Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжөөд 100 жил боллоо. Харин соёл, урлагийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэдэг их сургуультай болоод 30 жил болов. Тус их сургуулийг байгуулсан түүхийн талаар ярина, бичнэ гэвэл их хугацаа орно. Ердөө хэдхэн жилийн өмнө нэг бус хүн “СУИС хөөмийн анги байгуулж гэнэ. Хөөмий, уртын дуу мэтийн язгуур урлаг ард түмэн дундаа байж байвал болох биш үү. Дээд боловсролтой хөөмийч бэлдэхийн хэрэг байна уу, тэд ямар ажил хийхвэ” гэж ярьж байсныг мэдэх юм. Тус сургуулийнхан ийм асуулттай тулгарч байсан, эсэхийг мэдэхгүй. Юутай ч ийнхүү ярьж, хэрэндээ үл тоомсорлож байсан нөхөрт бол СУИС-ийнхан хариуг нь өгсөн. Хөгжмийн урлагийн сургуулийнхан нь хөөмийгөөр бүхэл бүтэн хөгжмөн жүжиг бүтээгээд, дуурилаг гэж тодотгосон. Бэсрэг дуурийн хэмжээний туурвил болсон учраас тэр юм. Үзсэн хүмүүс гайхаж, ангайсан. Хөгжимтэй, бүжигтэй, жүжигтэй уг бүтээл хөөмий дээр тогтсон. Дөч гаруй залуу нэг дор олон янзаар хөөмийлөхөд ямар гээчийн хөг, эгшиг, эрчим, энерги цацарч байсан гэх вэ.
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийнхан “Хөмөргөн гурвалжин” этно балетаа Парис дахь НҮБ-ын концертын танхимд тоглоход олон үндэстэн үзэгчид нулимсаа арчиж суусан. Багш, оюутнуудын дараагийн, НҮБ-ын тайзнаа тоглох бүтээл нь “Галайхан” байхыг үгүйсгэхгүй. Тэр цагт дэлхийн чих дахин нэг удаа дэлдийх болно.
Монгол Улс СУИС-тай болсны, соёл, урлагийн чиглэлийн мэргэжилтнүүдээ өөрсдөө, эрдэмтэн олон багшийнхаа хүчээр бэлтгэдэг болсны үр дүн олон талаар харагддаг. Их сургууль удирдлагын нэгдсэн системийг маш хурдтай нэвтрүүлэн, мастер төлөвлөгөө хоёр удаа боловсруулж, кредитийг сургуулийнхаа онцлогт тохируулан боловсронгуй болгож нутагшуулан, сургалтын хөтөлбөрүүдээ шинэчилсний үр шимийг өнөөдөр олуул хүртэж байна.
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, Ардын жүжигчин А.Дашпэлжээтэй хөөрөлдсөн яриа энгийн. Гэхдээ эндээс тус их сургуулийн Хөгжмийн урлагийн сургууль хэрхэн байгуулагдаад, өнөөдөр аль түвшинд хүрснээр Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын салбар үүсэж хөгжин 100 жил болоход ямар үр дүн гарсныг хэмжиж болохоор.
-Та СУИС-д хэд дэх жилдээ багшилж байна вэ?
