Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн хэсэгчилсэн дижитал хувилбарыг худалдах ажлыг “Монгол NFT” компани өчигдөр зохион байгуулжээ. Уран бүтээлч, багш Н.Сэргэлэн санаачилж, шавь С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын зураачтай хамтран туурвисан 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам метр талбай бүхий уг зурагт дэлхийн 193 орны тухай онцлох мэдээллийг монгол зургийн аргаар шингээсэн юм байна. Монголын анхны том хэмжээтэй бүтээл хэмээж буй “Дэлхийн нэг өдөр”-өөс өчигдрийн худалдаагаар Австрали тив, Сингапур, Англи, Унгар улс болон Нью-Йорк хот гэсэн таван хэсгийн дижитал зургийг 350 орчим сая төгрөгөөр борлуулжээ. Тус компанийн санаачилгыг Соёлын яам дэмжсэн бөгөөд сайд Ч.Номин “Бидний амьдралын хэв маяг маш хурдтай өөрчлөгдөж байна. Бид байгалийн баялгаа экспортлохоос илүүтэй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шавхагдашгүй бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортолж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой гэдгийг өнөөдөр нотлон харууллаа” гэжээ. Энд дурдсан таван хэсгийн зургийг технологийн дэвшлийг дэмжигч монгол залуус худалдаж авсан байна. Дуудлага худалдааны зарчмаар явуулсан тул нэрсийг нууцалж буй аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа