Таван жилд нэг удаа болдог аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого энэ сарын 1-нд эхэлсэн. Тооллоготой холбоотой зарим зүйлийг Үндэсний статистикийн хорооны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжаваас тодрууллаа.
-Таван жилд нэг удаа болдог Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого улс даяар зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тооллогыг цахимаар явуулж байгаа. Аж ахуйн нэгжүүдээ хэрхэн бүрэн хамруулах вэ? Энэ удаагийн тооллогын онцлог нь юу вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 2016 онд цахим болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулж байсан. 2021 оны тооллого коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалаад 100 хувь цахимаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэхүү тооллого Статистикийн тухай хуулийн хүрээнд 5 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ бол бүх яам, төрийн байгууллагууд, аймаг сумдын Засаг дарга нар, төрийн бүх албан хаагчид, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 215 мянган аж ахуйн нэгж, 230 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчийн бүгдийнх нь ажил.
Зөвхөн тоон мэдээлэл гардаг гэж ойлгох нь бий. Аж ахуйн нэгжийн тоог нь Улсын бүртгэлийн газраас авчих, магадгүй орлого зарлагыг нь Татварын ерөнхий газраас авчхаж болно гэж үзэх хүмүүс байдаг. Харин үүний цаана эдийн засгийн нарийн судалгаа, мэдээлэл цуглуулж байдаг. Тухайлбал, танай аж ахуйн нэгжид хүний нөөц дутагдалтай байгаа юу, хэрэв байгаа бол ямар мэргэжлийн ажилтан шаардлагатай байна вэ гэдгийг нарийвчлаад асуучхаж байгаа юм. Үүнд хариулснаар дотоодын хөдөлмөрийн зах зээлийн зураглал харагдана. Нөгөө талаасаа ажил олгогчдын хувьд шаардлагад нь нийцсэн боловсон хүчний нөөц ямар түвшинд байгааг харах боломжтой. Энэ судалгаанаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хаана нь огтлолцож, хаана нь ямар зөрчил дутагдал гараад байна вэ гэдэг бодлогыг тодорхойлох боломж бий болох юм.
Зөвхөн нэг асуултын цаана маш олон төрлийн бодлого, судалгаа агуулагдаж байдаг. Тиймээс иргэд ч гэсэн энэ тооллогын ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас зөвхөн ҮСХ-ны ажил биш энэ бол Монгол төрийн ажил гэдгийг онцлох хэрэгтэй.
-Албан бус сектор буюу хувиараа худалдаа эрхлэгчдийг тооллогод хамруулна гэж байна. Энэ хүмүүсийг хэрхэн бүрэн хамруулах вэ? Өмнө нь ингэж тоолж байсан уу. Албан бус секторынхон тооллогод хамрагдсанаар ямар давуу тал бий болох вэ?
-Бид өмнө нь энэ тооллогод ААН, байгууллагуудыг хамруулдаг байсан. Харин энэ удаад эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны оролцогч буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж байгаагаараа ач холбогдолтой. Манай ажиллах хүчний судалгаагаар 230 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна. Тэр хүмүүс өөртөө ажлын байр бий болгоод, ардаа олон хүний амьдралыг авч явдаг. Эдийн засагт бас голлох нөлөө үзүүлдэг. Албан бус секторыг тооллогод хамруулснаар төрөөс цаашдаа эдийн засгийн чиглэлээр бодлого боловсруулахад энэ хүмүүсийг хэрхэн дэмжих вэ, ямар хүндрэл бэрхшээл учирч байна гэдэг мэдээллүүд эндээс гарч ирэх юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид зээл, тусламжид хамрагдах боломж тун хомс байдаг. Энэ хүмүүст зориулсан төрийн бодлого хэрэгтэй.
Тооллогын хүрээнд аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Төрийн нэгдсэн мэдээллийн сан бий болно. Энэ сан дээр үндэслээд цаашдын улс орны хөгжлийн бодлого ямар байх, дараагийн 5, 10 жилд аль салбараа түлхүү анхаарах вэ, энэ хүрээнд ямар бэрхшээл учрах вэ, бизнес эрхлэхэд таатай орчныг хэрхэн бий болгох вэ зэрэг бодлогыг тодорхойлох бааз суурь бий болох юм.
