Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, улсын хошой аварга, мөсөнд авиралтын Ази тивийн алтан медальт, ОУХМ Н.Хэрлэн мөсөнд болон спорт авиралтын төрөлд амжилт гаргаж яваа. Түүнийг медалиас атгуулсан хүн бол аав нь. Биеийн тамирын багш, уулчин, спортын мастер Х.Нямдоо хүү, охиноо багаас нь оргилтой ойр өсгөж, тамирчин болгохоор зорьсон гэдэг. Тэрбээр уулын спортод амьдралаа зориулсан аавынхаа ачийг хичээл зүтгэлээр хариулж, баярлуулсан юм. БНСУ-ын Чонсон хотод 2020 онд мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнийг тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамт зохион байгуулахад Н.Хэрлэн эрэгтэйчүүдийн хурдны төрөлд 17.45 оноогоор тэргүүлж, Азийн аварга болсон юм. Тэгвэл тус улсад 2018 онд энэ төрлийн тэмцээн болоход мөнгөн медаль хүртэж байв. Тэр жил мөсөнд авиралтын Азийн АШТ-д манайхан багаараа IV байрт жагссан удаатай. Олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүнтэй ярилцлаа.
-Удахгүй өвөл болох нь. Мөсөнд авиралтын тамирчид хийморио сэргээж, хурд, хүч, ур чадвараа сорьж гадаад, дотоодын тэмцээнд өрсөлддөг. Манайхан хаана зохион байгуулах тэмцээнд оролцохоор төлөвлөв?
-Олон улсад дэгдсэн цар тахлын улмаас дотооддоо хоёр жил тэмцээн зохион байгуулсангүй. Шинэ улиралтай зэрэгцэн тэмцээний хуваарь гарч бид баярлаж сууна. Авиралтын тэмцээнүүд улирлын чанартай, гадаа болдог тул бусад төрөлтэй харьцуулахад удаан хугацааны дараа эхэлж байна. Манай тамирчид ирэх жилийн нэгдүгээр сард БНСУ-д болох Дэлхийн цом, Швейцарт ДАШТ-д оролцохоор төлөвлөж, бэлтгэлээ хийж байгаа.
-Та дээрх тэмцээнд эрэгтэйчүүдийн хурдны төрөлд түрүүлж, Азийн аваргаар шалгарсан. Тэнд бодсон зүйлээ Монголд ирээд хэрэгжүүлэв үү?
-Миний хувьд тэр тэмцээнд зорилгоо биелүүлж чадсандаа сэтгэл өндөр байдаг. Монголд ирээд хэрэгжүүлэхээр зорьсон зүйл их бий. Атлетик чанараа сайн хөгжүүлэх, мөн тухайн үед бэртэлтэй оролцсон болохоор бүрэн эдгээх, мөсөн хананы бэлтгэлийг урт хугацаанд хийх, сэтгэлтэйгээ ажиллахад анхаарсан. Зарим зүйлд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, багш нартайгаа ярилцлаа. Өвөл эхэлж байгаа тул гадаадад бэлтгэл хийхээр төлөвлөсөн. Одоогоор ОХУ-ын нөхцөл байдлыг харзнаж, тамирчид хүлээж авах, эсэхийг хүлээж байна.
-Токиогийн олимпын наадмын төрөлд спорт авиралт багтсан нь үзэгчдийн анхаарлыг их татлаа. Дэлхийн алдартай тамирчид ана мана өрсөлдөж, медаль хүртсэн нь олон орны залууст хичээллэх сонирхол төрүүлсэн байх.
-Токиогийн зуны олимпын наадмын төрөлд спорт авиралт шинээр багтаж, гараагаа тун амжилттай эхлүүллээ. Улс болгоны шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон нь Монголын ард түмэнд энэ спортыг танин мэдүүлэхэд томоохон түлхэц болсон гэж боддог.
-Та спорт авиралтын тэмцээний тайлбарыг спортын мастер О.Сайханжаргалын хамт тайлбарлаж, олонд хүргэсэн. Зарим нь ийм спорт байдгийг мэдэж, хойшид судлан, хичээллэх талаар цахим сүлжээнд сэтгэгдлээ хуваалцсан байна билээ.
-Тийм ээ. Тэмцээнийг шууд дамжуулахад нөхцөл байдал амар байгаагүй ч олимпын спорт авиралтын тэмцээнийг анх удаа олонд тайлбарлан хүргэсэндээ баяртай байгаа. Үзэгчдийн хүлээж авсан хандлага энэ спорт сонирхолтой гэдгийг харуулсан. Хүмүүс их сонирхож буйг ажлын хамт олон, мөн ойр дотнынхон минь шууд дамжуулалтын дараа хэлж байлаа. Монголд хөгжөөд удаагүй төрөл болохоор үзэгчид төдийлөн мэддэггүй нь тэр үеэр анзаарагдсан юм. Энэ спортод өндөр амжилт үзүүлсэн тамирчдын бие, сэтгэл зүйн байдал, зан чанар, авьяас, ур чадвар зэргийг харьцуулбал монгол хүний биеийн онцлогт тохирохыг анзаарч болно. Энэ ташрамд, Токиогийн олимпын наадмын спорт авиралтын тэмцээнийг орон даяар шууд дамжуулж, олны хүртээл болгоход туслалцаа үзүүлсэн ТВ8 телевизийн хамт олон, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчдад, уулын спортын тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
-Тантай Дэлхийн цом, мөн Азийн АШТ-д өрсөлдсөн тамирчид Токиод медаль хүртэж байгаа харагдсан даа.
-Би 2018 оноос мөсөнд авиралтаар дагнан хичээллэж байна. Спорт авиралтаар 2016 онд оюутны ДАШТ, 2018 онд Азийн наадамд оролцсон. Эдгээр тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас Японы эмэгтэйчүүд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн төрөлд шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирсэн. Тэд алт, мөнгөн медаль хүртсэн нь энэ спорт залуучуудын төрөл юм гэдгийг илэрхийлсэн болов уу. Олимпын аварга болсон Испанийн тамирчин Алберто Гинэз Лопез 18 настай. Тэрбээр Дэлхийн цом, ДАШТ-д түрүүлж үзээгүй. Түүний амжилт манай залууст ч гэсэн ур чадвараа хөгжүүлбэл том боломж бий гэдгийг харууллаа шүү дээ.
-Мөсөнд авиралт өвлийн олимпын төрөлд багтахад тун ойрхон байна. Монголд хөгжих боломжтой спортын нэг. Мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлтгэвэл манайхан өмнөхөөсөө ч илүү амжилт гаргахаар санагддаг.
-Уулын спортоос үүдэлтэй хоёр төрлийн нэг нь олимпод багтсан тул нөгөөдөө томоохон түлхэц болох байх. Тамирчид мөсөнд авиралтыг өвлийн олимпын төрөлд ороосой гэж маш их хүсдэг. Монголд арваннэгдүгээр сарын сүүлчээс дараа оных нь гуравдугаар сар хүртэл мөстэй байдаг тул энэ спорт хөгжихөд цаг агаарын хувьд давуу талтай. Мөсөнд авиралт манайд богино хугацаанд чамлахааргүй түвшинд хөгжиж буй төрөл. Мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлтгэх асуудалд санал нэг байна. Одоогоор манай улсад спорт болон мөсөнд авиралтын мэргэжлийн дасгалжуулагч хараахан алга. Дасгалжуулагч багш спортын гол тулгуур нь байдаг. Сайн, туршлагатай дасгалжуулагч байж ур чадвартай тамирчдыг бэлтгэнэ. Бидний өмнөх үеийнхэн болон олимпын бусад төрлийн холбоодын дасгалжуулагч нарын дэмжлэг, туслалцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн эрдэмтэн багш нар онол, арга зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн.