-Товчхон өмнөтгөл хэлчих үү. Би 1977 онд дуурийн дуучдын залуу халааг бэлтгэх зорилгоор явуулсан улсын уралдаанд тэргүүн байр эзлээд, “хөдөөний хөөсөн мантуу” шууд Европ руу, Болгар улсын Консерваторт сурахаар явчихсан юм. Тус сургуульд 1977-1982 онд суралцаж төгсөөд, УДБТ-т дуурийн дуучнаар ажиллаж эхэлсэн. Ингэж миний амьдрал хөдөөгийн, малчныхаас соёлын, тэр дундаа сонгодог хөгжмийнх рүү эргэсэн түүхтэй. 1982-2010 хүртэлх хугацаанд ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилласан. Тэр хооронд 1996-2001 онд Дуурийн театрын дарга байхдаа дуулаачийн ажлаа хавсран хийж байлаа. Боловсролын чиглэлээр ярих учраас театрын амьдралын талаар цухас л дурдлаа. 2001 оны нэгдүгээр сарын 16-нд БСШУ-ы сайдад өөрийн биеэр хүсэлт гаргаж, театрын даргын ажлаас чөлөөлөгдсөн юм. “Шилжилтийн он жилүүдэд мэдэх, чадахаа шавхан ажиллалаа. Театраа иж бүрэн заслаа. Дотоод үйл ажиллагаа, гадаад харилцааг сэргээлээ. Үзэгчдээ эргүүлж оллоо. Одоо дуучнаараа л ажилламаар байна” гэж хэлээд, өргөдлөө өгсөн. Гэтэл түүнээс хоёр, гурав хоногийн дараа Г.Хайдав, Ц.Пүрэвдорж багш нар СУИС-д дуудаж байна гэлээ. Ахмадууд, урлагийн бурхад маань дуудаж байхад, дорхноо гүйгээд хүрэлгүй яах вэ. Тэгсэн чинь багш нар зэрэгцэж суугаад “Бид өвгөрлөө. Энэ сургууль өргөжин тэлэх ёстой. Залгамж халааг бэлдэх ёстой. Чи театрт дуучнаараа ажиллах болсон юм байна. Ачаа үүрч байгаа. Мэдэж байна. Гэхдээ энд бас нэг ачаа үүрнэ ээ. Чи энд ажилла, тэнхимийн эрхлэгч бол” гэв. Сургалтын талаар юу ч мэдэхгүй “маман толгой шүү дээ” гэж үнэнээ хэлтэл хэн нь ч хүлээж авсангүй. Ахмадууддаа “Үгүй” гэж чадалгүй ажил хүлээж авсан даа. Зургаа, долоон оюутан хариуцууллаа, тэнхимийн ажил гэж хөх сейфээр дүүрэн бичиг, баримт өгөв. Тэгээд “За, ажиллаад байна даа” гэсэн. Ингэж би энэ сургуульдаа ажлын гараагаа эхэлсэн юм.
-Тэнхим хариуцаж ажиллах хэцүү байсан уу?
-2001-2010 он хүртэл багш, тэнхимийн эрхлэгч байлаа. 2010 онд Засгийн газрын шийдвэрээр сургуулиудыг нэгтгэх үед Э.Сонинтогос захирал ирж, СУИС-ийг өөрчлөн зохион байгуулах ажлыг хийсэн юм. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан Соёлын, Радио, телевизийн, Дүрслэх урлагийн сургуулийг СУИС-д нэгтгэлээ. Ингэж өргөжүүлмэгцээ дотроос нь Драмынхыг тусад нь, дуулаач, сонгодог болон үндэсний хөгжим зэрэг мэргэжлийнхийг нийлүүлэн Хөгжмийн урлагийн сургууль гэж гаргасан. Ингээд СУИС нийт зургаан бүрэлдэхүүн сургуультай болсон юм. Тэр үед би захирлаа таньдаггүй байлаа. Намар хичээл эхлэх гэж байхад шинэ захирал дуудахаар нь очиж уулзахад “Би бол таныг танина. Та намайг мэдэхгүй байх аа” гээд ямар учир шалтгаанаар салбар сургуулиуд байгуулсан тухайгаа тайлбарлаад, “Би боломжийн хэмжээнд судаллаа. Танд Хөгжмийн урлагийн сургуулийн захирлаар ажиллах санал тавьж байна. Хариугаа аль болох хурдан өгөөч” гэв. Эхэндээ эргэлзсэн. Хамаг ажил сургалтын төлбөр дээр тогтоно, оюутан хүссэнээр элсээ ч үү, үгүй ч үү, багш нарын цалин хөлсийг яах юм гэхчилэн бодсоор хамт олондоо хэллээ. Тэгэхэд М.