуулга хэлбэр, багш нарын боловсролын түвшин, ур чадвар, ажиллах орчин нөхцөл тасралтгүй сайжирсаар байгаа. Манай математикийн тэнхимд 100 хувь доктор цолтой багш нар ажилладаг. Бүх зүйлс төгс сайн байгаа гэж хэлж чадахгүй. Гэхдээ эл салбарт ажилласан, ажиллаж буй үе үеийн олон хүний зүтгэлийг үгүйсгэх учиргүй. Мөн ямар ч систем, институцэд өөрчлөгдөх жам ёсны хэрэгцээ гэж бий.
-Та хэр шашинлаг хүн бэ. Юунд итгэж, биширч, амьдралдаа ямар зарчим баримталдаг бол. Бага насандаа тохиолдсон, санаанаас гардаггүй дурсамжаасаа хуваалцаач.
-Тод дурсагдаад, онцлоод хэлчих зүйл санагдахгүй нь. 1980-аад онд хүүхэд насаа үдсэн, шилжилтийн үед их сургуулиа төгсөн, ажил, амьдралын гараагаа эхлүүлж байсан олон хүнтэй ижил зам туулсан. Аав минь их олон ном уншиж, цуглуулдаг хүн байлаа. Эгч, дүү бид гурав номон дунд өссөн улс. Номтой ойр өссөн хүүхэд аяндаа эрдэм номд шамдангуй хүн болдог байх. Бурхан ч, буг ч хүний сэтгэлд байдаг гэж боддог. Өвөг дээдсийнхээ шүтээнд, өөрийн сэтгэлийн бурхандаа залбирч явдаг, сүсэг бишрэлтэй хүн.
-Монгол залуусыг оюуны өндөр чадамжтай, олон улсын олимпиадаас төвөггүй шагнал хүртэж байна гэлцэх юм. Монголчууд оюун ухааны салбарт амжилт гаргах язгуур өгөгдөлтэй хүмүүс үү?
-Монголчууд ямар нэгэн байдлаар бусад үндэстнээс илүү, эсвэл дутуу гэсэн үзлийн эсрэг байдаг. Хүн л бол хүн шүү дээ. Олон улсын олимпиадаас төвөггүй шагнал хүртдэг гэх нь ташаа дүгнэлт. Шагнал бүрийн ард математикийн шинжлэх ухааны салбарт зүтгэсэн олон үеийнхний чармайлт, итгэл найдвар, хөгжлийн түвшин, түүнд хүргэсэн хүмүүсийн нөр их хөдөлмөр бий. Тухайн багш, сурагчийн цаг наргүй зүтгэл ч мөн багтана.
-Сүүлийн үеийн ЕБС төгсөгчдийн олонх нь ачаалал даах, хүнд хэцүү хичээлийг давтан эзэмших чадвар муутай гэх хүн цөөнгүй болжээ. Үе хойшлох тусам хүмүүсийн оюуны чадамж буурч байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Үе болгон дараах үеэ “муудсан” гэлцэх нь хүн төрөлхтний нийтлэг хандлага шиг байгаа юм. Үнэндээ бүх л үед янз бүрийн л оюутнууд сурч таарна. Багшийн ур чадварын нөлөө ч бий. Миний ажиглалтаар, ерөнхийдөө жил ирэх тусам харин ч оюутнуудын чадвар сайжирч байгаа. Харамсалтай нь хот хөдөөгийн, төлбөртэй, төлбөргүй сургууль төгсөгчдийн хоорондын ялгаа нэмэгдсээр. Гэхдээ тухайн хүнд мэдрэгдэх, бодогдох гэдэг нэг хэрэг. Ул суурьтай, судалгаанд суурилж дүгнэх асуудал юм.
-Төлбөртэй, төлбөргүй сургуулиудын ялгаа гэснээс хүмүүс хүүхдүүдээ хувийн сургуульд сургахыг эрмэлзэх болсон. Сайн мэргэжилтэн, цалин орлого ихтэй нэгэн болоход сургууль, ар гэрийн боломж, тухайн хүүхдийн чадамж зэрэг нь хэрхэн нөлөөлөх бол. Зарим хүүхэд сайн боловсрол эзэмшин, зарим нь хоногийн хоолгүй шахам өлөн зэлмэн өсөж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Эцэг, эхчүүдийн үр хүүхдээ сайн сургуульд сурган, сайн боловсрол эзэмшүүлэх чин хүсэл, эрмэлзлэл гэдэг бол боловсролын салбарын хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулалт юм. Хүнд үр хүүхдээс нь илүү эрхэм зүйл үгүй учраас өндөр боловсролтой болгохыг эрмэлзэх нь зүй. Нөгөөтээгүүр хүүхдээ хувийн, шилдэг сургуульд сургаж чадаагүй гээд гуньж гутрах хэрэггүй. Мэдлэгт хааны зам үгүй гэдэг. Сайн сургууль, багш зэрэг нь хөтөч төдий л юм. Бага насандаа аав, ээжийн буянаар хангалуун орчин, сурч боловсрох таатай нөхцөлд өсвөл сайн хэрэг. Гэвч ийм хувь тохиогоогүй байсан ч өөрөө хичээвэл мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ үед бие даан эзэмшиж болохгүй боловсрол үгүй. Өөрөөр хэлбэл, бага, залуудаа сурч чадаагүй ч хожим нь нөхөж сурах боломж дүүрэн байна. Амьдралын чанар ямар байх нь тухайн хүнээс л шалтгаална. Түүнчлэн боловсролд нь их мөнгө зарцуулж чадахгүй ч эцэг, эх бүр хүүхдээ хичээл хийх орон зай, цаг хугацааг хэр хэмжээндээ хангаж болно. Мөн хүүхдийнхээ хөдөлмөрийг нь мөлжөөд, цаг наргүй зараад байх хэрэггүй.
-Та олон нийтийн сүлжээнд “Тэтгэвэрт гарах насыг уртасгая, илүү олон жил ажиллая” гэж бичсэн нь сонирхол татсан. Гэтэл монголчууд аль болох эрт тэтгэвэрт гарах бодолтой нь анзаарагддаг. Хүний биологийн чадамж хэдэн наснаас шавхагддаг юм бол?
-Биологийн чадамжийн талаар хэлж мэдэхгүй. Гэхдээ одоо цагт дэлхий дахинд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг бүгд л харж буй болов уу. Ажил, амьдрал нь дөнгөж эхэлж байхад өтөл хөгшрөлтийн сүүдэр өөрсдөдөө тусган, тэтгэвэрт гаръя гэх нь хэр оновчтой бол. Олон улсад 50 бол шинэ 40 нас гэж байна. Эргэн тойрноо хар, хөгширч, ядарсан 50 настан хаана байгаа юм. Залуу хүмүүс ч ажил, амьдралдаа яарч адгах хэрэггүй цаг үе ирсэн гэж боддог. 30 нас хүртлээ суралц, зугаал. Хөгшрөх, тэтгэвэрт суух, үхэх гэж яарах хэрэг юун.