СУИС-ийг 2000 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлагад төгсөж, тэр ондоо УДЭТ-ын босго даван, өнөөдрийг хүртэл ажиллаж буй жүжигчин Д.Баттөмөрийг “Уран бүтээлч” буландаа урилаа. Театрын урлагт дурлагсад түүнийг “Хаан түүх III” жүжгээр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Цахлай”, “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх”, “Дурлал яг үлгэр шиг, бас үхэл шиг”, “Саран хөхөө”, “Амьдрал чиний төлөө”, “Харц хатан”, “Нууц амраг чинь болъё”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Шар тэнгисийн тарчлаан”, “Оролмаа эх”, “Домогт Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Нора”, “Кихот ноён”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, “Бүсгүйн зурвас”, “Анна Каренина” гэхчлэн үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол, туслах дүрүүдэд тоглосноор нь эчнээ мэднэ. Тэрбээр УДЭТ-ынхны шинэ уран бүтээл “Хаадын хаан: Андгай” жүжигт Хасарын дүрд “хувирч” буй.
-УДЭТ-ынхан 90 жилийн ойдоо зориулж Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” жүжгийг олны хүртээл болгож байна. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар танд Хасарын дүрийг онооно гэж бодож байв уу. Та жүжгийн зохиолыг анх уншаад аль дүрд шунасан бол?
-Тэр, энэ дүр гэж шунаагүй. Гэхдээ алтан ургийн ноёд, эсвэл өрлөгүүдийн нэгийг л оноох болов уу гэж бодож байлаа. Харин найруулагч Н.Наранбаатар “Олон найруулагч Хасарыг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханаар төсөөлсөн. Харин би энэ дүрийг Д.Баттөмөрөөр харж байна” гэхэд их баярласан. Би Хасарыг хааны дайтай ухаантай хүн гэж боддог. Дүрээ тэгж л тодруулж тоглохыг хичээж байгаа.
-Хасарын дүрийг тайз, дэлгэцийн олон бүтээлд жүжигчид амилуулсан нь бий. Та ч УДЭТ-ын босгыг даваад удаагүй байхдаа “Жамухын нууц” жүжигт Хасарын дүрд тоглож байсан. Харин энэ удаа Хасарыг хэрхэн онцолж, ямраар бүтээж байна вэ?
-Хүн шийдвэр гаргаж чаддаг, алдаа гаргасан бол буруугаа хүлээж, уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Энэ санааг Хасараар дамжуулж хэлэхийг хүссэн. УДЭТ-т 20 гаруй жил ажиллахдаа түүхэн, сонгодог, инээдмийн, эмгэнэлт гээд олон төрлийн уран бүтээлд ажилласан үзсэн. Тэдгээрээс түүхэн жүжигт тоглох илүү амттай. Түүхэн жүжгээс монгол ханхалж, үзэгчдэд “үнэртүүлэх” ёстой. Шинэ уран бүтээлийг минь үзэгчид сайхан хүлээж авч буйд баяртай байна. Мэдээж цар тахлын энэ цаг үед уран бүтээлээ хүргэж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдөж, сахиулж байгааг дурдъя.
-Гараагаа энэ “улаан байшин”-гаас эхэлсэн ч өөр студи, продакшн руу буурь сэлгэсэн, эсвэл хувийн уран бүтээл туурвихаар толгой даасан жүжигчин олон бий. Харин та 2000 оноос хойш энд тууштай ажиллаж буй шалтгаан юу вэ?
-Намайг театрт хөл тавих үед Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Л.Жамсранжав тэргүүтэй алдартай, ахмад уран бүтээлчид ажиллаж байлаа. Урдаа барьдаг жүжигчдийн олонх нь энэ “улаан байшин”- гаас угшилтай гэхэд хилсдэхгүй. Би ажилдаа дуртай. Хүсэж, зорьж эзэмшсэн мэргэжлээрээ ажилладагтаа жаргалтай байдаг. Цалин хөлс их, бага байх нь хамаагүй. Гол нь сэтгэл дүүрэн явдаг. Би өөрийгөө их азтай хүн гэж хэлнэ. 90 жилийн түүхтэй театрт 20 гаруй жил ажиллаж байна. Цаашдаа 100 жилийн ойгоо ч үзнэ гэж найддаг.
-Ер нь яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Багаасаа хүсэж мөрөөдсөн гэвэл худлаа ярьсан болно. Гэхдээ урлагт дуртай, мундаг жүжигчдийн уран бүтээлийг үздэг, үзэх бүрт нэг л сайхан дотно мэдрэмж төрдөг байлаа. Тэгээд л СУИС-д шалгуулсан, тэнцсэн. Хувь тавилан л гэж хэлнэ дээ.
-Театрын босго даваад хамгийн түрүүнд аль жүжгийн ямар дүрээр тайзан дээр гарснаа санадаг уу?
