Академич, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор, малын зөвлөх эмч Я.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр Украины хөдөө аж ахуйн академийг 1985 онд төгссөнөөс хойш салбартаа 36 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө “Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагын тэргүүний алба хашдаг.
-Манайх олон сая малтай. Мал аж ахуйн орон маань хэр эрүүл сүрэгтэй вэ?
-Монгол улс 70 гаруй сая малтай. Үүнээс 95 орчим хувийг нь эрүүл гэж би хэлнэ. Үлдсэн нь халдварт буюу шүлхий, цэцэг, мялзан, арьс товруутах зэрэг халдварын улмаас тухайн үедээ өвчлөх нь бий. Мал өвчлөх, эсэх нь цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалдаг. Өвчин тусахад малын арчилгаа, маллагаа, ус, тэжээл, амьдрах орчин, биеийнх нь онцлог нөлөөлдөг. Хэрэв арчилгаа маллагаа муудах, буруудах, идэш тэжээл хомсдвол мал өвдөнө гэсэн үг. Гэхдээ турж эцэн, өеөдөн, хөл нь хугарвал өвдсөн гэж ойлгож болохгүй. Яг юунаас шалтгаалж, ямар өвчин туссаныг нь малын эмч шинжилгээгээр тогтооно. Мал эмнэлгийн салбар үндсэн дөрвөн үүрэгтэй. Нэгдүгээрт, малын эрүүл мэндийг хамгаалах буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх. Хоёрдугаарт, нийтийн эрүүл мэндийг хамгаална. Тодруулбал, мал, амьтнаас хүмүүст өвчин халдахаас сэргийлнэ гэсэн үг. Удаах дугааруудад нь хүнсний аюулгүй байдлыг хангаж, эрүүл хүнс үйлдвэрлэх болон гадаад худалдааны чанарын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн бий болгох нөхцөл бүрдүүлэх юм.
Малыг эрүүлжүүлнэ гэхгүйгээр малын өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ гэж ярьж хэвших хэрэгтэй. Малд вакцин хийх нь урьдчилан сэргийлж буй хэрэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, зарим мэргэжилтэн нь “Мал эрүүлжүүлэх арга хэмжээ, хөтөлбөр” гэж ярих юм. Үүнийг сонссон гадаад, дотоодын иргэд Монгол Улс өвчтэй малтай, түүнийгээ эрүүл болгоход анхаардаг гэж ойлгохоор байдаг. Үүнийг залруулах учиртай.
-Нийт малын 95 хувь нь эрүүл гэлээ. Үлдсэнд нь ямар өвчин зонхилж, яаж эмчилдэг юм бэ. Мал эмнэлгийн салбарын хөгжлийг хэрхэн дүгнэх бол?
-Манай ард түмэн он удаан жил нүүдлийн мал аж ахуй эрхлэн, малаа уламжлалт аргаар эмчилж, аливаа өвчлөлөөс сэргийлж ирсэн арвин туршлагатай. Мал нь “хамрын ханиад” хүрэхгүй, халдварт өвчинд төдийлөн өртөхгүй явж ирсэн нь малч ухаантай нь холбоотой. Мал эмнэлгийн шинжлэх ухааны бие даасан салбар Монгод үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2023 онд тохионо. 80 гаруй жилд хөл дээрээ бат зогссон мал эмнэлгүүдийг 1998 онд хувьчилснаар уналтад орсон. Харин 2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлан, босоо тогтолцоо бүхий Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулсан нь салбарын хөгжлийг урагшлуулах алхам болсон. Манай мал эмнэлгийн салбарынхан ялангуяа орон нутгийн малын эмч нар аль ч улсынхаас дутахгүй мэдлэг, чадвартай, туршлагатай мэргэжилтнүүд. Лабораториудынх нь хүчин чадал улам сайжирч байна.
Мал халдварт өвчнөөр өвчлөх олон шалтгаан бий. Амьд амьтан учраас огт өвдөхгүй байх нь үгүй. Харин халдварт болон бусад өвчний гаралт, тархалтын давтамж, нийт сүрэгт эзлэх хувь, хор хохирлын хэмжээ ямар вэ гэдэг л чухал. Мал халдварт өвчнөөр өвчлөх нэг шалтгаан нь шилжилт хөдөлгөөн. Хаана ч хамаагүй бэлчээж, нутаг сэлгэж явснаар малаас малд өвчин халддаг. Мөн хөрш орнуудаас өвчин халдварладаг гэж ойлгож болно. Зүй нь сум бүрт эпидемилогич буюу мал эмнэл зүйн стратегич байх учиртай. Үүнийг шинэ хуульд тусган сум бүрт эпидемиологич ажиллуулж эхэлсэн ч хүн хүч дутмаг байна. Эпидемологич нь хаана ямар өвчний эрсдэл байна, хэдийд, хэрхэн өвчин илрэв, ямар аюул заналхийлж буйг тогтоох учиртай. Мөн тухайн сум, орон нутагт хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээг бодит байдалд үндэслэн боловсруулж, зураглал гарган, байнгын бэлэн байдалд байх үүрэг, эрх бүхий нарийн мэргэшсэн мэргэжилтэн юм.
