Найруулагч Ц.Хүсэлбаатар шинэхэн бүтээлээ “өлгийдөн” авчээ. Түүнтэй ярилцахаар утас цохив. Тэрбээр уулзахгүйгээр техник, технологийн дэвшлийг ашиглая гэв. Учир нь Хүслээ өвөө ачаа хараад түмэн завгүй байгаа аж. Ой гарантай бяцхан хүү өвөөгийнхөө хамрыг маажсан л гэнэ, ширээ өөд авирч сандаргалаа л гэх. Ер бусын хөдөлгөөнтэй ачаа харсан шигээ аз жаргалтай суугаа өвөөтэй цахимаар дүрсээ харж хөөрөлдлөө.
-Ирэх долоо хоногт таны шинэ уран бүтээлийн нээлт болно. Кино театруудад трэйлер нь хэдийн гараад эхэлжээ. “Хиртээгүй сарнай” үзэгчдэд яг юу өгөх юм бэ?
-Залуу хос хайр дурлалын их сайхан гэгээн түүх бүтээж байв. Залуус дунд нь алдана. Гэхдээ алдаж байгаагаа огт мэддэггүй. Өөрт нь ашигтай, сайхан таашаалтай л байвал бусдыг хохироох нь хамаагүй ч юм шиг. Амьдралд ийм зүйл тохиолддог. Киноны төгсгөлд гол баатар нь “Урьд өмнө нь хийсэн нүгэл чинь чиний замд хожмын өдөр гэтэлж болшгүй далай, өгсөж болохгүй хад, гаталж боломгүй хавцал болж ирэх вий дээ. Хэн ч үл мэднэ. Тэр цагт чи хэнд гомдох вэ” гэж хэлнэ. Үүнийг л ойлгуулах гэсэн юм. Амьдралд хүн өөртөө биш өрөөлд л гомддог байхгүй юу. Харамсалтай нь, буруутан нь өөрөө байдаг нь амьдралын гашуун бөгөөд үнэн юм.
-Үйлийн үр гэдэг шиг үү?
-Буурал ээж минь “Гишгээд мөрөө харж яв” гэж хэлдэг сэн. Багадаа ойлгодоггүй байжээ. Нарийн ширийг нь мэдэхгүй бараг цасан дээр гишгээд эргэж харах ухааны юм сэтгэж явсан байж магад. Зөв явж уу, буруу замаар будаа тээв үү гэдгээ дүгнэж, хаана гишгэхээ хар гэсэн санаа юм.
-Киноны сэдэв, агуулга аль төрөлдөө хамаарах вэ?
-Цэвэр уянгын бол биш. Триллер драм төрлийн кино гэж ойлгож болно. Хүмүүст ухаарал хайрлая, нэг хүн ч гэсэн алдалгүй оноосой гэж киногоо бүтээлээ. Заавал алдаж, хана мөргөж, нүхэнд унах албагүй шүү дээ. Үүнээс урьтаж сануулж, сэрээх нь уран бүтээлч бидний үүрэг юм. Зугаалж, хэтэрхий баяр жаргалтай байхаасаа гадна дэргэдээ байгаа хүмүүсээ хайрлаасай хэмээн хүслээ шивнэж киногоо хийлээ.
-Хайрын түүх өгүүлсэн кино ажээ. Сэдэвтэйгээ уялдуулаад асуухад таны үе өөр, биднийх ондоо. Асар том ялгааг нь олж хардаг л биз дээ?
-Ёстой хүнд байдалд орсон. Хайр дурлал бол надаас асар хол сэдэв. Адаглаад миний үед гар утас байсангүй. Одооны залуус фэйсбүүкээр танилцдаг болж. Цахимд өнөөдөр нэг хүн нэг дор 5000 найзтай ч байх шиг. Хоорондоо харилцах нь, өмсөж зүүх нь, бүр идэж уух нь ондоо. Сонирхдог зүйл, наргиа наадам хийх нь бас өөр. Бидний амьдрал ийм байсангүй. Дээрээс нь нас нэлээд явсан хойно романтик хайр дурлалын кино бүтээнэ гэдэг хүнд юм. Өөрийгөө залуу юм шиг санаж иржээ. Нэг мэдсэн нас нэлээд явжээ. Ер нь хайр гэдэг мөнхийн сэдэв. Нийгэм урагшилж, дэвшиж, хөгжиж буй учраас залуусын хандлага, үзэл бодол дагаад өөрчлөгдөлгүй яах вэ. Зарим залуучууд их хөнгөхөн сэтгэж, юмыг үзүүрээс нь хардаг болсон санагдлаа. Манай үед хамтран амьдрагч гэж байсангүй. Одоо хэсэг хамт амьдраад болохгүй бол салчихна гэх юм. Хэзээ чин сэтгэлийн хайртай учрах гээд байгаа нь ойлгомжгүй. Үнэн сэтгэлийн бус, эд мөнгөний хайр ч байх шиг. Энэ хандлага нь эргээд өөрсдөд нь сөргөөр нөлөөлнө. Энэ бүгдийг судалж, зохиолоо бодож бичсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш нэлээд нухаж, 7-8 засаж, өөрчилж байж, зураг авалтаа хийсэн дээ.
