Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуягтай биржийн бус зах зээлийн талаар ярилцлаа.
-Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийг үүсгээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд биржийн бус зах зээлд Хөгжлийн банкны 284 тэрбум төгрөгийн бонд бүртгэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын сангаас 142 тэрбум төгрөгийн бондыг өнгөрсөн долоо хоногт арилжаалсан. Цаашдаа биржийн бус зах зээл нь бонд арилжих гол талбар болох нь гэсэн төсөөлөл харагдаж байна. Танд тийм төсөөлөл мэдрэгдэж байна уу?
-Биржийн бус зах зээлд өнгөрсөн хоёр сарын хугацаанд үнэт цаасны олон компани, мөн аж ахуйн нэгжүүд бондоо бүртгүүллээ. Шинэ зах зээлд компаниуд өрийн хэрэгсэл буюу бондоо бүртгүүлэх сонирхол их байна. Хөгжлийн банкны 284 тэрбум төгрөгийн бондыг биржийн бус зах зээлд арилжих зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт Бүртгэлийн хорооноос олгосон. Уг бондын эхний транч болох 142 тэрбум төгрөгийн бондыг арилжлаа. Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөө ам.доллароор оруулж ирээд Хөгжлийн банкны бондыг төгрөгөөр худалдан авсан юм. Үүнийг гадаадаас хөрөнгө татах томоохон ажлын эхлэл гэж харж байгаа. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлийг олон нийт Монголын хөрөнгийн биржээр л төсөөлж ирсэн. Тэгвэл олон улсад хөрөнгийн зах зээлийн өөр нэг тулгуур багана нь биржийн бус зах зээл байдаг. Биржийн бус зах зээлд санхүүгийн үүсмэл хэрэгсэл болон бонд буюу өрийн хэрэгслийг голлон арилждаг юм. Хөгжлийн банкны бондыг бүртгэсэн нь Засгийн газрын хамаарал бүхий анхны этгээд биржийн бус зах зээлд хөл тавьсан тохиолдол боллоо. Манай улсын зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газарт итгэл хүлээлгэн бондыг худалдан авсан.
-Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа ямаршуухан байна вэ. Энэ зах зээлд хэдэн бүтээгдэхүүн бүртгүүлээд байгаа вэ?
-Өмнө нь дотоодын зах зээлд хаалттай хүрээнд гаргасан өрийн хэрэгслийн нэгдсэн бүртгэл байгаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос хаалттай хүрээнд гаргаж буй үнэт цаасыг бүртгэлжүүлэх үүднээс Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг өнгөрсөн онд баталсан юм. Улмаар энэ оны долдугаар сард манай холбоо уг журамд тулгуурласан нарийвчилсан зохицуулалт буюу бүртгэлийн, арилжааны болон биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг боловсруулж СЗХ-гоор батламжлуулсан. Ингэж биржийн бус зах зээл үүсэх эрх зүйн орчныг бүрдүүлж үйл ажиллагааг эхлүүлсэн. Биржийн бус зах зээл эхлэхээс өмнө хаалттай хүрээнд 50 орчим тэрбум төгрөгийн бонд гаргасан гэсэн тооцоо байсан. Харин одоо биржийн бус зах зээлийг эхлүүлснээр нийт 378 гаруй тэрбум төгрөгийн бонд бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 15 үнэт цаас гаргагчийн 24 бондыг бүртгэсэн байна. Манай холбоо дунд болон урт хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг биржийн бус зах зээлээр дамжуулан татаж, дотоодын эдийн засагт бодитой үр дүн үзүүлэхүйц валютын урсгалыг бий болгохоор зорьж байна. “АСЕАН+3” буюу Ази, Номхон далайн орнууд, Япон, Өмнөд Солонгос, Хятадыг багтаасан цар хүрээнд Азийн хөгжлийн банкнаас улс хооронд арилжаалагдах өрийн хэрэгслийн нэгдсэн стандартыг бий болгохоор ажиллаж байгаа. Манай холбоо уг зорилгод нэгдэн өөрсдийн бүртгэлийн стандартыг мөн адилаар боловсруулахад анхаарч байна. Нэг ижил стандарттай болчихвол манайд гарч буй өрийн хэрэгслийг гадаадын хөрөнгө оруулагч төвөггүй худалдаж авах давуу тал үүснэ. Өөрөөр хэлбэл, Ази, Номхон далайн орнуудын бондын зах зээлийн нэг хэсэг нь Монгол Улс болно гэсэн үг. Мөн Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (International capital market association)-той өнгөрсөн зун харилцан гишүүнчлэлийн гэрээ байгуулсан. Энэ байгууллага нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компани, томоохон хөрөнгө оруулалтын банкуудаас бүрдсэн 600 гаруй гишүүнтэй. ICMA нь бондын анхдагч болон хоёрдогч зах зээл, реппо маркет, финтек болон тогтвортой буюу ногоон бонд гэсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагатай хамтарч ажилласнаар гадаадын хөрөнгийг татах, дотоодын бондын зах зээлийг олон улсад таниулах, мэргэжилтнүүдээ чадавхжуулах нөхцөл давхар бүрдэнэ.
-Биржийн бус зах зээлд үнэт цаас гаргагчийн тоо 15, зах зээлийн үнэлгээ нь 378 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Маш хурдтай ажиллажээ гэж дүгнэж болох нь. Тэгэхээр биржийн бус зах зээл нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан бонд гаргахаас хэд дахин хурдтай юм байна. Өөр ямар онцлог талууд байна вэ?
-Биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагчид дараах давуу талуудыг олгодог. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд шуурхай, эрх зүйн хувьд уян хатан. Бонд гаргах материал нь бүрдсэн тохиолдолд Бүртгэлийн хороо 5-15 хоногт шийдвэр гаргана. Ингэхээр мөнгө татан төвлөрүүлэх хугацааг нь ихээхэн богиносгож байгаа юм. Мөн бүрдүүлэх материал хялбар. Биржээр дамжуулж бонд гаргавал хууль, үнэлгээ, аудитын дүгнэлт гэсэн гурван зүйлийг заавал шаардана. Энэ зах зээлд зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцдог учраас үнэт цаас гаргагчаас нарийн мэдээлэл шаарддаггүй. Мэргэжлийн хөрөнгө оруулагч тухайн байгууллагын үндсэн танилцуулга, аудит хийлгэсэн санхүүгийн тайланд тулгуурлаж хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Бүртгэлийн хорооныхон хөрөнгө оруулагчид тулгарах эрсдэлийг нь тооцох шаардлагагүй буюу зөвхөн бүрдүүлбэр (profile listing)-ийн дагуу бүртгэлийг хийдэг. Иймээс зөвшөөрлийг нь шуурхай гаргадаг. Харин хөрөнгө оруулагч үүсэх эрсдэлийг бүрэн хариуцах учиртай. Хоёрдугаарт, өртөг зардал маш бага. Биржээр дамжуулж өндөр дүнтэй мөнгө татан төвлөрүүлэх тусам шимтгэл нь татвар шиг өсдөг. Харин биржийн бус зах зээлд бүртгэлийн хураамж нь дээд тал нь 10 сая төгрөг байхаар журамласан. Үүнээс гадна арилжааны шимтгэлийг тэглэсэн бөгөөд биржийн бус зах зээлд бонд гаргахад холбооноос арилжааны шимтгэлийг тодорхой хугацаанд авахгүй байхаар зохицуулсан. Мөн МҮЦАЭХ нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ байгуулж үнэт цаас бүртгэх хураамжийг