-Малын халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга нь вакцинжуулалт уу. Цар тахлын улмаас хил хаасан, ачаа, тээвэр саатсан нь вакцины нийлүүлэлтийг хязгаарласан. Иймээс янз бүрийн тариа, вакцин хийлгээгүй малын эрүүл мах идэж буй гэх хүн цөөнгүй бий. Малыг тарих, вакцинуулах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?
-Бид гадаадаас шүлхий, бог малын мялзангийн эсрэг хоёр л вакцин авдаг. Цар тахлын улмаас малын вакцин тасраагүй, ажил зогсоогүй учраас иргэд ташаа ойлголттой байна. Малын эрүүл мэндийг вакцинжуулахаас өөрөөр хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүй. Гэхдээ бүх вакцин, тарилга, эмчилгээг малын эмчийн зөвлөгөөгөөр хийж, эмийг нь жо роор авах учиртай. Гэтэл зарим малчин янз бүрийн тариаг авдар дээрээ “залчихаад” ханиаж, найтаах, бие нь эвгүйрхэх зэрэгт тарьдаг болжээ. Малд эм өгсөн бол тухайн эмийн үлдэц биеэс нь бүрэн гарсны дараа “муулах” хэрэгтэй. Эм, антибиотикийн үлдэгдэл нь малын мах, өөх, яс, таван цулд хуримтлагдан, хортой нэгдэл ч үүсгэж болдог. Ийм хортой нэгдэл, эмийн үлдэгдэлтэй малын махыг хүнсэнд хэрэглэх, халааж чанаж идсэнээр хүний биед илүү хор нөлөөтэй. Ер нь ивомек, антибиотик гэх мэт эмийн үлдэгдэл мал болон малаас гаралтай бүтээгдэхүүнд байвал түүхий эдээр нь дамжин хүний элэг, бөөр зэрэг эрхтнийг гэмтээн, хорт хавдар үүсгэх хүчин зүйл болох онолын үндэслэлтэй. Тиймээс малчид хариуцлагатай байж малын эмчтэйгээ хамтран ажиллаж, зөв эм, тариаг товлолт хугацаанд нь хийж, малын биеэс тариа, эм шимэгдэж дуустал хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байж хэвших ёстой.
-Малчид, малын эмч хамтран ажиллах боломж манайд хэр байна. Нэг эмчид төчнөөн тоо толгой сүрэг ногдоно гэсэн жишиг бий юү?
-Нүүдлийн мал аж ахуй эрхэлж, ийм олон тоо толгой мал адгуулдаг орон дэлхийд цөөн. Миний мэдэж буйгаар Казахстан, БНХАУ-д нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ч дунджаар нэг эмчид 15 000 мал ногддог. Эрчимжүүлсэн мал аж ахуйтай улсад бол 10 үхрийг л нэг хүн хариуцан эмчилж байх жишээтэй. Гэтэл манайд багадаа 60 000 малын эрүүл мэндийг ганц эмч хянах, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч буй. Өргөн уудам газар нутгийн нэг захаас нь малаа тарьж явсаар нөгөөд хүрэх үед ахиад өөр ажил хийх цаг нь тулаад эмч нар огт хүрэлцэхгүй байна. ХААИС-ийг жилд 100 орчим оюутан малын эмч мэргэжлээр төгсдөг аж. Тэд аль болох хот, суурин газарт ажиллаж, амьдрахыг хичээдэг болж. Шинэ төгсөгчдийг орон нутагт, сумдад ажиллуулах хөшүүрэг бий болгон, орон байраар хангаж, өндөр цалин санал болгох хэрэгтэй болов уу. Тэгж гэмээнэ малын эмч нар малчдад хүрч үйлчилнэ. Цаашилбал, улс үндэстний хүнсний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэнэ.
-Уул уурхай ашиглалтын нөлөөгөөр хөрс, ус ихээр сүйдэн, зургаан хөлтэй болон эд, эрхтний гаж хөгжилтэй төл гарлаа гэлцэж байна. Зургийг нь үзүүлэн, ашигт малтмал олборлохыг эсэргүүцэх иргэн цөөнгүй бий. Үүнийг хэрхэн тайлбарлах бол?
-Уул уурхайн ашиглалт, эрдэс бүтээгдэхүүн олборлолтоос байгаль орчин сүйддэггүй, бохирдохгүй гэж хэлэх аргагүй. Цаг уурын өөрчлөлт, цөлжилтөөс ч шалтгаалж хөрс, ус, ургамлын найрлага, шинж чанар өөрчлөгдөж буй. Мөн сүүлийн үед энд тэндхийн хөрс, усанд хар тугалгын хэмжээ олон улсын дунджаас 30 дахин өндөр гарч буйг илрүүлсэн. Эд эрхтний гажигтай төл гарах нь бий ч 1000 малд нэг тохиолдох хэмжээний цөөн байдаг. Халдварт бус өвчнөөр мал өвдөх, гажигтай төл гарах шалтгааныг нарийн судлах хэрэгтэй. Нэг боловч зүй бусын хорогдолтой, төл гажигтай гарвал судалж, ажиллах учиртай. Тухайн малын эцэг, эх, уудаг ус, иддэг өвс, хөрс зэргийг цогцоор нь судалж мэдэх асуудал юм. Зөв дээж, мал эмнэлгийн нарийн мэргэжлийн дүгнэлтээр эцсийн шийдвэр гаргана. Товчхондоо, Шүүх мал эмнэлгийн магадлан шинжилгээний (Fo¬rensic veterinary expertise) шинэ тогтолцоо, баг бүрэлдэхүүн (мэргэжлийн хяналтын газрыг тооцохгүй) үгүйлэгдэж байна гэсэн үг. Мал шалтгаангүй үхэж, өвдөх нь хэвийн үзэгдэл биш. Малчид нь “Энэ мал нас нь гүйцээд үхлээ” гэж бодоод тоохгүй өнгөрөх нь элбэг. Гэтэл үхэлд хүргэх ноцтой шалтгаан үүссэн байж болно. Одоогоор манайд мал эмнэлгийн шүүх шинжилгээний баг, шинжээч хангаллттай бүрдээгүй. Улс бүх мөнгөө халдварт өвчний илрүүлэг, вакцинжуулалтад зарцуулдаг учраас халдварт бус өвчний илрүүлэг, шалтгааныг судлах, шийдвэрлэх хөрөнгө байдаггүй гэхэд болно.
-Үхрийн арьс товруутах өвчин шинээр бүртгэгдлээ. Өмнө нь манайд илэрч байгаагүй өвчин үүсэх шалтгаан юу байв?
-Дэлхий даяарх уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан зэрлэг амьтдын амьдрах орчин солигдон, идэш тэжээл нь хомсдож буй нь ажиглагддаг. Энэ нь гаршсан амьтан, малд өвчин халдаах эрсдэл үүсгэж буй. Цаашид зэрлэг амьтнаас өвчин халдах нь элбэгшинэ. Тиймээс амьтдыг тандан судлах, эрсдэлд бэлэн байх, хариу арга хэмжээ боловсруулах нийтлэг шаардлага үүслээ. Мөн байгалиа аль болох онгон дагшин хэвээр байлгаж, экологийн тэнцвэрийг хадгалахыг эрмэлзэхгүй бол элдэв өвчин үүсэх нөхцөл бүрдэхийг олон орны эрдэмтэн анхааруулж буй. Үхрийн арьс товруутах өвчин нь хойд хөршөөс халдварласан байх талтай. Тодруулж хэлбэл, Сибирьт гарсан түймрээс дайжсан ялаа, шумуул зэрэг шавжаар дамжин манай малд халдварласан гэж болно. Ирэх зун ялаа, шумуул гарахад ахин дэгдэх эрсдэлтэй. Үүнд бас бэлэн байх учиртай юм. Манайх эл өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэдэггүй учраас хаанаас, ямар вакцин авч өвчнөө дарах вэ гэдгийг одооноос тооцвол зохино. Түүнчлэн малын хөдөлгөөнийг сайн хянах учиртай. Малдаа тарга тэвээрэг авхуулах зорилгоор малчид нүүж суух нь элбэг. Зүй нь малчид нүүж шилжихдээ бүх малаа шинжлүүлсэн байх учиртай. Цар тахлыг дарахын тулд хүний хөлийг хорьдогтой адил малын хөдөлгөөнийг хянах нь өвчин тархах магадлалыг бууруулна.
