“Оюутолгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Премиум конкрит” компани нь аюулгүй ажиллагааны гүйцэтгэл, соёлоороо “Рио тинто” группийн гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал хүртсэнийг өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Тодруулбал, “Рио тинто” групп нь гүйцэтгэх захирлынхаа нэрэмжит уг шагналаар аюулгүй ажиллагааны тогтвортой байдлыг хангасан, эрсдэлийн удирдлагыг амжилттай нэвтрүүлж, сайн туршлага хуримтлуулж буй уурхай, хамт олныг жил бүр сайшаан урамшуулдаг аж. Түүнчлэн уг шалгуурт нийцэн, 2020 оны шилдэг туслан гүйцэтгэгч болсон “Премиум конкрит” компанийн үйл ажиллагаанаас дараах гурван зүйлийг онцолсон байна. Нэгдүгээрт, эрсдэлийг хянах арга барилыг нэвтрүүлж, ажлын байран дахь аливаа эрсдэлийг бууруулахад тогтмол анхаарч, өдөр тутмын ажлаа нямбаа төлөвлөн, боловсруулдаг гэжээ. Хоёрдугаарт, аюулгүй ажиллагааны дараалал, үйл явц, системийг ягштал дагаж мөрддөг нь давуу тал болсон аж. Гуравдугаарт, дээрх компанийнхан хийж гүйцэтгэдэг үйлсээрээ бахархдаг, түншлэгч талуудаа хүндлэн хамтран ажиллаж чаддаг зэрэг нь шагнал хүртэхэд дэмжлэг болсон гэнэ. Мөн “Рио тинто” группийн хэмжээнд “Аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар”-ыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй юм байна. Ташрамд дурдахад, “Премиум конкрит” нь 2011 онд байгуулагдсан, бетон зуурмагийн томоохон үйлдвэр бөгөөд 1600 ажилтных нь 300 гаруй нь гүний уурхайн төсөлд ажиллаж буй.
Бэлтгэсэн С.Цэрэн