хоёр дахин бууруулснаас гадна үнэт цаасны компанийн дилерийн дансаар арилжаалах шимтгэлийг тэглэж зах зээл үүсгэгч (market maker)-ийг бий болгох томоохон хөшүүрэг бий болгосон. Ингэж үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчдад шат дамжлага бүрт өртөг зардлыг бууруулах зохицуулалтыг бий болгосон юм. Гуравдугаарт, өрийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлтэй болсноор бүх талд шаардлагатай мэдээллийн сан үүсэж, аливаа шийдвэр гаргахад хамгийн чухал давуу тал үүсээд байгаа юм. Биржийн бус зах зээлд арилжиж буй үнэт цаас бүрийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв бүртгэж, олон улсын ISIN буюу International securities iden¬tification number гэсэн дугаар олгоно. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч дээрх төвлөрсөн бүртгэлийн дугаараа ашиглаад Монгол Улсад бүртгэгдсэн өөрийн үнэт цаасаа харж, таньж мэдэх боломж олгодог. Үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах нь дараагийн том давуу тал юм. Биржийн бус зах зээлийг үүсгээгүй байхад хаалттай хүрээнд бонд гаргахдаа хөрөнгө оруулагч, андеррайтер, үнэт цаас гаргагч гурав гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулдаг байсан. Одоо тийм процесс хийх шаардлагагүй. Арилжааны системд бонд арилжих мэдээллээ оруулаад аль ч үнэт цаасны компаниас захиалгаа өгөөд худалдаж авах боломжтой. Өмнө нь А гэдэг үнэт цаасны компани бондыг зөвхөн өөрийн харилцагчдад санал болгодог байсан. Тэгвэл А үнэт цаасны компани нь одоо биржийн бус зах зээлийн нийт оролцогчид болон тэдгээрийн хоёр сая гаруй харилцагчид санал болгож болно. Гэхдээ биржийн бус зах зээлээс үнэт цаас худалдаж авах харилцагч нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн шаардлага хангасан байх ёстойг анхаарах хэрэгтэй.
-Мэргэжлийн хөрөнгө оруулагч ямар шалгуур хангасан байх шаардлагатай вэ?
-Биржийн зах зээлд хөрөнгө оруулах хүсэлтэй хэн ч оролцож болдог бол биржийн бус зах зээлд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй, санхүүгийн чадавхтай хүнийг оролцуулна гэсэн шаардлага тавьдаг. Мэдлэгтэй, чадавхтай хүмүүс оролцдог учир нь үүсэх эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө бүрэн хариуцдаг. Энэ зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журамд тусгасан. Үүнд мэргэжлийн хөрөнгө оруулагч нь сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс дээш, нэг жилийн турш үнэт цаасны арилжаа хийсэн байх, эсвэл хагас тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, нэг жилийн турш үнэт цаасны арилжаа хийсэн байх гэсэн шалгуурыг тавьсан. Санхүүгийн зохицуулах хороотой өнгөрсөн жил манай холбоо маш идэвхтэй хамтарч ажилласан юм. Хоёр байгууллага биржийн бус зах зээлийг өөрийгөө зохицуулах эрх бүхий мэргэжлийн холбоо нь эрхлэх нь зүйтэй юм байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Олон улсын жишиг ч ийм байдаг. АНУ, Өмнөд Солонгос, Японд өөрийгөө зохицуулах эрх бүхий үнэт цаасны мэргэжлийн холбоо нь биржийн бус зах зээлээ удирдаж, хөгжүүлж явдаг. Манайхан ч энэ жишгийн дагуу ажиллаж, бодит үр дүнд хүрлээ.
-Гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого баримтлахыг тань ойлголоо. Өөр ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сайжруулахад Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Одоогоор биржийн бус зах зээлд бондын анхдагч арилжаа идэвхтэй байна. Хоёрдогч зах зээлийн арилжааг бий болгохын тулд Засгийн газрын өрийн хэрэгслийг гаргах нь маш чухал. Засгийн газрын бондыг эрсдэлгүй үнэт цаас гэж үздэг. Тиймээс Засгийн газрын бондыг гаргах нь иргэд болон аж ахуйн нэгжийн сул чөлөөтэй мөнгийг биржийн бус зах зээлд оруулахад ихээхэн нөлөөлнө гэж үзэж байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал өнгөрсөн есдүгээр сард болсон. Уг хуралд Санхүүгийн зохицуулах хорооныхон биржийн бус зах зээлийн талаар танилцуулж, цаашдаа энэ зах зээлд Засгийн газрын бондыг гаргах боломжтойг Сангийн сайдад уламжилсан. Ирэх оны улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд дотоодын зах зээлд бонд гаргах төлөвлөгөөг хуульд тусгасан. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд биржийн бус зах зээл нэлээд ач холбогдол өгч, үүрэг хүлээн оролцохоор төлөвлөж байна. Олон улсын хөрөнгө оруулагч Монголд хөрөнгө оруулахдаа өрийн хэрэгслийн хүүгийн өгөөжийн түвшнүүд ямар байгааг асуудаг. Засгийн газар тогтмол бонд гаргаснаар дотоодын өрийн хэрэгслийн хүүгийн өгөөжийн түвшин тогтох боломж бүрдэнэ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд компаниуд л бондоо биржийн бус зах зээлд бүртгүүллээ. Биржийн бус зах зээлийн бондын хүүгийн өгөөж эрсдэл болон хугацаанаасаа хамаарч, 9-16 хувийн хүүтэй байна. Богино болон урт хугацаатай бондын өгөөж ямар байна вэ гэдэг мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч биржийн бус зах зээлээс авдаг болгох хэрэгтэй. Засгийн газар бонд гаргавал гадаадаас валют татах нэг алхам болно. Ингэснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан зэрэг төрийн сангуудын зээл олголт асуудал дагуулдаг. Тэгвэл жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бонд, эсвэл хувьцаагаа биржийн бус зах зээлд гаргавал Засгийн газрын сан худалдаж авдаг нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын сангууд шугаман зээл олгогч маягаар ажилладаг. Харин биржийн бус зах зээлд Засгийн газрын сангууд хөрөнгө оруулагч болон орж ирснээр зөвхөн зээл олгох хэлбэрээр бус, хөрөнгө оруулалтаар дамжуулж бизнес эрхлэгчдийг дэмжих боломжтой. Ингэснээр сангуудын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлаар жинхэнэ утгаар нь ажиллуулж болно.
-Биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагч нарт хоёуланд нь сонголт бий болгож буйгаар бас давуу талтай юм байна.
-Сонирхуулахад, 90-ээд онд өмч хувьчлал бий болсноос хойш “Хувьцаа эзэмшигч” сонин улирал тутам гардаг байжээ. Эл сонины 1997 оны есдүгээр сарын дугаарт “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн үнэт цаасны зохицуулах хөтөлбөр”-ийн гуравдугаар шатны ахлах зөвлөх Жон Барнес тухай үеийн Монголын үнэт цаасны тухай хуульд 13 зөвлөмж өгсөн байдаг. Үүний хамгийн эхний зөвлөмж нь биржийн бус зах зээлийн талаар хуульд тусгах хэрэгтэй, өөрийгөө зохицуулах байгууллагад нь хариуцуулах ёстой гэсэн агуулгатай байсан. Монголчууд 24 жилийн өмнө ийм зөвлөмж сонсож байжээ. Тэгвэл одоо л үүнийг хэрэгжүүллээ. Монголын хөрөнгийн зах зээл биржийн болон биржийн бус зах зээл гэсэн хоёр баганатай болсон. Биржийн зах зээл нь олон нийтэд нээлттэй бол биржийн бус нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн “тоглох” талбар. Иймээс ч биржийн бус зах зээлд санхүүгийн үүсмэл хэрэгсэл, бондуудыг голцуу арилждаг. Өөрөөр хэлбэл, биржийн бус зах зээл гэх хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, эрсдэлийг нь оролцогчид нь үүрүүлэн, хөрөнгийн зах зээлийг “солонгоруулж” байна гэж ойлгох хэрэгтэй.