-Монголд авиралтын спортын төрлийг хөгжүүлэхэд тулгамддаг ямар асуудлууд байна вэ?
-Бид өмнө нь олон улсын стандартад нийцсэн ханатай болох сон гэж хүсдэг байлаа. Миний харьяалагддаг “Сутайн бор” клубийнхэн 2019 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд “Олимп” спорт авиралтын төв байгуулж, ханатай болсноор тамирчдын олон жил хүлээсэн мөрөөдөл биелсэн юм. Тэр жил МҮОХ-ны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ чоно”-ыг хүртэж байлаа. Нөгөө нэг тулгамдсан асуудал нь дээр өгүүлсэн мэргэжлийн дасгалжуулагч. Энэ спортоор хичээллэгсдийн хүрээг тэлэх, мөн шигшээ баг байгуулах, тамирчдыг системтэйгээр байнгын бэлтгэл хийлгэдэг болгох хэрэгтэй.
-Олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана байгуулсан нь орон нутагт мэргэжлийн тамирчид бэлтгэх томоохон суурь бааз боллоо шүү.
-Маш том давуу тал болж байгаа. Орон нутгаас Тонхил сумд байгуулсан нь олон талын ач холбогдолтой юм. Газар зүйн байрлал, геодезийн өндөржилт, хүчний спорт (бөх, бокс, хүндийн өргөлт)-ын бусад төрлийн бэлтгэл сургуулилалттай хорших зэргээр тооцож төлөвлөсний үндсэн дээр тэнд “Олимп” төвийг байгуулсан. Тус сумын аварга шалгаруулах спорт авиралтын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Нээлтийн нэг жилийн ойд зориулсан тэмцээнд 250 гаруй хүүхэд оролцсон. Увс, Завхан, Орхон аймаг дахь спорт авиралтын клуб, багш дасгалжуулагчид манай нутагт ирж, хамтарсан бэлтгэл хийх урилгатай. Цаг сайхан болохоор ажил ундрах байх.
-Тамирчдын хувьд өрсөлдөгчтэй байх нь өөрийгөө хөгжүүлэх том боломж шүү дээ. Манайхан гадаадынхантай хамтарсан бэлтгэл хийж, туршлага хэр солилцдог вэ?
-Манай тамирчид гадаадад 2016-2019 онд мөсөнд болон спорт авиралтын хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Энэ нь ур чадвар, туршлагад ахиц авчирсан. Мөсөнд авиралтын бэлтгэлийг ОХУ-ын Киров, Эрхүү хотод хийдэг. Киров хот дэлхийд дээгүүрт өрсөлддөг алдартай тамирчидтай. Тус хотыг Оросын мөсний нийслэл хэмээдэг. Монголын мөсөнд авиралтын тамирчдын ур чадвар богино хугацаанд хөгжихөд хамгийн их түлхэц үзүүлсэн хоёр хот. БНХАУ-д 2017-2018 онд спорт авиралтын төрлөөр хамтарсан бэлтгэл хийсэн.
-Ямар ч спорт дасгалжуулагч, тамирчныг техник, ур чадвараа байнга хөгжүүлэхийг шаарддаг. Монголын уулын холбооныхон гадаадын багш дасгалжуулагчдыг урьж, хурд, техникийн сургалт зохион байгуулсан уу?
-МҮОХ-ны шугамаар 2019 онд спорт авиралтын хурдны төрлийн дэлхийн шилдэг тамирчин С.Кокорин, түүний багш ОХУ-ын спорт авиралтын хурдны төрлийн шигшээ багийн дасгалжуулагч С.Сергеевич нарыг урьж, сургалт зохион байгуулсан. ОХУ дэлхийн аваргаас хамгийн олон медальтай. Тэр дундаа хурдны төрлөөр тэргүүлдэг.
