“Хуулийн төслийг баталснаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагааг зам, тээврийн хөгжлийн стратеги бодлоготой уялдуулах, оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болж, ойлгомжгүй байдал арилах бөгөөд хохирогчийн болон даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах үйл явцыг хялбаршуулснаар хүнд суртал, чирэгдэлтэй байдал арилна” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дурджээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Жолоочийн даатгалын тухай хууль нь зам, тээврийн хөгжлийн стратеги бодлоготой уялддаггүй, оролцогч талуудын эрх, үүрэг тодорхойгүй, ойлгомжгүй, хүнд сурталтай гэж үзээд шинэчлэн найруулах санаачилга гаргасан нь энэ. Үүнээс гадна хуулийн шинэчилсэн найруулгын гол өөрчлөлт нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх төрийн өмчит, ашгийн төлөө бус аж ахуйн нэгж байгуулах юм. Одоогоор ердийн даатгалын 14 компанийн 3000 орчим ажилтан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажилладаг. Т.Аюурсайхан нарын санаачилсан хуулийн төслийг УИХ дэмжвэл төр 3000 орчим хүн ажиллуулдаг аж ахуйн нэгжтэй болох юм.
Хууль санаачлагчид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг төр хариуцвал менежмент дээшилнэ гэж тайлбарлаж буй. Монголын төр хэзээд муу менежер байж ирсэн. Тиймээс албан журмын даатгалын үйл ажиллагааг төр эрхэлснээр дээрдүүлнэ гэж төсөөлөхгүй байна. Төрийн гарт орсон бүхий үйл ажиллагаа уруудан доройтдог жамтай. УИХ-ын гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа. Улмаар эрх баригч буюу МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар долоо хоногийн завсарлага авсан. Албан журмын даатгалын үйл ажиллагааг төр мэдэлдээ авах нь үнэхээр зөв, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс уг хуулийн төслийг нухацтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн бололтой.
Даатгалын салбар өнгөрсөн 30 жилд хувийн хэвшлийнхний нуруун дээр явж ирсэн. Жолоочийн даатгалын тухай хуулийг 2012 оноос хойш хэрэгжүүлж буй. Албан журмын даатгалын уг хуулийг хувийн хэвшил хэрэгжүүлэхдээ мэр сэр алдаа дутагдал гаргасан тал бий. Гэхдээ хэрэгжилтийг маш сайн хангуулж ажилласан гэж дүгнэж болно. Албан журмын даатгалаар хувийн компаниуд өндөр ашиг олж байна гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тайлбарласан. Тэрбээр хуулийг батлуулж чадвал албан журмын даатгалын хэмжээг бууруулах бололтой. Т.Аюурсайхан ашигтай ажилладаг гэсэн бол компаниуд харин албан журмын даатгалаас алдагдал хүлээсэн гэсэн тоо баримт харуулж байна. Албан журмын даатгалын орлого сүүлийн таван жилд буюу 2017-2021 оны дунджаар 29.1 тэрбум төгрөг байжээ. Үүнээс дунджаар жил бүр нөхөн олговорт 17.4 тэрбум төгрөг зарцуулсан аж. Даатгалын компаниудын үйл ажиллагааны зардалд 14.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нийт орлогын тэн хагасыг үйл ажиллагааны зардалд зарцуулдаг гэсэн үг. Ингээд жилд дунджаар 2.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн хэлж буй шиг албан журмын даатгалаас өндөр ашиг олдоггүй гэх.
Даатгал бол төрийн оролцоо маш багатай хөгжиж буй салбар. “Үндэсний давхар даатгал” компаниас бусад нь хувийн хэвшлийнх. Гэтэл төр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээг хувийн хэвшлээс салгаж, өөртөө авах гэж буй нь зарчмын том асуудлыг хөндлөө. Төр бизнес хийх шаардлагагүй, аж ахуйн ажилтай орооцолдох хэрэггүй гэх үзэлтэй хүмүүст бол Т.Аюурсайхан нарын санаачилга маш буруу зүйл. Харин төрийн бүтцийг томруулж, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой хүмүүсийн сэтгэлд нийцсэн шийдвэр юм.