Найдалмаа, Ц.Ерөө, Д.Дашама, Д.Жамъянжав, О.Ичинхорлоо нарын багш “Чи минь л зүтгэ” гэсэн. Тэднийхээ хэлснээр гурван жил зүтгэв ээ. Хамт олон сайн ажилласан болохоор сургуулиа дориун босгоод ирлээ. Ганцаарчилсан хичээл олонтой, нэг оюутныг хоёр, гурван багш нийлж сургадаг, өөрөөр хэлбэл ажиллагаа хамгийн их шаарддаг сургууль тул төлбөр өндөр байх ёстой. Тэр хэрээр оюутнаас төлбөр авах гэхээр чадвар муутай байдаг, бага мөнгийг хүргэх шаардлага байдаг. Ингээд бүх юм мөнгөний тооцоонд тулахаар хүссэн ч, үгүй ч, кредитийн системд оруулахаас өөр аргагүй болсон. Бид энэ зорилтыг хамтаар хэрэгжүүлсэн. Төв сургуулийн удирдлагууд “Хөгжмийн урлагийн сургуулийнхан яана даа” гэж ярьдаг байсан гэсэн. Сургалтын онцлог ихтэй болохоор учрыг нь олох гэж түүртэх байх гэж бодож байж л дээ. Тэгтэл бид сургалтаа хамгийн түрүүнд шахуу кредит системд шилжүүлчихсэн. Ажил хэргийг ингэж зүгшрүүлэхэд манай төв сургуулийн дэд захирал Ч.Алтанцэцэг маш их тусалсан юм. Ийм систем нэвтрүүлсэн ШУТИС-д ажиллаж байсан учраас туршлага сайтай. Тэр үед манай хамт олон ёстой нойр, хоолгүй ажилласан даа. Нуулгүй хэлэхэд бид бичиг цааснаас хол улс. Уран бүтээл л мэддэг. Бичиг цаас гэвэл ноот л байх юм чинь. Шалгалтын систем хуучнаараа, дүнг онц, сайн, дунд, муу гэж дүгнэдэг, сургалтын төлөвлөгөө ч хоцрогдсон байсныг өөрчилсөн.
-Эргээд харахад томоохон шинэчлэл хийсэн байв уу?
-Тийм. Зайлшгүй шаардлага юу байсан гэхээр орчин үетэй хөл нийлүүлж алхах, өөрөөр хэлбэл ажлаа сургалт, үнэлгээний дэлхийн системд оруулахгүйгээр оюутныг дэлхийн түвшнийхээр сургаж, төгсгөх тухай ярихын хэрэггүй байв.
-Сургалтыг кредит системд шилжүүлсний давуу тал юу байсан бэ?
-Давуу тал олонтой. Төлбөр, цагийн хуваарилалт боловсронгуй болсон. Үүнийг дагуулаад сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн. Сонгодог болон уртын дуу дуулаач бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж чадсан. Өмнө нь сонгодог, уртын, эстрадын дуу гэсэн чиглэлээр оюутан элсүүлж байсан бол энэ шинэчлэлийг хийснээр хөөмийгөөр бакалавр зэрэгтэй төгсгөх ажлаа ч эхлүүлсэн. Мөн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ардын дуу мартагнах тийшээ хандлаа гэж үзээд энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэдэг байх нь зүйтэй гээд, сургалтын хөтөлбөр боловсруулсан.
-Одоо ч сургаж байгаа юу?
-Сургаж байгаа. Д.Баасанжав, Л.Чулуунчимэг тэргүүтэй багш хичээл заадаг. Ардын дуу заах багш нарыг бэлтгэхийн тулд Сүхтогоо багш бид хэд ярилцаад дуучдыг хоёр жилийн түргэвчилсэн хөтөлбөрөөр сургаж, бакалавр, улмаар магистр цолтой болгож, эрх олгосон. Хөөмий бас адил. ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвөөр бүртгэхээр судлаад байгаа зүйл нь уран сайхны хэлбэртэй байх нь зохисгүй байлаа. Одсүрэн багш анхлан сургасан шүү дээ. Олон ч оюутан төгсгөсөн. Монгол үндэстний язгуур урлаг уртын дуу, морин хуур, хөөмийг дэлхийн соёлын өвөөр бүртгэсэн, үүнд СУИС-ийн оруулсан хувь нэмэр асар их юм.
