Алтны ханш өнгөрсөн долоо хоногт сүүлийн зургаан сард байгаагүй өндөр дүнгээр өслөө. АНУ-ын инфляц өнгөрсөн аравдугаар сард өссөн үзүүлэлт гарсан нь уг таваарын эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөн талаар “Reuters” дамжуулав. Тус улсын инфляц жилийн 6.2 хувьд хүрсэн нь 1990 оны арваннэгдүгээр сараас хойших өндөр дүн аж. Уг хувийг шинжээчид 5.8-д хүрнэ хэмээн таамаглаж байв.
Баасан гарагт шар металлын үнэ 0.3 хувиар дээшлэн 1860 ам.долларт хүрсэн юм. Уг дүн арваннэгдүгээр сарын 3-наас хойш 110 ам.доллароор өсөөд буй нь энэ. Мөн фьючерс ханш нь дээрхтэй адил хувиар нэмэгдсэнээр 1868.5 “ногоон”-той тэнцжээ. Ташрамд дурдахад, ирэх жилийн нэгдүгээр улиралд үнэт металлын ханш дунджаар 1950 ам.доллар байна хэмээн “Societe generale”-ийн шинжээчид таамагласан гэнэ.