Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх авто зам, дэд бүтэц барих, шинэчлэх, махны нэмүү өртгийн сүлжээг бий болгох төрөлжсөн ложистикийг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын тээврийн холболт ба ложистикийг сайжруулах” төслийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх бэлтгэл хангаж буйгаа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Үүний хүрээнд дэд бүтэц, ложистик, нийлүүлэлтийн сүлжээний платформ байгуулан, техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гурван бүрэлдэхүүн бүхий ажил хийх гэнэ. Эхний бүрэлдэхүүнд малчид олноороо нутаглаж буй бүс нутгийг улсын чанартай авто замын сүлжээнд холбон замын үр ашгийг дээшлүүлж, малын түүхий эдээр олон улсын стандартын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх буюу тээвэрлэлтийн хүйтэн хэлхээг бий болгох аж. Хоёрдугаарт нь үндэсний ложистикийн сүлжээ, тогтолцоог сайжруулах зорилт дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд малчид, операторууд, ложистикийн компаниудыг холбох нийлүүлэлтийн сүлжээний платформыг хөгжүүлэх гэнэ. Гуравт, инновацын анхдагч төслүүдэд дэмжлэг үзүүлж, институцийн зохицуулалт хийх замаар мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тээвэр ложистикийн үйлчилгээг сайжруулах зорилгоор цаашид бүтээн байгуулах төвүүдийн зах зээлийн судалгаа хийх, төсөлд оролцох сонирхолтой талуудын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулж эхлүүлэхээ ЗТХЯ-наас мэдээлэв.
Бэлтгэсэн С.Дулам