-Бүтээл хийхэд хөрөнгө мөнгө чухал. Санхүүгээ хэрхэн босгодог юм бэ?
-Миний санхүү босгоно гэж юу байх вэ. Миний хань их олонтой хүн юм. Найз нөхөд нь дэмжинэ. Ер нь хүмүүс Өлзийд их итгэнэ ээ. Сүүлд хийсэн бүх уран бүтээлийг минь манай хүн продюсерлэсэн. Хань бүгдийг нь зохицуулдаг. Жишээ нь, энэ кинонд С.Өлзийхүү тоглохооргүй байсан. Гэтэл сонгосон жүжигчний маань уран бүтээл давхцаад болж өгөөгүй. Өөр хүмүүст санал тавьсан. Бас л болсонгүй. Ингээд айлаас эрэхээр авдараа уудал гээд бүхнийг зохицуулагч С.Өлзийхүү дээр тухайн дүр бууж байгаа юм. “Хиртээгүй сарнай”-г ханийн минь найз ивээн тэтгэлээ. Ингэхдээ би охиныг чинь дэмжиж байна гэсэн. Би чихэндээ итгэхгүй заавал Баярмааг тоглуулах ёстой юу гэж лавласан.(инээв) Мөн бага хүүгээ сорьж, туслах дүрд тоглуулсан. Авьяастай юм уу, байхгүй бол эртхэн замыг нь заая гэж бодсон. Кинонд тоглуулахдаа Б.Хишигзаяа багшаас нь зөвшөөрөл авсан.
-Х.Сумъяадорж угтаа эмчийн мэргэжлээр сурч байсан гээ биз дээ?
-Анагаахын сургуульд эмч мэргэжлээр сурч байлаа, миний хүү. Нэг л өдөр сургуулиа хаячихсан. Юу ч болоогүй юм шиг СУИС-д шалгуулж, тэнцчихсэн гээд ороод ирсэн. Одоо гуравдугаар курсийн оюутан болжээ. Хэрэв зээ, эмчээрээ сурсан бол ирэх хавар төгсөх байв. Сураад л аавынхаа сорилтод ороод л, “Хаадын хаан-Андгай” жүжгийн олны хэсэгт оролцоод л явна миний хүү. Мэргэжилдээ дурлаж, шатаж байх шиг. Хар нялхаараа тайз, урлаг, уран сайхнаар “өвчилсөн” биднийг харж өссөн хойно, аргагүй юм уу гэж хааяа боддог. Уран бүтээлч хүн алдаж, онодог. Тэр бүгдийг туулах байх аа. Би ч эхэндээ багш болно гэж “дарцаглаж” яваад эцэстээ урлагт урвасан хүн. Гэхдээ сэтгэлд байсан жаахан дөлийг минь аав асааж өгсөн. Би чинь анхны сургуулиа бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Эхэндээ жүжигчин байгаад одоо найруулагч боллоо. Багадаа зураач болохыг мөрөөддөг байв. Буурал аав Ёндон, буурал ээж Зэсүм хоёр намайг айлын ганц хүү шиг хайрлаж, өсгөсөн. Тэд намайг хэр баргийн гэрээс ч гаргахгүй шахуу их дарж өсгөсөн л дөө. Гэхдээ хүсэл мөрөөдлийг минь их дэмжинэ. Гэрээс гарахаараа аав, ээжийгээ дагаж театрт жүжиг их үзнэ. Жүжиг, концертын сургуулилалт үзээд л үзэгчдийн танхимд суух дуртай байлаа. Бас баярын амралтаар уран бүтээлчдийн хүүхдүүдийг Хүүхэлдэйн театрт бүгдийг нь бужигнуулаад л хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн кино өдөржин үзүүлж, бэлэг өгөөд л үлгэрийн юм шиг сайхан байдаг байж дээ. Бусад үед нь зургаа зураад, номоо уншаад гэртээ өнждөг байлаа. Цэрэгт явахаасаа өмнө жаахан дэггүйтсэн. Гэхдээ аавын бужигнуулж явсныг яаж гүйцэх вэ.