-Саналгүй яах вэ. Хэзээ ч мартахгүй. Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хаан түүх III” жүжгийн анчны дүрээр тайзан дээр анх гарсан. Сургуулиа саяхан төгссөн, залуухан жүжигчинд олдох, олдохгүй нь хамаагүй, театрынхаа уран бүтээлчдийг харж, суралцах хүсэлтэй байлаа. Одоо манай театрын уран бүтээлчдийн 70 орчим хувь нь залуус. Тэдэндээ би ядаж л дээл хувцсыг ингэж өмсдөг, монгол ахуй ямар байдаг, үндэсний агуулгатай жүжигт ингэж тоглодог шүү гэдгийг харуулж, үлгэрлэхийг хичээж явна.
-Тэгвэл шандас шалгасан дүр тань юу байв?
-Хамгийн сэтгэл, зүтгэл гаргасан дүр гэвэл 2007 онд тоглосон “Амьдрал чиний төлөө” жүжгийн Дарам. С.Дамдин, Д.Пүрэвдорж хоёр ахтайгаа дүрийнхээ талаар их зөвлөдөг байлаа. Театрын хувцас солих нэг өрөөнд суудаг болохоор бид их амь. Шандас шалгасан гэхээс илүүтэй нурууны хөлс гаргасан дүр гэж хэлнэ. Хоёр цаг 40 минут үргэлжилдэг энэ жүжгийн дундуур тайзнаас бараг буудаггүй, ус уух ч боломж гардаггүй байв. Тэр жил “Харц хатан”-ы Гомбосүрэн, “Нууц амраг чинь болъё” жүжгийн До багшид мөн тоглож, УДЭТ-ын хөдөлмөрийн аварга болж байлаа.
-Сая таны зүйрлэснээр нурууны хөлс гаргасан дүрд тоглосны дараа жүжигчинд ямар мэдрэмж төрдөг бол?
-Өдөр нь сургуулилалтаа хийж, орой нь тоглочихоод нэг их сайхан амьсгаа авна. Гэсэн ч гэртээ харьж, зурагтын суваг эргүүлж суухдаа хүртэл өнөө дүр, түрүүхэн тоглосон жүжгийнхээ талаар бодсоор л байдаг. Хүн харахад зурагт үзэж буй мэт боловч толгойд нөгөө жүжиг хадаатай. “Тэр үзэгдэлд өнөөдөр яаж тоглолоо. Цаашид яах билээ. Маргааш тэгж тоглох юм шүү” гээд л. Жүжигчин хүний тархи байнга л ажиллах ёстой гэдгийн наад захын жишээ энэ байх.
-Одоо ямар дүрээр өөрийгөө сорихыг хүсэж байна вэ?
-Аливаа уран бүтээлийг үзэхдээ “Энэ кино, жүжгээс ямар дүр үлдэв” гэдгийг сонирхох дуртай. Сэтгэлд хоногшиж, тод үлддэг дүр байдаг даа. Би тийм л дүр үлдээх юм сан гэж хүсдэг. Би гэлтгүй бүх л жүжигчин үүнийг хүсдэг болов уу.
-Тэгвэл дэлгэцийн уран бүтээлийн тухайд?
-Энэ асуултад олон уран бүтээлч “Түүхэн кино” гэж хариулдаг байх. Би ч ялгаагүй. Даацтай, үлдэцтэй уран бүтээлд тоглохыг хүсэж байна.
-Театрын ажлын хажуугаар дэлгэцийн уран бүтээлд тоглож амжиж байна уу. Хамгийн сүүлд ямар кинонд тоглов?
-“Нэг талын тасалбар” олон ангит кинонд тоглосон. Кинонд тоглуулах санал ирдэг боловч театрын ажлын хажуугаар амжуулах хэцүү, татгалзахаас аргагүй. Тайз, дэлгэцийн уран бүтээлээ хослуулж, амжуулж чаддаг жүжигчид бий. Би харин чаддаггүй. Театрын жүжигчдийг театр үздэг үзэгч л мэднэ үү гэхээс биш, ихэнх нь танихгүй. Уг нь санаснаар болдог бол хослуулах нь өнөө үед зүгээр мэт санагддаг. Хамгийн сүүлд гэхэд л С.Удвал ахайтны амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх кинонд Ж.Самбуу даргын дүрд тоглуулах санал ирсэн боловч зургийн ажил нь “Хаадын хаан: Андгай” жүжигтэй давхцах учраас мөн л татгалзахаас өөр арга байсангүй.
-Уран бүтээлдээ баримталдаг зарчим тань юу бол?
-Хүн чанар. Өөрөөсөө илүү хамт олноо хүндлэх нь театрын уран бүтээлч бүрт байх хамгийн чухал зарчим болов уу. Хамтын бүтээл туурвидаг болохоор тэр. Тайзан дээр 50 шахам хүн хүлээж байхад хариуцлагагүй зан гаргаж хоцорч, тасалж, бусдын ажлыг “алж” болохгүй шүү дээ. Ч.Түвшин найруулагч “Театрын зүрх нь жүжигчин, тархи нь найруулагч” гэж хэлсэн нь бий. Би энэ үгтэй санал нийлдэг.