-Азиас БНСУ, Япон, Европоос ОХУ, Францын тамирчид бүх улиралд бэлтгэл хийдэг давуу талаа Токиогийн олимпод харууллаа. Манайхны ур чадвар тэдний хэмжээнд хэзээ дөхөх вэ?
-Спорт авиралт хөгжсөн ихэнх орон олон улсын стандартад нийцсэн ханатай. Заал хананы хүрэлцээ сайтай тул дэлхийд өндөр хөгжиж байгаа спортын төрөл. Тиймээс дасгалжуулагч, тамирчдынх нь ур чадвар өндөр түвшинд хөгжсөн. Япон гэхэд боулдерингийн төрлөөр дэлхийд манлайлдаг. Их сургуулиудынх нь хөтөлбөрт багтахаас гадна энэ төрлөөр эрдмийн зэрэг хамгаалсан дасгалжуулагч олон бий. Тэгэхээр спорт авиралт ямар хэмжээнд хөгжсөнийг харж болно. Манай улс өсвөрийн тамирчдаа системтэй сургалтаар бэлтгэж, суурийг нь зөв тавивал богино хугацаанд амжилт гаргах боломжтой.
-Францын Парист 2024 онд зохион байгуулах зуны олимпын наадамд спорт авиралтаар Монголын тамирчид оролцоно гэдэгт итгэлтэй байна уу?
-Парисын олимпын мөчлөг хэдийн эхэлсэн. Одоо хоёр жил хагасын хугацаа үлдлээ. Энэ нь их спортын, тэр дундаа олимпын хувьд бага хугацаа гэсэн үг. Гэхдээ бид эрх авч оролцохоор хичээж байгаа. Дэлхийд өрсөлдөх тамирчин төрүүлж гаргахын тулд урт хугацааны тууштай, зөв бэлтгэл хэрэгтэй. Одоогоос өсвөрийн тамирчдыг 2028 оны олимпод оролцуулна гэсэн алсын зорилготой сайн бэлдэж байж бид өндөр амжилт үзүүлэх боломжтой.
-Гадаадад болдог тэмцээнүүд арванхоёрдугаар сараас эхэлдэг. Монголынхоо болон гадаадын тамирчидтай ямар сэдвээр ойрд яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцав?
-Мөсөнд авиралтын тэмцээнүүд удахгүй эхлэх болохоор өвлийн мөсөн дээрх бэлтгэлийн талаар түлхүү ярилцаж байна. Орос, Ираны тамирчидтай холбогдож хана нь хэзээнээс баригдах, эндээс очоод бэлтгэл хийж болох, эсэхийг судалж эхэлсэн. Харин бид Монголдоо мөсний хана хэзээ, хаана барих талаар зөвлөлдөж байгаа.
-Таны хувьд Ази тивийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн. Тиймээс Дэлхийн цом, ДАШТ-ээс ч бас амжилт гаргах зорилготой байх.
-Би дэлхийд чансаагаараа VII байрт жагсдаг. Ирэх жил ДАШТ-тэй. Миний оролцох хоёр дахь дэлхийн аварга тул медаль зүүнэ гэсэн зорилгоор бэлтгэлээ базааж байгаа. Цар тахлын улмаас бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаа ч аль болох тасалдуулахгүйг хичээнэ. Миний хувьд ДАШТ-д амжилттай оролцохын тулд гурван жил бэлдлээ.
-Аав тань уулчин, та ч бас өндөр оргилд авирдаг. Ажил, амжилт, амьдралаа спортгүйгээр төсөөлсөн удаа бий юү?
-Бага байхаасаа спорттой ойр өслөө. Миний аав биеийн тамирын багш. Би өсвөр насандаа жүдо бөхөөр хичээллэж байсан болохоор өөрийгөө спортгүйгээр төсөөлдөггүй. Дулааны инженер мэргэжилтэй. Одоо “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д мэргэжлээрээ ажилладаг. Миний бэлтгэлд ажлын хамт олон минь тусалж дэмждэг юм. Спортоор хичээллэхээ больсон ч өсвөрийн тамирчдад мэддэг, чаддаг зүйлээсээ харамгүй заана гэж боддог.