-Хийсэн кино бүрдээ гэр бүлийн гишүүддээ тоглуулаад байхаар ил далд шүүмжлэл гарч л таарна даа тээ.
-Зарим хүн хэлнэ ээ. Өөр шинэ уран бүтээлч нээж гаргахын оронд хүүгээ, хүүхнээ тоглууллаа, эхнэрээ сонгочихлоо гэдэг. Хэн нь ч, юу ч чадахгүй, үнэхээр уран бүтээлч биш, урлагийн тогоонд чанагдаагүй, доторгүй байсан бол юү гээд л бүтээлдээ тоглуулах юм. Цаг, мөнгөний гарз биш үү. Чаддаг учраас л сонгодог. Тиймээс би шүүмжлэлд нэг их эмзэглэдэггүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ ажиллана гэдэг нэг талдаа амар ч найруулагчийн хувьд асар их хариуцлага нэхдэг. Нөгөө талаар мөнгө төгрөг хүрэлцэхгүй ч үе гарна. Энэ үед хажуудаа байгаа мэргэжлийн жүжигчдийг сонголгүй яах вэ.
-Гэхдээ С.Өлзийхүү эгч таны найруулсан бүх кинонд тоглосон харагддаггүй дээ.
-Бодоод байхад ханьдаа бүтээлээ зориулж байгаагүй юм билээ. Тиймээс “Нинжин сэтгэл”-ээ ханьдаа зориулж бичсэн, найруулсан, гол дүрийг нь өгсөн.
-Хүмүүс тэгж ярьдаг юм байж. Та харин охиноо хэр шүүмжилдэг вэ?
-Хүн өөрийнхийгөө их голно. Илүү их шаардлага тавина. Нөгөөтээгүүр дээр хэлсэн шиг хүмүүсийн шүүмжлэлийн бай болох вий гэхдээ их голж, шаардаж, тоглуулдаг. Ажлын байран дээр барахгүй бол гэртээ авчраад хэлнэ. Хүний л үр болсон юм хойно, охин урдаас эрхэлнэ. Олон хүний өмнө эвгүй байдалд орууллаа. Аймаар загналаа гэж үг хаяна аа.
-Ё.Цог гуай бас таныг шүүмжилнэ биз.
-Аавд “Миний хүү яасан сайхан бүтээл болоо вэ”, “Ай мөн сайхан бүтээл хийжээ” гэж хэлсэн түүх үгүй. Үүнийг мэддэг болохоор би ч ааваас ямар болж гэж асуудаггүй. Хааяа нэг “За яах вэ, боломжийн болжээ, зайлуул” гэж хэлнэ. Араас нь “зайлуул” гэдэг үгээ их хоржоонтой хэлнэ.(Инээв) Хань минь харин их урам өгнө өө. Өлзийхүүг гайгүй сайн болжээ гэж хэлэнгүүт би дөрөөлж аваад л “Би чинь ланжгар амьтан шүү дээ” гээд л өөрийгөө хөөргөнө. Хөөрүү гэдэг нь өөрийгөө магтаад л гэхээр нь "Өөр хүн магтахгүй юм чинь өөрийгөө магтаад авъя" гэж наргидаг юм.
-Гурван үеэрээ уран бүтээлч байна гэдэг их сайхан завшаан юм даа. Ё.Цог гуайгаар сонин сайхан юутай байна вэ?
-Аав саяхан айхавтар өвдөөд эдгэлээ. Ходоодны нэлээд хүнд хагалгаанд ороод даваад гарлаа. 80 шахсан буурай гэхэд бидний хажууд бие сайтай юм. Ухаан санаа саруул, жин бага, хөнгөн шингэн. Цахилгаан шат хэрэглэхгүй 8 давхар луу гүйхээгээрээ гарчихна. Барагтай өвчин хэлэхгүй өвгөн. Миний аав чинь долдугаар ангийн боловсролтой, урлагт их эрт орсон хүн. Сүүлд кино үйлдвэрт байхдаа оройгоор аравдугаар ангиа дүүргэсэн гэдэг. Цэргийн албыг зургаан жил хаасан, улирсан ахлагч ааваараа мөнхөд бахархана. Гитар, баян хуур, бөмбөр тоглоно. Бүрээ үлээнэ. Зураг зурна. Хүүхэлдэйн театрт тоглодог байсан “Тахиан тээрэм”-ийн хөгжмийг аав минь бичсэн. Цахим орчинд тархсан “Өвгөдийг битгий шоол” шүлэг аавынх юм. Орос, Герман хэлний мэдлэгтэй. Маш их уншина. Аавын уг нэр нь Миша. Орос эмч эх барьж авахдаа өгсөн нэр. Харин өвчин ороогоод байхаар нь үзмэрч ”Яг одоо нэрийг нь соль” гэсэн юм билээ. Буурал аав сандчаад л ийш тийшээ харсан чинь орон дээр нь утга зохиол, урлагийн “Цог” сэтгүүл хэвтэж байж. Тохиол учрал гэж их сонин. Буурал аав шууд “Цог” гэж хэлсэн гэнэ лээ.
-“Аюултай харилцаа” киноны дараагийн ангийг бүтээх үү?
-Үргэлжлүүлнэ. Бясалгана гэдэг шиг дотроо хэд хэдэн хувилбар бодсон. Шилж, голж, тархиа “мэрсээр” хоёр агуулга дээр төвлөрөөд цаасан дээр товчхон буулгасан. Аль нэг хувилбараар нь бүтээлээ хийнэ. Уг киног “Аюултай тоглоом”, “Аюултай эргүүлэг” нэртэйгээр Америк, Орос, Хятад, Солонгосууд бүтээсэн хувилбар бий. Бүгдийг нь үзсэн. Аюултай харилцаа бол хүн төрөлхтний сэдэв. Гэр бүлээс гадуурх харилцаа угаасаа аюул л дагуулна. Энэ ухаарлыг өгөх гэж киногоо хийсэн. Эртнээсээ хормойн явдал хортой, үр хүүхэд хиртэнэ гэж ярьдаг байв. Энэ талыг нь бодож, гэр бүлдээ үнэнч байвал сайхандаа гэж киногоо хийсэн. Хүмүүс ч та дараагийн хувилбараа гаргаач гэх шаардаж байна.
Гэхдээ үүнээс өмнө “Хэнд ч хэлээгүй нууц” киногоо олны хүртээл болгоно. Бас “Сүнс тонилгогч” цуврал кино зохиолоо дуусгачих санаатай. Зургаан анги нь нэг бүлэг юм. Эхний бүлгийн зохиол гараас гарсан. Хоёрдугаар бүлгийн зохиол руугаа орчихсон бичиж байна. Заримдаа нэг жилд хэд хэдэн бүтээл гаргачихдаг. Тухайлбал, 2016 онд “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон” киногоо бүтээсэн. Голчлон жилд нэг чанартай уран бүтээл гаргахыг эрмэлздэг. Хийж бүтээхийн их хүсэлдээ хөтлөгдөөд, донтчихоод сууж байна. Бас киноны зураач Ц.Хүрэлбаатар дүүтэйгээ хамтраад газар шороо, эх орон ч сэдвээр бүтээл хийхээр бэлтгэлээ базааж сууна. Ер нь бүтээл хийх маш олон санаа олж, чоно зулгааж, сэглээд орхисон гэдэг шиг дуусгалгүй эрээчээд үлдээчихдэг. Заримыг нь эргэж харж, бүтээл болгодог.
-Уран бүтээлийн сангаа арвижуулсаар байгаа аж. “Хиртээгүй сарнай” таны хэд дэх бүтээл вэ?
-Эхлээд өөрийгөө арванхоёрдугаар сарын 12-нд төрснөө онцолчихъё. Тиймээс 12-ын тоог их бэлгэшээдэг. “Хиртээгүй сарнай” миний дангаараа хийсэн 12 дахь бүрэн хэмжээний бүтээл. Буурал аав, ээж ч азын 12 бэрх их буулгадаг байлаа. Буурал ээж 12 шагайгаараа наадна, мэргэлнэ. Буулгасан шагайн тайлал нь их ханатай санагддаг байлаа. Буурал ээж минь хамаатан садан дундаа хүндтэй, хөгшин байв. Монголчууд 12-ын тоог, нийлбэр нь 3 гардаг учраас чандмань эрдэнэ гэж үздэг шүү дээ. 12 сар, 12 жил сайхан шүү дээ.