-Тооллогод хамруулах нь бодитой статистик мэдээлэл гарч, оновчтой шийдвэр гарахад тустай ч тухайн субъектүүд өөрсдөө хамрагдах сонирхолгүй байх магадлалтай. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Хүмүүс тооллогод хамрагдахаасаа цааргалаад байдаг. Цаашдаа 2-3 жилийн дараа ямар нөхцөл байдал нийгэмд учрахыг бид мэдэхгүй. КОВИД-ын улмаас хөл хорио тогтоосон үед аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн тодорхой бодлогууд хэрэгжиж байна. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд тэг зогсолт хийгээд бизнес нь зогсож, орлого нь хумигдаж байна. Хэрэв бүртгэлтэй байвал ямар нэгэн хүндрэл боллоо гэхэд энэ салбарынханд ийм бодлого хэрэгтэй гэсэн чиглэл гарна. Тиймээс ААН, байгууллагаас гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах гээд байгаа юм.
Худалдааны төв, захын удирдлагууд маш өндөр ач холбогдол өгч, лангуу түрээсэлж байгаа бүх хүмүүсээ хамруулаасай гэж хүсэж байна. Дүүрэг, аймаг, сум, хорооны түвшинд хувиараа бизнес эрхлэгч хэдэн хүн байна гэдгийг тодруулж хамруулах тал дээр нь анхаарах хэрэгтэй. ТҮЦ ажиллуулдаг, жижиглэн худалдаа эрхэлдэг, үсчний газар, оёдлын цех ажиллуулдаг гээд хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн бүр хамрагдах нь чухал. Интернэт байхгүй, бөглөөд суух цаг завгүй бол аймаг, нийслэл, дүүргийнхээ Статистикийн хэлтэс рүү утсаар холбогдоод тооллогод хамрагдах боломжтой.
-Энэ удаагийн тооллогоор ямар нарийвчилсан мэдээллүүд гарах боломжтой вэ? Тооллогод тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах уу? Тухайлбал, ажилтнуудын тоо, жилийн орлого зэргийг тодорхойлох уу? Үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүд үүгээр тодорхой болох уу?
-2021 оны гуравдугаар улирлын статистик мэдээллээр улсын хэмжээнд 215 мянган аж ахуйн нэгж байна, үүний 44.4 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд яагаад үйл ажиллагаа явуулахгүй байгаа, ямар хүндрэл бэрхшээл учирч байгаа гэдгийг илүү тодорхойлж гаргана. Ялангуяа, коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад аж ахуйн нэгжүүд яг ямар хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан бэ гэдгийг нарийвчлан тодорхойлж гаргах юм.
Өмнө нь ҮСХ болон бусад байгууллага КОВИД-19-ийн хүндрэл, бэрхшээлийн талаар түүвэр судалгаанууд явуулж байсан. Түүвэр судалгаа, тооллого хоёр мэдээж өөр. Түүвэр судалгааны хүрээнд жишээ нь 2,000 орчим аж ахуйн нэгжийг хамруулж, ямар хүндрэл, бэрхшээл учирч буйг гаргаж ирж байгаа. Харин тооллого бол бүх аж ахуйн нэгжээ хамруулж байгаа учраас илүү бодитой тооцоолол гарч ирнэ. Цар тахлын үед яг ямар хүндрэл бэрхшээл учирсан бэ, цаашдаа КОВИД-19-өөс өөр эрсдэл гарлаа гэхэд цахимаар ажиллах боломж байгаа юу, коронавирусийн нөхцөл байдлын улмаас төр, засгаас хэрэгжүүлсэн бодлогод аль салбар илүү хамрагдсан, хэн хамрагдаж чадахгүй байна вэ зэрэг олон мэдээлэл тодорхой болно. Цаашид цар тахлын нөхцөл байдал улам хүндрэлээ гэхэд тухайн байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид ямар эрсдэл учрах вэ, үүнд хэр зэрэг бэлтгэлтэй байна вэ гэдэг нь харагдана.
Салбар бүрийн 215 мянган аж ахуйн нэгж энэ тооллогод хамрагдсанаар бодит нөхцөл байдал тодорхой болж, цаашид хэрэгжүүлэх бодлого илүү оновчтой болно гэсэн үг.