-Өөрийг тань хүсэл сонирхлоосоо буцах аргагүй болтол уул руу татсан зүйл юу байдаг бол. Хамгийн сүүлд ямар оргилд авирав?
-Аавыгаа дагаж оргилд анх авирсан. Уулнаас авсан тэр мэдрэмж дахиж авирахыг дууддаг юм билээ. Үүнийг уулчин хүн бүр хэлэх байх. Сүүлийн жилүүдэд мөсөнд авиралтад анхаарал хандуулж, оргилд цөөн гарлаа. Сутай хайрханд өнгөрсөн жил авирсан. Миний үндсэн авиралт хурдны төрөл. Ууланд явахаар хурд буурах талтай. Тиймээс авиралгүй удаж байна. Оргилд гарахаар хийморь сэргээд сайхан байдаг юм.
-Уулын спортод тактик, судалгаа, бэлтгэлийг нь хариуцсан хүн тусдаа байдаг. Монголд тамирчид өөртөө л багшилж байгаа харагддаг. Энэ талаар асуудал дэвшүүлдэг биз дээ?
-Гадаадын тамирчид тэмцээнд судалгаа, сэтгэлзүйч, массажист, дасгалжуулалтын багтай оролцдог. Харин манайд бүгдийг нь дасгалжуулагч хариуцдаг. Гэхдээ манай багш нар бүх зүйлийг амжуулдаг гэхээр үнэхээр бахархмаар. Тухайлбал, манай төрлийн хувьд тамирчид алдсан, оносон ч өөрөө л бүгдийг амжуулдаг.
-Аавтайгаа хамт нутгийнхаа тамирчдыг бэлтгэж, “Сутайн бор” клубийнхээ дасгалжуулагчаар ажиллах бодол танд төрдөг үү?
-Дасгалжуулагчаар ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ их төрдөг. Олон талын мэдлэг, мэдрэмж, авьяас шаарддаг маш хүнд ажил шүү дээ. Энэ спортыг сонгосон дүү нартаа мэддэг зүйлсээсээ заах дуртай.
-Танайхан ОХУ-ын Эрхүүгийн “Горы Байкала” клубтэй хамтран ажилладаг гэл үү. Тэдэнтэй хамт хамгийн сүүлд ямар ажил санаачилж хийв?
-Монгол, ОХУ-ын уулчдын хамтын ажиллагаа 66 жилийн түүхтэй. Манай клубийнхэн ОХУ-ын Эрхүү хотын “Горы Байкала” клубтэй олон төсөл хамтарч хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд Тэрэлж дэх байгалийн цогцолбор газарт хаданд авиралтын бэлтгэлийн талбай байгууллаа. Анхан, дунд, ахисан түвшний хаданд авиралтын бэлтгэлийн зам тавьж, тоноглосон. Одоо авирагчдын очих дуртай газар болжээ. Мөн тамирчид минь өнгөрсөн жил Дэлхийн цом, Азийн АШТ-ий өмнөх бэлтгэлээ Эрхүүд тус клубийн хананд базаасан нь үр дүнтэй болсон. Одоо ч хамтын ажиллагааны гэрээтэй.
-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сонирхлыг дэмжиж, спорт авиралтаар хичээллүүлдэг болжээ. Хүүхэд хэдэн насандаа амжилт гаргах боломжтой вэ?
-Хүний авирах мэдрэхүй бага наснаас нь эхэлдэг. Ширээ, сандал түшиж босох, ор луугаа авирч гарах гээд. Үүнээс л авиралтын бэлтгэл эхлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр авиралтын төрлийг байгалиас заяасан хүний хөдөлгөөний кодчилолд үндэслэсэн спорт гэж хэлж болно. Хүүхдүүд аль болох бага наснаасаа хичээллэж байж өндөр амжилт үзүүлнэ.