Дэлхийн улс орнууд санхүүгийн зах зээлээсээ төрийн оролцоог халж, хувийн хэвшилд даатгах хандлагатай болсон. Санхүүгийн зах зээлээ либералчлах нь эдийн засгийн хөгжилд тустай гэж үзэж байна. Санхүүгийн зах зээлд төрийн оролцоо, хэт зохицуулалт байхгүй бол мөнгө чөлөөтэй хөрвөнө. Мөнгө бол эдийн засгийн цус юм. Эргэлт нь хэр хурдан байна, тэр эрчмээр эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Гэтэл УИХ-аас санхүүгийн зах зээлд төр гар дүрэх хууль санаачилсан нь дэлхий нийтийн чиг хандлагыг сөрсөн явдал юм. Мэдээжийн хэрэг жолоочийн даатгалын эрх зүйн орчныг зам, тээврийн стратеги бодлоготой уялдуулах, ойлгомжтой болгох, хүнд суртлыг арилгах нь зөв. Харин ингэхийн тулд жолоочийн хариуцлагын албан журмын даатгагчийг төр мэдэлдээ авах нь зөв сонголт биш. Компаниуд жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээг 2015, 2018 онд нэмэгдүүлсэн. Даатгалын хүртээмж, илтгэлцүүртэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт хийн боловсронгуй болгож болно. Гэхдээ даатгалын үйл ажиллагааг хувийн хэвшилд нь үлдээх хэрэгтэй. Сайжруулах нэрийн дор төр мэдэлдээ аваад менежментийг нь улам дордуулна гэж бодож байна.
…Санхүүгийн зах зээлээ ядаж хувийн хэвшил, чөлөөт эдийн засагт даатган либералчлах шаардлагатай байна. Ингэхийн тулд даатгалын компани байгуулах санаачилгаасаа татгалзаж, Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын үнэт цаасны клирингийн төв” компанийг хувьчлах нь зүйтэй…
Санхүүгийн зах зээл банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Банк мөнгө зээлж, хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгж бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Харин даатгал бол зах зээлийн эрсдэлийг хамгаалдаг. Төр “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв” компанийг 100 хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн үнэт цаас арилждаг, хадгалдаг, төлбөр тооцоог нь хийдэг гол дэд бүтцийг мэдэлдээ байлгадаг. Үүнээс гадна арилжааны шилдэг таван банкны нэг Төрийн банкийг 100 хувь эзэмшдэг. Одоо даатгалын компанитай болчихвол санхүүгийн зах зээлд гараа нэлээд лав дүрэхээр байгаа биз.
Монгол Улсын Засгийн газар бол 500 гаруй компанийг бүхэлд нь болон хэсэгчлэн эзэмшдэг аварга том корпорац юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан худалдана гэж олон жил ярьж байна. Гэвч “Монгол шуудан”-гаас өөр компанийг хөрөнгийн зах зээлд гаргасангүй. Эрх баригчид, улстөрчдөд төр олон компани удирдаж, бизнес хийх нь ашигтай байдаг бололтой. Тиймээс тэд хувьчилна гэж дуугарахгүй байна. Магадгүй төр бизнес хийх шаардлагагүй, харин зохицуулах ёстой гэсэн бодолтой дэвшилт, либерал үзэлтэй залуус Засгийн эрхийг авах цагт асуудлыг арай өөр өнцгөөс харна гэж найдаж байна. Эрх баригчид төрийн өмчит олон компанийг хувьчлах, хувьцааг нь олон нийтэд арилжих сонирхолгүй болж болно. Гэхдээ санхүүгийн зах зээлээ ядаж хувийн хэвшил, чөлөөт эдийн засагт даатган либералчлах шаардлагатай байна. Ингэхийн тулд даатгалын компани байгуулах санаачилгаасаа татгалзаж, Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын үнэт цаасны клирингийн төв” компанийг хувьчлах нь зүйтэй.