-СУИС хэд хэдэн чиглэлийн брэндтэй, түүний нэг нь дуулаач бэлтгэдэг сургалт гэж ойлгодог. Та юу гэж үздэг вэ?
-Хөгжмийн урлагийн сургуулийн захирлаар гурван жил ажиллахдаа чамгүй ажил амжуулсан юм болов уу даа. Санахаас зөвхөн дуулаачийн урлагийн чиглэлээр ярихад түрүүчийн арван жилд жүжиглэх уран чадвар гэдэг хичээл заадаг байсан бол дараагийн арваны эхнээс дуурийн тавил гэдэг хичээлтэй болсон. Ингээд ирэхээр оюутнуудынхаа хүчээр жижгээс авхуулаад томоохон дуурь ч тавьчихдаг болсон юм. “Чоно ба долоон ишиг” хүүхдийн дуурь, “Хөхөө Намжил”, “Үүлэн заяа”, “Учиртай гурван толгой”, “Шидэт лимбэ”-ийг ч хүртэл тавьсан. Ингээд бид багш, оюутнуудынхаа нөөц, хүчээр дуурийн бүтээл туурвиад эхлэхэд, захирал “Оюутан” театраа тохижуулъя, бүтээлийн төслийн уралдаан зарлаж, шилдгээр шалгарсныг нь төв сургуулиас санхүүжүүлж, хэрэгжүүлдэг уламжлалтай болъё гэсэн санаачилга гаргасан нь өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үүнийг би хувьдаа Хөгжмийн урлагийн сургуулийн ч, СУИС-ийн ч хувьд томоохон амжилт гэж боддог. “Оюутан” театрыг ямар гоё болгов. Тоног төхөөрөмж, дуу, гэрэл гээд бүх юм иж бүрэн. Театртай болмогц бид “Учиртай гурван толгой” дуурь тавьсан. Сайн болохоор нь амжилтдаа дөрөөлөн илүү ахиц гаргая гэж ярилцаад, “Учиртай гурав”-ын сэдвээр, Юндэн, Нансалмаа, Балган, худалдаачны гэх мэт дүрийг хэвээр нь авч үндсэн санааг хадгалсан шинэ жүжиг тавихаар шийдэв ээ. Яруу найрагч Д.Чинзоригт цомнолын, хөгжмийн зохиолч, багш Т.Сэр-Одод хөгжмийг нь захиалж бичүүлээд “Хайрын үргэлжлэл” гэдэг мюзикл тавилаа. Хөгжмөн жүжиг юм даа. Маш амжилттай болсон. Тэр үедээ л техникийн бүхий л дэвшлийг ашиглаж тайз зассан, ер нь тухайн үедээ нэлээд дуулиан тарьсан даа. Энэ бол түүнээс хойш хэрэгжүүлсэн том, том төслүүдийн эхлэл байсан юм.
Мөн хөөмийг мэргэжлийн түвшинд сургаад, дуурилаг бүтээснийг том амжилт гэж үздэг. “Хөмөргөн гурвалжин” гэдэг жүжиг байна. С.Дулам багшийн, миний төрсөн нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд байдаг хадны зургаас сэдэвлэн бичсэн цомнолд суурилсан бүжгэн жүжгийг СУИС-даа төдийгүй бүр Францад НҮБ-ын байрны концертын танхимд тоглуулсан шүү дээ. Энэ бол СУИС-ийн ололт, амжилт, нэр төр юм. Магадгүй “Хайрын үргэлжлэл”, “Галайхан”-ыг тэр тайзан дээр тоглуулахыг ч байг гэхгүй. Яагаад гэхээр үндэстнийхээ түүх, соёлын уламжлалыг энэ хэрийн түвшинд сэргээж байна гэдэг нь өнөөх яриад байдаг, соёлын бүтээлч үйл ажиллагаа, үйлдвэрлэл мөн биз дээ. Ингэж өнөөгийн амьдралд түүхийг дахин сэргэж, “амилуулж”, түмэн олонд түгээн таниулж, улмаар дэлхийн түвшинд гаргаж ирсэн сургууль, багш нар, оюутнууд, төгсөгчдөөрөө үргэлж бахархдаг.