-Малын тоо өсөх нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болох уу?
-Малын тоо болон чанар урвуу хамааралтай байх нь бий. Гэхдээ хэдий олон малтай ч малчид тэдгээрийг өдөр бүр ажиглан, зүслэн мэдэж, ус, өвс тэжээлийг нь тохируулан, бэлчээрээ зөв ашиглаж бас хамгаалж чадвал өвчлөх шалтгааныг нь багасгаж болно. Дээр дурдсанаар уур амьсгалын өөрчлөлт малын өвчлөлд илүүтэй нөлөөлж буй нь ажиглагддаг. Тухайлбал, манай улсын тал хээрт тархсан ортууз нь өдгөө хангайд ургадаг болжээ. Үүнийг идсэн хангайн мал хордлогод орж байна. Мөн голын хор гэдэг ургамал бий. Энэ нь мөсөн доор байхдаа хоргүй, гэтэл өдгөө гурван сар гармагц цөн түрж, цас хайлмагтсанаас голын хорын үндэслэг иш нь ил гарч мал идэн хордох жишээтэй. Хөрс, усанд иод дутмаг болсноос ялангуяа ямааны бамбай булчирхай үрэвсэх нь их боллоо. Малчид бэлчээрээ талхлагдлаа гээд нүүж, орхих биш тэжээлийн ургамал тарьж тордоосой. Нэг төрлийн өвс, ургамал суулгаснаар байгалийн зохилдолгоогоор өөр олон янзынх ургадаг. Ургамлын гарц сайжирснаар хөрсний ус нэмэгдэн, элсний нүүдэл багасаж байгаль харилцан уялдаатай нөхөн сэргэдэг. Мал эрүүл, байгаль орчин сүйдэхгүй байхад малчдын үүрэг оролцоо нэн чухал.
-Хурдан морь өсгөн, үржүүлэх зорилгоор адуу импортлох нь ихсэн улмаар төрөл бүрийн өвчин үүсэж байгаа гэдэг нь үнэн үү?
-Үнэн. Адууны нийлүүлгийн өвчин гэж бий. Энэ нь азарга, гүү зэргийг өвчлүүлдэг. Өсөлт, хөгжлийг нь сааруулж улмаар үхэлд хүргэдэг. Энэ нь адууны эрүүл мэндийг хянаж, шинжилгээ хийхгүйгээр оруулж байснаас үүдсэн. Ям болон адууны цус багадах өвчин 1990 он хүртэл бүртгэгдээгүй, устсан байсан. Өдгөө ийм өвчнүүд дахин бүртгэгдэж эхэллээ. Морь эрлийзжүүлэх, монгол бус малтай болох гэсний гор. Адууны өвчлөл манай сүрэгт нэгэнт тархсан. Гэхдээ хэдэн жилийн өмнөхийг бодвол өдгөө тухайн өвчнийг оношлоод, адууны импортыг хянаж байгаа юм билээ.
-Олон нийтийн сайн мэдэх царцааны бэлдмэлийг та гаргасан. Энэ талаараа тодруулаач?
-Би 1988-1993 онд ерөнхий суурь судалгаагаа хийсэн. Дундговь аймгийн урд хэсэг, Өмнөговийн хойд талын таван сумын царцааны эмт түүхий эдийг судалсан юм. 1993-2018 онд технологио боловсруулж мал, хүний амьсгалын замын өвчлөлийг анагаах, сэргийлэх бэлдмэл гаргасан. Түүнчлэн ургамлын гаралтай харшил, багтраа өвчнийг эдгээх үйлдэлтэй нь тогтоогдсон. Царцаа нь шим шүүс сайтай олон зүйл ургамал иддэг учраас хэд хэдэн төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг байгалийн эмийн үйлдвэр гэж болно. Монгол оронд суурьшсан нутгийн гэж нэрлэдэг дөрвөн зүйлийн царцаанаас хоёр хэлбэрийн бэлдмэл зохион бүтээсэн. Эдгээрийг малын амьсгалын замын өвчин, төлийн өвчнөөс сэргийлэх мөн нэмэгдэл тэжээл, биологийн нэмэлт бүтээгдэхүүний технологи боловсруулаад байна. Цаашид хүн, мал эмнэлэг болон хүнсний салбарт тодорхой нэрийн бэлдмэл болгон хэрэглэх технологийн шийдлүүд бэлэн болсон.