Усанд сэлэлтийн спортын “Vista” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий аварга Т.Эрхэсийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Усанд сэлэлтийн спортоор хэдэн настайдаа анх хичээллэж, амжилт гаргав?
-Намайг Т.Эрхэс гэдэг, найман настай. “Орчлон” сургуулийн 3а ангийн сурагч. Усан спортоор хичээллэхэд аав минь их нөлөөлсөн. Дөрвөн настайдаа бассейнд сэлж, аажмаар дасаж, энэ спортод дуртай болсон. Өмнө нь аав амжилтад хүрсэн мастер цолтой тамирчдын тухай ярьсан юм. Тэр үеэс тэдэн шиг амжилт гаргах сан гэж мөрөөддөг байлаа. 2019 онд Орхон аймагт болсон “Fina world aquatics day celebration” тэмцээнд анх аавтайгаа хамт оролцсон. Аав минь насанд хүрэгчдийн ангиллын ахмад насанд, харин би өсвөрийн бага насныхад өрсөлдөж, 50 метрийн араар даллах сэлэлтэд алт, өврөөр даллахад мөнгөн медаль хүртэж байв. Надад тухайн үед “Энэ удаа медаль зүүсэн юм чинь дараагийнхаас нь ч гэсэн хүртэх боломжтой юм байна” гэсэн бодол төрсөн.
-“Орчлон” сургууль сурагчдынхаа хичээлийн хөтөлбөрт усанд сэлэлтийг оруулдаг гэл үү. “Vista” клубээр овоглож, ямар тэмцээнүүдэд оролцсон бэ?
-Тийм ээ, манай сургуулийн хичээлийн хөтөлбөрт усанд сэлэлт багтдаг. Би “Vista” клу бийн дасгалжуулагч Х.Одгэрэл багшийн шавь. Сургуулийнхаа усан бассейнд долоон хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Цар тахлын хөл хорионы үед ангийхныгаа бас усан бассейнаа их санасан. Тэр үед гэртээ турник дээр суниах, хоккей тоглох, ролликоор гулгах, дугуй унах зэргээр хөдөлгөөнтэй байхыг хичээсэн. Манай аав тамирчин болохоор спортын төрлүүдэд эв дүйтэй байхыг заадаг.
-Багш тань шавиа тэмцээнд оролцохын өмнө юу гэж зөвлөдөг бол?
-Багш минь “Өрсөлдөгч чиний өмнө явж байна гэж бодож хурдтай сэлээрэй” гэдэг. Тэрбээр олон шавьтай, би тэдний нэг. Өнгөрсөн жил болсон өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн спортын УАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн. Тэмцээнээс медальтай харихын тулд их хичээсэн. Өөртөө “Би бэлтгэл хийхдээ хугацаа алдаж байна, түрүүлэхийн тулд өмнөхөөсөө илүү хичээх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгвэл энэ жил зорьсноо хэрэгжүүллээ. Сүхбаатар аймагт аравдугаар сарын 29-30-нд болсон УАШТ-д араар даллах, өврөөр даллах, дельфин сэлэлтээр оролцож, тус бүр алтан медаль зүүсэн. Энэ удаа амжилтаа өмнөх оныхоос таван секундээр ахиуллаа. Өөрийгөө, бас өрсөлдөгчдөө ялж хүртсэн бүх медальдаа хайртай. Миний хувьд дөрвөн жил хичээллэснийхээ үр дүнг энэ жилийн тэмцээнд харууллаа.
-Тамирчид энэ спортын олон төрөлд өрсөлддөг. Хамгийн хэцүү нь ямар төрөл байдаг вэ?
-Усанд сэлэлтийн спортод ар, өврөөр даллах, мэлхий, дельфин (далайн гахай) гэсэн төрөл бий. Хамгийн хэцүү нь дельфин сэлэлт. Хурд, хүч их гаргадаг болохоор амархан ядардаг ч би энэ төрөлд дуртай. Харин мэлхий сэлэлт удаан тул надад залхуутай санагддаг. Энэ жил мэлхий сэлэлтэд алдаа гаргаж оноо хасуулсан. Энэ спортоор хичээллэдэг үеийнхэнтэйгээ тэмцээний үед танилцаж, найз болсон. Усанд сэлснээр өөрийгөө олон талаар өөрчилж, цагийг үр дүнтэй өнгөрүүлж сурч байна.
-Ангийн багш, найз нөхөд, гэр бүл тань тэмцээнд ороход хэрхэн дэмжив?
-Ангийн багш У.Хонгорзул тэмцээнд оролцоход “Хичээлээс хоцрох нь, гэрийн даалгавар хийсэнгүй гэж битгий санаа зовоорой. Багш нь нөхөөд заачихна. Харин чи тэмцээндээ амжилттай оролцож, медальтай ирээрэй” гэсэн. Гурван алтан медальтай ирэхэд ангийнхан минь баяр хүргэж, амжилт хүссэн нь сайхан санагдсан. Энэ спортын гайхамшгийг мэдэрсэн болохоор ангийнхаа найзуудыг хичээллээсэй гэж хүсдэг. Миний оролцсон тэмцээнийг гэрийнхэн минь ирж үздэг. Ээж “Энэ жилийн тэмцээнээс гурван алтан медаль авбал утас бэлэглэнэ” гээд амласнаа биелүүлсэн шүү.
-Усанд сэлэлтээс гадна өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Би хичээлийнхээ хажуугаар гэрийнхээ ойролцоох төгөлдөр хуурын сургалтад суугаад жил гаруй боллоо. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” ,“Сэрсэн тал” аялгууг тоглож сурсан. Хөгжим тоглох эхэндээ хэцүү санагддаг байв. Одоо гар минь өөрөө тоглоод байдаг юм (инээв). Би хичээлдээ аавтайгаа дугуйгаар явдаг.
-Багаасаа олон зүйлд суралцжээ. Энэ бүгдийг тань дэмжиж ирсэн хэнд талархлаа илэрхийлмээр байна вэ?
-Намайг усанд сэлэх, хөгжим тоглох, хичээл хийх гээд бүх талаар дэмжиж тусалдаг ээж Ш.Соёлзул, цаг үргэлж хажууд минь байж зөвлөдөг аав Б.Түвшинбаяр, урам хайрладаг хоёр эгчдээ их баярладаг. Тэдэндээ “Та нартаа хайртай шүү” гэж хэлье. Мөн анхны багш Э.Баасандорж, эхний тэмцээнд бэлдэж, өөртөө итгэлтэй болгосон А.Тамир дасгалжуулагч болон зөвлөж дэмждэг Э.Өсөхбаяр, Л.Өлзийбадрах багш нартаа талархсанаа илэрхийлье. Би цаашид тууштай хичээллэж, ирээдүйд олимпод оролцох мөрөөдөлтэй.