-Та “Монгол бол дуулаач бэлтгэдэг өөрийн гэсэн дэг сургуультай улс болсон. Гагцхүү би энэ талаар чанга дуугарч болж байна уу, үгүй юү” гэж ярьж байсан удаатай. Та дуугарахгүй, зарлахгүй бол хэн гэж?
-Монгол Улс 1960-аад оноос эхлээд дуурийн дуучдыг бэлтгэж эхэлсэн. Удирдаач, найруулагчдыг ч сургасан. Олонх нь ЗХУ-д сурсан бол зарим нь Болгарт төгссөн. Гэхдээ Орост гэхэд гурван өөр дэг сургуулиар бэлтгэгдсэн боловсон хүчин улсынхаа дуурийн урлагт хүчин зүтгэж ирлээ. Г.Хайдав, А.Загдсүрэн нарын төгссөн Москвагийн, дуучдаас Ч.Мөнхшүр, Ж.Цэцгээ, удирдаач Ч.Жамсранжав нарын бэлтгэгдсэн Ленинградын, мөн Свердловскийн гэсэн гурван том шкоол бий. Мөн Д.Жамъянжав, Д.Жаргалсайхан, Л.Эрдэнэбулган нарын суралцаж төгссөн Болгарын буюу Балканы дэг сургуулийнхан байна. Тэд бүгд эх орондоо олон жил хамтарч ажиллах хугацаандаа туршлага солилцсоор ирсэн. Үүнийг би “Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж ирсэн” гэж хэлэх дуртай. Хожим дуулаачийн урлагийн итали дэг сургуулийг Б.Эрдэнэтуяа тээгээд ороод ирсэн. Ингээд таван дэг сургуулийн үр шимийг тээгчид нэгдсэн байгаа биз. Монголчууд Европынхон шиг тодорхойлон, түгээн гаргаж ирээгүй боловч дуулах урлагийн өөрийн гэсэн шкоолтой ард түмэн. Энэ нь уртын дууных. Энэ маш том дэг сургуулиа бид одоогоор бүрэн гүйцэд нээж чадаагүй байна. Судалж л байна. Одоогоос 30-аад жилийн өмнө концертын үед зөөлөн хөшиг солих төдийд тайзан дээр ганц уртын дуучин гаргаж дуулуулдаг байсантай адилгүй өндөр түвшинд авч үздэг болсон. Ийм тав, уртын дуутай нийлүүлбэл зургаан дэг сургуулийн нэгдэлд үндэслэсэн дуулаачийн урлагийн монгол дэг сургуулийг бий болгожээ. Дуурийн урлагийнхан, СУИС-ийнхан хамтын хүчээр чадлаа. Баталгаа нь өнөөдөр дэлхийн тавцанд дуулж буй дуучид, тэр дундаа дуулаачийн урлагийн “Оскар” гэж нэрлээд буй, тэргүүн шагналын эзнээр тодорсон Э.Амартүвшин маань байна. Энэ амжилтыг Монгол Улс нь СУИС хэмээх дээд боловсролын байгууллагатай болсны ололт, амжилт гэж хэлнэ. Эцэст нь дүгнэхэд, бид дэлхийн түвшний уран бүтээлч бэлтгэх зорилготой ажилласаар ирсэн. Энд нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой. Би бол захирлаар гурван л жил ажилласан. Сүүлчийн бараг 10-аад жилийн амжилт бол Г.Ганцэцэг захирлын хичээл зүтгэлтэй холбоотой юм шүү.